Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/03386

 

 

 

 

 

 

 

2022 08 03

101/ШШ2022/03386

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух, Б.Өын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Б.Д-д холбогдох

 

17,570,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ө миний бие Б.Дд бэлэн бусаар зээлдэгчийн Хаан банкны 0 тоот дансанд 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус зээлүүлж шилжүүлсэн. Энэхүү зээлийг баримтжуулан 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №2460 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулан тус гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Тус гэрээгээр 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлээ бүрэн төлж барагдуулахаар тохиролцож батлуулсан боловч Б.Д зээлийн гэрээний үүргийг зөрчин зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна.

Иймд зээлийн 17,500,000 төгрөг, мөн түүнийг эрэн сурвалжлуулахад холбогдох зардал болох 70,200 төгрөг буюу нийт 17,570,200 төгрөгийг хариуцагч Б.Дгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Ө нь Б.Д надаас 17,500,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Миний бие иргэн Б.Өтай хамтран түүний эзэмшилийн Б ХХК /регистрийн дугаар /-иар Баянзүрх дүүргээс зарласан авто замын ажлын тендерт хамтран орохоор тохиролцож холбогдох материалыг бүрдүүлж тус ажилд оролцсон боловч иргэн Б.Өын компанийн тусгай зөвшөөрлийн заалт уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай заалтгүй гэх шалтгаанаар шалгарч чадаагүй. Бид анх тохиролцохдоо аман хэлбэрээр тохиролцож гарсан зардалуудаа өөрсдөө хариуцана гэж тохиролцсон хэдий ч Б.Ө нь бусдаас мөнгө зээлсэн тул нэхэгдээд байна гэх мэтээр ярьж, түүнд мөнгө зээлсэн гэх 2 хүн надтай дарамтлах өнгө аястай хэд хэдэн удаа ярьж, уулзсан. Би тэр хүмүүстэй нь ойлголцож, тайлбарлаж явуулсан. Үүний дараа иргэн Б.Ө нь нотариатаар мөнгө зээлсэн гэрээ хийх санал тавьсан тул би тухайн үед ажил ихтэй байсан, мөн тухайн ажлын шийд бүрэн гараагүй байсан тул тухайн үед нь зөвшилцөж болох байх гэсэн бодолтойгоор зөвшөөрч нотариатаар гэрчлүүлсэн гэрээг нөхөж хийсэн болно. Миний иргэн Б.Өтай тохиролцохдоо гарах зардал эрсдэлээ өөрсдөө бүрэн хариуцна гэж тохиролцсон тул дээрх мөнгөнөөс 12,500,000 төгрөгийг хариуцахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/00726 дугаартай шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, Б.Өын Хаан банкны 0 тоот депозит дансны хуулгууд, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл-ийг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нь хариу тайлбар, итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрч Д.Згийн мэдүүлэгийг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Б.Дд холбогдуулан зээл 17,500,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 17,570,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Д нь Б.Өтай тохиролцохдоо гарах зардал эрсдэлээ өөрсдөө бүрэн хариуцна гэж тохиролцсон тул дээрх мөнгөнөөс 12,500,000 төгрөгийг хариуцахад татгалзах зүйлгүй болно гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Б.Ө нь өөрийн Хаан банкин дахь 0 тоот данснаас 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөгийг бараа материал гэсэн утгаар, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөгийг Дашцэрэнд гэсэн утгаар 0 тоот дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд Б.Ө болон Б.Д нар нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эдгээрийг буюу 17,500,000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Дд шилжүүлсэн, зээлийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Өт төлж барагдуулахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн буюу зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.

 

Б.Д нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, улмаар Б.Ө нь зээлийн гэрээний үүргийг шаардах зорилгоор шүүхэд түүнийг эрэн сурвалжлуулахаар хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/00726 дугаартай шийдвэрээр Б.Дг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, Б.Өаас энэхүү асуудалтай холбоотой зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн, энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой гарсан зардлыг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлээс 12,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин үлдэгдэл төлбөрийг татгалзсан үндэслэл болох тендерт нэхэмжлэгчтэй хамтран оролцохоор амаар тохирсон, зардал эрсдэлээ өөрсдөө бүрэн хариуцна гэж тохиролцсон гэх боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл холбогдох бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 17,570,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэд 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1000 цагт товлосон шүүх хуралдааны товыг 7 дугаар сарын 22-ны өдөр түүний 9051-2929 дугаарын утсаар мэдэгдсэн, тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэн, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Дгээс зээл болон бусад зардалд 17,570,200 /арван долоон сая таван зуун далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,801 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 245,801 /хоёр зуун дөчин таван мянга найман зуун нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/15760 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ