Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0142

 

 

 

      2023          02           13                                       128/ШШ2023/0142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ё*** овогтой Б*** 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.М*** /ШТЭҮ:*******/,

Хариуцагч: У*******ар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У*******рын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Л.Г***,

Гуравдагч этгээд: ******* аймгийн Засаг дарга нарын хоорондын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Ё.Б*** тус шүүхэд хандан У*******арт холбогдуулан “У*******рын даргын 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ү-210***, Ү-210*** дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаах тухай 766 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч Ё.Б*** нь ******* аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюут 5, 6 дугаар байрны дунд ЦТП-2-2 тоот, ******* аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр баг Зэст 26 дугаар байрны баруун талд ЦТП-1-4 тоот хаягт байрлах өргөтгөлийн барилгуудыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасныг ******* аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанаас улсын бүртгэлийн Ү-210***, Ү-210*** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

                 Улмаар У*******рын даргын 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 766 дугаар тушаалаар “...Эрхийн улсын бүртгэлийн Ү-210***, Ү-210*** дугаарт бүртгэлтэй давхарлан барьсан барилгын өргөтгөлүүдийг бүртгэхдээ холбогдох хууль, журмыг зөрчиж бүртгэсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгосон.

            3. Хариуцагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ё.Б***гээс У*******арт хандан гомдол гаргасныг У*******раас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/287 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгснийг эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М***оос шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:            “Анх 2007 онд ******* аймгийн нутаг дэвсгэрт Дулаан дамжуулах ЦТП байсан. ******* аймгийн Засаг даргын зүгээс энэ ЦТП дээр байшин барих санал нийтэд явуулсан. ЦТП-үүд нь өндөр биш, барагцаагаар бол шүүгчийн ширээ шиг өндөртэй. Яагаад зарлал тавих болсон бэ гэхээр тухайн газар дээр хүүхдүүд гарч тоглоод, унаж бэртэх асуудлууд үүсэж, хогийн цэг болоод байсан. ******* аймгийн Засаг даргаас ЦТП-үүд дээр байшин барихгүй бол хүүхдүүд тоглоод унаж бэртээд байна гээд зарыг нийтэлсэн. Анх Ё.Б***гийн компани болох “Д Б***” ХХК нь 2008 онд ******* аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан. Үүний дагуу холбогдох бүхий л зөвшөөрлүүдийг аваад байшин барьж, улсын комисс хүлээж авсны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Гэтэл 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 766 дугаар тушаалаар 3603, 3604 гэсэн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 11.1, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1, 11.5.3, 14.1.6, Газрын тухай хуулийн 35.2 гэсэн заалтууд байна. У*******рын дарга хуулиар олгогдоогүй эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргасан. Учир нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7-д “Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасан. Мөн хуулийн 7.3, 7.5-д зааснаар У*******рын дарга хүчингүй болгох боломжтой.

Энэ хуулийн 7.3-д “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, 7.5-д “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж тус тус заасан байна. “Шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэсэн заалтыг У*******рын даргын тушаал зөрчсөн гэж үзэж байна. Улсын бүртгэлийн тухай хуульд хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ байгаа  гэсэн зүйл заалтыг үндэслэсэн байсан. Гэхдээ 2 эрх зүйн хэм хэмжээ үйлчилж байгаа тохиолдолд аль нарийвчилсан заалтыг нь хэрэглэнэ гэж заасан байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль буюу өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг нарийвчилж шийдсэн энэ заалтыг баримтлах ёстой. Улсын бүртгэлийн тухай хууль нь өөрөө эрхийн үйл ажиллагаатай холбоотой заалтыг зохицуулсан хууль байгаа. Мөн дээрээс нь хуулийн этгээдийн бүртгэл, иргэний бүртгэлийн асуудлыг зохицуулна. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 35.2-т заасныг үндэслэсэн байна. Уг заалт нь төрийн байгууллагатай холбоотой зохицуулалт юм. Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан төрийн байгууллагад хамаарахгүй гэдэг асуудал яригдаж байна. Төрийн байгууллага гэдэг нь Улсын Их хурал болон Засгийн газраас доошоо агентлаг, яам, газар хэлтэс юм. Гэтэл нэхэмжлэгчийн газрын эзэмших эрх нь “Э А***” ОНӨХХК-ийн эзэмшлийн газрыг ашигласан байгаа. Тэгэхээр 35.2 гэсэн заалтад хамаарахгүй. Хариуцагч талаас хугацааны асуудал ярьдаг. Нэхэмжлэгчид “гэрчилгээг хүчингүй боллоо” гэдгийг мэдэгдэх ёстой. Бидний зүгээс маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн тухай баримт гаргуулах хүсэлт гаргасан. Энэ тухай ямар нэгэн баримт байхгүй гэдэг нь тодорхой болсон. Нэхэмжлэгч нь 3 барилга барьчихаад нэг барилгаа н.Оюун гэдэг хүнд худалдан борлуулсан. Гэтэл тэр бүртгэл нь хүчингүй болдоггүй. Яг ижил 3 барилгаас хоёрыг нь хүчингүй болгоод нэгийг нь хэвээр үлдээсэн. Үүнд тэгш эрхийн зарчим алдагдаад байна. 2021 оны намар н.Н*** гэдэг хүн тухайн барилгыг худалдаж авахаар болоод нотариатч дээр очиход энэ бүртгэлийг хүчингүй болсон тухай хэлсэн. Анх ингэж мэдээд У*******арт холбогдох гомдлуудыг гаргаад явж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Миний үйлчлүүлэгч тухайн барилгыг өөрөө дур мэдэн бариагүй, ******* аймгийн Засаг даргаас зар тавиад, бүх зөвшөөрлөө аваад барьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс 2 объектыг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байдаг. Үүний дараа У*******рын даргын тушаалын дагуу бүртгэл хүчингүй болсон. Анх бүртгэл хийхдээ газар эзэмших гэрчилгээг нь үндэслэн бүртгэсэн байдаг. “Э А***” ОНӨХХК-д олгосон төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, “Э А***” ОНӨХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг мөн захирал С.Д*** нарын хооронд байгуулсан гэрээ гэх мэт нотлох баримтуудыг авч бүртгэсэн байдаг. Эзэмших эрхийн гэрчилгээтэй газар гэдэг нь өөрөө төрийн өмч гэдгээрээ явна. Гэрээний дагуу тухайн компани болон иргэнд эзэмшүүлэхээр олгосон байдаг. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан үндэслэл нь Аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичиг болон Өмчийн албанаас ирүүлсэн албан бичгээр нотлогдоно. Иймд У*******рын даргын тушаалаар хүчингүй болгосон байдаг. У*******рын даргын 2011 оны 766 дугаар тушаалын үндэслэл хэсэгт дурдсан хуулийн заалтуудыг хэрэглэх нь зөв. У*******рын дарга болон шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэсэн заалт байгаа боловч тухайн үед үндэслэл болгосон заалт болох Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1, 11.5.3, 14.1.6 гэсэн заалтуудыг барих нь зөв байсан. У*******рын дарга Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-т “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж тодорхой зааж өгсөн байгаа. Энэ эрхийнхээ хүрээнд 766 дугаар тушаалыг гарган холбогдох хууль журмыг зөрчин бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-210***, Ү-210*** дугаартай бүртгэлийг хүчингүй болгон өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгосон. Газар эзэмшил нь төрийн өмч юм. Төрийн эзэмшлийн газраас албан ёсоор хугацаатай эзэмших буюу улсын бүртгэлд бүртгэхэд заавал цаад эзэн буюу төрөөс зөвшөөрөл авсан байх ёстой байсан гэдгийг үндэслэл болгосон байгаа. Тухайн үед улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой нотлох баримтууд бүрэн байсан. Гэхдээ Газрын тухай хуулийн 35.2-д заасны дагуу тухайн газар нь өөрөө хувийн эзэмшлийн газар юм. 2009 оны 12 дугаар  сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтсийн дарга н.Ц*** гэсэн албан бичгийг Өмчийн харилцааны газраас ирүүлсэн байдаг. Хугацаа хэтэрсэн учраас түр хэрэглэх журмынхаа дагуу энэ албан бичгийг ирсэн эсэхийг тодруулах боломжгүй байсан” гэв.

  1. Гуравдагч этгээд ******* аймгийн Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна” гэж заасны дагуу У*******рын даргын 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 766 дугаар тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

            Мөн Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасныг шүүх анхаарч үзэх шаардлагатай. Ийнхүү хууль тогтоомжид заасны дагуу өнөөдрийн байдлаар ******* аймгийн хэмжээнд бүртгэлтэй бүхий л эрчим хүч дамжуулах шугам, дэд станцууд төрийн өмчид бүртгэлтэй, газрын эрх нь “Э*** ДТС” ОНӨХК-ийн нэг эзэмшигчийн бүртгэлтэй байна.

            Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргатай 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Дулаан дамжуулах төвүүдийг давхар болгож үйлчилгээний зориулалттай барилгын болон хорооллуудыг марсарджуулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулсан боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эдэ хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэх хуульд заасан нөхцөл бүрдсэн байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх, нэхэмжлэгч Ё.Б***гээс тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлж, маргасан. Үүнд:

                 1. Нэхэмжлэгч Ё.Б***гийн компани болох “Д Б***” ХХК нь 2008 онд ******* аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр холбогдох бүхий л зөвшөөрлүүдийг авч тухайн байгууламжийг барьж, улсын комисс хүлээж авсан,

                 2. Маргаан бүхий захиргааны акт болох У*******рын даргын 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 766 дугаар тушаалаар Ү-210***, Ү-210*** гэсэн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Улсын бүртгэлийн тухай хуулийн 11.1, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1, 11.5.3, 14.1.6 болон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн байх боловч тухайн газрын эзэмших эрх нь “Э А***” ОНӨХХК-ийн нэр дээр байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй,

               3. Тухайн захиргааны актыг гаргахтай холбоотой нэхэмжлэгчид мэдэгдэх ажиллагаа хийгээгүй нь хууль бус зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Нэхэмжлэгч Ё.Б*** нь 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн Засаг даргатай 01 дугаар бүхий “Дулаан дамжуулах төвүүдийг давхар болгож үйлчилгээний зориулалттай барилгын болон Хороололуудыг монсарджуулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г, ******* аймгийн “Э А***” ОНӨХХК-тай 02 дугаар “Дулаан дамжуулах төвүүдийг давхар болгож үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулан ******* аймгийн Баян-өндөр сумын Оюут баг 5, 6, 7 дугаар байрны дунд байрлах ЦТП-2-2 болон Зэст баг 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны баруун талд байрлах ЦТП-1-4 дулаан дамжуулах төвийн дээр тус бүр 92 м.кв талбай бүхий өргөтгөлийн байгууламжийг сэндвичин хавтангаар барьж гүйцэтгэснийг 2008 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 01/08 дугаар актаар хүлээн авсан болох нь,

            Нэхэмжлэгчээс 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ******* аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хандан ******* аймгийн Баян-өндөр сумын Оюут баг 5, 6, 7 дугаар байрны дунд байрлах ЦТП-2-2 болон Зэст баг 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны баруун талд байрлах ЦТП-1-4 дулаан дамжуулах төвийн өргөтгөлийн барилгыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг гаргасныг үндэслэн ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дээрх өргөтгөлийн байгууламжуудыг улсын бүртгэлийн Ү-210***, Ү-210*** дугаарт бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгосон болох нь,

            Маргаан бүхий үйл баримттай холбогдуулан ******* аймгийн Өмчийн албанаас /хуучин нэрээр/ ******* аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хандан 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Э а***” ОНӨХХК-ийн эзэмшилд байгаа орон нутгийн өмчийн дулаан дамжуулах төвүүдийн газрыг “Д Б*** трейд” ХХК-ийн хүсэлтийн дагуу хамтран эзэмших зөвшөөрөл олгохгүй болно. Ер нь эдгээр түр сууцуудад Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгох боломжгүй гэж үзэж байна. ... цаашид төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудын болон нийтийн эзэмшлийн газартай холбоотой асуудлаар ТӨХ болон манай албанд хандан тодруулга авч шийдвэрлэж байхыг хүсье” гэсэн агуулга бүхий 112 дугаар албан бичгийг,

2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “... дээрх ЦТП болон түүний газар нь орон нутгийн өмч бүртгэлтэй байгаа бөгөөд газрыг “Д Б*** т***” ХХК-д хамтран эзэмшүүлэхийг зөвшөөрөхгүй тухай, энэхүү түр барилгууд нь Үл хөдлөх хөрөнгө биш тул Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болгох боломжгүй талаар манай албанаас 2009 онд 111, 122 тоот албан бичгээр танай байгууллагад мэдэгдэж байсан....1-рт өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, 2-рт Үл хөдлөх хөрөнгө гэж үзэх боломжгүй түр барилгад Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосныг хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд ... ямар үндэслэлээр ҮХЭХӨЭ-ийн гэрчилгээ олгосон тухай болон бусад ЦТП-үүдийн түр барилгад Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх талаар 2011 оны 4 дүгээр сарын 11-ний дотор хариу мэдэгдэнэ үү...” гэсэн агуулга бүхий 31 дүгээр албан бичгийг,

******* аймгийн Засаг даргаас 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “... түр барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, өмнө олгосон ЦТП 2-3-ийн болон бусад ЦТП-ийн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээг яаралтай авч, энэ талаар 2011 оны 4 дүгээр сарын 12-ны дотор хариу мэдэгдэнэ үү...” гэсэн агуулга бүхий 1/552 дугаар албан бичгийг ******* аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хандан тус тус хүргүүлж байсан болох нь,

Улмаар, У*******рын даргын 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Эрхийн улсын бүртгэлийн Ү-210***, Ү-210***  дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаах тухай” 766 дугаар тушаалаар “Нэг.Эрхийн улсын бүртгэлийн Ү-210*** дугаарт бүртгэлтэй ******* аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 5, 6, 7 дугаар байрнуудын дунд байрлах ЦТП-2-2 дээр давхарлан барьсан барилгын өргөтгөл, эрхийн улсын бүртгэлийн Ү-210*** дугаарт бүртгэлтэй Зэст баг 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны баруун талд байрлах ЦТП-1-4 дээр давхарлан барьсан барилгын өргөтгөлүүдийг бүртгэхдээ холбогдох хууль, журмыг зөрчиж бүртгэсэн байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-210***, Ү-210*** дугааруудыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаасугай.

Хоёр. Эрхийн улсын бүртгэлийн Ү-210***, Ү-210*** дугааруудыг хүчингүй болгож хувийн хэрэг бүртгэлийг хааж байгаатай холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн дээрх дугаарт олгогдсон өмчлөх эрхийн 0001***, 0001*** дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болсонд тооцсугай.

Гурав. Өмчлөх эрхийн 0001***, 0001*** дугаарын гэрчилгээнүүдийг хураан авч хувийн хэрэгт холбогдох бичилт хийхийг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Ц***д даалгасугай.

Дөрөв. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг бүртгэлийн хяналтын газрын дарга Ц.Г***т, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Ц***д тус тус үүрэг болгосугай” гэж шийдвэрлэсэн.

Тухайн маргаан бүхий захиргааны актын гурав дахь заалтад “өмчлөх эрхийн 0001***, 0001*** дугаарын гэрчилгээнүүдийг хураан авч хувийн хэрэгт холбогдох бичилт хийхийг” ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн байх хэдий ч энэ дагуу холбогдох этгээдээс нэхэмжлэгчид маргаан бүхий захиргааны актыг танилцуулсан, гардуулсан тухай тэмдэглэл хувийн хэрэгт хадгалагдаагүй, архивын баримт бичгийн хадгалах хугацаа дууссантай холбоотойгоор ******* аймгийн Өмчийн алба, ******* аймгийн Засаг дарга ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичгийг хүлээн авсан болон У*******рын даргын маргаан бүхий 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 766 дугаар тушаалыг хүлээн авч, нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх ирсэн, явсан бичгийн бүртгэлийн дэвтэр хадгалагдаж үлдээгүй  болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан У*******рын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 3/4583 дугаар албан бичиг, улсын бүртгэлийн Ү-210***, Ү-210***  дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг, ******* аймгийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 112, 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 31, ******* аймгийн Өмчлийн албаны 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1/552 дугаар албан бичгүүд, 0180417, 0180420 дугаар бүхий “Э А***” ХХК-ийн “Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-үүд холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн,

Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн,

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 2-т “Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна”, 77 дугаар зүйлийн 2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” хэмээн, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” хэмээн,

маргаан бүхий үйл баримтад хамаарах цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Энэ хуулийн 6.1.-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлын дагуу хэргийг хянан үзээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 8.1.2-т “маргаан бүхий захиргааны акт гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох” хэмээн,

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-т “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” хэмээн,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” хэмээн тус тус хуульчилсан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, ******* аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч Ё.Б***гээс 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан ******* аймгийн Баян-өндөр сумын Оюут баг 5, 6, 7 дугаар байрны дунд байрлах ЦТП-2-2 болон Зэст баг 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны баруун талд байрлах ЦТП-1-4 дулаан дамжуулах төвийн өргөтгөлийн барилгыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авч эрхийн улсын бүртгэлийн Ү-210***, Ү-210*** дугаарт бүртгэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо тухайн объект нь орон нутгийн нийтийн зориулалт бүхий өмч болох дулаан дамжуулах төвийн байгууламж дээр давхарлан барьсан байгууламж болох,

тухайн орон нутгийн нийтийн зориулалт бүхий өмчийн тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг болон 33 дугаар зүйлийн 33.1-т аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өмчлөгч байхаар хуульчилсан байхад өмчлөгчийн зөвшөөрлийг авсан эсэхийг нягтлан шалгалгүй улсын бүртгэлийг хийсэн. Улмаар ******* аймгийн Засаг даргаас 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1/552 дугаар албан бичгээр гаргасан гомдлын дагуу хариуцагч У*******рын даргаас 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 766 дугаар тушаалаар хууль зөрчиж хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-210***, Ү-210*** дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ё.Б***гээс У*******арт холбогдуулан гаргасан “У*******рын даргын 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ү-210***, Ү-210*** дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаах тухай 766 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА

 

 

 

 

эмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА