| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/0030/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/146 |
| Огноо | 2025-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ********ын ********т холбогдох 2526000000005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн **** суманд ***** оны ***** дугаар сарын 14-ний өдөр төрсөн, ***** настай, эрэгтэй, регистрийн дугаар *****, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********” ХХК-д механикч ажилтай, ам бүл ***, аав, ээжийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ***** дугаар багийн ***** дугаар байрны **** дугаар орцны ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******** овгийн ********ын ********.
Үйлдсэн хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчимд нөхөр ********ийг Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах "Альфа” нэртэй баарнаас авах гээд очсон юм. Тэгээд очтол манай нөхөр ******** найзуудтайгаа бааранд сууж байсан. Тэгээд манай нөхөр жоохон хамт сууж байгаад явъя гээд тэр бааранд би нөхөр болон найзуудтай нь хамт суусан. Тэгээд 03 цаг өнгөрч байхад бид нар явцгаах гээд баарны текэн дээр очиж гадуур хувцсаа авчхаад буцаад явж байсан чинь намайг нэг танихгүй залуу хажуугаар зөрөхдөө мөрлөөд гарчихсан чинь манай нөхөр ******** тэр залууг замаа харж яваач гээд түлхчихсэн юм. Тэгээд бид 2 явах гээд гарах гэж байтал манай нөхөр ********ийн нүүр рүү цус урсаад явчихсан. Юу болов гээд байж байтал миний толгой халуун оргиод байхаар нь гараараа барьж үзсэн чинь цус гоожсон. Тэгээд би ард нэг сандал байхаар нь суусан. Тэгээд эмнэлэг рүү тэр баарны хамгаалагч залуугийн машинаар манай нөхөр ******** болон намайг цохисон хүний найз гэх Ю.******** хамт явсан. Эмнэлэг дээр очоод толгойны баруун дээд хэсэгт 3 оёдол тавиулчхаад цагдаа дээр ирсэн. ...Намайг цохисны дараа миний хажууд баарны ажилчид байсан, ямар ч шалтгаангүй цохисон. Миний толгойн баруун дээд хэсэгт гэмтэл учирсан. Тухайн үед эмч нь нэлээн гүн зүсэгдсэн юм байна гэж хэлсэн. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Хүсэлтээ гаргаж өгнө. Би гомдол саналтай байна. Эмчилгээний зардал, хохирлын баримт гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13 хуудас),
Хохирогч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн орчим найзууд болох ********, ******** хоёртой уулзаад Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Альфа” нэртэй бааранд орсон. ...Манай эхнэр ******** шөнө 01 цагийн орчимд намайг авах гээд ирэхээр нь би жоохон хамт сууж байгаад явъя гээд бид хэд сууцгаасан юм. Тэгээд 03 цаг өнгөрч байхад бид нар явах гээд эхнэр ********гийн гадуур хувцсыг текэн дээрээс аваад буцаад ширээ рүүгээ явж байхад нэг танихгүй залуу манай эхнэрийг хүчтэй мөрлөөд зөрөхөөр нь би “чи яаж яваад байгаа юм, зүгээр яв даа” гээд цааш нь мангасдаад түлхчихээд явах гэж байтал араас нэг хүн миний толгой руу цохихоор нь эргээд хартал тэр баарны ажилчид найзууд нь бололтой залуучууд цааш нь аваад явж байсан. Тэгээд байж байтал миний нүүр рүү нэлийтэл цус ороод ирсэн. Тэгээд цусаа нойл орж угаачхаад гараад ирсэн чинь манай эхнэр ********гийн толгойноос цус гарчихсан сууж байсан. Тэгээд бид нарыг баарны хамгаалагч залуу эмнэлэгт хүргэж өгөөд эмнэлэгт үзүүлчхээд эхнэр бид 2 цагдаа дээр ирсэн. Би тэр залууг танихгүй. ...Миний толгойн орой хэсэгт хагарсан байсан. Эмнэлэгт нэг оёдол тавих юм байна гэхээр нь би оёдол тавиулахгүй гээд оёдол тавиулаагүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Хүсэлтээ гаргаж өгнө. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Хохирлын баримт гаргаж өгөхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 хуудас),
Гэрч Ю.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед найзууд болох ********, ********, ******** нартай уулзаад Хүнс бараан захын ард байдаг шинээр нээгдсэн “********" нэртэй биллиард орж 21 цаг хүртэл тоглочихоод бид 4 хамт тэр биллиарднаас гараад Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах "Альфа" нэртэй баарны караокед ороод 0.75 литрийн Эдэн нэртэй архи ууж нэг цаг дуулчхаад доошоо бааранд ороод 0.75 литрийн "Жак данелс" нэртэй виски, 0,5 литрийн шилтэй 4 Сэнгүр болон Касс авч ууцгаасан юм. Тэгээд би тухайн үед гадаа тамхи татчихаад бааранд орж ирээд зогсож байгаад нэг харсан чинь ******** гэх хүний толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд юу болов гэсэн чинь М.А ******** 2 заамдалцчихсан байхаар нь салгачихаад байж байтал булангийн ширээн дээр М.А сууж байхаар нь очиж яадаг хүүр вэ чи гэж хэлчхээд ********ийн эхнэр дээр нь очтол толгойноос нь цус гараад тогтохгүй байхаар нь сальфеткаар толгойг нь дараад баарны хамгаалагчийн машинаар явж эмнэлэг дээр очсон. Би тэр хүмүүсийг танина. ******** ******** хоёртой гэр бүлийн найзууд байгаа юм. Би яг цохиж байхыг нь бол хараагүй. М.Аыг цохисон байх гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 хуудас),
Гэрч М.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед найзууд болох М.А, ********, ******** нартай уулзаад Хүнс бараан захын ард байдаг шинээр нээгдсэн “********" нэртэй биллъярд орж 3 цаг буюу 21 цаг хүртэл тоглосон юм. Тэгээд бид 4 хамт тэр биллъярдаас гараад Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах "Альфа" нэртэй баарны караокед ороод 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи нэг шил архи хувааж ууж, нэг цаг дуулчхаад доошоо бааранд ороод 0.75 литрийн "Жак данелс" нэртэй виски, 0,5 литрийн шилтэй 4 Сэнгүр болон Касс авч ууцгаасан юм. Тэгээд бид нар бүжгийн талбайд бүжиглэж явж байгаад нэг цагаан хувцастай эмэгтэй хүний хажуугаар гарах гэж байгаад тэр эмэгтэйг мөрлөөд өнгөрсөн чинь нөхөр нь гэх нэг эрэгтэй хүн миний нүүр рүү мангасдаад түлхсэн юм. Тэгээд байж байтал манай найз ******** пивоны шилээр цохичихсон. Тэгээд манай найз ******** тэр хүмүүстэй хамт эмнэлэг явсан. Би тэр шөнө найз болох ********тай машинд хоносон юм. Би тэр хүмүүсийг танихгүй. Тэр ******** гэх хүн намайг түлхчихсэн чинь намайг өмөөрөөд цохисон. Намайг эхнэрийг нь мөрлөөд өнгөрчихөөр түлхсэн байх. Надад энэ талаар гомдол санал байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Намайг түлхсэн болохоос миний биед халдаж, цохиж зодсон зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 хуудас),
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн ******** нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн тусламж үйлчилгээ 111,246 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн тусламж үйлчилгээ, амбулаторийн хяналтын үзлэгт 25,470 төгрөг, нийт 136,716 төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 80 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн цагаан өнгийн DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 3-5 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №39, 40 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (хх-ийн 26-28, 33-34 хуудас) зэрэг болно.
2. Хэрэгт шүүгдэгч М.Аын хувийн байдлыг тодорхойлсон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48, 50-53 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.
3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.******** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч М.А нь Өвөрхангай аймгийн 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 03 цагийн орчимд хохирогч ********, ******** нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч ********, ******** нарын мэдүүлэг, гэрч ********, ******** нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлтүүд, “Альфа” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ********, ******** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.А нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл бичиг мэддэг бөгөөд шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг явуулсан болно.
Шүүгдэгч М.Ат холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” бааранд 2024 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 03 цагийн орчимд хохирогч ********, ******** нарын толгой хэсэгт пивоны шилээр толгой хэсэг рүү нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч ********гийн “...Тэгээд 03 цаг өнгөрч байхад бид нар явцгаах гээд баарны текэн дээр очиж гадуур хувцсаа авчхаад буцаад явж байсан чинь намайг нэг танихгүй залуу хажуугаар зөрөхдөө мөрлөөд гарчихсан чинь манай нөхөр ******** тэр залууг замаа харж яваач гээд түлхчихсэн юм. Тэгээд бид 2 явах гээд гарах гэж байтал манай нөхөр ********ийн нүүр рүү цус урсаад явчихсан. Юу болов гээд байж байтал миний толгой халуун оргиод байхаар нь гараараа барьж үзсэн чинь цус гоожсон. Тэгээд би ард нэг сандал байхаар нь суусан. ...Эмнэлэг дээр очоод толгойны баруун дээд хэсэгт 3 оёдол тавиулчхаад цагдаа дээр ирсэн. ...Миний толгойн баруун дээд хэсэгт гэмтэл учирсан, тухайн үед эмч нь нэлээн гүн зүсэгдсэн юм байна гэж хэлсэн. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Би гомдол саналтай байна. Эмчилгээний зардал, хохирлын баримт гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13 хуудас),
Хохирогч ********ийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн орчим найзууд болох ********, ******** хоёртой уулзаад Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Альфа” нэртэй бааранд орсон. ...Манай эхнэр ******** шөнө 01 цагийн орчимд намайг авах гээд ирэхээр нь би жоохон хамт сууж байгаад явъя гээд бид хэд сууцгаасан юм. Тэгээд 03 цаг өнгөрч байхад бид нар явах гээд эхнэр ********гийн гадуур хувцсыг текэн дээрээс аваад буцаад ширээ рүүгээ явж байхад нэг танихгүй залуу манай эхнэрийг хүчтэй мөрлөөд зөрөхөөр нь би “чи яаж яваад байгаа юм, зүгээр яв даа” гээд цааш нь мангасдаад түлхчихээд явах гэж байтал араас нэг хүн миний толгой руу цохихоор нь эргээд хартал тэр баарны ажилчид найзууд нь бололтой залуучууд цааш нь аваад явж байсан. Тэгээд байж байтал миний нүүр рүү нэлийтэл цус ороод ирсэн. Тэгээд цусаа нойл орж угаачхаад гараад ирсэн чинь манай эхнэр ********гийн толгойноос цус гарчихсан сууж байсан. Тэгээд бид нарыг баарны хамгаалагч залуу эмнэлэгт хүргэж өгөөд эмнэлэгт үзүүлчхээд эхнэр бид 2 цагдаа дээр ирсэн. ...Миний толгойн орой хэсэгт хагарсан байсан. Эмнэлэгт нэг оёдол тавих юм байна гэхээр нь би оёдол тавиулахгүй гээд оёдол тавиулаагүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Хохирлын баримт гаргаж өгөхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 хуудас),
Гэрч Ю.********ийн “...Би тухайн үед гадаа тамхи татчихаад бааранд орж ирээд зогсож байгаад нэг харсан чинь ******** гэх хүний толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд юу болов гэсэн чинь М.А ******** 2 заамдалцчихсан байхаар нь салгачихаад байж байтал булангийн ширээн дээр М.А сууж байхаар нь очиж яадаг хүүр вэ чи гэж хэлчхээд ********ийн эхнэр дээр нь очтол толгойноос нь цус гараад тогтохгүй байхаар нь салфетикаар толгойг нь дараад баарны хамгаалагчийн машинаар явж эмнэлэг дээр очсон. Би тэр хүмүүсийг танина. ******** ******** хоёртой гэр бүлийн найзууд байгаа юм. Би яг цохиж байхыг нь бол хараагүй. М.Аыг цохисон байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 хуудас),
Гэрч М.********ын “...Бид нар бүжгийн талбайд бүжиглэж явж байгаад нэг цагаан хувцастай эмэгтэй хүний хажуугаар гарах гэж байгаад тэр эмэгтэйг мөрлөөд өнгөрсөн чинь нөхөр нь гэх нэг эрэгтэй хүн миний нүүр рүү мангасдаад түлхсэн юм. Тэгээд байж байтал манай найз ******** пивоны шилээр цохьчихсон. Тэгээд манай найз ******** тэр хүмүүстэй хамт эмнэлэг явсан. Би тэр шөнө найз болох ********тай машинд хоносон юм. ...Тэр ******** гэх хүн намайг түлхчихсэн чинь намайг өмөөрөөд цохисон. Миний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Намайг эхнэрийг нь мөрлөөд өнгөрчихөөр түлхсэн байх.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн цагаан өнгийн DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 3-5 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №39 дугаартай “...1. ********гийн биед тархи доргилт, хянга ясны хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайд шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Тархи доргилт, зулайд шарх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хянга ясны хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй хуучин гэмтлүүд байна.
4. Тархи доргилт, зулайд тарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хянга ясны хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь үүсгэгдсэн цаг хугацаандаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн хохиролд хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 26-28 хуудас)
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №40 дугаартай “...1. ********ийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо.
5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 33-34 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач холбогдолтой.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч М.Аын үйлдсэн хохирогч ********, ******** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Аын дээрх 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.А нь хохирогч ********д 2,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 137,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүгдэгч М.Аын Хаан банкны ******** тоот дансны хуулга, Төрийн банкны 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байна.
Хохирогч ********, ******** нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч М.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.******** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овгийн ********ын ********ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ********ын ********т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********д 2,000,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 137,000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ