Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/00567

 

 

Л.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00124 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н, “Б” ХХК нарт холбогдох,

 

5 204 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Нийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2015 оны 9 дүгээр сард Монгол караокены тохижилт үйл ажиллагааг Б.Нт худалдахдаа  гэрээний барьцаа болох 5 204 000 төгрөгийг дараа нь бэлнээр авахаар тохиролцож уг мөнгийг "Бишрэлт Констракшн" ХХК-ын дансанд нь үлдээсэн. Б Нээс мөнгөө нэхэмжлэхэд уг мөнгөөр түрээсийн төлбөрөө төлөн гэрээгээ хаасан байсан. Б Нээс авах байсан караокены тохижилт, зарсны үлдэгдэл мөнгөн дээрээ барьцааны мөнгө 5 204 000 төгрөгөө нэмэн хамтад нь нэхэмжилж шүүхэд хандахад барьцааны мөнгө 5 204 000 төгрөгийг Б ХХК, Б.Н нараас нэхэмжилж шүүхэд хандахыг жич заасан.  “Б" ХХК-ийн байгуулсан түрээсийн гэрээг 2015.05.31-ний өдөр тасалбар болгож, цаашид нэхэмжлэгчийн эхнэр Ч.М нь үргэлжлүүлэн түрээсэлсэн. Түрээсийн хугацаа 2015.08.31-нд дуусгавар болсон. "Б ХХК-нд  2015 оны 09, 10 сард түрээсийн төлбөр төлөх ямар ч шаардлага байхгүй. Иймээс Б.Нээс 5 204 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч "Б" ХХК-иас 5 204 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлиин шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч “Б" ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 онд "Б” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Түрээслэгч тал нь үйл ажиллагаа эрхлэн явуулж байх явцдаа иргэн Б.Нтэй хэлцэл байгуулж тухайн караокег засвар, тохижилттой нь хамт шилжүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд тухайн гэрээний дагуу түрээслүүлэгч талд хадгалуулж байсан барьцаа хөрөнгө буюу 5 сая орчим төгрөгийг манай компанийн дансанд үлдээж, Б.Н түрээсийн гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна. Тус компанийг хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна. Иймд Б.Нтэй хэрхэн хэлцэл хийж үйл ажиллагаа явуулж байсныг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч талын оролцоогүйгээр иргэд хооронд хийсэн хэлцлийн үр дүнд бий болсон, харилцаанд манай байгууллага ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тухайн үед надтай хэлцэл хийж өөрийн ажиллуулж байсан караокег тохижилтын хамт зарж, түрээслүүлэгч талтай үргэлжлүүлэн түрээслүүлсэн нь үнэн боловч нэхэмжлэлд дурдсан мөнгийг өгөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн түрээсийн барьцаа болох 5 204 060 төгрөгийг түүнийг зөвшөөрсний дагуу хүлээн авсан нь үнэн. Л.Дгийн  “Б" ХХК-д төлөх 9, 10 дугаар сарын түрээсийн төлбөр болох 5 300 000 төгрөгийг өмнөөс төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Төлсөн нь Капитал банкны кассын орлогын баримтаар нотлогдох болно. Л.Дгийн түрээсийн хугацаа 2015 оны 9, 10 дугаар сард дуусаагүй байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Нээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5 204 000 /таван сая хоёр зуун дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч "Б" ХХК-иас 5 204 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа Л.Д татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 98 214 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 5 204 000 төгрөгийг  миний бие түрээсийн төлбөртөө зарцуулаагүй. 4 дүгээр сарын түрээсийн төлбөр болох (5 874 000:30=195 800, 195  800х14=2 741 200) төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төлсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж бусад агуулгыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Б.Нт холбогдуулан түүний өр төлбөрт сайн дураар төлсөн барьцааны 5 204 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгчийн өмнөөс түрээсийн төлбөр төлсөн” гэж маргажээ. /хх-ийн 1-2, 15-16/

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулж, Монгол караокены тохижилт үйл ажиллагааг Б.Нт худалдахдаа  гэрээний барьцаа болох 5 204 000 төгрөгийг дараа нь бэлнээр авахаар тохиролцож уг мөнгийг "Бишрэлт Констракшн" ХХК-ын дансанд үлдээсэн, уг 5 204 000 төгрөгийг Б.Н хожим өөрийн төлбөл зохих түрээсийн төлбөрт суутгуулан тооцуулсан, караокег хамгийн сүүлд буюу Л.Нийг хүлээн авахын өмнө 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Л.Д биш Ч.М гэдэг хүн түрээсэлж байсан үйл баримт тогтоогдсон. / хх-ийн 55-58 /

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1547 дугаар тогтоолоор ” барьцааны мөнгийг түрээслүүлэгч, эсвэл хариуцагчаас шаардах эрх нээлттэй” гэж дүгнэжээ. / хх-ийн 35

 

Уг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Л.Д, Б.Н нарын хоорондын гэрээний тооцооны асуудал шийдвэрлэгдсэн. Л.Д нь Б.Нт барьцаа 5 204 000 төгрөгийг шилжүүлснийг “Б” ХХК-ийн нябо н.Жимсээ үгүйсгээгүй байна. /хх-ийн 30-31/

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлсөн, ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болох юм. Талуудын хооронд үүссэн харилцааны агуулга нь нэхэмжлэгч хариуцагчийн хүлээсэн үүргийг өмнөөс нь төлсөн байх тул барьцааны 5 204 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.  

 

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримттай нийцэхгүй болжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч нь 5 204 000 төгрөгийг Б.Нийн өмчлөлд биш харин түрээслүүлэгч компанийн өмчлөлд хариуцагчийн өмнөөс шилжүүлсэн тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу юм.

 

Хариуцагч нь түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн гэх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Л.Д биш харин Ч.М гэгч хүн сүүлчийн түрээслэгч байсан нь нотлогдож байх тул түрээсийн төлбөрийн талаар жич нэхэмжлэл гаргах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Нийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1” гэснийг “496 дугаар зүйлийн 496.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 214 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД