Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 111/ШШ2023/0001

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, шүүгч С.Сайнбилэг, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д.Золжаргал 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Батбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Баянмөнх,

Хариуцагч: Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Тэрбиш

Гуравдагч этгээд: М.Батжаргал

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: А.Базар нарын хоорондын “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий төрийн улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн актын маргааныг хянан хэлэлцэв. 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Баянмөнх /цахимаар/, хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Золжаргал нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Д.Золжаргал нь анх Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101 дугаар захирамжаар Архангай аймгийн Засаг даргаар томилогдсон. Гэтэл хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6, 32.7-д заасан үндэслэлээр Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг гаргасан. Уг тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 129 дүгээр захирамжийг гаргаж, нэхэмжлэгчийг Архангай аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулсан байна.

3. Нэхэмжлэгч анх “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгуулах”-аар 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дахин 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан.

   4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн хууль бус захиргааны акт хэмээн үзэж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар гаргаж байна.

4.1. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 тоот тогтоол нь Д.Золжаргал миний төрийн албан хаагчийн хувьд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болгож хөдөлмөрлөх эрхэд маань халдсан.

Иргэн Д.Золжаргал би иргэнийхээ хувьд үйлчилгээ, улс төрийн, төрийн жинхэнэ албанаас үл хамаараад Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ эдэлж байгаа буюу төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа улс төрийн албан хаагч юм. Энэ утгаараа хуулиар олгогдсон Төрийн албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдах ёстой бөгөөд хэрэв миний уг хөдөлмөрлөх эрхэд халдсан шийдвэр гаргах тохиолдолд захиргааны байгууллага санаачилгаараа татан оролцуулах, эсхүл оролцох боломжоор хангах” хуулийн зохицуулалттай атал Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэхүү эрхийг минь эдлүүлэлгүй шийдвэр гаргасан.

Тодруулбал, хариуцагч Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргахдаа надад мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах шаардлагыг хангаагүй нь миний төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

4.2. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоол нь Засаг даргыг огцруулах саналыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор буюу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж саналыг шийдвэрлэхээр байсан.

Гэтэл Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлөөлөгчдөөс гаргасан саналыг хэлэлцүүлэх ээлжит бус хуралдааны товыг зарлахгүйгээр тодорхойгүй шалтгаанаар удаа дараа Тэргүүлэгчдийн хуралдааныг хойшлуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан хуулийн заалтыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан болно.

Өөрөөр хэлбэл хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1-т зааснаар хариуцагч захиргааны байгууллага болохынхоо хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль болон уг хуульд заасны дагуу өөрийн баталсан дүрэм, журам дэгийг мөрдөж, биелүүлэх үүрэгтэй.

Иймд хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоолыг гаргахдаа захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн нь хууль бус, энэ нь нэхэмжлэгч Д.Золжаргал миний төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мөн хөндсөн.

4.3. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7769 дугаартай “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж гарсан.

Уг захирамжийн үндэслэл нь Д.Золжаргал миний нэхэмжлэлтэй, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн үйл баримт болох Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн “Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоол нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 129 дүгээр захирамж, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 139 дүгээр захирамжуудын үндэслэл болсон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэх зүйтэй гэсэн нь өмнөх захиргааны акт хүчин төгөлдөр байгаа нь Д.Золжаргал намайг дараа, дараагийн захиргааны актуудтай маргах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон.

Өөрөөр хэлбэл Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх нь дараагийн захиргааны актуудын гол үндэслэл болсноороо ач холбогдолтой юм.

4.4. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэх нь нэхэмжлэгчийн дээрх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх, уг захиргааны актыг үндэслэж гарсан Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 129 дүгээр захирамж, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 139 дүгээр захирамжуудтай маргах, иргэний хувьд хөдөлмөрлөх эрхэд халдсан аливаа хууль бус, шийдвэр үйл ажиллагааг шүүхээр тогтоолгох зорилготой бөгөөд уг 06 тоот тогтоол нь захиргааны акт болохынхоо хувьд нэхэмжлэгч миний дээрх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар уг захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна.

Иймд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч Д.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 06 дугаар сарын 28, 30-ны өдөр Архангай аймгийн иргэдийн хурал хуралдсан. Тус хуралдаанаар аймгийн засаг дарга Д.Золжаргалыг дуудаж оролцуулаагүй. Хурлын тэмдэглэлтэй холбоотой асуудлыг хэлмээр байна. Тэргүүлэгчдийн хурал Засаг даргыг огцруулдаггүй. Хурлын товыг зарлах ёстой. Тэргүүлэгчдийн хурлыг Засаг дарга огцруулсан асуудлыг ярьж байна. Энэ бол хууль зөрчиж буй асуудал юм. Аймгийн онцгой комисс бол Засаг дарга байдаг. Хуралдаанаар асуудлыг шийдвэрлэдэг. Тэргүүлэгчдийн хурал цахимаар хуралдах бүрэн боломжтой байсан. Цар тахлын үед 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн иргэдийн хурал цахимаар хуралдаж төсвөө баталсан. 2021 оны 2,4 дүгээр сард тэргүүлэгчдийн хурал улбар шар түвшинд байхад 2021 оны 06 дугаар сарын 28, 30-ны өдрүүдэд цахимаар хуралдах боломж байсан. Цахим төхөөрөмж бэлэн байсан. Өмнө хуралдаанууд болж байсан. 2021 оны 7 дугаар сарын 20-ны хуралдаанд Ардчилсан намын бүлгийн 20, монгол ардын намын 19 төлөөлөгч  байснаас 18 төлөөлөгч хуралд оролцоогүй.  Үүнээс болж маргааш ардчилсан намын бүлгийн дарга Мөнхбат хурлын товыг мэдэгдээгүйгээр явуулсан тухай хэвлэлийн бага хурал хийсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаан эхлэхээс өмнө хурлын бэлэн байдлыг хангаж хэлэлцэх асуудлыг мэдэгддэг талаар хэлж байсан. Тэгвэл яагаад хуралд оролцоогүй 18 төлөөлөгчид мэдэгдээгүй юм бэ, намайг ажлаас халсныг улс төрийн асуудалтай холбоотой гэж бодож байна. Иймд иргэдийн хурлын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо Архангай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоолыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. 2021 оны 05 дугаар сарын 21 өдөр нэр бүхий 5 гишүүн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг баримтлан иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 хуудас баримтыг гарган өгсөн.Тус баримтад аймгийн Засаг дарга хууль тогтоомжийг биелүүлэх чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Ийм учраас огцруулах саналыг гаргаж байна гэж бичигдсэн. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хуралд санал оруулснаас хойш 15 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан.

Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хуралд санал оруулсан. Түүнээс хойш 6 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дууссан. 5 дугаар сар 31 хоногтой. Гэтэл 6 дугаар сарын 05-ны өдөр хуралдаагүй. Харин 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хурлын тов хэлэлцэж хуралдааныг хойшлуулах талаар ярилцсан байдаг. Гэтэл хуульд санал оруулснаас хойш 15 хоногт тухайн харилцааг шийдвэрлэх зохицуулалттай. Үүнийг хуульд заасан хугацаанд яагаад шийдвэрлээгүй талаар тогтоолд баримтаар хавсаргаагүй. Мөн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хурлын хойшлуулж шийдвэрлэхгүйгээр 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хуралдааныг товлож, Мөн түүнийгээ дахин хойшлуулж, 7 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлэсэн. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 2 сарын хугацаанд ямар нэг байдлаар нэхэмжлэгч талд хуралдааны товыг мэдэгдээгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд урьдчилан мэдэгдэж, өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалах боломжоор хангана гээд тодорхой зааж өгсөн. Гэтэл энэ эрхээр хангаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан ерөнхий заалтаа баримтлаад тусгайлан зохицуулсан заалтыг 25, 26, 27 дугаар зүйлд тоочих аргаар зааж өгсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд сонсох ажиллагаанд акт гэрээний улмаас хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй хүнд мэдэгдэж түүний санал тайлбарыг авах, нотлох баримтыг бүрдүүлэх боломжоор хангана гэх мэт тодорхой зааж өгсөн. Хариуцагч байгууллага хуулийн 3 зүйл заалтыг зөрчсөн. Энэ асуудал нь тус хуулийн 28 дугаар зүйлд хамаарагдах асуудал юм. Сонсох ажиллагааг мэдэгдээгүй. Мэдэгдэх оролдлого хийгээгүйгээр хурлын ирцийг бүрдүүлж, Засаг даргыг огцруулах асуудлыг ярилцсан. Хурлаар асуудлыг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуульд заасан 11 дүгээр зүйлийн 11.1.9-д заагдсан улс төрийн албан тушаалтан учир хурлын ирцийг хэлэхээс аргагүй юм. Архангай аймаг 39 төлөөлөгчтэйгөөс 20 гишүүн ардчилсан нам, 19 гишүүн монгол ардын намын харьяатай юм. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр монгол ардын намын гишүүд ирц бүрдүүлэхээр өдөржин сууж цугларсан. Харин ардчилсан намаас 2 гишүүн байсан. Гэтэл Д.Золжаргалд хурлын тов мэдэгдэх асуудлын талаар нэг ч гишүүн үг дугараагүй. Захиргааны ерөнхий хуулийг баримтлахаа үүргээ биелүүлээгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заагдсан хууль тогтоомж түүнд заагдсан чиг үүргээ биелүүлээгүй талаарх нэг ч дүгнэлт хийгээгүй. Тухайн үйл явдал болсон цаг үед нэхэмжлэгч ковид 19-ийн халдвар авч 4 хоногийн хугацаагаар тусгаарлагдсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа асуудлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцдог. Түүний өвчтэй байгаа байдлыг мэдээгүй бол цахимаар оролцуулах асуудлыг мэдэгдэлгүйгээр нэг ч гишүүн яриагүй. Энэ нь захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, мөн 25, 26, 27 дугаар зүйлийг зөрчиж буйг харуулж байна. Нэхэмжлэгч талаас хэлж буй шаардлага бол хурлын товыг яагаад мэдэгдээгүй. Санал гаргаснаас хойш 15 хоногийн дотор яагаад шийдвэрлээгүй үүнийг тодруулж, 2021оны 7 дугаар сарын 20-ны 06 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоолын үндэслэлийг тодорхойлж ярих хэрэгтэй байх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6-т заасан үндэслэлүүдийг барьж тогтоол гаргасан гэж тайлбарладаг. Үүнийг би хариуцагч талаас тодруулан асуухад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасан үндэслэлийг барьсан талаар хэлж байна. 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэр бүхий 14 төлөөлөгч Д.Золжаргалыг огцруулах бичиг барьж буй нь захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.6-т заасан үндэслэл гэж үзэж байна. Захиргааны акт анхнаасаа эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт байна. Үүнийг эрхэм шүүгч нар харж үзээсэй. Мөн шийдвэр гаргах үйл ажиллагаанд онцгой бүрэн эрхтэй гэж тайлбарлаж буй боловч холбогдох хуулийг баримтлаагүй. Улс төрийн шийдвэр гаргах эрхтэй гэж хандаад хурлыг зохион байгуулахдаа тодорхой шаардлагыг зөрчсөн. Хуулийн тодорхой заалтыг баримталж акт гаргаагүй байна. Архангай аймгийн шүүхээр хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрч Өвөрхангай аймгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Дараа дараагийн маргаанууд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд үргэлжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

8. Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий гишүүдээс бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Золжаргалыг огцруулах тухай саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн мэдүүлсэн болно.

Хурлын даргын зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Ээлжит бус хуралдаан зарлах тухай” шийдвэрийг гаргаж, хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар тогтсон боловч улс эх орныг хамарсан цар тахлын улмаас аймаг орон нутгийн нөхцөл байдал хүндэрсэн, онц байдалд шилжсэн цаг үе таарсантай холбоотойгоор товлосон хурал хугацаандаа хуралдах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдааны ирц хүрэхгүй болсон учир Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар тогтоолд өөрчлөлт оруулсан.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах тухай төлөөлөгчдөөс гаргасан саналыг хэлэлцээд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 95.2 хувийн саналаар шийдвэрлэсэн билээ.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дээрх үйл ажиллагаа, шийдвэр нь хууль зөрчөөгүй тул Д.Золжаргалаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тэрбиш  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн материалд холбогдох баримт тайлбар мэдүүлгийг өгч явсан. Нэхэмжлэлийн шаардлагад нэмэлт тайлбар өгье гээд, 2020 оны сонгуулийн үр дүнд Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ардчилсан нам 20, монгол ардын нам 19 гэсэн суудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрдсэн. Ардчилсан намын санал болгосноор Д.Золжаргал Засаг даргаар ажиллаж байна. 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах бичгийг иргэдийн Хурлын Төлөөлөгчийн 14 гишүүн өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор тодорхой процесс ажиллагааг явуулж шийдвэр гаргасан. Засаг дарга бол улс төрийн албан хаагч юм. Түүнийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт улс төрийн албан тушаалтанд Монгол Улсын Үндсэн Хууль бусад хууль хуулиар тогтоосон болзол журам шалгуурын дагуу сонгогдон, сонгуулийн үр дүн томилолтын журмаар ажиллах мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаалтан хамаарна гээд тодорхойлон, улс төрийн албан тушаалтныг зааж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 9-т бүх шатны засаг дарга хамаарна гэж заасан. Үүнээс үзэхэд Засаг дарга улс төрийн албан тушаалтан юм.

Дээрх хуульд заасан үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийн 57-63 дугаар зүйлд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай зааж өгсөн. Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т “Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын хэр хэмжээ зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж  заасан. Засаг дарга нь сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах нь бусад төрийн албан тушаалтнаас ялгаатай. Түүнийг томилох, чөлөөлөх, огцруулах журмыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нарийвчлан зохицуулж өгсөн. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал Үндсэн хууль, тус хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж, ардчилсан зарчмын дагуу Засаг даргыг огцруулах асуудлыг хурлаар хэлэлцэж нийт төлөөлөгчдийн олонхоор 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоолыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасан үндэслэлээр ерөнхий сайдад саналыг хүргүүлсэн. Тус шийдвэр нь улс төрийн шийдвэрт хамаарна. Засаг даргын огцруулах асуудалд дүгнэлт хийхэд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн үзэл санаатай зөрчилдөх юм. Захиргааны хэргийн шүүх хэргийг хянахдаа улс төрийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хуралдааны зохион байгуулалт үндсэн хэлбэрийн талаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6-т зааснаар 15 хоногийн дотор хуралдаан зохион байгуулж шийдвэр гаргаагүй үндэслэлээр гомдол гаргаж байх шиг байна. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэргүүлэгчдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан. 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцсэн.  Энэ үед улсын хэмжээнд цар тахал өвчний дэгдэлт ихсэж хурал цуглааныг хориглосон. Гэхдээ 15 хоногийн хугацаанд хурлаа шийдвэрлэж хэлэлцүүлэхээр хурлын товоо зарласан. Тов зарлах хугацаанд хурал зохион байгуулах алба хаагчид халдварт өвчин авсан. Үүнээс болж 14 хоногийн хугацаатайгаар хурлыг хойшлуулж, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хурлаа товлон зарлаад явуулсан. Энэ шийдвэр нь хууль тогтоомж зөрчөөгүй юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т хуралдааныг товлон зарлах түүний бэлтгэлийг хангах зохион байгуулалт үйл ажиллагаатай холбогдсон санал шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх гэдэг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрх нь байдаг. Үүний хүрээнд хурлын үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр товлосон цаг хугацаанд сунгаж буй нь үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.Золжаргал шүүхэд хандан “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” гэж ихэсгэсэн. Харин хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд эцсийн байдлаар “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж тодруулсан[1] тул энэ шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.
  2.  Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд гуравдагч этгээд М.Батжаргал, түүний өмгөөлөгч А.Базар, шүүхийн иргэдийн төлөөлөгч Х.Мөнхбаатар нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна. гэж тус тус заасны дагуу тэдгээрийн эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
  3. Гуравдагч этгээд М.Батжаргалд нэхэмжлэлийн хувийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гардуулсан[2] боловч шүүхээс тогтоосон хугацаанд тайлбар, холбоотой нотлох баримтаа гарган өгөөгүй, шүүх хуралдаанд оролцоогүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.”, 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох;” гэж заасан эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.
  4. Маргаан бүхий захиргааны актыг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг /2006 оны/ буцаан хэрэглэж энэхүү хэргийг шийдвэрлэлээ.
  5. Нэхэмжлэл үндэслэлтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбарууд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоолыг[3] хүчингүй болгов.
  6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өргөдөл, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд гаргасан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
    1.  Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргахдаа мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтыг зөрчсөн.
    2.  Засаг даргыг огцруулах саналыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор буюу 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааныг хуралдуулж, шийдвэрлэх ёстой байсан атал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан.
    3.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1, 32.6-д заасан эрхийнхээ хүрээнд хурлын төлөөлөгч нар хуралд санал оруулах эрхтэй ч мөн хуулийн 24.3-т заасанчлан үндэслэл, түүний талаарх судалгаа мэдээлэл, шийдвэрийн төслийг гаргаж, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх хуулийн заалтыг зөрчсөн.
  7.  Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
    1.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Ээлжит бус хуралдаан зарлах тухай” шийдвэрийг гаргаж, хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар тогтсон боловч улс эх орныг хамарсан цар тахлын улмаас онц байдал зарласан үетэй холбоотойгоор товлосон хугацаандаа хуралдах боломжгүй, ирц хүрэхгүй болсон учир Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар тогтоолд өөрчлөлт оруулсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар засаг дарга Д.Золжаргалыг огцруулах тухай саналыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр огцруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 95.2 хувийн саналаар шийдвэрлэсэн.
    2.  Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэргүүлэгчдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан. 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцсэн.  Энэ үед улсын хэмжээнд цар тахал өвчний дэгдэлт ихсэж хурал цуглааныг хориглосон. Гэхдээ 15 хоногийн хугацаанд хурлаа шийдвэрлэж хэлэлцүүлэхээр хурлын товоо зарласан. Тов зарлах хугацаанд хурал зохион байгуулах алба хаагчид халдварт өвчин авсан. Үүнээс болж 14 хоногийн хугацаатайгаар хурлыг хойшлуулж, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хурлаа товлон зарлаад явуулсан. Энэ шийдвэр нь хууль тогтоомж зөрчөөгүй юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т хуралдааныг товлон зарлах түүний бэлтгэлийг хангах зохион байгуулалт үйл ажиллагаатай холбогдсон санал шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх гэдэг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрх нь байдаг. Үүний хүрээнд хурлын үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр товлосон цаг хугацаанд сунгаж буй нь үндэслэлтэй юм.
  8. Тогтоогдсон үйл баримтын талаар:
    1. Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Засаг даргаар томилох, чөлөөлөх тухай” 101 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Золжаргалыг Архангай аймгийн Засаг даргаар томилжээ. Улмаар Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуулиудыг ноцтой зөрчсөн, Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлүүд, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, зөвлөмжүүдийг үл тоож, дураараа авирласан гэж үзэн огцруулах саналыг Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 14 төлөөлөгч 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр гаргаж, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн байна. Уг саналыг Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ирсэн бичгийн бүртгэлийн[4] 129 дүгээрт бүртгэн авчээ.
    2. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс[5] үзвэл засаг дарга Д.Золжаргалыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэж товыг тогтоож, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Ээлжит бус хуралдаан зарлах тухай” 20 дугаар тогтоолыг[6] гаргасан байна.
    3. Түүнчлэн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурал 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дахин хуралдаж[7], “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 21 дүгээр тогтоолоор[8] аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт гэж товд өөрчлөлт оруулжээ.
    4. Улмаар Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааныг 21 төлөөлөгч буюу 53,8 хувийн ирцтэйгээр эхлүүлж[9], Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах тухай нэр бүхий 14 төлөөлөгчийн гаргасан саналыг хэлэлцээд, 95,2 хувийн саналаар огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтоосон. Маргаан бүхий захиргааны актад хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6, 32.7, тооллогын комиссын 01 тоот тогтоолыг тус тус үндэслэсэн болохоо дурдсан.
  9.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэж заасан.

 Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар дээрх хуулийн шаардлагыг хангаагүй асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргасан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тэрбишийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд төлөөлөгч нарт урилга хүргүүлээгүй, хэлэлцэх асуудалтай холбоотой судалгаа, гарах шийдвэрийн талаар баримтжуулаагүй гэх мэдүүлгээр нотлогдоно.

Мөн Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нийт 39 төлөөлөгчтэй. Тэдгээр төлөөлөгчдийн 14 нь Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах саналыг хуралд гаргасан, маргаан бүхий захиргааны актыг гаргасан 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хуралдааны товыг нийт төлөөлөгчдөд мэдэгдсэн эсэх, хэлэлцэх асуудлын талаарх тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийг хуралдаан болохоос нэг хоногийн өмнө хүргэгдсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.

  1. Түүнчлэн Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах саналыг Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу 15 хоногт багтаан хэлэлцэх хуулийн зохицуулалттай.

          Архангай аймгийн Засаг даргыг огцруулах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 14 төлөөлөгчийн санал 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөр огноологдсон боловч аймгийн хурал 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бүртгэн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ийнхүү саналыг бүртгэн авсан 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн уг асуудлыг хэлэлцэх хугацаа тоологдож эхэлнэ. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зүйл, заалтаар Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэх хугацаа Хурлын даргад өргөн мэдүүлснээс хойш хуанлийн 15 хоног юм. Энэ 15 хоногийн хугацаанд Засаг даргыг огцруулах тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулах нийтлэг бүрэн эрхээ Хурлын дарга хэрэгжүүлэх, уг эрхээ хэрэгжүүлсэн бол хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний биелэлтийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” ажиллагааг хийх шаардлагатай байжээ.

Саналыг хэлэлцэн шийдвэрлэх хуулийн хугацаа 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон атал Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хууль бус байна.

  1. Дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлэлгүйгээр Засаг дарга Д.Золжаргалыг албан тушаалаас нь огцруулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь...хууль дээдлэх зарчим баримтална.” гэж заасантай нийцэхгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ.
  2. Харин нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсгох ажиллагаа явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино.” гэж заасан тул энэ хуулийг нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд хэрэглэхгүй юм.

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга...хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол...” эсэх асуудлыг дүгнэх эрх хэмжээ тухайн хуралд хадгалагдах бөгөөд шүүх асуудлыг хянах эрхгүй, харин маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт өгсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг тус тус баримтлан Д.Золжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, илүү төлсөн 140400 /Нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг Д.Золжаргалд төрийн сангаас буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ОЮУНСАЙХАН

ШҮҮГЧИД                                                 С.САЙНБИЛЭГ

                                                                 Э.ЗОЛБАДРАХ