| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 184/2018/01316/И |
| Дугаар | 210/МА2019/00566 |
| Огноо | 2019-03-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2019/00566
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/00350 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,
Гуравдагч этгээд: Э.У
Гэрээний үүргээ гүйцэтгэж орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, орон сууц ашигласан хугацааны зардал төлсөн баримтыг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Х.Т, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь нэхэмжлэгч Хтай 2016.5.16-ны өдөр 1160031965 дугаартай зээлийн гэрээг байгуулж 70 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар 24 сарын хугацаагаар зээлсэн. М ХХК нь зээл авснаас хойш хүүгийн төлбөрт 1 572 800 төгрөг төлсөн боловч зээлийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөлгүй 2016.10.26-ны өдрийн байдлаар 103 хоног хугацаа хэтэрсэн. Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тодорхой арга хэмжээ аваагүй тул тус компанийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103-р байрны 104 тоот орон сууцыг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 77 214 268 төгрөгт тооцон худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож 2016.10.27-ны өдөр гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгч 2016.10.27-ны өдрийг хүртэл хугацаанд “М” ХХК-тай нөхцөл тохирох гэрээ байгуулж, орон сууцыг буцаан худалдан авах, зориулалтын дагуу эзэмшиж ашиглах, буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй бол орон сууцыг гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон ч буцаан худалдан аваагүй. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж өнөөдрийг хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Иймд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэх өгөхийг даалгаж өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулагдсан нөхцөл тохирох гэрээний 4.2.7-д заасны дагуу орон сууц ашигласан хугацааны ашиглалтын зардлыг төлсөн баримт, холбогдох бусад баримт бичгүүдийг хүлээлгэн өгөхийг даалгаж, Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103-р байр 104 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд зээлийн гэрээ байгуулж, хариуцагч орон сууцаа барьцаалсан. Орон сууцыг худалдах- худалдан авах гэрээ байгуулсан. Мөн нөхцөл тохирох гэрээ байгуулсан. Нөхцөл тохирох гэрээгээр үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 77 214 268 төгрөгийг 3, 4 сарын хугацаанд төлөх, заасан хугацаанд зээл төлөгдөхгүй бол үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлд шилжүүлэх тохиролцоотой. Зээлийн барьцааны гэрээнд хоёр орон сууц барьцаалсан,хүчин төгөлдөр байсаар байтал Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103-р байр 104 тоот орон сууцыг худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан нь хууль зөрчсөн. Зээлийн графикийн хугацаа дуусаагүй байхад худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлаад байрыг авсан. Худалдах худалдан авах гэрээ, нөхцөл тохирох гэрээг хоёуланг нь нэг өдөр байгуулсан байдаг. Тохирсон данс руу мөнгө орсон зүйл байхгүй.Худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон зүйл ондоо байгаа. Орон сууцыг худалдаж авсан үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Хугацаа болоогүй байхад гэрээ байгуулаад авчихсан. Нөхцөл тохирох гэрээ байгуулж барьцаанаас өөр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тулгасан нь хууль зөрчсөн бөгөөд уг нөхцөл тохирох гэрээ нь өөр хэлцлийг халхавчилж хийгдсэн. Тиймээс үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хууль зөрчиж хийгдсэн, мөн өдрийн нөхцөл тохирох гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, ханын материал 18062, үйлдвэрчний эвлэлийн гудамж 103 байр, 104 тоот хаягт байршилтай 61,18 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг нэхэмжлэгч “Х” ХХК-нд хүлээлгэн өгөхийг хариуцагч “М” ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууц ашигласан хугацааны зардал төлсөн баримтыг гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544 021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 544 021 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч хуулиар банкинд хориглосон үйл ажиллагаа явуулж Банкны тухай хуулийг зөрчиж, зээлийн барьцааны хөрөнгө биш, өөр орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ, нөхцөл тохирох гэрээ хийж авсан. Худалдах худалдан авах гэрээнд заасан төлбөр хариуцагчийн дансанд орж ирээгүй. Хариуцагчийн зээл авахдаа барьцаалсан хөрөнгүүд нэхэмжлэгчийн барьцаанд байгаа. Дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийлгүйгээр, нэхэмжлэгч тал зөвхөн худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардлага гаргасан болохоор шүүх хуралдааны явцад тодотгосоор байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас хальж хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь “М” ХХК-нд холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах, нөхцөл тохирох гэсэн гэрээнүүдийн дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 103 дугаар байрны 104 тоот орон түлхүүрийг хүлээлгэн өгөхийг даалгах, ашиглалтын хугацааны зардлыг төлсөн баримт болон бусад холбогдох баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх, хүлээлгэн өгөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол албадан чөлөөлж нүүн гарах этгээдэд цаашид орон сууцыг эзэмшиж ашиглахыг хориглосон үүргийгдаалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ дээрх гэрээнүүд хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус “гэж маргажээ. /хх-ийн 1-2, 204-206/
Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 103 дугаар байрны 104 тоот орон сууцыг хариуцагчийн төлбөл зохих зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 77 214 268 төгрөгт тооцон худалдах-худалдан авахаар тохиролцсон
Хэргийн баримтаас болон талуудын тайлбараас үзэхэд зохигчид зээлийн гэрээний харилцаатай байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар хариуцагчийн нэхэмжлэгчид төлбөл зохих зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн биелэгдээгүй үлдэгдэл 77 214 268 төгрөгт байсан, орон сууцны өмчлөгч нь “М” ХХК байсанд талууд маргаангүй. /хх-ийн 1-2, 159-163, 221-224/
Мөн дээрх гэрээнүүдийн үр дүнд хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар “Х” ХХК-ийн өмнө хүлээсэн 77 214 268 төгрөгийн зээл бүрэн хаагдсан, нэхэмжлэгч банк Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 103 дугаар байрны 104 тоот сууцны өмчлөгч болсон, уг сууцанд Н.Нямдорж гэр бүлийн хамт оршин сууж байгаа, “М” ХХК нь 1 гишүүнтэй бөгөөд уг ганц гишүүн нь Н.Нямдорж болох үйл баримтууд тогтоогдсон. / хх-ийн 8, 43-45, 53, 86-89, 90, 124-125 /
Иргэний эрх зүйн харилцааны оролцогчид иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй юм.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх хоёр гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгыг анхааран тайлбарлаж үзэхэд мөн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн гэрээ байгуулагджээ. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжих юм.
Талууд буцаан худалдан авах хойшлуулах нөхцөлийг эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нөхцөл тохирох гэрээ гэх баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-ийн 8-13/ Эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрх нь хариуцагчийн буюу худалдагчийн хүсэл зоригоос хамааран хэрэгжих юм.
Талууд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн худалдах-худалдан авах болон нөхцөл тохирох гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх, банк барьцааны хөрөнгийг бус, зээлдэгчийн өөр хөрөнгийг зээлийн өрөнд гэрээгээр шилжүүлэн авах эрхтэй эсэхэд маргажээ. / хх-ийн хх-ийн 1-2, 43-45, 204-206, 221-224 /
Зохигчдын хооронд анх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байсанд талууд мөн маргаангүй. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болохоор заасан. Хуулиар шууд хориглоогүй тул нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагчийн зээлийн өрөнд тооцон / барьцааны бус/ орон сууц худалдан авсан нь, мөн зээлээ төлж чадвал буцаан худалдан авах эрхийг зээлдэгч буюу хариуцагчид олгосон үйлдлийг буруутгах боломжгүй юм. Мөн хариуцагчийн өөр бусад үл хөдлөх хөрөнгө барьцаанд байсан нь заавал уг барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулга биш юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагчид үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг үүсгэж байгаа болохоос өөр бусад хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулах эрхийг хязгаарлахгүй юм.
Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно. Талууд зээл, хүүгийн үлдэгдэл өрийг орон сууцны үнэд тооцон зээлийг хаасан. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн талууд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасан биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг нь тооцож үүргийг дуусгавар болгосон гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй. Худалдах-худалдан авах гэрээний үнэ, зээлийн гэрээний үүрэг хоёрыг харилцан тооцох нь хуульд харшлахгүй юм. Тэгээд ч Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.8.1-д зааснаар талууд үүргийг харилцан тооцохгүй гэж урьдчилан тохиролцсон зүйлгүй байна.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлдог. Талуудын гэрээний 4.1.4, 4.2.3-д тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар худалдан авагчид актаар хүлээлцэн, түлхүүрийн хамт өгөхөөр тохиролцсон тул орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгасан нь хуульд нийцнэ. / хх-229/
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар уг сууцыг бодитой эзэмшилдээ байлгаж амьдарч буй хүмүүс нь Н.Нямдорж түүний гэр бүл байх тул компанид холбогдох дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг мөн буруутгах боломжгүйгээс гадна энэ асуудлаар нэхэмжлэгч гомдоогүй байна.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пгийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/00350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ш.ОЮУНХАНД