| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0251/Э |
| Дугаар | 536 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 536
Б.У, Б.Б, Б.Х нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч О.Алтанчулуу, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1097 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 895 дугаар магадлалтай, Б.У нарт холбогдох 201625013558 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, арматурчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Эзэн овогт Б-ийн У,
2. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гоё овогт Б-ын Б,
3. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Төмөрчин овогт Б-ын Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан “Бүлэглэж хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У, Б.Б, Б.Х нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б, Б.Х нарын өмгөөлөгч С.Батдэлгэр гаргасан гомдолдоо “Б.Х, Б.Б, Б.У нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар 2018 оны 08 сарын 01-ний өдөр хэлэлцэж 1097 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Уг хэргийн тухайд талийгаачийн нас барсан шалтгаан буюу ямар гэмтлээс болж нас барсан болохыг нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба энэ талаар маргах зүйл байдаггүй. Харин уг гэмтэл юунаас болж үүссэн бэ гэдэг нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар нэг мөр тогтоогдоогүй бөгөөд тогтоох ч боломжгүй гэж үзэхээр байгаа. Өөрөөр хэлбэл бүрэлдэхүүнтэй 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь цохилтоос болон уналтаас аль алинд нь үүсэх боломжтой гэдгийг тогтоосон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг авч үзвэл талийгаач зодоон болсны дараа ухаан алдаж тархиараа савж унасан болон жирийн үед ч гэсэн байнга татаж унадаг байсан талаар түүний хамтран амьдрагч гэрч Б.М, насанд хүрээгүй гэрч М.Б, гэрч Б.У, А.М нар мэдүүлдэг. Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан хэрэгт хамааралтай нотлох баримтууд гэж үзэхээр байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь уналтаас болж үүссэн байх боломжтой байна. Нөгөөтэйгүүр шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь цохилтоос болж үүссэн байх боломжтой гэж үзсэн. Тэгвэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлэг, камерийн бичлэг зэрэг нотлох баримтаас үзэхэд талийгаач нь цохилтоос болж нас барсан байж ч болохоор харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл талийгаач уналтаас болж нас барсан уу, эсвэл цохилтоос болж нас барсан уу гэдэг нь нэг мөр аль нэг талдаа эргэлзээгүй тогтоогдоогүй байгаа бөгөөд ингэж тогтоох боломжгүй гэдгийг шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч нарын удаа дараагийн мэдүүлгээс харагдаж байна. Яллах болон цагаатгах талын нотлох баримт хавтаст хэрэгт адил тэнцүү хэмжээнд авагдсан байгаа учир шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэх боломжгүй бөгөөд шүүгдэгч нар уг хэрэгт гэм буруутай болох нь эргэлзээтэй байна.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн бодит нөхцөл байдалд тулгуурлан дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын гол үндэслэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 479 тоот дүгнэлтэд “цохих, цохигдох, унах үед аль алинд нь үүсэх боломжтой” гэж мөрдөгчийн тогтоолд дурдсан асуултад бүрэн гүйцэд бус ерөнхий байдлаар дүгнэлт гаргасан байна гэж үндэслэлгүй дүгнэсэн. Өөрөөр хэлбэл мөрдөгчийн уналтаас үүсэх боломжтой эсэх гэсэн асуултад шинжээч хариулахдаа уналтаас үүсч болно гэж маш ойлгомжтой, тодорхой хариулт өгсөн бөгөөд шинжээч эмч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ энэ талаар тодорхой хэлдэг. Энэ хэргийн тухайд хэргийн талаар нотолбол зохих бүхий л ажиллагааг хийсэн, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан гэж үзэхээр байгаа учир хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, улмаар мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийн өмгөөлөгч О.Алтанчулуу хэлсэн саналдаа “Өмгөөлөгч С.Батдэлгэрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “цагаатгах үндэслэл, нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолын тодорхойлох хэсэгт дурдах”-аар заажээ. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт буюу 5 дугаар талд “шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй” гэсэн нэг өгүүлбэр, 7 дугаар талд “Иймд дээрх эргэлзээтэй нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна” гэсэн 16 үгтэй нэг өгүүлбэрээр л дүгнэлт хийжээ. Тодруулбал улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчдийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл огт байхгүй. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн ганц өгүүлбэрийг хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гэж тодорхойлох боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан гомдлыг үндэслэн Б.У, Б.Б, Б.Х нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Б.У, Б.Б, Б.Х нар нь бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Б-г зодож “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлжээ.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэхдээ цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийж, энэ талаар тогтоолдоо тусгах бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шүүгдэгч тус бүрээр тогтоох боломжгүй байдал нь шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч бүрийг цагаатгах үндэслэл болохгүй. Бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн зарим хор уршгийг аль нэг шүүгдэгчид дагнан хариуцуулах нь “зөрж гүйцэтгэх” тухай ойлголттой холбоотой үүсэх бөгөөд гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэсэн гэж үзнэ.
Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй. Тиймээс хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.
Анхан шатны шүүх хохирогчийг зодож хүнд гэмтээх гэмт хэргийн санаа зорилгод шүүгдэгч нар хэрхэн нэгдэж оролцсон байдалд анхаарахын оронд зөрж гүйцэтгэсэн талаар баримтгүй байхад амь хохирогч Б.Б-д гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд гэмтлийг шүүгдэгч нарын хэн учруулсан нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарт ашигтайгаар бүгдийг нь цагаатгасан шийдвэрийг гаргахад хүргэжээ.
Анхан шатны шүүх Б.У, Б.Б, Б.Х нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийж чадаагүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судлах, шалгаж үнэлэхдээ хуульд заасан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулах зэргээр нотлох ажиллагааны журмыг баримтлан үнэлээгүй гэж үзэв.
Шинжээчийн хэт ерөнхий хариултыг хэргийн ээдрээ төвөгтэй нарийн нөхцөл байдлыг тогтооход ашиглах, эсхүл хэргийн тодорхой нөхцөл байдлын талаар шүүгч өөрөө учир зүйн гаргалгаагаар оюуны дүгнэлт хийхийн оронд шинжээчээс бэлэн хариулт нэхэх нь хэргийг улам илүү эргэлзээнд оруулдгийг анхаарах нь зүйтэй.
Энэ талаар давж заалдах шатны шүүх “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж дүгнэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Б.Х нарын өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 895 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Б.Х нарын өмгөөлөгч С.Батдэлгэрийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН