Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2022/03669

 

 

 

 

 

 

 

 

 

      2022            11              17                                             184/ШШ2022/03669

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: ............ тоот хаягт оршин суух .... овогт И.Д /регистрийн дугаар: 111111111/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .........., өөрийн байранд байрлах, Н газарт холбогдох

 

“Үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч И.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 921 дүгээр шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 45.003.370 төгрөгийг гаргуулах, барьцаа үл хөдлөх хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж Бэсгэ төв ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тайланг гаргуулсан. Барьцаа үл хөдлөх хөрөнгийн 117,606,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийх эрхгүй хуулийн этгээдийг шинжээчээр томилсон, эрхгүй этгээд нь зах зээлийн бодит үнэлгээг гаргаагүй байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг И.Д би 1 сарын 600,000 төгрөгөөр түрээсэлдэг гэтэл үнэлгээний тайланд зах зээлийн үнэлгээ гаргахдаа орлогын хандлагын аргыг огт хэрэглээгүй зэрэг нь хөрөнгийн үнэлгээний тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг ноцтой зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, үнэлгээний тайлан гарсан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /хх 1/

          2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Дгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-11111111 дугаарт бүртгэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 1111111 тоот хаягт байрлах 225 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хувийн сууц, дэлгүүр мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай 479 м.кв талбайтай газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилон 117,606,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Бид энэ үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ноцтой зөрчиж эрхгүй этгээдээр үнэлгээ хийлгэсэн гэж үзэж байгаа. Учир нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээчин нь Монгол улсын иргэн, харьяалалгүй хүн байна гэж заасан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Бэсгэ ХХК-г шинжээчээр томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.1-д зааснаар тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчийг томилно гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 10 ширхэг хуулийн этгээдтэй гэрээ байгуулан дүгнэлт гаргуулдаг. Энэ нь хуулийн заалтыг зөрчиж байгаа юм. Мөн хуулийн 42.2-д заасныг зөрчиж хөрөнгийн үнэлгээ гаргуулсан гэж үзэж байгаа. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч талууд үнийн саналаа тохиролцоогүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй Монгол улсын иргэнийг шинжээчээр томилоогүй. Ямар ч эрхгүй этгээд буюу хуулийн этгээдийг шинжээчээр томилсон байгаа юм. Шинжээчийн дүгнэлтийн 2 дугаар хэсэгт нүүрэн хэсэгт гүйдэг хаалгатай гэж дурдсан нь хөрөнгийн үнэлгээг бууруулах талаар дурдсан боловч хөрөнгийн үнэлгээг дээшлүүлэх зүйлийг дурдаагүй. Нам даралтын зуухтай байтал ердийн зуухтай гэж оруулсан, мөн гурван талт хашаа, амбаар, гүйдэг хаалга зэрэг үнэлэгдэх ёстой эд хөрөнгийг үнэлээгүй нь хөрөнгийн үнэлгээг дурдуулсан байна гэж үзэж байна. Ийм учраас Бэсгэ ХХК-гийн үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар түрээсийн орлогын хандлагын аргыг хэрэглээгүй огт түрээсэлдэггүй  гэдгээр үнэлгээ хийсэн байгаа. Түрээслэгч Б нартай уулзсан тэмдэглэл шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байдаг. Ийм учраас хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1-д үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтыг харгалзан, хөрөнгийн үнэлгээний өртөг, жишиг үнэ, орлогын аргуудыг ашиглана гэж заасан. Шинж байдал онцлог гэдэг маань гадна талын гүйдэг хаалга эд маань бүгд орж байгаа юм. Газрыг үнэлж байгаа нь газар дээр байгаа зүйлийг ойлгоно. Хөрөнгийн үнэлгээний тайлан дээр онцлог шинж чанарыг тусгаагүй. Газар дээр ийм жорлон байна, гүйдэг хаалга байна, агуулах байна гэж тусгах ёстой. Үүнийг заавал тусгаж үнэлэх ёстой. Яагаад үнэлээгүй гэдгээ дүгнэлт дээрээ тусгах ёстой юм. Сарын 3,500,000 төгрөгөөр Б гэдэг хүнд түрээслэдэг байсан... гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 921 дугаар шийдвэрээр Х.Н-гээс 45.003.370 төгрөгийг гаргуулж “Үндэсний хөрөнгө оруулалтыг банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Х.Н-д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд хангуулахаар заагдсан хариуцагч  И.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 1111111 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-11111111 дугаарт бүртгэлтэй 225.5 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 479 м.кв талбайтай газрыг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22270125/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22270125/04 тоот тогтоолоор хураасан. Талууд, өмчлөгчид хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцож тогтоох тухай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4-130/1714 тоот мэдэгдлийг талуудад өгсөн. Төлбөр төлөгч болон өмчлөгч нар мэдэгдэлд дурдсан хугацаанд үнийн санал тохиролцоогүй тул 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4-130/2038 дугаар хөрөнгийн үнэлгээ тохиролцох албан бичгийг талуудад дахин хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд мэдэгдлийг биелүүлээгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-д заасныг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2/32 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Бэсгэ” ХХК болон Мыг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх барьцаа хөрөнгийг 117.606.000 төгрөгөөр тогтоосон байна. Талуудад хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 4-130/2844 тоот үнэлэгдсэн үнэлгээний талаарх мэдэгдлээр танилцуулж, баталгаат шуудангаар хүргүүлж, мөн талуудын харилцах утсанд мэдэгдлийг хүргүүлэн, тэмдэглэлээр баталгаажуулсан. М нь Бэсгэ ХХК-ийн шинжээч тул компанийг томилсон. Орлогын хандлагыг ашиглаагүй гэж байна. 3 хандлагын арга байдаг. Орлогын хандлага нь ирээдүйд үүсэх хөрөнгө босгож болох вэ гэдгийг тооцоолох боломжгүй учраас энэ аргыг ашиглаагүй байж магадгүй гэж үзэж байна. Тус шинжээч нь мэргэжлээрээ 8 жил ажиллаж байгаа 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 167 дугаар тусгай зөвшөөрөл авсан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4.Нэхэмжлэгчээс шүүхэд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШЗ2022/06173 дугаар шүүгчийн захирамж, итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, Бэсгэ төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, итгэмжлэл зэрэг нотлох баримтууд ирүүлжээ. /1 хх 2-29, 116-119/

 

5. Хариуцагчаас шүүхэд: Итгэмжлэл, хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газар зохирн байгуулалтын албаны албан тоот зэрэг нотлох баримтууд ирүүлжээ. /1хх 31, 35-102, 105-108, 127-128/

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч И.Д нь  хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ,,,,,,,,,,, тоот хаягт байрлах 225 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн  зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн хаягт байрлах 479 м.кв талбайтай  зуслангийн зориулалтай эзэмших эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

          Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            1.Нэхэмжлэгч И.Д  болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: Иргэн Д.Дгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-11111111 дугаарт бүртгэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ......... тоот хаягт байрлах 225 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хувийн сууц, дэлгүүр мөн хаягт байрлах  479 м.кв талбайтай газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилон 117,606,000 төгрөгөөр үнэлсэн. энэ үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэж байгаа, эрхгүй этгээдээр үнэлгээ хийлгэсэн, Монгол Улсын иргэнийг шинжээчээр томилоогүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Бэсгэ ХХК-г шинжээчээр томилсон. Нам даралтын зуухтай байтал ердийн зуухтай гэж оруулсан, мөн гурван талт хашаа, амбаар, гүйдэг хаалга зэрэг үнэлэгдэх ёстой эд хөрөнгийг үнэлээгүй нь хөрөнгийн үнэлгээг дордуулсан. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар орлогын хандлагын аргыг хэрэглээгүй, огт түрээсэлдэггүй  гэдгээр үнэлгээ хийсэн.Түрээслэгч Бтэй уулзсан тэмдэглэл шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байдаг. Газрыг үнэлж байгаа нь газар дээр байгаа зүйлийг ойлгоно. Хөрөнгийн үнэлгээний тайлан дээр онцлог шинж чанарыг тусгаагүй. Газар дээр ийм жорлон байна, гүйдэг хаалга байна, агуулах байна гэж заавал тусгаж үнэлэх ёстой.  Ийм учраас Бэсгэ ХХК-гийн үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж “үнэлгээ хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан,  

    2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж-с нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Төлбөр төлөгч Х.Нд шүүхийн шийдвэр биелүүлэх тухай удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд хангуулахаар заагдсан  хариуцагч И.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ...... тоот хаягт байрлах 225.5 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 479 м.кв талбайтай зуслангийн зориулалтай эзэмших эрхтэй газрыг битүүмжилж,  2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22270125/04 тоот тогтоолоор хураасан. Талууд, өмчлөгчид хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцож тогтоох тухай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4-130/1714 тоот мэдэгдлийг талуудад өгсөн. Төлбөр төлөгч болон өмчлөгч нар мэдэгдэлд дурдсан хугацаанд үнийн санал тохиролцоогүй тул 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4-130/2038 дугаар хөрөнгийн үнэлгээ тохиролцох албан бичгийг талуудад дахин хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд мэдэгдлийг биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-д заасныг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2/32 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Бэсгэ” ХХК болон Мыг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх барьцаа хөрөнгийг 117.606.000 төгрөгөөр тогтоосон. Талуудад хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 4-130/2844 тоот үнэлэгдсэн үнэлгээний талаарх мэдэгдлээр танилцуулж, баталгаат шуудангаар хүргүүлж, мөн талуудын харилцах утсанд мэдэгдлийг хүргүүлэн, тэмдэглэлээр баталгаажуулсан. М нь Бэсгэ ХХК-ийн шинжээч тул компанийг томилсон. Орлогын хандлагыг ашиглаагүй гэж байна. 3 хандлагын арга байдаг. Орлогын хандлага нь ирээдүйд үүсэх хөрөнгө босгож болох вэ гэдгийг тооцоолох боломжгүй учраас энэ аргыг ашиглаагүй байж магадгүй гэж үзэж байна. Тус шинжээч нь мэргэжлээрээ 8 жил ажиллаж байгаа 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 167 дугаар тусгай зөвшөөрөл авсан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү  хэмээн маргажээ.

 

          3.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны 184/ШШ2021/00921 дугаартай шийдвэрээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Н, И.Д нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 44,622,205.97 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нараас 44,622,205.97 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 981 дугаар магадлалаар ...тогтоох хэсгийн 2 дах заалтын“... шүүхийн шийдвэрийг...” гэснийг “ ... шүүхийн шийдвэрийн  37,517,868 төгрөгт холбогдох үүргийн гүйцэтгэлийг ...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн  2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2021/14423 дугаар захирамжаар  184/ГХ2021/01637  тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогджээ. /хх 36-60/

 

                                НЭГ: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар: 

  

            1.1. Тус шүүхийн шүүгчийн  2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2021/14423 дугаар захирамжаар  184/ГХ2021/01637  тоот гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 12 сарын 24-нд үүсгэж, 21270125 тоот хувийн хэрэг нээсэн ба  тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс ажиллагаа хийж, 2022 оны 01 сарын 07-нд 22270125/01 тоот тогтоолоор үүргийн гүйцэтгэлд хангуулахаар заагдсан  хариуцагч  И.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ...... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-11111111 дугаарт бүртгэлтэй 225.5 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн хаягт байрлах нэгж талбарын 18643321087923 дугаарт бүртгэлтэй 479 м.кв талбайтай зуслангийн зориулалтай эзэмших эрхтэй газрыг битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22270125/04 тоот тогтоолоор эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг  хурааж, тэмдэглэл үйлдэж төлбөрөө 2022 оны 01  сарын 31-ны дотор төлөх талаар мэдэгджээ./36-37,57,60-68/

         1.2.  Улмаар 2022 оны 01 сарын 26-нд 4-130/1714,4-130/1713   тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Х.Н, И.Д, төлбөр авагч нар хүргүүлж ...барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ...... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-11111111 дугаарт бүртгэлтэй 225.5 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн хаягт байрлах нэгж талбарын 2222222222 дугаарт бүртгэлтэй 479 м.кв талбайтай зуслангийн зориулалтай эзэмших эрхтэй газрыг хураасан тул үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 зааснаар төлбөр авагч,төлбөр төлөгч, өмчлөгч нарыг харилцан тохиролцуулах ажиллагааг  тогтоон 2022 оны 01  сарын 31-ны өдрийн 09 цагт Сүхбаатар дүүргийн 5-р хороо,Үндсэн хуулийн гудамж 3 хаягт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 413 тоот өрөөнд зохион байгуулах тул тогтоосон хугацаанд хүрэлцэн ирэх, хэрвээ тогтоосон хугацаанд ирээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт  зааснаар  хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн үнийг тогтоох талаар тус тус мэдэгдсэн   мэдэгдлийг хүргүүлсэн боловч талууд   үнийн саналыг талаар тохиролцоогүй байна.  / хх 69-72/  

               

ХОЁР:Үнэлгээний талаар:

 

           2.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.2.2-д “ үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө“-ийг дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн тухайн үеийн ханшаар   үнэлэх талаар  заажээ.

 

          Төлбөр төлөгч, өмчлөгч болон төлбөр авагч нараас барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ...... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-11111111 дугаарт бүртгэлтэй 225.5 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн хаягт байрлах нэгж талбарын 18643321087923 дугаарт бүртгэлтэй 479 м.кв талбайтай зуслангийн зориулалтай эзэмших эрхтэй газрын үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй, талуудаас үнийн саналын талаар  бичгээр ирүүлээгүй тул  шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 02 сарын 07-ны өдөр 2/32 тоот тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд  үнэлгээг гаргуулахаар ” Бэсгэ” ХХК болон С.М  нарыг  шинжээчээр томилон дүгнэлт гаргуулахад  2022 оны 02 дугаар сарын 14-нд   дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ нийт 117,606,000 төгрөг буюу газрыг 11,735,500 төгрөгөөр, хувийн сууцыг 93,745,852  төгрөгөөр  үнэлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ирүүлжээ./хх 73-98/

 

           2.2.Нэхэмжлэгч талаас: шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилон 117,606,000 төгрөгөөр үнэлсэн, энэ үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэж байгаа, эрхгүй этгээдээр үнэлгээ хийлгэсэн, Монгол Улсын иргэнийг шинжээчээр томилоогүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Бэсгэ ХХК-г шинжээчээр томилсон гэж тайлбарлажээ.

 

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ”Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно” гэж,

          энэ хуулийн 42.2-д “ Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална “ гэж,  55 дугаар зүйлийн 55.2.2-д “ үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж,  55.3-д “ Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж  тус тус заасан  заалтыг хариуцагч  тал зөрчөөгүй  гэж шүүх үзэв.

 

           Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д ”Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасан ажиллагаа хийгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.

 

           Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 130-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 02 сарын 07-ны өдөр 2/32 тоот тогтоолоор  ”Бэсгэ” ХХК болон С.М  нарыг  шинжээчээр томилсон ба шинжээч нь компанийн мэргэшсэн үнэлгээчин  бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй  байх тул  нэхэмжлэгч талынэрхгүй этгээдээр үнэлгээ хийлгэсэн, Монгол Улсын иргэнийг шинжээчээр томилоогүй гэх дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.  / 73,93 /

 

          Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэсэн ажиллагааг шийдвэр гүйцэтгэгчээс хийсэн болох нь хэргийн 75-р талд авагдсан тэмдэглэлээр тогтоогддог тул хариуцагчаас шинжээч томилохдоо  хууль зөрчөөгүй болно.       

          2.3. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3-д "хөрөнгийн үнэлгээний зүйл" гэж тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх эд хөрөнгө... өмчлөх эрхийг” гэж,  3.1.5-д "үнэ цэнэ" гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг “ гэж, 3.1.6-д "хөрөнгийн үнэлгээний суурь" гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход баримталсан зах зээлийн ба зах зээлийн бус үнийн талаархи үндэслэлийг” ойлгох талаар хуульд тусгагдсан.

 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ...... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ “ зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, нам даралтын зуухтай байтал ердийн зуухтай гэж оруулсан, 3 талт хашаа, амбаар, гүйдэг хаалга зэрэг үнэлэгдэх ёстой эд хөрөнгийг үнэлээгүй нь хөрөнгийн үнэлгээг дордуулсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар орлогын хандлагын аргыг хэрэглээгүй, огт түрээсэлдэггүй  гэдгээр үнэлгээ хийсэн.Түрээслэгч Бтэй уулзсан тэмдэглэл шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байдаг. Хөрөнгийн үнэлгээний тайлан дээр онцлог шинж чанарыг тусгаагүй. Газар дээр ийм жорлон байна, гүйдэг хаалга байна, агуулах байна гэж заавал тусгаж үнэлэх ёстой. Сарын 3,500,000 төгрөгөөр Б гэдэг хүнд түрээсэлдэг байсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг.

 

          Гэвч нэхэмжлэгчээс 621 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ “зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэх боловч тухайн  үнэлгээ хийгдсэн газрын ойролцоох буюу нэг хороонд харьяалагдах  үл хөдлөх эд хөрөнгө худалдаж байгаа зэх зээлийн  үнэ ханштай холбоотой баримтаа шүүхэд ирүүлж  гомдлын үндэслэлээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 2.4.Мөн 3 талт хашаа, амбаар, гүйдэг хаалга зэрэг үнэлэгдэх ёстой эд хөрөнгийг үнэлээгүй  гэх боловч  шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  эдгээр дагалдах эд хөрөнгүүдийг  барьцаалбард  тусгагдаагүй гэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд  дагалдах хөдлөх эд хөрөнгө болох 3 талт хашаа, амбаар, гүйдэг хөрөнгө бүртгэгдэхгүй гэж, үл хөдлөх эд хөрөнгө худалдахдаа дагалдах эд хөрөнгийг тусад нь үнэлж худалдахгүй талаар тайлбарладаг бөгөөд  эдгээр эд хөрөнгө нь барьцаа хөрөнгөд тусгагдаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах хөдлөх хөрөнгө байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрт тусгагдсан барьцаа хөрөнгүүдэд зах зээлийн үнэлгээ гаргуулахаар  тогтоолд заасны дагуу шинжээч С.М үнэлгээ гаргасан байх тул нэхэмжлэгч талын энэхүү тайлбар нь няцаагдаж байна.

 

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн  8 дугаар зүйлийн  8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж,  энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх” талаар тус тус заажээ.

 

Төлбөрт хураагдсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ...... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч С.Мыг зах зээлийн үнэ ханшаар үнэлгээг гаргах явцад өмчлөгч И.Д, төлбөр төлөгч Х.Н нараас тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг сард 3,500,000 төгрөгөөр Б гэгчид түрээсэлдэг талаарх түрээсийн гэрээ гаргаж өгөөгүй байх тул тэрээр орлогын хандлагын аргыг тооцоход хэрэглэх боломжгүй бөгөөд үнэлгээчин шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дурдсан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд  үнэлгээ тогтоох явцад  зах зээлийн харьцуулан жиших аргыг сонгож авахдаа ижил төсөөтэй хөрөнгө, эд зүйлс худалдаалах тухай мэдээллийг ашигласан, тоо, баримт, газрын суурь үнийг тооцсон, мэдээнд нарийвчлан судалгаа хийж зах зээлийн үнэ ханш, үнэлж буй газартай ойр байршилд үнэлгээний өдрийн ойролцоо арилжаалсан байгаа арилжааны мэдээллийг жишиг үнийн мэдээллээр сонгон авсан болох нь үнэлгээний тайлан, тайланд хавсаргасан баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт   зэргээр тогтоогддог. түрээслэдэг талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй / хх 73-101/

         Тиймээс шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд  зах зээлийн үнэлгээ тогтоохдоо  нам даралтын зуухтай, газар дээр ийм жорлон байна, гүйдэг хаалга байна, агуулах байна гэж заавал тусгах  шаардлагагүй, эдгээр дагалдах эд хөрөнгө нь үнэлгээ гаргахад нөлөөлөхгүй.

 

          2.5.”Бэсгэ” ХХК-ийн үнэлгээчин С.М нь  шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дурдсан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд  үнэлгээ тогтоохдоо  зах зээлийн харьцуулан жиших аргыг сонгож авахдаа ижил төсөөтэй хөрөнгө, эд зүйлс худалдаалах тухай мэдээллийг ашигласан, тоо, баримт, мэдээнд нарийвчлан судалгаа хийж зах зээлийн үнэ ханш, үнэлж буй газартай ойр байршилд,үнэлгээний өдрийн ойролцоо арилжаалсан байгаа арилжааны мэдээллийг жишиг үнийн мэдээллээр сонгон авсан болох нь үнэлгээний тайлан, тайланд хавсаргасан баримтуудаар нотлогдов.

 

          Иймд  ”Бэсгэ” ХХК-ийн үнэлгээчин С.Маас гаргасан шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтүүд нь  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалтад нийцсэн  байх тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шүүх үнэлээд хэргийг хянан шийдвэрлэв.  

 

  Нэхэмжлэгч талаас  Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар орлогын хандлагын аргыг хэрэглээгүй, огт түрээсэлдэггүй  гэдгээр үнэлгээ хийсэн, сарын 3,500,000 төгрөгөөр Б гэдэг хүнд түрээсэлдэг байсан  гэх боловч үүнтэй холбоотой түрээсийн гэрээг  шүүхэд ирүүлэн үүнийгээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.

 

          Энэ нь нэхэмжлэгч талаас хариуцагчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзал түүнтэй холбоотой нотлох баримттай холбогдуулан тэдгээрт тайлбар өгөх, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, нэхэмжлэлийн шаардлагынхаа талаарх тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлж хуульд заасан үүргээ биелүүлээгүй болно.

         Иймээс нэхэмжлэгч И.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь  үнэлэхдээ хэргийн 8-29, 119-р талд авагдсан баримтууд нь нотлох энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр  төлбөр авагч болох  “ Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийг татан оролцуулах хүсэлтийг зохигчид болон төлбөр авагчаас гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.         

                               Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Дгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  70200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээв.     

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон

                                                                                           

ТОГТООХ нь:

 

             1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан  И.Дгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Үнэлгээг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно,

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОЮУНЖАРГАЛ.