Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/04848

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 тоотод байрлахЗ с ш ц ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах, Л п ХХК /рд:0/-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 35,113,502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 18-04 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслэгч нь Зайсан стар худалдаа, үйлчилгээний төвийн 219 тоотод байрлах 53.81 м.кв талбайг 1 сарын 2,959,550 төгрөгөөр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаагаар түрээслэх, түрээсийн төлбөрийг өмнөх сарын 25-ны өдрийн дотор урьдчилан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,3 хувийн алданги тооцох, мөн 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа хөрөнгийг түрээслүүлэгчийн дансанд гэрээ байгуулсан өдөр шилжүүлэн байршуулах нөхцлийг харилцан тохиролцсон. Дээрх гэрээний хугацаа дуусч, талууд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 19-06 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслэгч нь 1 сарын түрээсийн төлбөр 3,007,979 төгрөг, менежментийн зардал 60,000 төгрөгийг тус тус сар бүрийн 01-ний өдрийн дотор төлөх, ийнхүү заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд мөн алданги тооцох нөхцлийг талууд харилцан тохиролцсон. Түрээслүүлэгчийн хувьд түрээсийн гэрээний зүйлийн эзэмшил, ашиглалтыг 100 хувь түрээслэгч талд шилжүүлж, үүргээ бүрэн биелүүлсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн. Гэвч түрээслэгч Л П ХХК нь дээрх гэрээнүүдээр тохиролцсон хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас өр, төлбөрийн хуримтлал үүсгэж, одоог хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна.

Талуудын байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18-04 дугаартай түрээсийн гэрээний үүргийн тухайд, Эхний 1 сар буюу 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрийг 100 хувь чөлөөлсөн. Мөн 2018 оны 06-09 сар хүртэлх хугацааны төлбөрөөс 5-30 хувь хөнгөлөх талаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 18-04/01 дугаартай Гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ байгуулж, нийт 1,923,707.5 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэхүү чөлөөлөлт, хөнгөлөлтийг хасаад түрээслэгч нь уг гэрээний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нийт 31,782,422.61 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Үүнээс 17,470,550 төгрөг төлж, үлдэгдэл 14,311,872.61 төгрөгийг төлөөгүй. Түрээслэгч нь гэрээгээр тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрийг өмнөх сарын 25-ны өдрийн дотор төлөхгүй байсан тул бид гэрээг цуцлах талаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн. Гэтэл түрээслэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр банкнаас зээл авах гэсэн юм, гэрээг үргэлжлүүлж өгөөч, үүссэн өр төлбөрийг бүрэн барагдуулна, дахин төлбөрийн үүргийн зөрчил гаргахгүй гэсэн хүсэлт гаргасны дагуу бид түрээслэгч талд боломж олгож, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19-06 дугаар гэрээг байгуулсан.

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19-06 дугаар түрээсийн гэрээний үүргийн тухайд, Түрээслэгч нь энэхүү гэрээг байгуулснаас хойш 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, мөн сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, нийт 800,000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй. Ийнхүү үүргийн зөрчил хэвээр байсан тул гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр цуцалж, талбайг мөн сарын 05-ны өдөр хүлээлцсэн. Түрээслэгч нь энэ гэрээний дагуу нийт 12,856,678.96 төгрөг төлөх үүргээс 800,000 төгрөг төлж, үлдэгдэл 12,056,678.96 төгрөгийг төлөөгүй. Л П ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан дээрх 2 гэрээгээр тохиролцсон төлбөрөө, тогтоосон хугацаанд төлөөгүйн улмаас 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт 26,368,551.57 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн. Үүнээс анх гэрээ байгуулахад буюу 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр барьцаа төлбөрт төлсөн 2,959,550 төгрөгийг хасаад үлдэгдэл 23,409,001.57 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна.

Талуудын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 23- ны өдөр тус тус байгуулсан түрээсийн гэрээний 8.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 11,704,500 төгрөгийн алданги шаардах тухайд,

Дээрх 2 гэрээний 8.1 -т Түрээслэгч нь түрээсийн төлбөр болон энэхүү гэрээнд заасан бусад төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Түрээслүүлэгчид төлнө гэж тохиролцсон. Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө гэрээ тус бүрт заасан хугацаанд төлөх үүргээ зөрчиж, өр үүсгэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт ...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоногтутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үүрэг хүлээх тухай зохицуулсан.

Дээр дурдсанаар талуудын байгуулсан гэрээ болон хуульд зааснаар түрээслэгчийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тухай бүрт алданги тооцвол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс үлэмж илүү дүн гарна. Хамгийн сүүлд буюу 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгчид үлдэгдэл төлбөрөө мөн сарын 10-ны өдрийн дотор төлөх хугацааг тогтоож өгсөн. Үүнээс хойших хугацааны алдангийг нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар буюу 2019.09.10-2022.08.05-ны өдөр хүртэлх хугацаа хэтрүүлсэн 1060 хоног тутамд гүйцэтгээгүй үүрэг 23,409,001.57 төгрөгийн 0,3 хувь 70,227 төгрөгөөр 74,440,620 төгрөгийн алданги шаардахаар байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульчлан зохицуулсан тул түрээслэгчийн гүйцэтгээгүй үүрэг 23,409,001.57 төгрөгийн 50 хувь болох 11,704,500.785 төгрөгийн алдангийг нэмж шаардаж байна.

Түрээслүүлэгчийн зүгээс тус компанид төлбөр төлөх боломжит хугацаа, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан тодорхой хэмжээний хөнгөлөлтүүдийг хангалттай үзүүлсэн. Одоо компанийн зүгээс цаашид хариуцагчид хугацаа олгох санхүүгийн боломжгүй байгаа тул төлбөрийг яаралтай гаргуулж, ажилчдын цалин хөлс, урсгал зардал зэргийг төлөхөд хэрэглэх шаардлага үүссэн тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 23,409,001 төгрөг, алданги 11,704,500.785 төгрөг, нийт 35,113,502 төгрөгийг хариуцагч Л П ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай байгууллага нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс З с ш ц ХХК-д түрээсийн гэрээг байгууллан итали гутал хувцасны дэлгүүр ажиллуулж эхэлсэн билээ. Эхэлсэн цагаас уг дэлгүүр нь шинээр нээгдсэн хүний хөдөлгөөн маш бага маркетинг муутай олон лангуунууд дампуурч, түрээсийн өрөнд орж гарч байсан. Манай дэлгүүр уг эрсдэлийг үүрч удаан хугацаанд хамтарч ажиллах, эхлүүлсэн бизнесээ хөл дээр нь босгох гэж явсаар түрээсийн өрөнд, зээлийн өрөнд орж хүнд байдал тулгарсан. Түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөхийг эрмэлзэж байсан ч түрээсээ төлөөгүй гэж удаа дараа тог таслаж ажиллуулахгүй лацдаж байсан. Хамгийн сүүлд гэхэд зуны улирлын бараандаа өр зээл тавиад яваад ирсэн ч түрээсээ төлөөгүй гэж дэлгүүр лацдаж ажиллуулаагүйгээс зуны гуталны улирал дуусч маш их хэмжээний алдагдалд оруулсан. Одоо ч тэр үеийн зуны гутал байгаа болно. Манай дэлгүүр үнэтэй итали гутал зардаг байсан тул нэг зуны сандаал 400,000 - 1,500,000 төгрөгийн хооронд байсан. Тиймээс энэ өрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна гэжээ.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн гэрээнүүд, нэмэлт өөрчлөлтийн гэрээ, түрээсийн талбай хүлээлцсэн акт, У*******ны орлогын баримт, худалдаа, үйлчилгээний төв дотор хийгдэх засал засварын ажилд мөрдөх журам, Зайсан стар худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэгчидтэй хамтран ажиллах журам, Дотор заслын ажил хийх зөвшөөрлийн хуудас, уулзалтын тэмдэглэлүүд, мэдэгдлүүд, хариу, хүсэлтүүд, тооцооны үлдэгдлийн баталгаа, Ө холдинг ХХК-ийн гэрчилгээ, дүрэм, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эрх олгох тухай тогтоол,

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

     ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч З с ш ц ХХК нь хариуцагч Л п ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 35,113,502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1 Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Зайсан гудамж, *******,******* тоотод байрлах, 5040.42 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ө холдинг ХХК бүртгэгджээ. /хх-62/

2.1 Өндөрбуянт холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17/06 тоот тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Зайсан гудамж, *******,******* тоотод байрлах, 5040.42 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь эзэмшиж, ашиглаж, худалдаа үйлчилгээний зориулалтаар гуравдагч этгээдэд түрээслүүлэх, түрээслэгч тус бүртээ бие даасан гэрээ, хэлцэл байгуулах, байгуулсан гэрээ хэлцлийн үүргийг Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу шаардах, эрхийг З с ш ц ХХК-д шилжүүлсэн байна. /хх-63/

2.2 Үүний дагуу З с ш ц ХХК нь Ла п ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 18-04 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслэгч нь Зайсан стар худалдаа, үйлчилгээний төвийн 219 тоотод байрлах 53.81 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч нь 1 сарын түрээсийн төлбөрт 2,959,550 төгрөгийг сар бүр төлөх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-10-15/

 

2.2.1 Гэрээний талууд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, түрээслүүлэгч нь түрээслэгчид 1,923,707 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тохирчээ. /хх/16/

 

2.3 Мөн гэрээний талууд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 19-06 тоот түрээсийн гэрээг байгуулж, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18-04 тоот гэрээний нөхцөлд буюу 1 сарын түрээсийн төлбөрийг 3,007,979 төгрөг, гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, түрээслэгч нь менежментийн зардалд сар бүр 60,000 төгрөгийг түрээслэгчид төлөхөөр өөрчлөлт оруулжээ. /хх-21-25/

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

 

3.1 Түрээслүүлэгч З с ш ц ХХК нь нийт 5040.42 м.кв үйлчилгээний талбайгаас түрээслэгч Л п ХХК-д 53.81 м.кв талбайг түрээслүүлсэн байх тул түрээсийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй нь талуудын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

 

4. Түрээслэгч Л п ХХК нь түрээсийн гэрээний зүйл болох 53.81 м.кв талбайг хүлээн авч, итали гутал худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан болох нь хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбар, түрээсийн талбай хүлээлцсэн актаар тус тус тогтоогдсон. /хх-19, 31, 55/

 

4.1 Мөн түрээслэгч нь түрээсийн гэрээний барьцаанд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,959,550 төгрөгийг У******* ХХК-иар дамжуулан төлсөн байна. /хх-20/

5. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнүүдээр хариуцагч Л п ХХК нь түрээсийн төлбөрийг сар бүр төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх боловч төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн байна.

5.1 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

5.2 Хариуцагч нь шүүхэд бичгээр ... удаа дараа тог таслаж, лацдасны улмаас дэлгүүр ажиллуулаагүйгээс түрээсийн төлбөр төлөх боломжгүй болсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаа гаргаж нотлоогүй.

5.2.1 Л п ХХК-иас З с ш ц ХХК-д гаргаж байсан хүсэлтүүдээс үзэхэд түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлж барагдуулаагүйд уучлалт хүсч, гэрээний хугацааг сунгаж, төлбөр төлөх боломж олгохыг хүссэн байна. Үүнээс үзэхэд хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарт дурдсан дэлгүүр ажиллуулах боломж олгоогүй гэх нөхцөл байдлыг тусгаагүй байх ба энэ талаарх тайлбар үгүйсгэгдэж байна. /хх-39-41/

5.3 Нэхэмжлэгч З с ш ц ХХК нь түрээсийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч, уулзалт хийх замаар мэдэгдэж байсан болох нь гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, уулзалтын тэмдэглэлүүдээр тогтоогдсон.

5.3.1 Гэвч Зайсан стар шоппинг центер ХХК-иас хугацаа олгосон байх боловч үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар уг өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн мөнгөн хөрөнгийг шаардах эрх үүссэн байна.

5.3.2 Мөн талуудын байгуулсан гэрээний 8.1 дэх хэсэгт түрээслэгч нь түрээсийн төлбөр болон энэхүү гэрээнд заасан бусад төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж заасан байна. Иймд хариуцагч нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй үнийн дүнгээс алданги төлөх үүрэгтэй.

5.4 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар цуглуулж өгсөн тооцооны баримтын хүснэгтээс үзэхэд 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хүртэл хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал/цахилгааны төлбөр/, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл менежментийн зардлыг тооцож хариуцагчаас төлсөн нийт 18,270,550 төгрөг, хөнгөлөлт 1,923,707 төгрөгийг тус тус хасч нийт 26,368,551 төгрөгийг үндсэн төлбөрт тооцсон байна.

5.4.1 Хэдийгээр талуудын байгуулсан гэрээний 4.11-т түрээслэгч нь цахилгаан эрчим хүчний үйлчилгээний төлбөрийг хариуцна гэж заасан байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн ашигласан цахилгаан эрчим хүчний тооцоо буюу хэрэглэгчийн эзэмшлийн зааг дээр суурилуулсан тоолуур, тооцооны хэмжих хэрэгсэлтэй холбоотой баримтыг хэрэгт цуглуулж өгөөгүй. Хэргийн 94 дүгээр талд авагдсан цахилгааны заалт гэх баримт нь нэхэмжлэгчийн өөрийн гаргасан баримт байх тул үнэн зөв гэж үзэх боломжгүй юм.

5.4.2 Иймд нэхэмжлэгчийн шаардсан үндсэн төлбөр 26,368,551 төгрөгөөс цахилгааны төлбөрт тооцсон 390,211 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна. Иймд төлбөл зохих үндсэн төлбөр 26,368,551 төгрөгөөс түрээслэгчээс барьцаа төлбөрт төлсөн 2,959,550 төгрөг, цахилгааны төлбөр 390,211 төгрөгийг тус тус хасвал 23,018,790 төгрөгийг хариуцагч гэрээний үндсэн төлбөрт төлөх үүрэгтэй байна.

5.4.3 Нэгэнт хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй, талууд гэрээгээр хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн 23,018,790 төгрөгөөс 50 хувиар тооцвол 11,509,395 төгрөгийг алдангид төлөх үүрэгтэй байна.

6. Иймд дээд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Л п ХХК-иас үндсэн төлбөр 23,018,790 төгрөг, алданги 11,509,395 төгрөг, нийт 34,528,185 төгрөгийг гаргуулж З с ш ц ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ гэж шүүх дүгнэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 330,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

7.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 35,113,502 төгрөгт төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 333,518 төгрөг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 398,517 төгрөг буюу 64,999 төгрөгийг илүү төлсөн байх тул уг мөнгөн хөрөнгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

8. Хариуцагч нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Шүүх хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс 2022 оны 10 дугаар сарын 05, 2022 оны 10 дугаар сарын 12, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаануудыг тус тус хойшлуулсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсантай холбоотой нотлох баримтаа нэхэмжлэлийн хувийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гардан авсанаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртлэх хугацаанд ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л п ХХК-иас 34,528,185 төгрөгийг гаргуулж З с ш ц ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 585,317 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 330,590 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 64,999 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ