Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн **********ын **********од холбогдох 2526000000071 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** оны 08 сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** суманд төрсөн, ***** настай, регистрийн дугаар ******* эрэгтэй, ам бүл 2, ***** хамт Өвөрхангай аймгийн ****** сумын ****** дугаар багийн “**********” гэх газар оршин суух хаягтай, одоо *********** хот, ********  дүүрэг, **** дугаар хороо,******* дүгээр байрны ***** тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** овгийн **********ын **********.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ********** нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын **********т 1 дүгээр багийн ********** дүгээр гудамжинд “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 15.8-д “адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ц.**********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

  

2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас),

 

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-7 хуудас),

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-14 хуудас),

 

Хохирогч Ц.**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...********** гэх жолоочтой улбар шар өнгийн мотоциклоор гарч явж байгаад баруун талаас машин ирж байсан. Тэгээд машин нь зогсчихсон байсан. Наанаас мотоцикл ирээд би машин дээгүүр даваад унасан. Тэгээд мэдэхгүй байна. Би ухаангүй байж байгаад эргээд ухаан орж байхад хажууд машины жолооч эмнэлэг дуудсан. Намайг эмнэлэг аваад явсан. ********** гэх залууг бол танина. Айл саахалт байсан. Машины жолоочийг бол танихгүй. **********ын гэрээс гараад хөдөө гэр лүүгээ явах гэж байгаад гудамж эргээд осол гарсан. Баруун хөлний дунд чөмөг хугарсан, цээж хөндүүртэй, нүүр ам битүү хавдар байсан. Одоо эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Мотоцикл жоохон хурдтай явж байсан. Машин зогсчихсон байсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 78-79 хуудас), 

 

Гэрч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн осол нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд байх. Өвөрхангай аймгийн ********** сумын 1 дүгээр багийн  **********т багийн нутаг дэвсгэрт ********** улсын дугаартай ********** маркийн автомашинтайгаа явж байгаад гудамжны өнцөг тойроод орж явтал зүүн талаас нэг эмэгтэй хүн сундалсан улбар шар өнгийн мотоцикл хажуугаас маш хурдтай орж ирэх үед би зогстол урд гупер луу мөргөөд цаашаа унасан. Араар нь сундалж явсан эмэгтэй нь машины хажууд түргэн тусламж дуудаадах миний хүү гээд хэвтэж байсан. Тэгэхээр нь би багийн эмнэлэг дуудсан. Би уг мотоциклийг хурдтай явж байхаар нь хараад зогссон. Мотоцикл 50-60 километр цагийн хурдтай явж байсан байх. Миний биед гэмтэл учирсан зүйлгүй. Мотоциклийн жолоочийн биед гэмтэлгүй байсан. Зорчигч нь нэг хөлийн дунд чөмөг нь хугарсан байсан. Аль хөл гэдгийг нь санахгүй байна. Мотоциклийн жолооч хурд хэтрүүлснээс болсон гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42 хуудас), 

 

Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаартай дүгнэлт (хх-ийн 26-27 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 158 дугаартай дүгнэлт (хх-ийн 48-49 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин О.Оюундарийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/33 дугаартай дүгнэлт (хх-ийн 82-87 хуудас)

 

 Иргэний нэхэмжлэгч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн эд хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн гаргасан 1/33 дүгнэлтэд 1,155,000 төгрөгний эд зүйлийн үнэлгээ гарсан. Би уг мөнгөн дүнг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 105 хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үзүүлэгч Ц.********** нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын эрүүл мэндийн төвийн алсын дуудлага 607,464 төгрөг, мөн өдөр мөн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 121,547 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс засал 4,697,447 төгрөг, амбулаторийн хяналтын үзлэг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 25,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 25,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 25,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр  25,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25,470, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 25,470 төгрөгний тусламж үйлчилгээ авч нийт 5,579,278 төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийг даатгалын сангаас эдэлсэн байх тул уг мөнгөн дүнг нэхэмжилж, эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд буцаан төлүүлнэ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 141 хуудас) зэрэг болно.

 

3. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

 

Хэрэгт шүүгдэгч **********ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/31 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 98-102 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

4. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ********** нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын **********т 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ********** тоот гудамжинд Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ц.**********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.**********, гэрч ********** нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газарт хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэг зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, техникийн шинжээчийн 6 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 158 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн ба шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 500,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 5,579,278 төгрөгийн хохирлыг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжилсэн байгаа учраас шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад учруулсан авто машины хохирлыг үнэлгээгээр тогтоосон дүнгээр тухайн цаг хугацаанд төлж барагдуулсан байна. гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан болно.

          Шүүгдэгч **********од холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж хуульчилсан.

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр” гэжээ.

 

          Хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн гэмт хэрэг нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд үйлдэгдсэн болох нь хохирогч Ц.**********, гэрч, иргэний нэхэмжлэгч ********** нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн №511 дугаартай “Яаралтай тусламжид ирсэн огноо 2025/01/20 23:00” гэсэн хуудас, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим бүртгэлийн программын “Ц.**********, ********** сумын Эрүүл мэндийн төв, алсын дуудлага, 2025-01-20” гэсэн мэдээлэл (хх-ийн 56, 139 хуудас) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч **********ыг тухайн гэмт хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын **********т 1 дүгээр багийн ********** дүгээр гудамжинд “Мустанг-5” маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 15.8-д “адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ц.**********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж, 

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т  “Энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол” гэж,

 

          Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1, 4.2-т “Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно. Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.” гэж  тус тус хуульчилсан.

      

          Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм нь Монгол Улсын Засгийн газраас  хуульд нийцүүлэн баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохирсон бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон.

 

          Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.13-т “жолооч гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т заасныг ойлгоно”,

 

          Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно.” гэж заасан.    

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “тээврийн хэрэгслийн жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тайлбарласан.

         Шүүгдэгч ********** нь А ангиллын буюу мотоцикл жолоодох эрхгүй болох нь №1200190 дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбараар (хх-ийн 20 хуудас) нотлогдож байна.

 

         Шүүгдэгч ********** нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас),

 

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-7 хуудас),

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 8-14 хуудас),

 

Хохирогч Ц.**********ын “...********** гэх жолоочтой улбар шар өнгийн мотоциклоор гарч явж байгаад баруун талаас машин ирж байсан. Тэгээд машин нь зогсчихсон байсан. Наанаас мотоцикл ирээд би машин дээгүүр даваад унасан. Тэгээд мэдэхгүй байна. Би ухаангүй байж байгаад эргээд ухаан орж байхад хажууд машины жолооч эмнэлэг дуудсан. Намайг эмнэлэг аваад явсан. ...**********ын гэрээс гараад хөдөө гэр лүүгээ явах гэж байгаад гудамж эргээд осол гарсан. Баруун хөлний дунд чөмөг хугарсан, цээж хөндүүртэй, нүүр ам битүү хавдар байсан. ...Мотоцикл жоохон хурдтай явж байсан. Машин зогсчихсон байсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 78-79 хуудас), 

 

Гэрч, иргэний нэхэмжлэгч **********гийн “...Тухайн осол нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд байх. Өвөрхангай аймгийн ********** сумын 1 дүгээр багийн  **********т багийн нутаг дэвсгэрт ********** улсын дугаартай ********** маркийн автомашинтайгаа явж байгаад гудамжны өнцөг тойроод орж явтал зүүн талаас нэг эмэгтэй хүн сундалсан улбар шар өнгийн мотоцикл хажуугаас маш хурдтай орж ирэх үед би зогстол урд гупер луу мөргөөд цаашаа унасан. Араар нь сундалж явсан эмэгтэй нь машины хажууд түргэн тусламж дуудаадах миний хүү гээд хэвтэж байсан. Тэгэхээр нь би багийн эмнэлэг дуудсан.  Би уг мотоциклийг хурдтай явж байхаар нь хараад зогссон. Мотоцикл 50-60 километр цагийн хурдтай явж байсан байх. ...Зорчигч нь нэг хөлний дунд чөмөг нь хугарсан байсан. Аль хөл гэдгийг нь санахгүй байна. Мотоциклийн жолооч хурд хэтрүүлснээс болсон гэж бодож байна. ...Үнэлгээгээр тогтоосон 1,155,000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42, 105 хуудас), 

 

Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаартай  “...1. МУ-ын ЗХД-ын 3.7-ын а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”

 

 2. МУ-ын ЗХД-ын 15.8-д “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.

 

 3. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.

 

 4. Улсын дугааргүй улбар шар өнгийн мотоциклийн жолооч ********** нь адил замын уулзварт баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 26-27 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 158 дугаартай “...1. Ц.**********ын биед баруун дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарал, баруун хөмсөг, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн, нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх болно.

 

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо.

 

5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 48-49 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин О.Оюундарийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/33 дугаартай “...Тоёота Приус XW-20 маркийн ********** улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээг 1,155,000  төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт (хх-ийн 82-87 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд хангагддаг.

 

          Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач холбогдолтой бөгөөд шүүгдэгч **********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас  хохирогч Ц.**********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

         Шүүгдэгч ********** нь тухайн ангилалд тохирсон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг урьдчилан мэдэж байсан боловч тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байх нөхцөл байдлыг хангалгүйгээр илтэд хайхрамжгүй хандаж осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэлээ.

 

           Шүүгдэгч ********** нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь дээр нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

     

           Шүүгдэгч **********ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

       

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

5.1. Шүүгдэгч ********** нь хохирогч Ц.**********т хохиролд 500,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч **********д 1,155,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нь хохирогч Ц.**********, иргэний нэхэмжлэгч ********** нарт төлөх төлбөргүй байна.

 

 5.2. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд “...Үзүүлэгч Ц.********** нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын эрүүл мэндийн төвийн алсын дуудлага 607,464 төгрөг, мөн өдөр мөн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 121,547 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс засал 4,697,447 төгрөг, амбулаторийн хяналтын үзлэг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 25,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 25,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 25,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр  25,470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25,470, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 25,470 төгрөгний тусламж үйлчилгээ авч нийт 5,579,278 төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийг даатгалын сангаас эдэлсэн байх тул уг мөнгөн дүнг нэхэмжилж, эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд буцаан төлүүлнэ.” гэж мэдүүлжээ.

 

Хохирогч Ц.********** нь Өвөрхангай аймгийн ********** сумын эрүүл мэндийн төвөөр 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үйлчлүүлж 729,011.32 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж 4,697,447 төгрөгийн, 2025 оны 02 дугаар сарын 04, 06, 08, 10, 12, 13-ны  өдөр амбулаторийн хяналтын үзлэг хийлгэж 152,820 төгрөгийн тусламж үйлчилгээ авч нийт 5,579,278 төгрөгийн хөнгөлөлтийг эдэлсэн болох нь хэрэгт цугларсан Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн №1231 дугаартай өвчний түүх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 53-73, 139 хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

 

            Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч ********** нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ************* 5,579,278 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.

 

6. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч **********од холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч **********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн оршин суугаа хаягийн дагуу эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдан цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

          

            Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

          

            Шүүхээс шүүгдэгч **********од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

 

            Иймд шүүгдэгч **********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч ********** нь өөрийн оршин суух хаягийн талаар шүүх хуралдаанд “Улаанбаатар хот,  Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 1999 дүгээр байрны 9 тоотод тоотод түр  оршин суудаг” гэж тайлбарласан, хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаанд оршин суух хаяг нь “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 14 байр 1004 тоот” гэж бичигдсэн байх бөгөөд Улаанбаатарт оршин суух хаягийг нотолсон  баримт хэрэгт авагдаагүй байна.

 

           Харин хэрэгт Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/31 дугаартай “...********** нь  1991 онд төрсөн, ам бүл 2, ээжийн хамт тус багт бүртгэлтэй иргэн мөн болно.” гэсэн тодорхойлолт авагдсан байна.

 

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ыг нэг жил гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч **********од мэдэгдэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********од оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********од оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

           Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овгийн **********ын **********ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ********** овгийн **********ын **********ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********од нэг жил гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч **********од мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч **********од оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч **********оос 5,579,278 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

8. Шүүгдэгч Б.Чинзориг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.**********, иргэний нэхэмжлэгч ********** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөр төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦЭЦЭГЭЭ