Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 179

 

     

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0176/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн,   
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,  
Хохирогч ***,
Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201709000254 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, /РД:***/, 1972 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр *** хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.
                 
Шүүгдэгч *** нь Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт Дархан номин худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах иргэн ***ийн түрээслэн ажиллуулдаг А-10 тоот лангуун дээр худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 3844000 төгрөгийн барааны дутагдал гаргаж, уг мөнгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 3 сарын 23-ны өдөр анх ажилд орсон. Бараа зээлээр өгчихсөн байсан түүнийгээ гаргуулаад мөнгө төгрөгийг нь өгнө гэж бодсон. Би 3844000 төгрөгөөс 128000 төгрөгийг нь аваад 3 сая төгрөгийг нь буцаагаад хүнд зээлчихсэн байсныг бэлэн авч

ирж өгсөн. Тэгээд бас мэр сэр зүйлүүдийг нь мөнгөөр өгсөн байсан юм. Сүүлд 2 сая төгрөгийг нь бэлнээр өгчихөөд дахиад цалингаас хассан үлдэгдэл 375000 төгрөгнөөс. 
…Тийм сүүлийн нэг жил тооцоо нийлээгүй байгаа. Заримыг нь хувьдаа ашигласан заримыг нь цуглуулаад буцаагаад өгсөн.” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 3 сарын 23-наас эхэлж манайд ажилд орсон. Анх худлаа үнэн ярьдаггүй их гайгүй хүүхэд байсан. Тэгээд би их итгэсэн болохоор бүх зүйлээ даатгаад орхичихдог, гэрийнхээ түлхүүрийг хүртэл өгдөг, хүүхдээ харуулж үлдээдэг байсан. Би дүүгийнхээ банкны мөнгийг төлдөг байсан түүнийгээ төлөхийн тулд орлого олохгүй байсан болохоор Орос улсаас хүнсний зүйлүүд авч ирж түүнийгээ заруулдаг байсан. Ер нь миний итгэлийг даагаад явж байсан учраас сайн байсан, би муу байсан гэж ярихгүй. 
…Надад ***гээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг, 

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 10/, 

-Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…***гээс манай гэр бүлийн хүн орлого аваад ир гэхээр нь би очиж авдаг байсан. Би 2-3 удаа  очиж авсан байх. Манай эхнэр тооцоо хийдэг байсан, эхэндээ сард нэг удаа хийдэг байж байгаад сүүлдээ бараандаа явах нь холдоод мөн ***д итгээд тоолох нь холдсон. 
…Би өөрийнх нь өгсөн мөнгийг авдаг байсан. *** хүнд өртэй тэр хүндээ  манай бараанаас 110000 төгрөгийн даавуу өгсөн байсныг би очиж авч байсан. 
…Тооцоо хийгээд дутсан барааг асуухад “хүнд зээлээр өгсөн” гэдэг “зээлээр өгсөн хүнээ хэл, би очоод нэхээд авмаар байна” гэхээр тэр хүмүүсийнхээ нэрийг нь хэлэхгүй, “би өөрөө авна” гэж яриад байдаг.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,   

-Гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…*** нь АА-н 10 тоот лангууг ажиллуулдаг. 2017 оны 4 дүгээр сарын түрээсийг *** 2 тасалж кассан дээр бэлэн мөнгө авч ирж төлсөн. Намайг ажилд орохоос өмнөх асуудлыг би мэдэхгүй. *** гэж хүн байсан тэр хүн мэдэх байх. Нөхөр нь маш муу Улаанбаатар хотод байгаа.  Ер нь бол хувь лангуу болохоор хэн нь хэдэн төгрөгний бараатай талаар болон хоорондоо яаж тооцоо хийдэг, өр авлагын асуудал манай байгууллагад ямар нэгэн хамааралгүй байдаг.” гэх мэдүүлэг /хэргийн 15/, 

-Худалдааны хамтын ажиллагааны гэрээ /хэргийн 16-18/, 
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30/, 
-Хохирлын мөнгө шилжүүлсэн тухай баримт /хэргийн 65/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт Дархан номин худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах иргэн ***ийн түрээслэн ажиллуулдаг А-10 тоот лангуун дээр худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 3844000 төгрөгийн барааны дутагдал гаргаж, уг мөнгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 10/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч ***г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсаны улмаас бага бус хэмжээний буюу 3844000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

    Шүүгдэгч ***гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 30 дахь тал/ байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь хөнгөн  гэмт  хэрэг  анх  удаа  үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч, хохирогч нар сайн дураар эвлэрсэн хохирогч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Ер нь миний итгэлийг даагаад явж байсан учраас сайн байсан, би муу байсан гэж ярихгүй. …надад ***гээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг өгч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ***  ***л холбогдох 201709000254  дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг  дурдаж, хохирогч *** төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч ***гийн өмчлөлийн tommy брэндийн 200000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг куртик битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Heart гэсэн бичиглэл бүхий ***гийн хувийн тооцооны дэвтэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***д буцаан олгохоор шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Борнууд овогт Хишигнэмэхийн ***г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсаны улмаас бага бус хэмжээний буюу 3844000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасныг баримтлан ***д холбогдох 201709000254 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шүүгдэгч ***гийн өмчлөлийн tommy брэндийн 200000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг куртик битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Heart гэсэн бичиглэл бүхий ***гийн хувийн тооцооны дэвтэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай. 
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              Я.ТУУЛ