Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч У.Гантуяа,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн *****гийн *****д холбогдох 2526000000118 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, **** настай, регистрийн дугаар *****, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ****** сумын **** дүгээр багийн **** дугаар гудамжны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** овгийн *****гийн *****.

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Ц.А нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ ***** улсын дугаартай ***** маркийн автомашин жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Ц.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

           1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэрч Г.Баянбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу замын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Арвайхээр сумын 1 дүгээр багт ***** улсын дугаартай сувдан цагаан өнгийн ***** маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.А нь эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсныг цагдаагийн газар дээр ирээд драгер багаж үлээлгэхэд 3.15 хувийн согтолттой байсан. Тээврийн хэрэгслийг нь саатуулахаар журмын хашаа руу явсан. Тухайн үед Ц.А ганцаараа явж байсан. Айлд 2 пиво уусан гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 хуудас), 

 

           Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 1-2 хуудас),

                

           Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн, цагдаагийн дэд ахлагч Г.Баянбатын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5 хуудас),

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/82 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 11-14 хуудас) зэрэг болно.

 

           2.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

 

           Хэрэгт шүүгдэгч Ц.Аы хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 119 дугаартай тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 27, 29-32 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Ц.А нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, уг эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байхад дахин 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ***** улсын дугаартай сувдан цагаан өнгийн ***** маркийн тээврийн хэрэгслийг 3.15 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/82 дугаартай шийтгэвэр, гэрч Г.Баянбатын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч Ц.А нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

            Шүүгдэгч Ц.Ад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.А нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ ***** улсын дугаартай ***** маркийн автомашин жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч Ц.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Гэрч Г.Баянбатын “...Би 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу замын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Арвайхээр сумын 1 дүгээр багт ***** улсын дугаартай сувдан цагаан өнгийн ***** маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.А нь эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсныг цагдаагийн газар дээр ирээд драгер багаж үлээлгэхэд 3.15 хувийн согтолттой байсан. Тээврийн хэрэгслийг нь саатуулахаар журмын хашаа руу явсан. Тухайн үед Ц.А ганцаараа явж байсан. Айл 2 пиво уусан гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 хуудас), 

 

           Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 1-2 хуудас),

                

           Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн, цагдаагийн дэд ахлагч Г.Баянбатын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5 хуудас),

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/82 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 11-14 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Аы тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч Ц.Ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.  

           

          4.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ц.А нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусгавар болоогүй байх хугацаандаа дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй ба урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

           Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.            

            Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүхээс шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

          Шүүгдэгч Ц.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

           Шүүгдэгч Ц.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

           Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ***** овгийн *****гийн *****ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****гийн *****ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ