Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 00190

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Х.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хасагийн Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 201722000304 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Гөрөөчин Хасагийн Эрдэнэ-Очир, 1965 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой хаяггүй, оршин суух тодорхой хаяггүй, гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РХ65031018 дугаартай.

Шүүгдэгч Х.Эрдэнэ-Очир нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 12-17 тоот хашааны үүдэнд байсан З.Хишигбаатарын эзэмшлийн 14-66 ХӨВ улсын дугаартай автомашин дотроос мөнгөн хазаар хулгайлж 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Эрдэнэ-Очир нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 12-17 тоот хашааны үүдэнд байсан З.Хишигбаатарын эзэмшлийн 14-66 ХӨВ улсын дугаартай автомашин дотроос мөнгөн хазаар хулгайлж 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч З.Хишигбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 12-17 тоот хашааны үүдэнд байсан өөрийн улаан өнгийн Chevrolet маркийн 14-66 ХӨВ улсын дугаартай машин дотроос мөнгөн хазаараа алдсан. Уг мөнгөн хазаарыг машины урд талын хайрцагт хийсэн байсан. Уг мөнгөн хазаар нь суран дундуураа тасарсан, 7 цэнгийн 5 зоостой, 5 цэнгийн 5 зоостой, 120 бүслүүртэй мөнгөн хазаар байсан. Алга болсон үед нь цагдаа дуудаад мөрийг нь хөөж байгаад хулгайчаа олж аваад мөнгөн хазаараа буцааж авсан. Мөнгөн хазаарыг хулгайч орныхоо гудсан доор хийгээд унтаж байсан. ...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч И.Сэлэнгээгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайх хашаандаа илүү гэртэй юм. 2017 оны 6 дугаар сарын 06-ны 01 цаг өнгөрч байхад цагдаа орж ирээд ямар хүн орж ирсэн юм бэ? гээд нөгөө гэр рүү ортол Х.Эрдэнэ-Очир манай илүү гэрт унтаж байсан. Тэгтэл цагдаа Х.Эрдэнэ-Очирыг босгосон чинь хулгай хийсэн болоод байсан. Тэгтэл Х.Эрдэнэ-Очирын хэвтэж байсан гудсан доороос хулгай хийсэн гэх мөнгөн хазаар нь гарч ирсэн. Тэгтэл нэг залуу бичиг баримт байсан гээд байсан. Тэгтэл бичиг баримт нь олдоогүй. Өглөө нөгөө залуу ирээд бичиг баримтаа хашаан дотор байсан шуудайтай хогон дотроос машины бичиг баримтаа олж авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахмад Т.Бүрэнхааны 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Яллагдагч Х.Эрдэнэ-Очирын хэргээ хүлээн мэдүүлсэн “2017 оны 6 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед 9 дүгээр хорооноос Хөх толгой руу ганцаараа явж байгаад нэг айлын хашааны үүдэнд улаан хүрэн өнгийн жижиг машин байхаар нь баруун талын урд хаалгыг нь татахад онгорхой байхаар нь урд багажийг нь онгойлготол мөнгөн хазаар байхаар нь хулгайлж аваад Хөх толгойд Сэлэнгээ гэж айлд очоод хажуу талын илүү гэрт унтаж байтал цагдаа ирээд мөнгөн хазаарыг авсан. Би тухайн үед мөнгөн хазаарыг нь дэрэн доороо хийгээд унтаж байсан юм. Тэгээд баригдаж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 5 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Х.Эрдэнэ-Очир нь 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Эрдэнэ-Очир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Эрдэнэ-Очир нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх боловч нийт 52 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирогч З.Хишигбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 201722000304 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Гөрөөчин Хасагийн Эрдэнэ-Очирыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хасагийн Эрдэнэ-Очирыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэ-Очирын цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

      4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Гөрөөчин овогт Хасагийн Эрдэнэ-Очирыг сулласугай.

      5. Эрүүгийн 201722000304 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эрдэнэ-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН