Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2022/02986

 

 

 

 

 

 

2022 06 24

101/ШШ2022/02986

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух, Б.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, 0 байрлах, А ХХК-д холбогдох

 

Гэрээнээс татгалзсаны үр дагаварт 62,605,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие иргэн Б.О 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр АХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мтай №215205 тоот Орон сууц захиалгын гэрээ, №21520511 тоот Дулаан гараж захиалгын гэрээг тус тус байгуулсан. Гэвч тухайн үед АХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мнь АХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд байсан тул орон сууц захиалгын гэрээ болон дулаан гараж захиалгын гэрээг цуцлахаар болж, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр миний бие АХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мтай хийсэн хэлцэлээр орон сууцны төлбөрт төлсөн 49,005,000 төгрөг, дулаан гаражийн төлбөрт төлсөн 13,600,000 төгрөг, нийт 62,605,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дотор буцаан авхаар тохиролцсон боловч АХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Модоог болтол өгөөгүй байна.

Иймд АХХК-ийн захирал Д.Маас 62,605,000 төгрөгийг гаргуулж иргэн Б.О намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч АХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мшүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлтэй танилцлаа. Манай компанийн нэхэмжлэлд дурдагдсан байр ашиглалтанд хугацаандаа ороогүй байгаа нь үнэн. Сүүлийн 2 жилд Монгол улсад болон дэлхий нийтэд үүссэн цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн хямрал бараа материалын хомсдол бусад тодорхой шалтгаанаас үүдэж барилгын ажлын явц удааширсан. Иргэн Б.О нь манай компанитай хийсэн гэрээний дагуу бол байрыг ашиглалтад орохоос өмнө захиалагчийн хүсэлтээр цуцлах тохиолдолд гэрээ цуцлах акт үйлдэж тухайн байрыг дахин борлуулалтад оруулж өмнөх захиалагчийн төлбөрийн дүнг хангахуйц орлого тус байрнаас орж ирсэний дараа 10 хувийг суутган бэлнээр болон дансаар шилжүүлэх гэрээтэй байдаг.

Иймээс гэрээний эрх, үүргийн дагуу гэрээнд заасан зүйл заалтын дагуу төлбөр тооцоог хийх харилцаанд орохыг хүсч байна гэжээ.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хэлцэл, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №21520511 дугаартай Орон сууц захилгын гэрээ, план зураг, Б.Оийн иргэний үнэмлэх, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №21520511 дугаартай Дулаан гараж захилгын гэрээ, Капитрон банкны 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн баримт, Б.Оийн Хаан банкин дахь 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шуудангийн дугтуйг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

АХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Мын иргэний үнэмлэх, хариуцагчийн хариу тайлбарыг хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч АХХК-д холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 21520511 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, Дулаан гараж захиалгын гэрээ-нүүдээс татгалзсаны үр дагаварт 62,605,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Б.О манай компанитай хийсэн гэрээний дагуу бол байрыг ашиглалтад орохоос өмнө захиалагчийн хүсэлтээр цуцлах тохиолдолд гэрээ цуцлах акт үйлдэж тухайн байрыг дахин борлуулалтад оруулж өмнөх захиалагчийн төлбөрийн дүнг хангахуйц орлого тус байрнаас орж ирсэний дараа 10 хувийг суутган бэлнээр болон дансаар шилжүүлэх гэрээтэй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэх агуулгаар маргаж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Мад товлогдсон шүүх хуралдааны товыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэж, шүүхийн мэдэгдэх хуудсанд тэрээр гарын үсгээ зурсан байх боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Б.О нь АХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №21520511 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 0 давхарт 0 тоот, 49,5 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 мкв нь 990,000 төгрөг, нийт 49,005,000 төгрөгөөр захиалан бариулахаар, мөн өдөр Дулаан гараж захиалгын гэрээ-г байгуулж, D блок, 1 дүгээр орц, зоорийн давхарт байрлах, 15 мкв талбайтай зогсоолыг 15,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар тус тус харилцан тохирсон байна. /хх-5,11/

 

Дээрх гэрээнүүдийн дагуу Б.О нь АХХК-ийн Хаан банкин дахь 5076747811 тоот дансанд орон сууцны төлбөрт 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 28,000,000 төгрөг, мөн өдөр 15,000,000 төгрөг, 6 дугаар сарын 28-ны өдөр 6,005,000 төгрөг, гаражийн төлбөрт 6 дугаар сарын 16-ны өдөр 13,600,000 төгрөг, нийт 62,605,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Капитрон банкны 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн баримт, Б.Оийн Хаан банкин дахь 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Ийнхүү гэрээ байгуулагдсанаас хойш 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээ талууд харилцан тохиролцон цуцалж, 2 гэрээний дагуу шилжүүлсэн 49,005,000 төгрөг болон 13,600,000 төгрөгийг тус тус 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дотор Б.Оийн Хаан банкин дахь 0 тоот дансанд АХХК нь шилжүүлэхээр тохирсон байна. Энэхүү гэрээг цуцалсан гол үндэслэл нь хариуцагч АХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд Д.Мнь нэхэмжлэгч Б.Отэй гэрээ байгуулсан гэжээ. /хх-4/

 

Хэрэгт авагдсан АХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000251222 дугаартай гэрчилгээнээс үзвэл Д.М нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. /хх-23/

 

Хариуцагч АХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мнь энэхүү нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Отэй харилцан тохиролцож, гэрээгээ цуцалсан байна.

 

Мөн хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар байрыг ашиглалтад орохоос өмнө захиалагчийн хүсэлтээр цуцлах тохиолдолд гэрээ цуцлах акт үйлдэж тухайн байрыг дахин борлуулалтад оруулж өмнөх захиалагчийн төлбөрийн дүнг хангахуйц орлого тус байрнаас орж ирсэний дараа 10 хувийг суутган бэлнээр болон дансаар шилжүүлэх гэрээтэй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч гэрээний 6.1-д Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эсхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсхүл захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны төлөгдсөн төлбөрийн 10 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан заалтад нэхэмжлэгчийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан үндэслэл хамаарахгүй, хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заажээ.

 

Мөн хуулийн 355.6Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд ажил гүйцэтгэгч АХХК-д гэрээ цуцлагдсантай холбоотой хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хувьд харилцан тохиролцсоноор гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг гэрээ цуцлагдсантай холбогдуулан нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч АХХК-иас гэрээнээс татгалзсаны үр дагаварт 62,605,000 /жаран хоёр сая зургаан зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 470,975 /дөрвөн зуун далан мянга есөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2022/14062 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн 2 дахь заалт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ