| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04778/И |
| Дугаар | 101/ШШ2022/04615 |
| Огноо | 2022-11-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2022/04615
| 2022 11 02 | 101/ШШ2022/04615 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Д.Б /рд:0/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Г.Ц /рд:0/-д холбогдох,
Орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2015 онд Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах 2 өрөө байр зарна гэж зар өгсөн. Үүний дагуу хариуцагч Н.Ц ирж уулзсан. О, Э гэх хүмүүс энэ байрны өмчлөгч байсан. Э нь махны ченж бөгөөд яаралтай мөнгө хэрэгтэй байна, бид гэр бүл байсан одоо салж байгаа, хөрөнгөө хувааж байгаа, та мөнгө олж өгөөч гээд 8 дугаар сараас хойш надаас гуйсан. Энэ бүх байдлыг Э санаачилж хийчихээд маргаан болоход би байраа зарах хүсэлгүй байсан, залилуулчихлаа гэж цагдаад өргөдөл өгсөн. Би багаасаа худал хэлж, хулгай хийдэггүй. Би аргагүй байдалд ороод зөвшөөрье гэж хэлсэн, би өмгөөлөгчгүйгээр эрүүгийн шүүх хуралд орсон. Би тухайн үед 60 нас гарсан байсан, худал хэлж, хүн зальдах боломжгүй. Би байрыг 50 сая төгрөгөөр зарахаар болж, хариуцагчаас 33 сая төгрөгийг нь аваад гэрчилгээгээ шилжүүлж өгсөн. Тэгээд хариуцагч надтай 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мөнгөө төлөхгүй бол байраа буцааж өгнө гэх хэлцэл хийсэн. Би эр хүн шиг зан гаргасан. Би олон жил байраа авч чадахгүй, өөрөө ял эдлээд олон дахин хохироод байна. Би хариуцагчаас авсан мөнгийг нь өгөөд байраа буцааж авъя. Би байраа зарахаас татгалзаж байна. Иргэний хуульд надад ийм эрх байдаг юм байна лээ. 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үлдэх төлбөрөө төлнө, төлөөгүй бол байраа буцааж аваарай гэж хэлсэн. Намайг хоригдох үед миний байр 76 сая төгрөг байсан, одоо 105 сая төгрөг болсон. Би одоо ийм үнээр зарахгүй. Ц.О надад өртэй учраас надаас мөнгө нэхээгүй. Би хариуцагчтай хэлцэл хийсэн, уг хэлцлийнхээ дагуу мөнгөө бүрэн төлөөгүй тул байраа буцааж авна гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлд тухайн үеийн нөхцөл байдлыг үнэн бодитой тусгаагүй байна. Бид анх 2015 онд Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг нийт 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаанд 25,000,000 төгрөгийг 2015 онд өгч, 2016 онд 8,000,000 төгрөг төлсөн. Гэвч уг байрны жинхэнэ эзэн гэгч Ч.Э, Ц.О гэх этгээдүүд гарч ирсэн. Удалгүй Д.Б нь уг байрыг залилж авсан болох нь тогтоогдож тэдний зүгээс гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн уг хэрэгт би гэрчээр орсон. Би уг байрны 50,000,000 төгрөгөөс 33,000,000 төгрөгийг нь Д.Б-д, үлдэх 17,000,000 төгрөгийг нь эрүүгийн хэргийн дараа жинхэнэ эзэд болох Ч.Э, Ц.О нарт өгч төлбөр тооцоо бүрэн дууссан. Мөн миний зүгээс Д.Б-д холбогдуулан уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Энэ хүн худал хэлж байна. Орон сууц худалдан авах зарыг би өгсөн. Миний өгсөн зарын дагуу Д.Б надтай холбогдож 2 өрөө байрыг 50 сая төгрөгт зарна гэсэн. Би хаана вэ гэж асуухад 13 дугаар хороололд гэж хэлсэн. Би түрээсийн байранд байдаг байхад нэхэмжлэгч намайг ирж аваад байраа үзүүлсэн. Манай дүү гадаадад сурдаг, байраа миний нэр дээр шилжүүлсэн гэж нэхэмжлэгч надад хэлсэн. Тэгээд очиход нэг хүн байсан, байрыг маш хурдан үзүүлсэн. Тэгээд би холбоо бариагүй байж байтал 2 хоногийн дараа над руу нэхэмжлэгч өөрөө ярихад нь би миний мөнгө угаасаа дутуу, хойшоо харсан нар үзэхгүй цонхтой юм байна гэтэл зүгээр ээ, болно гэж хэлсэн. Авах өдрөө би байраа дахиад байрыг нь үзье гэтэл юуг нь үздэг юм бэ гэсэн. Би бэлнээр 25 сая төгрөг өгсөн, үлдэх мөнгөө 6 дугаар сарын 20-ны өдөр өгье гэж бичсэн. Маргааш нь байрандаа нүүж орох гэтэл оруулаагүй, хүн байхгүй байсан. Тэгээд залгатал түрээсэлж байгаа айл нь гарахгүй байна, нэмээд 10 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би 6 дугаар сарын 20-нд мөнгөө гүйцээж өгөөд оръё гэж бодсон. Тэгээд би 8 сая төгрөгийг Голомт банкинд өөртэй нь хамт очоод шилжүүлээд байрандаа оръё гэтэл дахиад оруулаагүй. Тэгээд хаалга тогштол нэг хүн хаалга онгойлгоод энэ байр Д.Б гэх хүний байр биш шүү дээ гээд эзэн нь н.Э гээд утсыг нь хэлж өгсөн. Тэр хүнтэй ярьтал Д.Б гэх хүн миний байрыг зарсан, надад 5 сая төгрөг л өгсөн, наад хүн чинь луйварчин хүн гэж хэлсэн. Би нэхэмжлэгч руу залгаад би мөнгөө буцааж авъя гэтэл би хууль мэддэг хүн гэж дарамталдаг байсан. Тэгээд шүүхэд хандаж байж байраа суллуулсан. Орон сууцны төлбөрийг би бүрэн төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй Би хурлын дараа танхимаас гарахдаа үлдэгдэл төлбөрөө хэнд өгөх вэ гэтэл жинхэнэ эзэд нь тэр хүмүүс учраас тэдэнд өг гэж хэлсэн гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2015 оны 11 сарын 02-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, хэлцэл, Ц.О-тэй байгуулсан хэлцэл, Вендо ХХК-ийн үнэлгээний тайлан,
3.2 хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 0 дугаар хэрэг бүртггэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/00 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2017/0 дугаар тогтоол, Улаанбаатар хотын банк болон Голомт банк, Хаан банкны төлбөрийн баримтууд, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаар шийтгэх тогтоол зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Ц-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.1 Хариуцагч Н.Ц нь орон сууцны үнийг бүрэн төлсөн, уг орон сууцны жинхэнэ өмчлөгч нь Д.Б биш болох нь шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул тэрээр шаардах эрхгүй гэж маргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Д.Б нь Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Н.Ц-тай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байна. /хх5-8/
3.1 Хариуцагч Н.Ц нь орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу Д.Б-д орон сууцны үнэд нийт 33,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан.
3.2 Нэхэмжлэгч Д.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Н.Ц-тай байгуулсан хэлцэл-ээр 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор орон сууцны төлбөрийг бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд би байраа буцааж авахаар тохирсон ба одоо болтол надад орон сууцны үлдэх төлбөр 17,000,000 төгрөгийг бүрэн төлөөгүй тул орон сууцаа буцаан өөрийн өмчлөлд авч, Н.Ц-аас төлсөн мөнгийг буцааж өгнө гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон. /хх-8/
3.3 Гэвч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0 ддугаар шийтгэх тогтоолоор Д.Б-ыг хохирогч Ч.Э, Ц.О нарын өмчлөлийн хөрөнгө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 0 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг идэвхтэй үйлдлээр бэлэглэлийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээ, хэлцэл хийж өөрийн өмчлөлд шилжүүлэн захиран зарцуулах эрхийг олж авч байрыг худалдаж үнэ төлбөрийг өөрөө захиран зарцуулж байрны үнийг төлөөгүй үйлдэл нь бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт тооцож, 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.
3.3.1 Уг шийтгэх тогтоолоор орон сууцны үнэд Д.Б-оос 40,000,000 төгрөг гаргуулж Ч.Э-д, 31,240,391 төгрөг гаргуулж Ц.О-т тус тус олгож шийдвэрлэсэн байна.
3.3.2 Нэхэмжлэгч Д.Б нь дээрх шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолын дагуу хорих ял эдэлж дуусаад 2022 оны 05 дугаар сард суллагдсан үйл баримтыг шүүх хуралдаанд тайлбарласан.
3.4 Хариуцагч Н.Ц нь дээрх шийтгэх тогтоол гарснаар орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.Б биш болох нь тогтоогдсон тул орон сууцны үлдэх төлбөр болох 17,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Э-д, 8,000,000 төгрөгийг нь Ц.О-т тус тус төлсөн гэж тайлбарласан. Энэ нь Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтад Н.Ц-аас Ч.Э- 9,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, эрүүгийн хэрэгт Ч.Э-ын өмгөөлөгчөөр оролцсон С.Д-гээс үйлдсэн баримт зэргээр тогтоогдож байна.
3.4.1 Нэхэмжлэгч Д.Б нь эрүүгийн хэргийн хохирогч Ч.Э, Ц.О нарт хариуцагч Н.Ц-аас орон сууцны үлдэх төлбөрийг төлсөн үйл баримтыг үгүйсгээгүй. Харин надтай хэлцэл байгуулсан тул надад үлдэх төлбөрийг төлөх байсан гэж маргасан.
3.5 Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Д.Б нь маргааны зүйл болох орон сууцны хууль ёсны өмчлөгч нь биш байсан, тэрээр бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх замаар Н.Ц-тай орон сууц худалдах-худалдан авах гэрээ, хэлцэл байгуулсан болох нь тогтоогдож байх тул тэрээр гэрээний үүргийг шаардах, гэрээний үүрэг гүйцэтгээгүйтэй холбоотойгоор гэрээнээс татгалзаж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан гаргуулах эрхгүй байна. Учир нь,
3.5.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, уг гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах эрх нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээнд хамааралтай.
3.5.2 Нэхэмжлэгч Д.Б нь дээр дурдсанаар гэмт хэрэг үйлдэх замаар Н.Ц-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж байгуулсан гэрээ байх тул тэрээр хүчин төгөлдөр бус гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
4. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй заасан.
4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ч.Э, Ц.О нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах талаар маргаж байсан байх ба дээр дурдсан хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ...Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцоно гэж зааснаар Н.Ц нь уг байрны өмчлөх эрхийг шударгаар олж авсан байна гэж дүгнэсэн байна.
5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Б нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг Н.Ц-аас буцаан шаардах эрхгүй байх тул түүний энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Ц-д холбогдох улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах 2 өрөө орон сууц гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ