Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/53

 

 

 

 

А.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Т.Төмөртулга,

Шүүгдэгч А.О /цахим сүлжээгээр/

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Огийн гаргасан давж заалдсан гомдлоор А.Од холбогдох эрүүгийн 2034000000605 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

 

 

А.О нь 2020 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг “Тосонгийн ар” гэх газраас хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд 8.879.685 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас А.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шархай овогт Амгалангийн Ог зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ог 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Од оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Огөөс 8.879.685 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангийн өмчлөлийн 1835 ЦАБ улсын дугаартай КМ-250 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.892.500 төгрөгийг шүүгдэгч А.Огөөс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангид буцаан олгохоор,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Огийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 101.300 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг, гэмт хэрэг үйлдэж олсон 19,79м3 200 ширхэг шургааг, 9,46м3 52 ширхэг гуалинг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.О гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие 2020 оны 07 дугаар сарын 22-нд малын хашаа саравч томруулах, өвсний хашаа барих зориулалтаар Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар 10м3 хуурай хэрэглээний мод авах зөвшөөрөл авч 2200900039748 тоот дансанд 150.000 төгрөг, 2200900039821 тоот дансанд 12.000 төгрөг тус тус тушааж Эрдэнэ сумын байгаль орчны улсын хамгаалагч Ж.Гэрэлт-Одоос зөвшөөрөл авсан.

 

Ж.Гэрэлт-Од манай багийн байгаль хамгаалагч Б.Батбаярт талбай зааж хяналт тавьж ажиллахыг 2020 оны 08 дугаар сарын 28-нд зөвшөөрсөн. Гоожинг 09 дүгээр сарын 07-нд авсан. Надад зав гарахгүй байсаар гэр бүлийн хүн эмнэлэгт хэвтсэн, хүн бүл байхгүй, мод тээвэрлэх унаа байхгүй зэргээс шалтгаалан хойшлогдсож 2020 оны 09 дүгээр сарын 24-25-нд Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг “Тосонгийн ар” гэх газраас мод бэлтгэсэн. Мод бэлтгэх тухайгаа байгаль хамгаалагч Б.Батбаярд хэлж амаар зөвшөөрөл авсан. Гоожингийн хугацааг 1 удаа сунгаж болно гэдгийг тухайн үед мэдээгүй байсан.

 

Тухайн үед Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн малыг маллаж байсан учир ангийн захирагчаас хүн хүч, машин техникийн туслалцаа хүссэн. Намайг энэ асуудалд ороход ЗХ-ний 350 дугаар анги малаа буцаагаад авчихсан. Иймд гэмт хэргийг үйлдээгүй учир шалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч А.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс тогтоосон төлбөрийг төлөх боломжгүй байна. Би гэмт хэрэг хийгээгүй тул дахин шалгуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч А.Огийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэрэгт авагдсан хохирлын талаар шинжээчийн дүгнэлт болон Мэргэжлийн хяналтын газраас гаргасан акт хоёр илт зөрүүтэй учир учирсан хохирол, хор уршигийг зөв тогтоон хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтдээ: А.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлт гаргаж байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Огийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд нотолж чадаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Шүүгдэгч А.О нь мөрдөн шалгах, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бог малыг 2020 оны 07 дугаар сараас хойш маллаж байсан, ангийн машиныг хурандаа Ж.Сүх-Очироос авсан, би цэргийн ангийн машиныг гаргуулан авахдаа өвөлжөө, хаваржаанд бэлдэх гэсэн юм хүн байвал туслуулаач гэж гуйсан, тэгтэл 5 хүнийг машины хамт өгсөн..., ...хэрэг үйлдэх үедээ цэргийн ангид туслах малчнаар ажиллаж байсан...” хэмээн мэдүүлсэн байдаг.

 

Мөн иргэний нэхэмжлэгч А.Баярбат, гэрч Д.Баасансүрэн, Э.Ундрахбаяр, А.Мягмардорж[1] нарын “...манай Зэвсэгт хүчний 350 дугаар анги туслах аж ахуйтай болоод Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт А.О гэж хүнийг сонгоод туслах малчнаар авсан, манай ангийн малыг 2 сар орчим маллаж байгаа. А.О гэх хүн нь ангийн даргад өвөлжөө барих мод бэлтгэх гэсэн юм, мод бэлтгэх зөвшөөрөл авсан, хүн хүч, машин тэрэгний туслалцаа үзүүлээч гэж хүсэлт гаргасны дагуу ангийн захирагч 1 тээврийн хэрэгсэл, 5 цэргийн албан хаагчийн хамт явуулсан...”, “...ангийн захирагчийн тушаал гараад бид дөрөв А.О гэх туслах аж ахуйн малчныд ирсэн...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Дээрх мэдүүлгүүдээс үзвэл А.О нь Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн туслах аж ахуйд малчнаар ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд түүнийг уг албан тушаалд томилсон тухайн байгууллага /хуулийн этгээд/-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны шийдвэр, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээний ямар шатлалаар цалинг нь тогтоон цалинжуулж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан болон А.Од туслуулахаар алба хаагч нарыг томилж, тээврийн хэрэгсэл гарган өгсөн гэх албан тушаалтны шийдвэр зэрэг баримтууд хэрэгт огт авагдаагүй байх тул уг баримтуудыг нийгмийн даатгалын болон холбогдох бусад байгууллагуудаас гаргуулан авч хэрэгт хавсаргуулах зайлшгүй шаардлагатай.

 

Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан 2020 оны 06 тоот “Шинжээчийн дүгнэлт”-д[2] тус хэрэгт шинжээчээр томилогдон хүлээх эрх үүрэг болон худал дүгнэлт түүнд хүлээлгэх Эрүүгийн хуульд заасан хариуцлагын талаар танилцуулаагүй М.Батмагнай гэх хүн оролцсон байх тул уг дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Түүнчлэн дээрх шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэргийн 59-р талд авагдсан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 09 тоот “Хохирлыг нөхөн төлүүлэх тухай” акт зэргээр А.Огийн үйлдлийн улмаас экологи, эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг тогтоосон мөнгөн төлбөр нь илт зөрүүтэй болжээ.

 

Иймд гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлын талаарх үнэлгээг хуульд заасны дагуу дүгнэлт гаргуулах нь хохирлын талаар үүссэн ноцтой зөрүүг арилгах, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг зөв тодорхойлон шийдвэрлүүлэхэд нэн чухал шаардлагатай баримтад тооцогдоно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар хэргийн оролцогч, бусад оролцогчоос мэдүүлэг авч болохоор заасан.

 

Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.3-т гэрч нь бусад оролцогчоор тооцогдох ба шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй этгээд юм.

 

Гэтэл тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Баасансүрэн, Э.Ундрахбаяр, А.Мягмардорж нарын мэдүүлгүүд өгүүлбэр зүй, утга найруулга, үг үсгийн алдаа зэрэг нь ямар нэгэн зөрөөгүйгээр шууд хуулбарлагдсан байх тул хуульд заасны дагуу дахин мэдүүлэг авхуулах нь зүйтэй.

 

Тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох этгээдийг томилсон Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар албан тоот[3] нь албажаагүй өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгчээр оролцох этгээдийг томилсон албан тушаалтан нь тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байхад А.Баярбатыг иргэний нэхэмжлэгчээр томилон оролцуулсан мөрдөгчийн тогтоол ч үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

 

Дээр дурдагдсан буюу магадлалд заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нь цаашид тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон эсэхийг хянах зэрэгт чухал ач холбогдолтой болно.

 

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Огийн гаргасан “...гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг дахин шалгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг үндэслэн түүний гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төв  аймаг дахь сум  дундын Эрүүгийн  хэргийн  анхан  шатны  шүүхийн

2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Од холбогдох эрүүгийн 2034000000605 дугаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг прокурорт хүргэгдэн очтол А.Од урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

                   ШҮҮГЧИД                                            Т.ЭНХМАА

 

 

 

                                                                                М.МӨНХДАВАА

 

 

[1] хх-ийн 24, 26, 27,28-р тал

[2] хх-ийн 70-р тал

[3] хх-ийн 22-р тал