Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/172

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

    Улсын яллагч А.Алтангэрэл,

    Хохирогч **********, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох,

    Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн ********** **********т холбогдох 2526000920162 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн ************* суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар багийн **** тоотод оршин суудаг, урьд

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, ********** овгийн ********** ********** /ЙУ85051518/,

  Үйлдсэн хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Б.З  нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ********** тоотод оршин суух Б.**********гийн гэрт согтуурсан үедээ хохирогч **********тэй маргалдаж, түүний цээж хэсэг рүү хутга шидэж, эрүүл мэндэд нь “цээжинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч Б.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

            Хохирогч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би ********** гэдэг айлд орж ирээд сууж байсан. Тэгээд ********** орж ирсэн. 2 шил архи хувааж уусан. Тэгээд мах идэж байхдаа **********д “Чи ах, дүүгээ мэддэггүй юм билээ. Чи тэр ********** эгчээс асуугаарай” гэсэн. ********** сээр мөлжөөд сууж байсан. Тэгээд сээр шидчихлээ гэж бодсон чинь миний мөрөн дээр хутга зоолттой байсан. **********ыг ав гэсэн чинь ********** аваагүй. Тэгээд ********** өөрөө хүрч ирээд суга татаад авсан. Миний дотор муухайраад байсан. Тэгээд түргэн дуудсан.  Би 15 хоног ажил хийж чадаагүй. 2 сая төгрөг нэхэмжилж байгаа. Зах дээр ачигч хийдэг байсан. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй.” гэв.

  2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Хохирогч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед Арвайхээр сумын ********** тоотод амьдардаг таньдаг найз болох ********** гэх айлд ганцаараа очсон. Тэгээд байж байтал ********** гаднаас нэг танихгүй эрэгтэй хүнтэй хамт орж ирсэн юм. Тэгээд тэндээ бид хэд 0.5 литрийн Харзтай нэртэй 2 шил архи **********, **********, **********той хамт орж ирсэн хүн бид 4 хувааж уусан юм. Тэгээд ууж сууж байгаад ********** миний өмнөөс хараад чанасан сээрний мах мөлжөөд сууж байхаар нь би **********д “чи ах, дүүгээ мэддэггүй юм билээ, чи тэр ********** эгчээс асуугаарай” гэсэн, тэгсэн чинь ********** сээр мөлжөөд сууж байснаа надад юм хэлэлгүй нэг юм шидчихээр нь би сээр шидчихлээшдээ гэж бодоод харсан чинь миний эгмийн гол хэсэгт хутга зоогдчихсон байхаар нь **********ыг чи энэ хутгыг аваадах гэсэн чинь ********** өөрөө босож ирээд зоогдсон байсан хутгыг суга татаад авчихсан юм. гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 хуудас),

 

            Гэрч Б.**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Арвайхээр сумын ********** тоотод би гэртээ байж байтал 19 цагийн үед манай гэрт ********** орж ирсэн юм. Тэгээд бид 2 юм яриад тамхи татаад сууж байтал ********** гаднаас орж ирээд удалгүй 20 орчим минутын дараа Батбаатар гэх хүн орж ирсэн юм. Тэгээд бид 4 цаад талын том өрөөнд юм ярьж сууж байгаад миний дансанд 20,000 төгрөг байхаар нь би **********, Батбаатар 2-ыг архинд явуулсан чинь тэр хоёр 0.5 литрийн Харзтай архи 2 шилийг авч ирээд, бид 4 том өрөөнд тойрч суугаад 1 шил архийг нь хувааж уугаад яг дуусаж байхад манай хамтран амьдрагч Амаржаргал хоол хийгээд гал тогооны өрөөнөөс хоол, чанасан мах авчирч өгсөн юм. ********** сээр мөлжөөд, ********** ********** 2 өмнө өмнөөсөө хараад бид 4 сууцгаасан байсан юм. Тэгээд **********, ********** 2 хоорондоо өнгөрдөг ээжийнхээ талаар яриад ********** “чи үхсэн, ээжийнхээ ах дүүг мэддэггүй, **********аас асуугаарай, эхийнхээ ах дүүг мэддэггүй” энэ тэр гээд тоглоод байгаа ч юм шиг, маргаад ч байгаа юм шиг байснаа ********** ********** рүү нэг юм шидчихээр нь би мөлжиж байсан сээрний ясаа шидчихлээ гээд харсан чинь **********гийн эгмийн дунд хэсэгт хутга зоогдчихсон байсан. ********** намайг энэ хутгыг аваадах гэхээр нь би чадахгүй, би авахгүй гэсэн чинь ********** босож ирээд хутгы аваад шалан дээр хаячихсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 хуудас),

 

  Иргэний нэхэмжлэгч Н.Төгс-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн ********** нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн тусламж үйлчилгээ 111,246 төгрөг, ойрын дуудлага 59,304 төгрөг, нийт 170,550 төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч, эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 хуудас),

 

   Насанд хүрээгүй гэрч Л.**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 13- ны өдөр гэртээ байж байсан, орой 18 цагийн үед манай аав **********, **********, ********** бас нэг ахтай гаднаас орж ирээд архи ууцгаагаад суугаад байсан. Тэгээд би хэвтэж байгаад сэрсэн чинь цагдаа эмнэлэг ирчихсэн байсан. Тэгээд сэрэхэд манай аав, **********, ********** ах 3 байсан. Нөгөө хамт орж ирсэн ах бол байхгүй байсан. Тэгээд **********, ********** ах нар эмнэлэг явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 хуудас),

 

  Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Л.Амгалангийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №166 дугаартай  шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-30 хуудас),

 

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 хуудас),

 

            Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хар өнгийн хутуга 1 ширхгийг эд мөрийн баримтаар хутга хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 75-77 хуудас) зэрэг болно.

 

            3. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

 

           Хэрэгт шүүгдэгч Б.Зын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 41, 71-73 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

            4. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

  Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.З  нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ********** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн **********тэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар цээжин хэсэг рүү нь хутга шидэх байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь цээжинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан  нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,

 

   Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Б.З  нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ********** тоотод хохирогч ********** болон бусад хүмүүстэй архи ууж хоол унд хийж айлд бүгдээрээ байсан баримт хэрэгт гэрч, хохирогчийн мэдүүлгүүдээр авагдсан. Энэ үедээ төрөл сандангаа мэдэх, мэдэхгүй гэсэн хувийн шинжтэй маргааны улмаас хоорондоо маргаж таагүй харьцаа үүсэж Б.З  нь хутга шидэж **********гийн  биед хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.З өөрийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргахгүй гэсэн болно.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Б.Зт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.З  нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ********** тоотод оршин суух Б.**********гийн гэрт согтуурсан үедээ хохирогч **********тэй маргалдаж түүн рүү хутга шидсэний улмаас цээжинд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 хуудас),

 

  Хохирогч **********гийн “...Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед Арвайхээр сумын ********** тоотод амьдардаг таньдаг найз болох ********** гэх айлд ганцаараа очсон. Тэгээд байж байтал ********** гаднаас нэг танихгүй эрэгтэй хүнтэй хамт орж ирсэн юм. Бид хэд 0.5 литрийн Харзтай нэртэй 2 шил архи хувааж уусан юм. ********** миний өмнөөс хараад сээрний мах мөлжөөд сууж байхаар нь би **********д “чи ах дүүгээ мэддэггүй юм билээ. Чи тэр ********** эгчээс асуугаарай” гэсэн.  ********** сээр мөлжөөд сууж байснаа надад юм хэлэлгүй нэг юм шидчихээр нь би сээр шидчихлээ дээ гэж бодоод харсан чинь миний эгмийн гол хэсэгт хутга зоогдчихсон байсан. ...********** өөрөө босож ирээд зоогдсон байсан хутгыг суга татаад авчихсан юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 хуудас),

 

            Гэрч Б.**********гийн “...2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Арвайхээр сумын ********** тоотод би гэртээ байж байтал 19 цагийн үед манай гэрт ********** орж ирсэн юм. Тэгээд бид 2 юм яриад тамхи татаад сууж байтал ********** гаднаас орж ирсэн. ...********** сээр мөлжөөд, ********** ********** 2 өмнө өмнөөсөө хараад бид 4 сууцгаасан байсан юм. Тэгээд **********, ********** 2 хоорондоо өнгөрдөг ээжийнхээ талаар яриад ********** “чи үхсэн, ээжийнхээ ах дүүг мэддэггүй, **********аас асуугаарай. Эхийнхээ ах дүүг мэддэггүй” гээд тоглоод байгаа ч юм шиг, маргаад ч байгаа юм шиг байснаа ********** ********** рүү нэг юм шидчихээр нь би мөлжиж байсан сээрний ясаа шидчихлээ гээд харсан чинь **********гийн эгмийн дунд хэсэгт хутга зоогдчихсон байсан. ********** намайг энэ хутгыг аваадах гэхээр нь би чадахгүй, би авахгүй гэсэн чинь ********** босож ирээд хутгыг аваад шалан дээр хаячихсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 хуудас),

 

  Насанд хүрээгүй гэрч Л.**********ийн “...2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн орой 18 цагийн үед манай аав **********, **********, ********** бас нэг ахтай гаднаас орж ирээд архи ууцгаагаад суугаад байсан. Тэгээд би хэвтэж байгаад сэрсэн чинь цагдаа эмнэлэг ирчихсэн байсан. Тэгээд сэрэхэд манай аав, **********, ********** ах 3 байсан, нөгөө хамт орж ирсэн ах бол байхгүй байсан. Тэгээд ********** ********** ах нар эмнэлэг явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 хуудас),

 

  Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Л.Амгалангийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №166 дугаартай  “...1. Үзүүлэгч **********гийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

 

   2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

   3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

 

            4. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-30 хуудас)

 

 Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн эд мөрийн баримтаар хар өнгийн иштэй 1 ширхэг хутга хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 75-76 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

            Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Зын үйлдсэн хохирогч **********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

          

            Шүүгдэгч Б.З холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

           5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Улсын яллагч А.Алтангэрэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар “...Хохирогчоос нийтдээ 2 сая төгрөг баримтгүйгээр нэхэмжилж байгаа учраас жич холбогдох баримтыг бүрдүүлэн иргэнийн шүүхэд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 170,550 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулаагүй байгаа учраас шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар  “...Тухайн гэмт хэргийн улмаас ********** нь гэмтэж эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан 170,550 төгрөгийг Б.Заас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Хохирогч **********гийн  хувьд тухайн үед хутгалуулж биедээ гэмтэл авсан, сэтгэл санааны болон бие махбодын хувьд гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Гэхдээ энэ хүн сэтгэцийн хор уршгийн дүгнэлт зэрэг тогтоолгохгүй гэсэн хүсэлтийг өөрөө хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад гаргаж өгсөн учраас энэ талаар хохирол, хор уршиг нэхэмжлэх боломжгүй байна. Энэ хүн 14-16 насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Олсон цалин орлогоороо ам бүлээ тэжээж амьдардаг. Ажил эрхлэлтийн байдлыг тодорхойлох бичиг баримтгүй байсан ч гэсэн өнөөдөр албан байгууллагад харьяалагдаад нийгмийн даатгал төлөөд тухайн байгууллагын ажилчин болоод ажил үүрэг гүйцэтгэж байгаа ийм насны хүмүүс ховор. Ажил олдох нь ч ховор. Зах дээр ачаа бараа буулгаж тодорхой хэмжээний өдрийнхөө цалин орлогыг олж ар гэр амьдралаа авч байгаа нь бодит үнэн. Өөрөө 15 хоногт өдөртөө өдрийн 60,000 төгрөгийн хөлстэй ачаа буулгах зөөх газар шорооны ажил эрхэлж байсан гэсэн тайлбар хэлдэг. Үүнийг тооцоод үзэхэд 15 хоногтоо 900,000 төгрөг олох боломж байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг олох боломж байсан байна гэсэн үндэслэлээр 790,000 төгрөгийн хохирол гаргуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Хохирогч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...15 хоног ажилгүй байсан хугацааны цалин 2,000,000 төгрөг нэхэмжилж байна.” гэж,

  Иргэний нэхэмжлэгч Н.Төгс-Очир мөрдөн шалгах ажиллагаанд “...Иргэн ********** нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн тусламж үйлчилгээ 111,246 төгрөг, ойрын дуудлага 59,304 төгрөг. нийт 170,550 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна.” гэж тус тус мэдүүлжээ.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.

          5.1. Шүүх хуралдаанд хохирогч ********** нь ажилгүй байсан хугацааны цалин 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн, хохирогчийн өмгөөлөгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслээд 790,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан боловч үүнийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

           5.2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д  “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.

Хохирогч ********** нь  2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт  үзүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас  170,550 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-ийн 16 хуудас), хохирогч **********, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төгс-Очир нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Заас 170,550  төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.

        

           Хохирогч ********** нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж байна.

 

          6. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал түүний үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлага гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байгаа байдал зэрэг хувийн байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг түүний оршин суугаа хаягийн дагуу эдлүүлэх санал дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэг цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй. Эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Б.Зын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хувь хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонгох төрлийн ялын төрлүүд байгаа. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүрээнд ялыг оногдуулах боломжтой байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.З эрүүгийн хариуцлагын талаар “Ажил хиймээр байна. Цаг зүүх боломж байдаг болов уу? гэж асуумаар байна.” гэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

           

            Шүүгдэгч Б.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

          

            Шүүхээс шүүгдэгч Б.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.З нь ам бүл 11, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт хэрэгт авагдсан байх тул түүний  хувийн байдлыг  харгалзан, ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангаж хуульд заасан торгох, зорчих эрхийг хязгаарлах  ялыг оногдуулах боломжгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

          7. Бусад асуудлын талаар:

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********** овгийн ********** **********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овгийн ********** **********ыг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

           4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч **********аас 170,550 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч **********гийн нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          6. Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулчийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хутга 1 ширхгийг  устгасугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ