Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/135

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

    Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

    Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** овгийн *****ийн *****ид холбогдох 2526001070110 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, **** настай, регистрийн дугаар *****, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл ****, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ***** сумын *** дүгээр багийн “*****” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,

   Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/191 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ***** овгийн *****ийн *****.

  Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Ц.А нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ***** сумын ***-р багт оршин суух *******ын 7 тооны хонийг хулгайлж 1,750,000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

  1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2025 оны 02 дугаар сарын эхэн үеэр шороон шуурга шуураад манай хонь тарж салсан байсан ба хэдэн зүс мэддэг хонь дутаад байсан. Тэгээд саахалт айлын хүмүүсээс хэд хоног асууж сураглаад олдохгүй байсан. Тэгээд суманд мал, мах авдаг ченж ******* аймгийн төв рүү мах ачаад явж байна гэдгийг сонсоод замд нь тосож уулзахад 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зөв тал нь ухам, буруу тал нь эрхэм имтэй ууцан дээрээ хар лакан тэмдэглэгээтэй 10 тооны хонь Ц.А зарсан гэж байсан. Тус 10 тооны хонийг ******* гаргаад гулуузалсан байсан ба хониныхоо толгой нэхийн дээр байгаа тэмдэглэгээг хараад таньсан. Тэгээд ченж С.*******гыг сумын төв рүү буцааж явуулчихаад Ц.А руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба Ц.Аийн аав ***** гэх хүнтэй хамт ченж *******гын сумын төв дээр байрлах хашаанд очоод хонины нэхий, толгой гэдсийг нь орхиод 10 тооны хонины гулууз махыг авч гэртээ ирээд 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэр Шийлэгмаа аймгийн төв рүү авч явж зарсан. Би хонины толгойн дээрх зөв тал нь ухам, буруу тал нь эрхэм им, 5 хонь нь шар толгойтой, 3 халзан харандан хонийг зүсээр нь, мөн хонины нэхий дээр байгаа хар лакан тэмдэглэгээг хараад таньсан. Алдсан хонины гулуузаа авсан учир гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13 хуудас),

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр С.*******гын хашаанаас очиж хонины гулууз авч явахдаа 5 шар толгойтой хонины имийг нь харсан ба тэр 5 хонь нь зөв тал нь ухам, буруу тал нь эрхэс имтэй, хар толгой болон хар халзан хонины толгойг зүс имийг нь хараад таньсан. Нөгөө 3 хонины толгойн дээрх имийг анзаарч сайн хараагүй. Одоо санахад тэр хонь онь имтэй байсан шиг санагдаж байна. Таньж олуулах ажиллагаанд оруулсан 10 тооны хонины зураг нь дээрх 2, 3, 5 гэж дугаарласан хонь манай хонь биш байна лээ. Тухайн үед анзаараагүй, бүгд манайх байх гэж бодоод 10 хонины гулуузыг шууд авч явсан. Одоо зураг дээрээс хониных нь зүсийг харахад 2, 3, 5 гэж дугаарласан хонь манай хонь биш Ц.Аийн хонь байсан юм байна лээ. Тэгээд би Ц.Аид 3 хонины мөнгийг нь бэлнээр нь буцаагаад өгсөн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36 хуудас),

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Манай хонь шуурганд уруудаад бэлчээр дээрээс тарж дутсан гэж бодож байгаа. Манай мал ихэнхдээ задгай хонодог, шуургатай үед бол малаа хашиж хонодог.”  гэсэн мэдүүлэг (хх-ийн 49 хуудас),

 

Гэрч С.*******гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ***** сумын 1-р багийн малчин Ц.А гэх хүн надад мал заръя гээд ачиж явах машин алгаа та ирээд авчих гэхээр нь би явж очсон. Тэгээд би Ц.Аийн ***** сумын 1-р багт байрлах хөдөө гэрт явж очиход бүх малаа хашаандаа хашсан байсан ба тэндээсээ Ц.А өөрийнхөө хотонд хашаатай байсан хониноос зөв тал нь ухам, буруу тал нь эрхэм имтэй нуруун дээрээ лакан тэмдэглээтэй 7 тооны эр хонь, 3 онь имтэй сэрвээн дээрээ цэнхэр будагтай 3 тооны эр хонь, нийт 10 тооны эр хонь ба хонинуудын зүс нь 5 хонь нь шар толгойтой, 2 хонь хар түрүүтэй, 3 хонь халзан зүстэй хонинууд барьж өгч миний ******* улсын дугаартай Портер маркийн машинд ачуулсан. ...Тэгээд маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өглөө Ц.А руу залгасан чинь утас нь холбогдохгүй болохоор 10 хониныхоо зургийг авчихаад нядалж гаргасан. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хонио ачаад аймгийн төв явах гэсэн чинь ***** сумын 1-р багийн малчин ******* над руу залгаад “Ц.Аийн өгсөн хонийг авч явалгүй байж байгаарай, асуудалтай байна” гэсэн. Тэгэхээр нь би аймгийн төв явахаа болиод хөдөө малдаа явж байсан чинь өдөр нь ******* залгаад “Ц.Атай сумын төвд ирсэн байна, та хүрээд ир” гээд байхаар нь яваад очтол ******* “хонины махаа аваад явлаа, та мөнгө төгрөгөө Ц.Ааас өөрөөс нь буцааж аваарай” гээд 10 тооны хонины гулуузаа ачаад аваад явсан. Гэдэс толгойг нь гэрийнхээ хажууд нэхийн доор хураачихаад явсан байж байсан чинь нохой муур зулгааж авч яваад юу ч үлдээгүй байсан. Ц.Аийн ачуулсан 10 тооны хонийг 1 хонийг нь 240,000 төгрөгөөр, нийт 2,400,000 төгрөгөөр худалдажавна гэж тохирсон.  Ц.А надаас 2024 оны 11 дүгээр сард 1,200,000 төгрөг зээлсэн байсан бө тэр өрөө оролцуулж бодсон. Би хониных нь имийг сайн харж чадаагүй. Нэг тал нь онь имтэй байх шиг байсан. Аль тал гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Хонины тэмдэг нь цэнхэр будагтай, хар лактай хонинууд байх шиг харагдсан. Хулгайн мал гэдгийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 хуудас),

 

 Хөрөнгийн үнэлгээчийн Д.Оюундарийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/46 дугаатай “10 тооны нас гүйцсэн эр хонь 10x250,000=2,500,000 төгрөг. Хөрөнгийн зах зээлийн дундаж үнэ цэн 2,500,000 төгрөг болж байна” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 22-24 хуудас),

 

Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гэрч С.*******гын Samsung galaxy wide3 гэсэн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 29-31 хуудас),

 

Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хохирогч *******оор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 32-33 хуудас),

 

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-8 хуудас),

 

  Хохирогч *******, шүүгдэгч Ц.А нарын 2024 оны мал тооллогын баримт (хх-ийн 52-53, 60-61 хуудас),

 

   Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт (хх-ийн 81 хуудас) зэрэг болно.

 

              2. Хэрэгт шүүгдэгч Ц.Аийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ***** сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/93 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 56-62, 64-80) зэрэг авагдсан байна.

 

            3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Ц.А нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ***** сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч *******ын эзэмшлийн 7 тооны хонийг хулгайлж, 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******, гэрч *******га нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзсэн. ...7 тооны хонийг хулгайлсан гэж үзэж байгаа учраас шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.  Хохирол төлбөрийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос 10 тооны хонины гулуузыг авсан. Ингээд 3 тооны хонины гулуузны мөнгийг Ц.Аид буцаан өгсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар бичгээр хүсэлт гаргасан байгаа учраас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Ц.А өөрийн гэм буруугийн талаар “...Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Ийм алдаа гаргасандаа харамсаж байна. Дахин ийм алдаа гарахгүй.” гэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Ц.А нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл бичиг мэддэг бөгөөд шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг явуулсан болно.

          Шүүгдэгч Ц.Аид холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ***** сумын 1-р багт оршин суух хохирогч *******ын 7 тооны хонийг хулгайлж 1,750,000  төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдож байна.

 

  Шүүгдэгч Ц.А нь бусдыг малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-8 хуудас),

 

Хохирогч *******ын "...Би 2025 оны 02 дугаар сарын эхэн үеэр шороон шуурга шуураад манай хонь тарж салсан байсан ба хэдэн зүс мэддэг хонь дутаад байсан. Тэгээд саахалт айлын хүмүүсээс хэд хоног асууж сураглаад олдохгүй байсан. Тэгээд суманд мал, мах авдаг ченж ******* аймгийн төв рүү мах ачаад явж байна гэдгийг сонсоод замд нь тосож уулзахад 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрт нь зөв тал нь ухам, буруу тал нь эрхэм имтэй ууцан дээрээ хар лакан тэмдэглэгээтэй 10 тооны хонь Ц.А зарсан гэж байсан. Тус 10 тооны хонийг ******* гаргаад гулуузласан байсан ба хониныхоо толгой нэхийн дээр байгаа тэмдэглэгээг хараад таньсан. ...С.*******гын хашаанаас очиж хонины гулууз авч явахдаа 5 шар толгойтой хонины имийг нь харсан ба тэр 5 хонь нь зөв тал нь ухам, буруу тал нь эрхэм имтэй, хар толгой болон хар халзан хонины толгойг зүс имийг нь хараад таньсан. Нөгөө 3 хонины толгойн дээрх имийг анзаарч сайн хараагүй. Одоо санахад тэр хонь онь имтэй байсан шиг санагдаж байна. Таньж олуулах ажиллагаанд оруулсан 10 тооны хонины зураг нь дээрх 2, 3, 5 гэж дугаарласан хонь манай хонь биш байна лээ. Тухайн үед анзаараагүй, бүгд манайх байх гэж бодоод 10 хонины гулуузыг шууд авч явсан. Одоо зураг дээрээс хониных нь зүсийг харахад 2, 3, 5 гэж дугаарласан хонь манай хонь биш Ц.Аийн хонь байсан юм байна лээ. Тэгээд би Ц.Аид 3 хонины мөнгийг нь бэлнээр нь буцаагаад өгсөн. (хх-ийн 12-13, 36, хуудас),

 

   Гэрч С.*******гын “...2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ***** сумын 1-р багийн малчин Ц.А гэх хүн надад мал заръя гээд ачиж явах машин алга, та ирээд авчих гэхээр нь би явж очсон. Тэгээд би Ц.Аийн ***** сумын 1-р багт байрлах хөдөө гэрт явж очиход бүх малаа хашаандаа хашсан байсан ба тэндээсээ Ц.А өөрийнхөө хотонд хашаатай байсан хониноос зөв тал нь ухам, буруу тал нь эрхэм имтэй нуруун дээрээ лакан тэмдэглээтэй 7 тооны эр хонь, 3 онь имтэй сэрвээн дээрээ цэнхэр будагтай 3 тооны эр хонь, нийт 10 тооны эр хонь ба хонинуудын зүс нь 5 хонь нь шар толгойтой, 2 хонь хар түрүүтэй, 3 хонь халзан зүстэй хонинууд барьж өгч миний ******* улсын дугаартай Портер маркийн машинд ачуулсан.  ...Тэгээд маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өглөө Ц.А руу залгасан чинь утас нь холбогдохгүй болохоор 10 хониныхоо зургийг авчихаад нядалж гаргасан. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хонио ачаад аймгийн төв явах гэсэн чинь ***** сумын 1-р багийн малчин ******* над руу залгаад “Ц.Аийн өгсөн хонийг авч явалгүй байж байгаарай, асуудалтай байна” гэсэн. Тэгэхээр нь би аймгийн төв явахаа болиод хөдөө малдаа явж байсан чинь өдөр нь ******* залгаад “Ц.Атай сумын төвд ирсэн байна, та хүрээд ир” гээд байхаар нь яваад очтол ******* “хонины махаа аваад явлаа та мөнгө төгрөгөө Ц.Ааас өөрөөс нь буцааж аваарай” гээд 10 тооны хонины гулуузаа ачаад аваад явсан. ...Би хониных нь имийг сайн харж чадаагүй. Нэг тал нь онь имтэй байх шиг байсан. Аль тал гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Хонины тэмдэг нь цэнхэр будагтай, хар лактай хонинууд байх шиг харагдсан. Хулгайн мал гэдгийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 хуудас),

 

 Шүүгдэгч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Манай хонинд айлын танихгүй хэдэн хонь нийлсэн байсан. Манай хонинд нийлсэн 7 хонийг хэний хонь гэдгийг мэдэхгүй байсан. Тэр хэдэн хонь манай малд 10-аад хоносон. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр *******га буюу /*******/ гэх хүн над руу залгаад би тухайн хүнд 2,000,000 төгрөгийн өртэй байсан юм. Тэрнийхээ оронд манайд ирээд 10 авчих гэж хэлсэн чинь тэгье гээд тухайн өдрийн орой Портер маркийн машинтай ирээд авч явсан. Тухайн хонин дунд манай малд нийлсэн 7 хонийг би тухайн *******га гэх ахад өгөөд явуулсан. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр *******га ах руу над руу залгаад “надад өгсөн хонь чинь *******ын хонь байна, чи яагаад надад айлын хонь өгч байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би ******* ахтай очиж уулзаад тухайн хонинуудыг буцаагаад өгөх гэсэн чинь төхөөрчихсөн байсан. Хар толгойтой шүдлэн хонь 1, хар халзан хязаалан хонь 1, шарандан хязаалан хонь 1, шарандан шүдлэн хонь 4, нийт 7 хонь байсан. Тухайн хонинууд бүгд баруун талын чих нь ухам имтэй хонь байсан. *******га ах надаас 2 сая төгрөгийн өрөө нэхээд байсан. Надад тухайн үед өгөх мөнгө байхгүй байсан учраас тухайн 7 хонийг өөрийнхөө 3 хонийг нэмж 10 хонь болгож худалдсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46 хуудас),

 

 Хөрөнгийн үнэлгээчийн Д.Оюундарийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/46 дугаартай “10 тооны нас гүйцсэн эр хонь 10x250,000=2,500,000 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 22-24 хуудас),

 

Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гэрч С.*******гын “Samsung galaxy wide3” гэсэн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 29-31 хуудас),

 

Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хохирогч *******оор таньж олуулах ажиллагаа явуулсан “Би зураг дээр 10 хүртэлх дугаарласан хонинуудаас 1, 4, 6, 7, 8, 9, 10 дугаартай хонинуудыг зүсээр нь хараад таньж байгаа ба 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ченж *******ас хонины гулуузаа авах үед 4, 6, 7, 9, 10 дугаарууд дээр заагдсан 5 шар толгойтой хонины толгойг харахад зөв тал нь ухам, буруу тал нь эрхэм эмтэй байхыг нь харсан юм. 1, 8 тоо заагдсан байгаа хар толгойтой болон хардан хонийг зүсээр нь хараад таньж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 32-33 хуудас),

 

  Хохирогч *******, шүүгдэгч Ц.А нарын 2024 оны мал тооллогын баримт (хх-ийн 52-53, 60-61 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

            Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

           Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

           Шүүгдэгч Ц.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдэл болон  гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.

            Шүүгдэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

         

            Шүүгдэгч Ц.Аид холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

           3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн болох нь түүний мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

          4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзаж шүүгдэгч Ц.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг түүний оршин суух нутаг дэвсгэр буюу Өвөрхангай аймгийн ***** сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,  шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. гэсэн дүгнэлтийг гаргасан.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

          

            Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

          

             Шүүхээс шүүгдэгч Ц.Аид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн мал маллаж амьдардаг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

 Иймд шүүгдэгч Ц.Аид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн  хугацаагаар тэнсэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аид тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.А нь Өвөрхангай аймгийн ***** сумын 1 дүгээр багт оршин суудаг болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн ***** сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

 

           Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

          

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ***** овгийн *****ийн *****ийг бусдыг малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***** овгийн *****ийн *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Аийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аид тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ц.Аид оногдуулсан тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           6. Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ