| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/01966/И |
| Дугаар | 101/ШШ2022/03511 |
| Огноо | 2022-08-12 |
| Маргааны төрөл | Хадгалалт, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2022/03511
| 2022 08 12 | 101/ШШ2022/03511 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух, С.Тын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, Н ХХК -д холбогдох
Түрээсийн төлбөрт 17,810,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Т миний бие Баянзүрх дүүрэг 0 тоот газрын эзэмшигч юм. Манай хашаа нь хоёр айлын том хэмжээтэй газар тул анх 2013 онд Н ХХК-ийн зүгээс манай хашааг түрээсэлж өөрийн компанийн техник тоног төхөөрөмж, машин тэргээ байрлуулах санал гаргасны дагуу бид анх 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Авто машин механизмын зогсоолын зориулалтаар газар /хашаа байшин/ түрээслэх Түрээсийн гэрээг байгуулж хамтран ажиллаж эхэлсэн билээ. Хамгийн сүүлд бид гэрээгээ бичгээр 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дахин байгуулж байсан бөгөөд сарын түрээсийн төлбөрийг 280,000 төгрөгөөр тохирсон ба үүнээс хойш бичгээр хийлгүй амаар харилцан тохиролцож гэрээгээ сунгасаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар ч бидний түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байгаа бөгөөд тус компанийн контейнэртэй эд хөрөнгө, машин техник, харуулын гэр зэргээ манай газрыг түрээслэн байршуулсаар байна. Гэвч түрээслэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд хуримтлагдсан төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд шаардах бүрт удахгүй төлнө, нэг мөр бугдийг нь төлнө, ирэх жил хамтат нь төлье гэх мэтээр явсаар өнөөдрийг хүрлээ. Нэг жилд түрээслэгч нь 3,360,000 төгрөгийн /280,000*12/ түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд өнөөдрийн байдлаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: 2015 оны үлдэгдэл төлбөр 740,000 төгрөг, 2016 оны үлдэгдэл төлбөр 2,860,000 төгрөг /500.000 төгрөгийг төлсөн/, 2017 оны үлдэгдэл төлбөр 2,110,000 төгрөг /1,250,000 төгрөгийг төлсөн/, 2018 оны үлдэгдэл төлбөр 2,860,000 төгрөг /500,000 төгрөгийг төлсөн/, 2019 оны үлдэгдэл төлбөр 3,360,000 төгрөг, 2020 оны үлдэгдэл төлбөр 3,360,000 төгрөг, 2021 оны 1-9 дүгээр сар хүртэлх төлбөр 2,520,000 төгрөг буюу нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 17,810,000 төгрөг байна. Миний бие 2019 онд түрээсийн төлбөрөө гаргуулахаар шүүхэд хандаж байсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20305 тоот захирамжаар хариуцагчаар хэнийг татаж байгаа нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Тухайн үед дахин нэхэмжлэл гаргах гэсэн боловч түрээслэгч талаас төлбөрийг удахгүй хийнэ, удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа, цаашид ч удаан хугацаанд түрээсэлнэ гэсэн тул дахин шүүхэд хандалгүй өдийг хүрсэн ч төлбөрөө төлөхгүй байгаа тул арга буюу 2021 онд дахин шүүхэд хандахад мөн л хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Ингээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний 101/ШШ2022/00458 шийдвэрээр Н ХХК-ийг эрэн сурвалжлахаар болсон ба Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэсээс хариуцагчийн хаягийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 380, мөн захирал Ш.Мөнхбаярын хаягийг Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо 13/5-24 тоот болохыг тогтоогоод байна. Н ХХК-ийн албан ёсны хаяг нь Баянзүрх дүүргийн 14 дугаар хороо 380 боловч уг хаяг дээрээ одоо үйл ажиллагаа явуулдаггүй, өөр ажлын байр оффис байхгүй гэж захирал нь Цагдаагийн хэлтэст тайлбарлаж /өмнө нь шүүх буцааж байсан хаяг/ өөрийн хаягийг өгсөн байх тул төлөөлөх эрх бүхий этгээд болох захирлын гэрийн хаягаар нэхэмжлэлийг гаргасан болно.
Иймд Н ХХК-иас түрээсийн төлбөрт 17,810,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Таас Н ХХК-д 17,810,000 төгрөгийн тухай нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд хоорондын түрээсийн эрх зүйн харилцаа үүсээгүй. Зарим төлбөрийн шаардах эрхийг хэрэгжүүлэх хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Газар эзэмших эрхийг С.Т эзэмшдэггүй байсан бөгөөд уг газрын, газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр гаргуулж компани нэр дээр шилжүүлж өгнө гэж мөнгө авсан. Дээрх нөхцөл байдлын улмаас манай байгууллага харуул, хамгаалалт гаргаж ажиллаж байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Автомашин механизмын зогсоолын зориулалтаар газар, хашаа түрээслэх түрээсийн гэрээ, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1723 дугаартай тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2019/20305 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, С.Тын эзэмшлийн Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2021/16035 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/00458 дугаартай шийдвэр, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 591 дугаартай албан бичиг, С.Тын иргэний үнэмлэх, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 643 дугаартай тодорхойлолт, С.Тын Хаан банкин дахь 0 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Н ХХК-ийн түрээслэн тоног төхөөрөмжөө байршуулсан байдал /2022.05.02-ны байдлаар/ гэх тайлбартай фото зураг зэргийг нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай тогтоол, тэмдэглэл, тус компанийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай тушаал, хариуцагчийн хариу тайлбар, итгэмжлэлүүдийг хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 17,810,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Н ХХК нь талуудын хооронд түрээсийн харилцаа үүсээгүй, зарим төлбөрийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, газар эзэмших эрхийг С.Т эзэмшдэггүй байсан бөгөөд уг газрын газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр гаргуулж компанийн нэр дээр шилжүүлж өгнө гэж мөнгө авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/585 дугаартай шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэг, 0тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 0 дугаар бүхий 700 мкв газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар С.Тд эзэмшүүлэхээр 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 0 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
Хэдийгээр дээрх газрыг хуульд заасны дагуу С.Т нь 2020 онд эзэмшихээр гэрчилгээгээ авсан боловч энэхүү газартаа өмнө нь амьдарч байсан болох нь зохигчдын тайлбар, С.Тд 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр олгосон иргэний үнэмлэх дээрх хаягийн мэдээлэл зэргээр тогтоогдож байна.
С.Т болон Н ХХК нь 2012 оноос холбоотой байсан байх ба 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Автомашин механизмын зогсоолын зориулалтаар газар, хашаа түрээслэх 04 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, С.Т нь Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатархайрханы 1520 тоотод байрлах 2100 мкв талбай бүхий өөрийн эзэмшлийн газар, хашааг заасан хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар түрээслэхээр, түрээсийн төлбөр нь нэг сарын 280,000 төгрөг байхаар, төлбөрийг С.Тын Хаан банкин дахь 0 тоот дансанд шилжүүлэхээр, газар, хашаанд компанийн өмчөөс өөр зүйл оруулахгүй байхаар харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээнд хариуцагчийг төлөөлөн гарын үсэг зурсан болон 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл төлбөрт тодорхой төлбөр төлж байсаны хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй болно.
С.Тын хувьд хариуцагчийн эзэмшлийн машин, механизмыг 2012 оноос 2022 оны 7 дугаар сар хүртэл харж, хамгаалж байсан, хариуцагчийн эрх бүхий этгээдүүд холбогдохгүй болж, төлбөрөө авах зорилгоор шүүхээр хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд түрээсийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний шинжийг агуулаагүй, харин мөн хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ, 422.2-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ гэж зааснаар С.Т нь Н ХХК-ийн эзэмшлийн машин механизмыг 2022 оны 7 дугаар сарыг хүртэл хадгалж, хамгаалж, ийнхүү хадгалуулсаны хөлсийг Н ХХК нь төлөхөөр тохирч, улмаар төлбөрийг тодорхой хугацаанд төлж байсан байна.
Хаан банкин дахь С.Тын 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр газрын төлбөр Н ХХК-иас 160,000 төгрөг-ийг төлж эхэлсэн байх ба С.Ттай Н ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан н.Эаас Эаас гэсэн утгаар ч төлөлтүүдийг хийж байсан, хамгийн сүүлд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг хашааны түрээс гэсэн утгаар төлсөн, энэхүү төлбөр төлсөний хувьд хариуцагч маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь 2015 оны үлдэгдэл төлбөр 740,000 төгрөг, 2016 оны үлдэгдэл төлбөр 2,860,000 төгрөг /500,000 төгрөгийг төлсөн/, 2017 оны үлдэгдэл төлбөр 2,110,000 төгрөг /1,250,000 төгрөгийг төлсөн/, 2018 оны үлдэгдэл төлбөр 2,860,000 төгрөг /500,000 төгрөгийг төлсөн/, 2019 оны үлдэгдэл төлбөр 3,360,000 төгрөг, 2020 оны үлдэгдэл төлбөр 3,360,000 төгрөг, 2021 оны 1-9 дүгээр сар хүртэлх төлбөр 2,520,000 төгрөг буюу нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 17,810,000 төгрөгийг шаардсан байх бөгөөд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.4.1-д хадгалагчид эд хөрөнгө хадгалсны зайлшгүй зардлыг төлөх үүргийг хадгалуулагч Н ХХК хүлээсэн байна.
Хариуцагч нь хамгийн сүүлд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлсөн ба нэхэмжлэгч нь төлбөрийг төлүүлэхээр анх 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хандсан, мөн 2021 онд дахин хандаж, улмаар хариуцагчийг эрэн сурвалжлуулж байсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2019/20305 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2021/16035 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, мөн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/00458 дугаартай шийдвэр зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулсан боловч дээрх үйл баримтаас дүгнэхэд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.
Хариуцагч нь талуудын хооронд түрээсийн харилцаа үүсээгүй, зарим төлбөрийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг гаргасан боловч дээр дурдсанчилан талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, улмаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна, харин хариуцагчийн газар эзэмших эрхийг С.Т эзэмшдэггүй байсан бөгөөд уг газрын газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр гаргуулж компанийн нэр дээр шилжүүлж өгнө гэж мөнгө авсан гэх тайлбар нь үндэслэлгүй, энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас төлбөрт 17,810,000 /арван долоон сая найман зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Тд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 247,000 /хоёр зуун дөчин долоон мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Тд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/12775 дугаартай захирамжийн 2 дахь заалт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ