Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 178

 


                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0190/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ***, 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа, 
Шүүгдэгч ***, ***, ***, ***, ***нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, ***, ***, ***, *** нарт холбогдох 201709000134 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн нарын байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ***, /РД:***/, 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг *** төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, 

2. Монгол Улсын иргэн, ***, /РД:***/, ***, 1991 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, хөдөлмөр хамгаалалын ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт  Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд: 
-2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 440 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэн мөн хугацаагаар хянан харгалзаж суллагджээ, улсаас авсан гавьяа шагналгүй, 

3.Монгол Улсын иргэн, *** ***-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, 

4.Монгол Улсын иргэн, ***, /РД:***/;  ***-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суудаг, гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

5.Монгол Улсын иргэн, ***, /РД:***/; ***-ны өдөр *** төрсөн, 24 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа барилгын заслын ажил хийдэг,  ам бүл 6, ээж, дүү нарын хамт Булган аймаг *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, 
           
Шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь бүлэглэж, 2017 оны 2 дугаар сарын 10-ны орой *** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Nice гэх бааранд үйлчлүүлж байсан иргэн ***, *** нарыг “цаашаа бүжиглээч” гэсний төлөө үл ялих зүйлээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
    
ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хохирогч нар гичий яшканууд аль нүхнээс гарч ирсэн юм бэ? гээд хэл амаар доромжилоод байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна дахин архи дарс уухгүй.” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 -Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна дахин архи уухгүй” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна оногдуулсан ялыг минь багасгаж өгөөч” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** миний өөдөөс хараад хамт бүжиглэж байхад *** эргэж хараад яах гээд байгаа юм бэ? гэх шиг болсон чинь ард нь байсан охидуудаас 2-3 нь эргэж хараад ***г үсдээд дараад авсан тэр үед би харж байгаад болиоч гээд салгах санаатай очсон чинь намайг бас үсдээд дараад авсан тэгээд тэнд үсдүүлээд зодуулж байгаад салаад ***г харсан чинь байхгүй байхаар нь тэр хавиар хайж байгаад зөөгчийн ширээний орчим очих үед манай сургуульд сурч байсан *** гэдэг охин зогсож байхаар нь тэрэнтэй юм яриад зогсож байтал *** бүжгийн талбайн тэр хавьд хүмүүстэй зууралдаад бужигналдаж байхад тэнд байсан залуучууд ***г зодож байсан хүмүүсийг салгаж байсан. Тэгэхээр нь би *** дээр очоод салгах гэж байхад намайг тэнд байсан охидуудаас 2-3 нь намайг үсдээд бүжгийн талбайн гол хэсэг рүү чирэх үед би бөгсөн хэсгээрээ унасан. Тэгээд тэр үед тэр хавьд би үсдүүлээд нилээн удаан зууралдсан. Намайг үсдэж байхад хажуунаас бас өшиглөөд байсан. Тэр охидууд ер нь их согтуу байсан....Тэгээд би ***тай зогсож байхад тэр охидууд дунд байсан жижигхэн биетэй охин над руу ирээд намайг үсдэж дарах үед бас тэнд байсан охидууд намайг хамт үсдэлцсэн. Тэгээд текны хажууд очих үед миний гуталны түрийнд байсан самсунг жи-7 маркын гар утас байхгүй болохоор нь би ***гын хамт нөгөө охидуудын сууж байсан газар очоод миний утас байхгүй байна утас яасан талаар асуухад тэнд байсан охидууд ***г шууд үсдээд дарсан....Тэгээд арай ядан тэд нараас салаад доор хувцасны өлгүүрээс хувцасаа авах гээд зогсож байхад тэр охидууд араас дагаж гарч ирээд ***г дахиад үсдээд зодчихсон. Мөн гадаа эрүүлжүүлэхийн машин ирэх хооронд цагдаа нарын хажууд ***г бас үсдэж зодсон. тэгээд удалгүй цагдаагийн машин ирэх үед бид 2 цагдаагийн машинд зодсон охидуудын 3 охинтой хамт суусан...” гэх мэдүүлэг /хэргийн 25-26/,

-Хохирогч Г.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн найз *** *** нарын хамт 21 цаг 30 минутын орчим Nice бааранд орж тэндээ нэг шил 0.75 литрийн архи бид нар хувааж уугаад сууж байгаад бүжгийн талбай дээр гараад бүжиглээд байж байхад надтай хамт явж байсан ***ын таньдаг 2 хүн явж байна гээд *** тэр 2 хүн рүү явчихсан. Бүжгийн талбай дээр ***тэй бүжиглэж байхад талбай дээр бид нарын хажууханд бүжиглэж байсан үл таних 6 согтуу охин бүжиглэж байгаад нэг нэгийгээ түлхэж байн байн араас түлхээд байхаар нь эргэж хараад “цаашаа болооч” гэсэн чинь нэг нь “юу гэнээ” гэх үед цаана зогсож байсан нэг эмэгтэй нь намайг үсдэж дараад авсан. Тэр үед бас *** салгах гээд дундуур ороод салгах гэхэд тэр охидууд ***ийг үсдээд дараад авсан тэгээд үсдүүлчихээд хэсэг зөөгчийн ширээний хажууд очоод “цагдаа дууд” гэж хэлсэн тэр үед манай найз *** надад “миний утас байхгүй байна” гэж хэлэхээр нь нөгөө хүмүүсээс утсыг нь асуух гээд ширээн дээр нь очих үед намайг эхлээд үсдэж дарах үед *** намайг салгах гэсэн чинь тэр охидууд ***ийг үсдээд бүжгийн талбайн гол хэсэг рүү үснээс нь чирээд явсан тэгэхэд тэнд байсан хүмүүс салгаад удалгүй цагдаа ирээд “гомдолтой юу” гэж асуухаар нь “гомдолтой” гэж хэлчихээд гарах гээд өлгүүрээс хувцасаа аваад байж байхад тэр зургаан охин араас дагаж гарч ирээд өлгүүрийн хажууд “чи яахаараа гомдолтой байдаг юм” гээд намайг цагдаагийн хажууд үсдэж аваад тал талаас цохих үед миний цүнх газар унахад цүнх байхгүй болсон байсан.  Тэгээд гадагш гараад цагдаагаас цүнх хаана байна гэж асуухад баарны гадаа миний цүнхийг намайг зодсон хүмүүстэй хамт явж байсан нэг охин авчихсан зогсож байсан тэгэхээр нь би цүнхээ аваад ***ийн хамт цагдаа нарын хажууд зогсож байхад нэг охин над руу гүйж ирээд үсдээд дарах үед 2-3-лаа өшиглөж байхад цагдаа салгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 31-32, 34/, 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…намайг эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Nice бааранд 23 орчим маргаан болоод байна гэсэн дуудлага ирсний дагуу уг бааранд очсон. Бааранд очоод дуудлага өгсөн хүнтэй уулзаад байж байхад “би зодуулчихлаа” гэсэн нэг эмэгтэй ирээд тэр хүнтэй ***ын хамт уулзаап байж байтал тэр эмэгтэйг тэнд байсан жижигхэн биетэй эмэгтэй хэл амаар доромжилж үсдээд авахаар нь бид нар салгасан тэгээд тусгаарлаж аваад 1 дүгээр давхараас хувцасыг нь авхуулж байхад бас үсдээд авахаар нь бид нар гаргаад тусд нь байлгаж байхад мөн зодуулсан гэсэн эмэгтэйтэй маргалдсан эмэгтэйчүүд хэл амаар доромжилж байгаад бас үсдээд байсан. Тэрний дараагаар би жижүүрийн машин дуудаад машин ирээд бүгдээрээ машинд багтахгүй болохоор 4 хүнийг машинд өгч явуулаад үлдсэн хүмүүсийг нь явуулчихсан.
…Би дуудлагаар очоод д/х Ш.***ын хамт дуудлага өгсөн хүүхэнтэй юу болсон талаар тодруулж асуугаад зогсож байхад маргалдсан гэх жижиг биетэй хүүхэн гарч ирээд дуудлага өгсөн хүүхнийг үсдээд авсан.  Бид 2 арай гэж салгаад зогсож байхад хамт явсан 4-5 хүүхэн дуудлага өгсөн хүүхэн рүү дайраад янхан, гичий банзал гээд согтуурхаад дайраад байсан. Тэгээд баарны гадна жижүүрийн машинд өгөх гээд дуудчихаад зогсож байсан юм. Тэгэхэд жижиг биетэй 5-6 хүүхэн зодуулсан гээд дуудлага өгсөн хүүхнийг дахин хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод хоёроос гурвуулаа ард, урдуур гүйгээд энд тэнд гараад тал талаас нь дахин үсдээд байсан. Тухайн согтуу жижиг биетэй хүүхнүүд эмэгтэй хүмүүс гэхэд арай муухай соёлгүй хүмүүс байсан.
…Тухайн үед эрүүлжүүлэх байранд саатуулагдсан хүмүүс ачаалал ихтэй байна гэсэн учир гол хэрүүл маргаан үүсгэж үснээс нь зулгааж, маажсан гэсэн хүмүүсийг эрүүлжүүлэх байр руу хүргэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 37, 204/, 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…намайг ажилтай байхад 2 охин өлгүүрээс хувцасаа авах гээд байж байгаад хоорондоо маргалдаад нэг нэгийхээ үснээс зууралдаад байсан. Тэр үед цагдаа нар тэр охидуудыг авч гарах гээд явж байхад тийм маргаан болсон.” Гэх мэдүүлэг /хэргийн 39/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…23 цагийн орчим миний ажилладаг бааранд маргаан болсон би бармен хийдэг болохоор текний ард байж байхад баарны гол хэсэгт маргаан болоод хамгаалагч нар маргаан болж байгаа газар очсон.  Би маргаан болж байгааг яг сайн хараагүй. Тухайн үед хүн ихтэй байсан учраас текний араас бүжгийн талбайн гол хэсэгт болж байгаа асуудал сайн харагдаагүй, гэхдээ маргаан болохын хувьд болсон. Тэгээд 2 цагдаа ирээд маргалдаж байгаа хүмүүсийг аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 40/, 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өөрийн найз ***ийн гэрт ***, ***, *** нарын хамт 20 цаг өнгөрч байхад нэг шил 0.5л Соёрхол нэртэй архийг 2.5л Сэнгүүр пиво аваад тэндээ ууцгааж байгаад ***ийн гэрээс Nice баар ороё гэж яриад бид нар 22 цагийн үед гараад ***, *** руу яриад бид нар ***тай төмөр замын 14 дүгээр байрны хажууд уулзаад бөөнөөрөө баар руу орцгоож тэндээ булангийн ширээнд суугаад *** ганцаараа ундаа захиалж харин бусад нь хүний нэг 0.5л пиво захиалж уусан. Тэгээд бид нарын ширээний хажууд сууж байсан нэг танихгүй залуу намайг өөрийнхөө сууж байсан ширээн дээр суулгаад босгохгүй байсан. Тэр үед манай найз нар бүжгийн талбайн гол хэсэгт хүмүүстэй зодолдоод байх шиг байхаар нь би найз нар руугаа явна гэсэн чинь намайг явуулахгүй байсан. 
…Тэгээд тэр залуугаас салаад найз нар дээрээ очих үед ***, ***, *** нар хар цамцтай 2 биерхүү эмэгтэйтэй маргалдаж байхаар нь би салгаад ширээн дээрэээ авч ирээд бид нар ширээнийхээ хажууд 6-лаа зогсож байхад манай найз нартай маргалдаж байсан нэг охин нь ирээд манай найз ***г шууд үсдэж аваад дахиад маргаан эхлэхэд би ***г тэвэрч аваад салгасан. Тэгээд бид нар ширээнийхээ хажууд зогсож байхад бас манай найз нартай маргалдсан хар цамцтай эмэгтэй ирээд ***ийн үснээс зулгаагаад авахаар нь би ***тэй маргалдсан охиныг салгаад тэр охинтой текний тэнд “та нар цагдаа дуудсан гэсэн биз дээ бүгдээрээ цагдаа ирэхээр учираа олцгооё” гэж хэлээд буцаад найз нар дээрээ ирж байсан чинь *** 00-н өрөө орох гээд миний хажуугаар зөрөөд явж байсан. Тэгээд ширээн дээрээ очоод эргээд харахад *** текний хажуухад маргалдсан 2 охин болон бас нэг охинтой юм ярьж зогсож байхад нөгөө охидууд ***г шууд үсдээд авахаар нь *** босож гүйхээр нь араас дагаж гүйгээд ***г тэвэрч аваад эргээд ширээн дээрээ очоод би 00 орчихоод гараад ирсэн чинь цагдаа нар ирээд манай найз нарыг аваад доош хувцасны өлгүүр руу буусан.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42/, 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би өөрийн найз ***гийн гэрт ***бид нар уулзаад тэндээ хэсэг байж байгаад ***гийн гэрээс гараад nice баар орсон. Тэгээд ороод удаагүй байж байгаад бид 3 бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь тэр бааранд миний таних 2 хүн байхаар нь би ***, ***нараас салаад миний таньдаг 2 хүний ширээн дээр очоод суусан.  Тэгээд тэр 2 хүнтэй юм яриад байж байхад 2 найз “хүүе танай найз нар чинь зодолдоод байгаа юм биш үү?” гэхээр нь би харсан чинь хэдэн охидуудтай маргаан хийгээд бүжгийн талбайн захад байж байхаар нь би босч ирээд ***гоос “юу болоод байгаа юм бэ?, болиоч” гэсэн чинь “энд байгаа хүмүүс нийлээд зодчихдог юм байна” гэж хэлэхээр нь “чиний цүнх чинь хаана байгаа юм бэ?” гэж асуусан чинь  ширээн дээр байгаа гэхээр нь би очиж цүнхийг нь аваад буцаад ирж байх хооронд нэг нь намайг хальт үсдээд тавьсан. Тэгээд маргалдаж байхад нь ***гар утсаа алга болсноо мэдэхээр нь би нөгөө охидуудад “та нар угаасаа хүнтэй маргаан хийж байгаад, хүний юм аваад сурчихсан юм уу” гэж тэр охидуудад хэлсэн. Тэгээд бас тэр хүмүүстэй маргалдаад байж байхад цагдаа нар ирээд аваад гарсан. Тэгээд би араас нь бүүр гадагшаа гарсан чинь тэнд агсраад орилоод байсан нэг эмэгтэй нь цагдаа нарын хажууд ***г үсдээд унагаачихсан юм. Тэгээд цагдаа нар салгасан юм. Тэрний дараагаар цагдаа нар ирээд манай 2 найзыг болон маргалдсан хүмүүсээс 3 хүнийг машиндаа суулгаад эрүүлжүүлэх рүү авч явсан.  …Надад ямар нэг гэмтэл шарх үүсээгүй, надад ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 48-50/, 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би өөрийн зүс таних 2 хүнтэй юм ярьж байхад маргалдаад эхлэхээр нь яваад очсон чинь хүмүүст зодуулчихлаа гээд *** цагдаа дуудсан. Улаанбаатар хотод байдаг хүмүүс. Нэгийг нь *** гэдэг харин нөгөөхийг нь нэрийг нь тийм ч сайн мэдэхгүй байна зүгээр л зүс мэддэг учраас хотод хаана юу хийдэг талаар мэдэхгүй. Ямар гар утас барьдагийг ч мэдэхгүй тухайн өдөр зүгээр л тэр бааранд санаадгүй таарсан юм тэрнээс холбоотой байгаад байдаггүй юм. 
…Бид нар багийн найзууд байгаа юм. Тийм учраас нэг нэгнээ сайн мэднэ. Манай 2 найз хүнийг тэгж хэл амаар доромжлохоор хүмүүс биш.” гэх мэдүүлэг /хэргийн 51/, 

-“…***ийн биед хамрын баруун талын зулгаралт, дээд уруулын салстын язрал тогтоогдлоо. Дээрх зулгаралт, язрал нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт нь, язрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.” гэх 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 221 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 53/, 

-“…***ийн биед тархи доргилт, баруун гуя, зүүн бугалганы цус хуралт, цээжний ар болон дух, зүүн тохойн дахь зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 217 шинжээчийн дүгнэлт /хэргийн 61/, 

-“…***ийн биед зүүн тохой, цээжний баруун өмнө хэсгийн зулгаралт, доод эрүүний зүүн тал, баруун хөлийн шилбэн дэх цус хуралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.” гэх 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 220 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 72/, 

-“…***гийн биед бүсэлхий, зүүн гуян дахь цус хуралт, хацрын зулгаралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт, зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт, зулгаралт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.” гэх 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 223 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 79/, 
-“…***гийн биед баруун нүд, баруун, зүүн гуя, баруун, зүүн бугалга, зүүн тохойны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 218 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 86/,    

-“…***гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 84/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 142, 144, 146, 148, 151/, 

-Камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 196-197/, 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би 2017 оны 2 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчим Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг найс бааранд найз Алтангэрэлийн хамт орж пиво уусан. Бид 2 бүжгийн талбайн хажуу талд сууж байсан. Тэгээд сууж байгаад бид босоод бүжиглээд зогсож байсан.  Тэгэхэд миний ард хүмүүс маргалдаад хоорондоо зодолдоод шалан дээр унаад миний хөлд нэг нь шүргэсэн. Би эргээд харахад шалан дээр нэг хүүхэн унасан байсан. Харин дээр нь шар үстэй, намхан нуруутай, махлаг биетэй хүүхэн үснээс нь зулгаасан байдалтай байсан. Би шар үстэй хүүхнийг араас нь татаж босгоод өргөөд булангийн ширээн дээр суулгасан. Тэгээд өөрийн суудал руугаа яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа харахад баарны текны орчим нөгөө шар үстэй хүүхэд яваад очсон дахин нөгөө хүүхэнүүд хоорондоо маргалдаж байгаа харагдсан.  
…Намайг салгаж байхад баарны хөгжим чанга дугарч байсан учир хэн нь хэнийгээ ямар үгээр доромжлоод байгаа талаар сонсогдохгүй байсан. Би тэр хүүхнүүдийг юу ярьж байсан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 200/, 

-Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2017 оны 2 дугаар сарын  10-ны орой 21 цагийн орчим  Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Найс бааранд найз ***ийн хамт орж пиво уусан. Бид 2 пиво ууж сууж байгаад бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байхад бид хоёрын ард бүжиглэж байсан хүмүүс маргалдах чимээ гарсан. Би эргээд харахад манай найз ***ийн хажууд 2 хүүхэн маргалдаад үстэлцээд газарт унасан. Тухайн үед нь найз *** шар үстэй жижиг биетэй хүүхнийг салгаж сандал дээр суулгасан. Бид 2 өөрийн ширээн дээр очоод сууж байхад найз ***ийн салгасан шар үстэй хүүхэн текны орчим дахин маргалдсан хүүхнүүдтэйгээ маргалдаад зууралдаад байсан. Тухайн үед баарны хамгаалагч болон зөөгч нар салгаж байгаа харагдсан. Тэгэж байгаад маргалдаж байсан хүүхнүүд баарнаас гараад явсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 201/, 

-Хохирогч ***, *** нарын хяналтын прокурор ***д гаргасан өргөдөл /хэргийн 219, 221/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Nice гэх бааранд үйлчлүүлж байсан иргэн  ***, *** нарыг “цаашаа бүжиглээч” гэсний төлөө үл ялих зүйлээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***, *** нарын хяналтын прокурор ***д хандаж гаргасан өргөдөл /хэргийн 219, 221/, хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “…шүүгдэгч нарт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /2 дахь хавтаст хэргийн 8/ гэсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч *** нь Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 440 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэн мөн хугацаагаар хянан харгалзаж суллагджээ. 
Шүүгдэгч *** 11 сар 14 хоногийн хорих ялаас  хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаа 2014 оны  8 дугаар сарын 24-ний өдөр дууссан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялтай байдал үлдсэн байна.
Улмаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байх тул шүүгдэгч ***анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 142, 144, 146, 148, 151/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ***, *** ***, ***, ***, *** нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нарт тус бүр 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нарт оногдуулсан 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

    4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй. 

    6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар ялтан ***, ***, ***, ***нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт, ялтан ***ийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг ***, ***, ***, ***, *** нарт анхааруулсугай.

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***, ***, ***, ***, *** нарт батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, ***, ***, ***, *** нарт батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Я.ТУУЛ