Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/02736

 

 

 

 

 

 

 

2022 06 13

101/ШШ2022/02736

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0тоотод оршин суух, Их тугчин овогт Дашхүүгийн Эрдэнэчимэг /регистрийн дугаар ДД80050906/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Н.Б 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Б.О

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, А.А нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,354,581 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Э,

Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Э миний бие 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр И ББСБ-аас 9,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай автомашинаа барьцаалан зээл авсан. Энэ зээлийн мөнгийг шууд Хаан банкны 0 тоот Э.Нийн данс руу зээлийн шимтгэлээ хасуулаад 8,955,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Энэ нь Э.Нийн мөнгийг А.У нь төлөөлж, гэрээ хийдэг байсан бөгөөд тухайн үед Н.Бийн зээлийн төлбөрийн үлдэгдэлд 1,991,000 төгрөг, Б.Оийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,510,800 төгрөг, нийт 4,570,000 төгрөг, О.Тулгуурийн 4,385,000 төгрөгийн зээлийн төлбөрийг нийт 8,955,000 төгрөг төлсөн болно. Эдгээр 3 хүний зээлийг анх гаргуулахдаа судалгаа бага хийлгэж, өндөр дүнтэй зээл Э.Нээс гаргуулсан бөгөөд энэ 3 хүн зээлээ хугацаандаа төлж дуусгаагүй тул би өөрийн хариуцлагаа хүлээж, өөрийн нэр дээр зээл авч өгөөд дээрх хүмүүсээс өөрөө 6 сарын хугацаанд авахаар тохирч, гарын үсэг зуралцан, гэрээ хийсэн. 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 4,570,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай Н.Бэд анх зээлж зээлийн гэрээг гараар бичиж гарын үсэг зуруулж авсан. Зээлдэгчид олгосон зээлийн мөнгийг нь иргэн А.Уын дансанд миний бие шилжүүлснээр Н.Бэ, Б.О нарын хооронд үүссэн зээлийн төлбөрийн ажиллагаа дууссан болно. Н.Бэтэй байгуулсан гэрээг баталгаажуулан хамтран зээлдэгч болох нөхөр А.А хадам ээж Б.О нарт зээлдүүлсэн мөнгөний тооцоог үзүүлэн хамтран зээлдэгч нар гэж үзэж гарын үсэг зуруулж баталгаажуулж байсан. Дээрхи зээлийг өдөр бүр 33,000 төгрөгөөр төлж 6 сарын хугацаанд төлж дуусгахаар тохирсон боловч 2020 оны 6 дугаар сараас хойш төлбөр огт төлөгдөөгүй болно.Зээлийн төлбөрийг цаг үеийн нөхцөл байдал ар гэрийн орчин нөхцөлийг харж миний бие хангалттай хүлээцтэй хандсан. Гэтэл хариуцагч Н.Бэ, А.А, Б.О нар нь тохиролцсон үүргээ биелүүлэхгүй утсаа салган өнөөдрийг хүртэл надад үндсэн зээл, зээлийн хүүний төлөлтийг төлөхгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна. Миний бие цаг үе нөхцөл байдлыг харгалзан үзэж зөвхөн гэрээний хугацаан дахь хүү зээлийн төблөрөө нэхэмжилж байгаа болно.

Иймд хариуцагч Н.Бэ, А.А, Б.О нар нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,712,150 төгрөг, үндсэн хүү 642,431 төгрөг, нийт 4,354,581 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлөхөөр байгаа тул хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Н.Бэ, А.А, Б.О нараас 4,354,581 төгрөг гаргуулах тухай нэхэмжилсэн байдаг. Д.Э нь биднийг тохиролцсон үүргээ биелүүлээгүй утсаа салгаж өдий хүртэл уулзаагүй хохироогоод байгаа мэтээр гомдол гаргасан байна. Д.Э хариуцагч Б.О бид хоёр 2018 оны 5 дугаар сарын 14-нөөс 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл гурван шатны шүүх, мөн энэ хооронд Д.Э нь намайг ажил дээр ирж машинаа үнэ хөлсгүй угаалгах, дэлгүүрээс тор тороор нь үнэгүй хувцас авч явж байсан санагдах юм. Яаж уулзаагүй гэж худлаа гүтгэж чадаж байна. Энэ 4,354,581 төгрөгийг яах гэж А.У гэгчийг зааж өгч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөгийг надад зээлэн гэрээ байгуулж гэрээний дагуу И ББСБ-д 20,000,000 төгрөгийн зээлийг хаана гэж хэлээд уг мөнгийг миний гар дээр олгоогүй юм. А.У, Д.Э хоёр нь утсаар яриад өөр хоорондоо дансандаа авсан байдаг. Би бодохдоо И ББСБ-ын зээлээс хассан байх гэж ойлгосон. И ББСБ-тай шүүхдэж байх явцад уг мөнгө хасагдаагүй байсан. Мөн энэ гэрээний дагуу 3,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг иргэн н.Нийн дансаар хүлээн авна гэж тэмдэглэгдсэн байдаг. Энэ н.Нэ гэж хэн бэ би танихгүй. И ББСБ-ын эзэн болох Солонгос залуутай бид уулзаад бага багаар өрийг дарахаар тохиролцсон. Ингээд төлбөрийг цаг хугацаанд нь төлж чадахгүй байж байтал И ББСБ-ын ажилчид гэнэт Д.Этэй орж ирээд манайх өдөр бүр танай орлогоос тодорхой хэмжээний мөнгө авна гээд ажилчид нь ажил дээр сууж орлогоос мөнгө авдаг байсан. Уг мөнгийг банк бусын зээлээс хасуулах гэтэл энэ миний хувийн мөнгө гэсэн. Энэ цаг хугацаанд намайг болон биднийг дампууруулсан хүн бол Д.Э юм. Баянзүрх дүүрэгт байрлах Намъяжүгийн байранд И ББСБ түрээслэдэг байсан. Уг Намъянжүгийн эзэн болох н.О нь Д.Этэй хуурай ах дүүс гэж Д.Э хэлдэг, н.О, Д.Э хоёр Б.О эгчээ та санаа зовох зүйлгүй, манайх эдний байрыг түрээслэдэг юм чинь таныг хохиролгүй болгож түрээсийг чинь зохицуулчихна гэж хэлсэн боловч би үүнд нь итгээд явж байтал цаг хугацаа өнгөрч миний түрээс 11,000,000 төгрөг болсон. Ингээд Д.Э манай хүү нэмэгдлээ гэж хэлэхэд зүгээр зүгээр гэсээр байж байтал н.О нь гэнэт гараад явсан. И ББСБ-тай Баянзүрх дүүргийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагт болсон шүүх хурал дээр би өрөө авахын тулд тэгж хэлсэн гэж хэлсэн. Олон удаа хуурч мэхэлж дампууруулсанд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зээлийн гэрээ, зээл тооцооллын хүснэгт, зээлийн гэрээ, Д.Эийн Хаан банкин дахь 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Зээлийн төлбөр хүү төлсөн тооцоо, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20/04 дугаартай зээлийн гэрээ, зээл хүссэн өргөдөл, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20/01 дугаартай зээлийн гэрээ, зээл хүссэн өргөдөл, нэмэлт тайлбар, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19/28 дугаартай зээлийн гэрээ, зээл тооцооллын хүснэгт,

Хариуцагч нарын итгэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаартай албан бичиг, банкны дансны хуулгууд, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, Н.Бийн Голомт банкин дахь 0дугаартай дансны хуулга, Н.Бийн Хаан банкин дахь 0 дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Эийн Хаан банкин дахь 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягтыг тус тус зохигчдоос шүүхэд ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Хаан банкны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 29/3776 дугаартай албан бичиг, Э.Нийн Хаан банкин дахь 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, С.Дийн Хаан банкин дахь 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүх зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Н.Бэ, Б.О, А.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,712,150 төгрөг, хүү 642,431 төгрөг, нийт 4,354,581 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь нэхэмжлэгч Д.Э биднийг олон удаа хуурч мэхэлж дампууруулсанд гомдолтой байгаа, И ББСБ-ын зээлээс хассан байх гэж ойлгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

А.У, Н.Бэ нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20/04 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 2,000,000 төгрөгийг 30 хоногийн 8 хувийн хүүтэй, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаагаар Н.Бэ нь зээлж, уг зээлийг өдөр бүр 38,700 төгрөгөөр төлөх ба ийнхүү зээлийн төлбөрийг Э.Нэ гэгчийн Хаан банкин дахь 0 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь 20/04 дугаартай Зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх зээлийн гэрээний үндсэн хугацаанд Н.Бэ нь үндсэн зээл 2,000,000 төгрөг, 2 сарын хүүд 320,000 төгрөг, нийт 2,320,000 төгрөгийг төлөхөөр байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Э.Нийн Хаан банкин дахь 0 тоот дансанд 38,700 төгрөгөөр 9 удаа буюу 348,300 төгрөг, 38,000 төгрөг, 370,000 төгрөг, 120,000 төгрөг, 77,400 төгрөг, 116,100 төгрөг, 100,000 төгрөг, 200,000 төгрөгөөр тус бүр 1 удаа нийт 1,369,800 төгрөгийг төлж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 950,200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна.

 

А.У, Б.О нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 20/01 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 3,000,000 төгрөгийг 30 хоногийн 8 хувийн хүүтэй, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 4 дүгээ сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаагаар Б.О нь зээлж, уг зээлийг өдөр бүр 41,350 төгрөгөөр төлөх ба ийнхүү зээлийн төлбөрийг Э.Нэ гэгчийн Хаан банкин дахь 0 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь 20/01 дугаартай Зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх зээлийн гэрээний үндсэн хугацаанд Б.О нь үндсэн зээл 3,000,000 төгрөг, 3 сарын хүүд 480,000 төгрөг, нийт 3,480,000 төгрөгийг төлөхөөр байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Э.Нийн Хаан банкин дахь 0 тоот дансанд 41,500 төгрөгөөр 8 удаа буюу 332,000 төгрөг, 200,000 төгрөг, 49,000 төгрөг, 41,700 төгрөг, 120,000 төгрөг, 81,000 төгрөгөөр тус бүр 1 удаа нийт 823,700 төгрөгийг төлж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 2,656,300 төгрөгийн үлдэгдэлтэй, гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байсан байна.

 

А.У болон Н.Бэ, Б.О нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Д.Э нь И ББСБ-аас 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 9,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, Н.Бийн 1,991,000 төгрөгийн, Б.Оийн 2,510,800 төгрөгийн, О.Тулгуур гэгчийн 4,385,000 төгрөгийн зээлийн төлөлтийг төлсөн гэх боловч дээрх дансны хуулгаас үзэхэд Н.Бэ, Б.О нар нь тодорхой төлөлтүүдийг хийж байсан, гэрээний үндсэн хугацаа дуусаагүй байхад Н.Бийн хувьд ямар үндэслэлээр 1,991,000 төгрөгийн төлөлтийг хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй, дээр дурдсанчилан 950,200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна.

 

Эдгээр зээлийн гэрээний үүргийн хувьд гэрээний хариуцлага болох алданги тооцох хуулийн үндэслэл бүрдээгүй байсан байна.

 

Зохигчдын тайлбараар Д.Э нь хариуцагч Н.Бэ, Б.О нарын А.Утай байгуулсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож буюу тэдний өмнөөс зээлийн төлбөрийг төлж, улмаар 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дээрх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр сарын 5 хувийн хүү тооцохоор, 6 сарын хугацаатай гэрээг байгуулж, улмаар хариуцагч нар нь зээлийн төлөлтийг 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд тодорхой хэмжээгээр төлж байсан болох нь тогтоогдож байна.

 

Хавтаст хэргийн 4, 5, 6 дугаар талд авагдсан зээлийн гэрээ гэх баримтаас үзэхэд Н.Бэ, Б.О нарын зээлийн үлдэгдэл нь 4,570,000 төгрөг гэх боловч дээр дурдсан дансны хуулгын баримтаар Н.Бэ 950,200 төгрөгийн, Б.О 2,656,300 төгрөгийн, нийт 3,606,500 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна гэж үзэхээр байна.

 

4,570,000 төгрөгөөс хүү тооцох үндэслэлгүй, харин хариуцагч нарын тус бүрийн үлдэгдэл төлбөрт зохигчдын харилцан тохиролцсон 5 хувийн хүүг тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд Д.Э болон Н.Бэ, Б.О нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн шинэ харилцаа үүссэн буюу өмнө байгуулсан зээлийн гэрээнээс хүүгийн хэмжээ 8-аас 5 хувь болж буурсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа сунгагдаагүй тул гэрээний үндсэн хугацааны хүүг хариуцагч нар нь төлөх үндэслэлтэй юм.

 

Н.Бэ нь А.Утай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 950,200 төгрөгөөс сарын хүүг 5 хувиар тооцоход 47,510 төгрөг ба 6 сараар тооцоход хүүд 285,060 төгрөг төлөх ба Д.Этэй байгуулсан гэрээний үүрэгт нийт 1,235,260 төгрөгийг төлөхөөр, ийнхүү 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш Н.Бэ нь Д.Эийн Хаан банкны 0 тоот дансанд болон бэлнээр нийт 1,191,000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл нь 44,260 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлөх үндэслэлтэй байна.

 

Б.О нь А.Утай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2,656,300 төгрөгөөс сарын хүүг 5 хувиар тооцоход 132,815 төгрөг ба 6 сараар тооцоход хүүд 796,890 төгрөг төлөх ба Д.Этэй байгуулсан гэрээний үүрэгт нийт 3,453,190 төгрөгийг төлөхөөр, ийнхүү 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш Б.О нь Д.Эийн Хаан банкны 0 тоот дансанд болон бэлнээр нийт 503,000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл нь 2,950,190 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлөх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь А.Аыг Н.Бийн нөхөр тул зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Д.Э болон А.А нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй тул хариуцагч А.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, хариуцагч А.А нь хариуцагч биш этгээд байна.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд И ББСБ-иас авсан зээлээс хассан байх гэж ойлгосон, гар дээр мөнгө олгоогүй гэх тайлбарыг гаргаж байх боловч хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн төлөлтийг Д.Эийн дансанд төлж байснаас үзэхэд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн дансны хуулгуудаас үзэхэд нэхэмжлэгчийн дансанд орсон мөнгөн дүнтэй тохирч байх бөгөөд хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Н.Бээс 44,260 төгрөг, хариуцагч Б.Оээс 2,950,190 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,360,131 төгрөгт холбогдох болон хариуцагч А.Ат холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Н.Бээс 44,260 /дөчин дөрвөн мянга хоёр зуун жар/ төгрөг, хариуцагч Б.Оээс 2,950,190 /хоёр сая есөн зуун тавин мянга нэг зуун ер/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 1,360,131 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч А.Ат холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Бээс 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг, хариуцагч Б.Оээс 62,153 /жаран хоёр мянга нэг зуун тавин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2022/12484 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ