| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/01782/И |
| Дугаар | 101/ШШ2022/02578 |
| Огноо | 2022-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2022/02578
| 2022 06 03 | 101/ШШ2022/02578 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 байрлах, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Д.О-д холбогдох
Гэрээний үүрэгт 1,622,440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран 2017 оноос эхлэн төрийн албан хаагчид болон иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Дугуйтай Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд зохих шаардлага хангасан иргэдэд зээлээр унадаг дугуйг худалдсан болно. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Д.О нь унадаг дугуй зээлээр худалдан авах гэрээгээр тус бүр нь 693,000 төгрөг, 330,000 төгрөгийн хоёр ширхэг унадаг дугуй, 55,000 төгрөгийн үнэтэй унадаг дугуйн цүнх, 35,200 төгрөгийн хоёр ширхэг унадаг дугуйн аюулгүйн каск, 16,500 төгрөгийн үнэтэй унадаг дугуйн бээлий, 7,700 төгрөгийн үнэтэй унадаг дугуйн хүүхдийн бээлий хоёр ширхэг, нийт 1,145,100 төгрөгийн зүйлсийг 18 сарын хугацаатай, сарын 1,4 хувь хүүтэйгээр зээлээр худалдан авч гэрээний дагуу төлбөрөө төлж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 25-наас хойш зээлийн төлбөрийн үндсэн төлбөр 1,081,627 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд зээлийн гэрээний дагуу алданги болох 540,813 төгрөгийг төлөхөөр гэрээнд заасан байх бөгөөд Д.Оээс нийт 1,622,440 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ хариуцагч Д.Оээс 1,622,440 төгрөг гаргуулахаар дурдсанчлан тус нэхэмжлэлийн шаардлагыг Д.О миний бие хүлээн зөвшөөрөхгүй мөн дээрх үнийн дүнг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул иргэний хэргийн дагуу шүүхээр шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна гэжээ.
Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Д.Оийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн анкет, Дугуйтай Монгол үндэсний төслийн унадаг дугуйг зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Хариуцагч хариу тайлбар ирүүлж, өөр бичгийн баримтыг ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Д.Од холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,081,627 төгрөг, алданги 540,813 төгрөг, нийт 1,622,440 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.О нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д.Од 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр түүний 9668-4098 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч нь түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байна.
Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т тус тус зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ, мөн хариуцагчийн шүүхэд урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж шийдвэрлэх ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Т ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран 2017 оноос эхлэн төрийн албан хаагчид болон иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Дугуйтай Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд зохих шаардлага хангасан иргэдэд зээлээр унадаг дугуйг худалдаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Д.О нь Т ХХК-д хүсэлт гаргаж, 693,000 төгрөг болон 330,000 төгрөгийн үнэтэй хоёр ширхэг унадаг дугуй, 55,000 төгрөгийн үнэтэй унадаг дугуйн цүнх, 35,200 төгрөгийн хоёр ширхэг унадаг дугуйн аюулгүйн каск, 16,500 төгрөгийн үнэтэй унадаг дугуйн бээлий, 7,700 төгрөгийн үнэтэй унадаг дугуйн хүүхдийн бээлий хоёр ширхэг, нийт 1,145,100 төгрөгийн эд зүйлсийг 18 сарын хугацаатай, сарын 1,4 хувь хүүтэйгээр зээлээр худалдан авч, төлбөрөөс 63,473 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Д.Оийн анкет зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн үнийн дүн үндэслэлгүй гэж байх бөгөөд дээрх нэр бүхий эд зүйлийг хүлээн авсаны хувьд маргаагүй байна.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Дугуйтай Монгол үндэсний төслийн унадаг дугуйг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд Т ХХК-ийн эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, харин Д.О нь гэрээнд гарын үсэг зурж, 18 сарын хугацаатайгаар сарын 1,4 хувийн хүүтэйгээр зээлээр авах хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хүүгийн хэмжээний талаар хариуцагчтай тохирсон байх боловч хүү нэхэмжлээгүй, харин гэрээний 5.1-д зааснаар алданги нэхэмжилж буй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д нийцсэн ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1,081,627 төгрөгийн 50 хувиар тооцон алдангид 540,813 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь алданги нэхэмжилсэн нь дээрх хуульд нийцжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу ямар учир шалтгаанаар нэхэмжилж буй үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаатай холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагч Д.О нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч хүсэлтээ нотолсон баримтыг ирүүлээгүй тул түүний хүсэлтийг хангахгүй орхисон, ийнхүү түүний хүсэлтийг хүлээн аваагүй боловч зохигчдын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 0900 цагт болох шүүх хуралдааны товыг түүнд 5 дугаар сарын 26-ны өдөр түүний 9668-4098 дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Дээрх 6 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан 905 цагт эхэлсэн ба харин хариуцагч Д.О нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүгчийн туслах Ж.Буянжаргалын [email protected] хаягт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 0951 цагт ирүүлсэн буюу шүүх хуралдаан эхэлснээс хойш ирүүлсэн байгааг үүгээр тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Оээс гэрээний үүрэгт нийт 1,622,440 /нэг сая зургаан зуун хорин хоёр мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 40,910 /дөчин мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШЗ2022/07972 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ