Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/03567

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 18

101/ШШ2022/03567

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 тоотод оршин суух, Н.Гын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, А ХХК 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 тоотод байрлах, М ББСБ ХХК 

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 тоото оршин суух, Л.М нарт холбогдох

 

2019 оны 7 дугаар сарын 14-ний Г2-Д14-3-44 дугаар бүхий Орон сууцны захиалгын гэрээний төлбөрт өгсөн Rav4 маркийн 0 арлын дугаартай, 2017 онд үйлдвэрлэгдсэн, хар саарал өнгийн автомашиныг хариуцагч М ББСБ ХХК-иас гаргуулах, хариуцагч А ХХК, Л.М нараас машины зах зээлийн үнийн дүнгийн зөрүү болох 9,351,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д,

Иргэдийн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

/Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч Л.М нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн бусад оролцогчид тэдний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авсан болно/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Г нь А ХХК-тай мкв-ийг нь 1,300,000 төгрөгөөр бодож нийт 58,201,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 0 тоот 44,77 мкв орон сууцыг захиалгаар бариулж үнийн дүнд 2017 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Австрали улсаас орж ирсэн гаалийн бичигтэй хар саарал өнгийн Rav4 маркийн авто машин өгөхөөр тохиролцож 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Г2-Д14-3-44 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тухайн үед тус компаний ерөнхий менежер Л.Мтэй ажлын байранд нь уулзаж гэрээ хийгээд түүнээс 3 хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 17-ний өдөр Л.Мд байрны үнийн дүнд өгч буй Rav4 маркийн авто машиныг нотариат дээр очиж итгэмжлэл хийж хүлээлгэн өгсөн. Улмаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэлийн хугацаа дууссан тул дахин итгэмжлэл хийгээд өгөөч гэсний дагуу дахин итгэмжлэл хийж өгсөн. Гэрээний 3.1.2-т Гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон нийтийн орон сууцны холбогдох хууль тогтоомж дүрэм журам стандартын дагуу чанартай барьж дуусган 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дотор барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссыг ажиллуулна гэсэн боловч одоог хүртэл барилга ашиглалтад ороогүй байна. Мөн гэрээний 4.4-т "Талуудын аль нэг нь гэрээг зөрчсөнөөс нөгөө талд хохирол /хууль зүйн зардал, үйл ажиллагааны зардал, байрны халаалтын болон бусад зардал гэх мэт/ учирвал гэрээг зөрчсөн буруутай тал хохирлыг бүрэн хариуцана гэж заасан. Гэтэл Л.М А ХХК-ийн Борлуулалтын ахлах менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа нэхэмжлэгч Н.Гтэй хуурамч гэрээ байгуулан гаалиар орж ирээд удаагүй байсан гаалийн бичигтэй шинэ машиныг гэрээний үнийн дүнд гэх нэрээр авч хохирол учруулсан. Ингээд гэрээний үнийн дүнд гэх нэрээр авсан Rav4 маркийн авто машиныг итгэмжлэлээр эрх олгоогүй байхад М банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавиад одоог хүртэл аваагүй байна. Тухайн авто машин 2019 онд Монгол Улсын гаалиар орж ирээд хариуцагч нарын хариуцлагагүй үйлдлийн улмаас худалдан борлуулж чадахгүй хугацаа алдсаны улмаас худалдан борлуулах зах зээлийн ханш нь унасан. Тиймээс шинжээч томилуулах хүсэлтийн дагуу Вендо ХХК-иар үнэлгээ хийлгэхэд одоогийн зах зээлийн үнэлгээ нь 48,850,000 төгрөг болж буурсан байсан. Тус шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШТ2021/00389 дүгээр тогтоолоор дээрх хэргийг эрүүгийн журмаар шалгалдаж байгаа гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа эсэх талаар тодруулахаар хүсэлт гаргасаны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний 26т1-4/5563 тоот албан бичгээр хэрэг бүртгэлийн 190607371 дугаартай хэрэгт иргэн Н.Гийг хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй ба гэрчээр мэдүүлэг авсан байна. Тухайн гэрчийн мэдүүлэгийг тус шүүхэд хуулбарлан өгсөн байна гэсэн хариуг ирүүлсэн.

Иймд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШТ2021/00389 дүгээр тогтоолд заасан нөхцөл байдал арилсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу анх гэрээ хийх үеийн зах зээлийн үнийн дүн болон одоогийн зах зээлийн үнийн дүнгийн зөрүү 9,351,000 төгрөгийг хариуцагч Л.М, А ХХК нараас, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ, 94 дүгээр зүйлийн 94.1-д Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байх тул хариуцагч М ББСБ ХХК-иас нэхэмжлэгчийн өмчлөлийн 2017 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Австрали улсаас орж ирсэн гаалийн бичигтэй хар саарал өнгийн Rav4 маркийн авто машиныг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ББСБ-д холбогдуулсан иргэн Н.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахи үндэслэлээр зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Нэхэмжлэлд иргэн Н.Г нь хариуцагч А ХХК-тай гэрээний харилцаанд оролцсноо тодорхой бичжээ. Иймд нэхэмжлэл уг гэрээнийхээ дагуу аль аль тал гэрээний үүргээ гүйцэтгэсэн эсэхтэй нь холбоотой байх тул М ББСБ-д хамааралгүй байна. Үүний өмнөх тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШТ2021/00389 дүгээр тогтоолд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1и/3314 дугаартай албан бичигт тус цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт Н.Г нь хохирогчоор тогтоогдон шалгагдаж байгаа талаар дурдсан, хохиролгүй болох хүсэл зоригоо илэрхийлсэн байна гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. 101/ШТ2021/00389 дүгээр тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан боловч шүүхээс энэхүү тогтоолыг хэвээр үлдээсэн. Одоогийн нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүний өмнө хэргийг хэрэгсэхгүй болгоход хүргэсэн үндэслэл арилсан гэж бичсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэлдээ хавсаргасан мөн цагдаагийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5563 дугаартай албан бичигт нэхэмжпэгчийг хохирогчоор тогтоон мэдүүлэг аваагүй гэж бичсэн байгаа нь үүний өмнө шүүхэд ирүүлсэн 1и/3314 дугаартай албан бичигтэй нь зөрчилдөж байна.

Иймд Н.Гийн нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэргийг дахин хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.М шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Л.М нь иргэн Л.Гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг үүгээр илэрхийлж байна. Нэхэмжилж буй эд хөрөнгийн үнэлгээг үнэн зөвөөр тодорхойлно уу гэжээ.

 

Хариуцагч А ХХК нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч тал Н.Г нь банк бус санхүүгийн байгууллагаас машины төлбөр тооцоо гаргуулах нь буруу. Нэхэмжлэгч тал нь А ХХК-иас хохирлоо барагдуулах хэрэгтэй гэж үзэж байна гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Г2-Д14-З-44 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, гэрээний хавсралт 1, 2, А ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн АБП-019-25 дугаартай албан бичиг, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр болон 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлүүд, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Л.Мийн Хур системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэгчээс Б.Бд олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 233 дугаартай албан бичиг, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШТ2021/00389 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Л.Мийн тайлбар,

Хариуцагч А ХХК-ийн Л.Г, Ц.Н нарт олгосон итгэмжлэл, тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Хариуцагч М ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Дд олгосон итгэмжлэл, түүний хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШТ2021/00389 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол,

Хариуцагч Л.М хариу тайлбарыг тус тус зохигчдоос шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: М ББСБ ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 21/14 дугаартай албан бичиг, М ББСБ ХХК, Л.М нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, мөн өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, зээлийн гэрээний хавсралт, Автомашин барьцаалсан зээлийн өргөдөл, анкет, Вендо ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн В21/33, В21/32 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан, М ББСБ ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2021/09313 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/4413 дугаартай албан бичиг, мөн прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/4749 дугаартай албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ноос авсан тэмдэглэл, А ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн АБ-19/64 дугаартай итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрч Ц.Ноос авсан тэмдэглэл, мөн өдрийн гэрч Л.Мэс авсан тэмдэглэл, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гэрч Л.Мэс авсан тэмдэглэл, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн гэрч Л.Мэс дахин авсан тэмдэглэл, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрч Н.Гөөс авсан тэмдэглэлийг тус тус зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч А ХХК, Л.М, М ББСБ ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар тодорхойлжээ.

Хариуцагч М ББСБ ХХК-д холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Г2-Д14-3-44 дугаар бүхий Орон сууцны захиалгын гэрээний төлбөрт өгсөн Rav-4 маркийн 0 арлын дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн, хар саарал өнгийн автомашиныг гаргуулах,

Хариуцагч Л.М, А ХХК-д холбогдуулан машины зах зээлийн үнийн дүнгийн зөрүү болох 9,351,000 төгрөг гаргуулах.

 

Хариуцагч М ББСБ ХХК нь нэхэмжлэгч Н.Гийн хувьд хариуцагч А ХХК-тай гэрээний харилцаанд оролцсон ба уг гэрээнийхээ дагуу аль аль тал гэрээний үүргээ гүйцэтгэсэн эсэхтэй холбоотой тул М ББСБ-д хамааралгүй, мөн өмнө нь энэхүү асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Л.М нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

 

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гад 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэлийн арын нүүрэнд байгаа Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгээс үзэхэд Тоёота Rav-4 маркийн 0 арлын дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн, хар саарал өнгийн автомашин нь Австрали улсаас 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын иргэн Н.Гийн нэр дээр Монгол Улсын хилээр орж ирсэн байна.

 

Н.Г нь А ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Г2-Д14-З-44 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 0 давхрын зүүн жигүүрийн 44,77 мкв талбайтай, Б зохион байгуулалттай, 88 тоот орон сууцыг захиалж, орон сууцны 1 мкв-ын үнэ нь 1,300,000 төгрөг, нийт үнэ нь 58,201,000 төгрөг байх бөгөөд уг гэрээний хавсралт 1-д зааснаар орон сууцны төлбөр 100 хувь төлөгдсөн ба тоёота Rav-4 маркийн автомашинаар тооцохоор тохирсон болох нь Г2-Д14-З-44 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, уг гэрээний хавсралт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт явагдаж буй хэрэг бүртгэлтийн хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хохирогчийн мэдүүлэг өгсөн ба тэрээр ...Манай барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах А ХХК-д Л.М гэх залуу 2014 онд борлуулалтын менежэрээр ажилд орсон. ... А ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт барьж байгаа 0 төслийн орон сууцны барилгаас бусдад зарж борлуулахдаа иргэд болон манай компанийг хуурч их хэмжээний хохирол учруулсан. Энэ асуудлыг мэдээд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Л.Мийг ажлаас халсан юм. ... гэж, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр Л.М мэдүүлэг өгсөн ба тэрээр ...Би барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах А ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр 2014 оны 12 дугаар сард борлуулалтын менежерээр ажилд орсон ... А ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт барьж байгаа 0 төслийн орон сууцны барилгаас би бусдад зарж борлуулахдаа хохирол учруулсан гээд 2019 оны 12 дугаар сард намайг ажлаас халсан ... гэжээ.

 

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Н.Г болон А ХХК-ийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж байх цаг хугацаанд Л.М нь А ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан байна.

 

Дээрх гэрээг А ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баярхүү баталж, гүйцэтгэгчийг төлөөлөн Б.Э, Л.М нар гарын үсэг зурсан, улмаар гэрээ байгуулагдсанаас хойш 3 хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Н.Г нь Л.Мд тоёота Rav-4 маркийн тээврийн хэрэгслийг бусдад арилжих, бэлэглэх, худалдах гэрээ байгуулах, тухайн гэрээнд намайг төлөөлж гарын үсэг зурах, төлбөр хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах зэрэг үйлдэл хийх эрхийг 6 сарын хугацаатай олгожээ.

 

Н.Гөөс олгосон дээрх итгэмжлэлийн хугацаанд Л.М нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр М ББСБ ХХК-тай 32,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөн өдрөө Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, тоёота Rav-4 маркийн 0 арлын дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн, хар саарал өнгийн автомашиныг М ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, одоо эдгээр гэрээний дагуу автомашин М ББСБ ХХК-ийн хадгалалтад байгаа болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Дээр дурдсан гэрээний үүрэг биелүүлээгүйтэй холбогдуулан Н.Гтэй хуурамч гэрээ байгуулсан, гаалиар орж ирээд удаагүй байсан машиныг гэрээний төлбөрт шилжүүлсэн ба уг автомашины үнэ цэнэ буурсан, М ББСБ ХХК-ийн хадгалалтад байгаа зэрэг үндэслэлээр машиныг буцаан болон машины үнийн зөрүү төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэгч нь шаардаж байна.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6, 94 дүгээр зүйлийн 94.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлд хамааруулан 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Г2-Д14-3-44 дугаар бүхий Орон сууцны захиалгын гэрээний төлбөрт өгсөн Rav-4 маркийн 0 арлын дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн, хар саарал өнгийн автомашиныг хариуцагч М ББСБ ХХК-иас гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй, 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь машины эзэмшигч гэж шаардах эрхээ тодорхойлж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж зааснаар М ББСБ ХХК-иас автомашиныг гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл М ББСБ ХХК нь зээлийн болон фидуцийн гэрээ байгуулахдаа автомашиныг шударга бусаар олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч А ХХК, Л.М нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан үндэслэлд хамааруулан машины зах зээлийн үнийн дүнгийн зөрүү болох 9,351,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн үндэслэл, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн маргаантай холбоотой байх тул энэхүү хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч Л.Мэс шаардах зүйлгүй гэж уг хариуцагчаас татгалзах агуулга бүхий тайлбар гаргасан боловч бичгийн хэлбэрээр гаргаагүй тул түүнд холбогдох татгалзлыг батлах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд дээрх хуулийн үндэслэлүүдэд хамааруулан хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Эдгээрээс үзвэл Н.Гтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээ, Л.Мд олгосон итгэмжлэлүүд нь хүчинтэй хэвээр байх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой татгалзал, эсхүл гэрээ болон итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдал, гэрээний үүрэгтэй холбоотой хохирол зэрэг өөр үндэслэлээр хамаарал бүхий этгээдэд холбогдуулан нэхэмжлэгч нь дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй, мөн энэ талаарх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШТ2021/00389 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарснаас хойш нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгийг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө нь тус хэргийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол байгаа гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэсэн зохицуулалтын дагуу хариуцагч Л.М нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэргийн материалтай танилцаж, холбогдох баримтад гарын үсгээ зурсан, мөн хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхитэй байр сууринаас оролцоогүй, түүнчлэн шүүх хуралдаан товлосон цагт удаа дараа ирээгүй байна.

 

Мөн хариуцагч Л.Мд түүний 8994-5646, А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нид 9666-3456 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн бусад оролцогчид тэднийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эдгээр хариуцагч нарын эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6, 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК, Л.М, М ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Н.Гийн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Г2-Д14-3-44 дугаар бүхий Орон сууцны захиалгын гэрээний төлбөрт өгсөн Rav-4 маркийн 0 арлын дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн, хар саарал өнгийн автомашиныг гаргуулах, машины зах зээлийн үнийн дүнгийн зөрүү болох 9,351,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2022/12415 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ Д.ГАНБОЛД

 

 

ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР