Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/54

 

 

 

 

 

Д.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

           Прокурор Г.Энхбат

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунчимэг

           Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Амар /цахим сүлжээгээр/

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо

                        Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлоор Д.Бд холбогдох эрүүгийн 2034005450685 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

 

 

Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг “Галзуу харын худаг” гэх газар 2020 оны 08 дугаар 15-ны өдөр “Тоёота Приус 20” маркийн 89-78 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/А “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, 11.3 “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд С.Ням-Осорын жолоодож явсан “Трансит” маркийн 23-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж С.Ням-Осор, Д.Сүхбаатар нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ч.Будбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, И.Цэгмидийн амь насыг хохироосон гэх мэт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шар өлзийт овогт Даваадагвын Баттулгыг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Баттулгын жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох,

 

Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунчимэгт 27.000.000 төгрөг хохирогч Д.Сүхбаатарт 2.672.00 төгрөг, хохирогч Ч.Будбаярт 1.600.000 төгрөг, хохирогч С.Ням-Осорт 500.000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 6.934.000 төгрөг нийт 38.706.000 төгрөг төлснийг, иргэний нэхэмжлэгч Б.Батгэрэл, Ч.Баяндэлгэр нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хохирогч Д.Сүхбаатар, Ч.Будбаяр, С.Ням-Осор нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунчимэг нь тэжээн тэтгэх болон тэтгэмжийн талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунчимэг гаргасан давж заалдсан гомдолдоо: Д.Б нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ согтуугаар үйлдсэн. Согтолтын зэрэг нь маш өндөр буюу 3 бүхэлтэй байсан. Мөн гэмтлийн эмнэлэг дээр ирээд бидэн рүү дайрч доромжилсон, хэдэн малаа зараад бүх хохирлыг барагдуулчихна үхсэн баас ихэдлээ гэхэд 1 жил сууна гэх мэт ёс зүйгүй үг хэлээр дайрч доромжилж байсан нь бидний сэтгэлийг, мөн хайрт хань үр хүүхдийг минь аавгүй өндөр настай эцэг эхийг хүүгээс нь салгаж амь насыг хохироосон гэдэгт гэмшсэн байдал даанч гаргаагүйд нь туйлийн их гомдолтой байна.

 

Мөн Д.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөнөөс 1 хүний алтан амь, 1 хүнд хүн, 1 хүнд хүндэвтэр, 1 хүнд хөнгөн гэх мэт мөн байгууллагад их хэмжээний хохирол учруулчхаад муу машин зарсан байна гэж шүүх хурал дээр ярьж бусад руу буруугаа чихэж өөрийн гэм буруудаа дүгнэлт өгөхгүй байна гэж бодогдож байна.

 

Иймд анхан шатны шүүхээс Д.Бд согтуугаар гэмт хэрэг үйлдэж хүний алтан амь нас хохироосон мөн бусдын биед хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан байхад хөнгөн ял оногдуулсан байх тул дээрх нөхцөл байдлыг хянан үзнэ үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Баттулгыг анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт хохирлыг төлсөн зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийг хүртэл Д.Б биднээс уучлалт гуйгаагүйд маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял хөнгөдсөн гэж үзэж байгаа хуульд заасны дагуу ял оногдуулж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Д.Баттулгын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд дурдсан бүх зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалган тогтоосон байгаа.Д.Б өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа, хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс ял оногдуулсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг “Галзуу харын худаг” гэх газар Тоёота приус-20 маркийн 86-78 УАМ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/А “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, 11.3 “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгалд орж С.Ням-Осорын жолоодон явсан “Трансит” маркийн 23-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж С.Ням-Осор, Д.Сүхбаатар нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ч.Будбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, И.Цэгмидийн амь нас хохирсон гэх хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх хэргийн үйл баримт нь хохирогч С.Ням-Осорын “...ямар маркийн тээврийн хэрэгслийг санахгүй байна, тухайн үед гэнэт урсгал сөрж ирээд мөргөчихсөн, тэрнээс хойш ухаан алдаад сэрхэд машины урд хэсэгт жижиг тэрэг ирээд мөргөчихсөн, намайг нэг эмэгтэй сэрээж байсан..., ...би тээврийн хэрэгслийг жолоодож байсан Д.Сүхбаатар захирал урд хэсэгт миний хажуу талд сууж явсан. Ч.Будбаяр ар талын хэсэгт хэвтэж явсан, И.Цэгмэд хамгийн ард талын хэсэгт хэвтэж явсан...” гэх,[1]

 

Хохирогч И.Будбаярын “...би жолоочийн арын суудал дээр мишиок дотроо хэвтэж явсан, тухайн үед би унтаж явсан тул юу болсон процессийг хараагүй нэг мэдэхэд түс тас гээд явчихсан, миний хоёр хөл мэдээ алдаад байсан, харин талийгаач миний арын суудал дээр сууж байсан, осол болсны дараа тасралтгүй ёолоод байсан. Харин урд талд Д.Сүхбаатар захирал, жолооч С.Ням-Осор нар байсан...” гэх,[2]

 

Хохирогч Д.Сүхбаатарын “...хүний амь хохирсон зүйл дээр маш их гомдолтой байна...” гэх,[3]

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунчимэгийн “...би амь хохирогчийн хууль ёсны эхнэр, бид хамт амьдраад 28 жил болж байна..., ...Нямаа гэх хүн залгаад бид нар осолд орчихлоо гэхээр нь буцаж  эргээд шууд осол болсон гэх газар очоод харахад манай хүү Гансүлд гүйж очин хараад ээжээ аав түргэний машин дотор байна та хамт яв гэж хэлсэн..., ...Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү очоод зургийг нь авхуулаад маш хурдан эход харуулаад 8 хавирга хугарсан байна яаралтай хагалгаанд оруулна гэхээр нь шууд хагалгаанд бэлтгээд хагалгааны бригад дуудаад хэсэг хугацааны дараа ирж хагалгаанд ороод 1 цагийн дараа нас барсан...” гэх,[4]

 

Иргэний нэхэмжлэгч Б.Батгэрэлийн “...миний эзэмшилд 86-78УАМ Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба 2020 оны 08 дугаар сард найз Д.Бд 7.500.000 төгрөгөөр зарж байсан, харин гэрчилгээгээ Д.Баттулгын нэр дээр солиулж чадаагүй байсан...” гэх,[5]  

 

Гэрч Т.Гантигсүлдийн “...миний харснаар приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл нь урсгал сөрж ороод трансит маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байдалтай жолоочийн ослын дэрийг гартал мөргөсөн байсан. Тухайн үед яаралтай хамгийн хүнд өвчтөн болох талийгаач И.Цэгмэдийг эхнэрийн хамт суулган Улаанбаатар хот руу явуулсан, амь хохирогч нь шоконд орсон байдалтай байсан, Трансит дотор байсан жолооч болон зорчигч нарыг харахад хөл нь хугарсан байдалтай байсан...” гэх[6] мэдүүлгүүд,

 

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 131 тоот “...Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний онош: ...Зам тээврийн осол: Дотор эрхтний битүү гэмтэл, элэгний няцрал, дотор эрхтний венийн цус дүүрэлт, дотор эрхтний холбоост цус харвалт, олон хавирганы хугарал...”, Дүгнэлт “...талийгаачийн биед элэгний няцрал, дотор эрхтний холбоосны цус харвалт, хэвлийд мэс заслын шарх, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, И.Цэгмэд нь дотор эрхтний хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх,

 

Мөн хүний биед үзлэг хийсэн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...С.Ням-Осорын биед аарцаг ясны зүүн ацетабулын зөрөөтэй хугарал, зүүн дунд чөмөгт ясны мултрал, баруун 3, 4-р хавирганы зөрөөгүй хугарал, зүүн шууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх,

 

“...Д.Сүхбаатарын биед зүүн шаант ясны цөмөрсөн, сэлтэрхий үүсгэж бяцарсан хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн гуя, шилбэ тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, цээж, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо..., ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх,  

 

“...И.Будбаярын биед сээр нурууны 12-р нугалмын их биеийн хугарал, зүүн шагайн дотор хавчаар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо..., ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4534 тоот Химийн шинжээчийн “...Д.Б гэсэн хаягтай цуснаас 3.1 промилли илэрч байна, цусанд илэрсэн 3.1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх[7] шинжээчийн дүгнэлтүүд,

 

Хавтаст хэргийн 208-209-р талд авагдсан Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч О.Сайханбилэгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 008 дугаар “Мөрдөгчийн магадлагаа”, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Д.Б өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нараас асуусан асуултад хариулсан байдал зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтойгоос гадна прокуророос хэргийг зөв зүйлчилжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.  

 

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байна” хэмээн заасан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг аюултай, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, ухамсарлаж байсан атлаа хор уршиг учруулахгүй, хэмээн итгэж найдсан, эсхүл урьдчилан мэдэх боломжтой байсан боловч өөрийнх нь хайхрамжгүй байдлаасаа үүдэн хор уршиг учирсан бол гэм буруутайд тооцохоор заасан.

 

Дээр дурдагдсаны дагуу Д.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт тооцогддог ба анхан шатны шүүх түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохирсон, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг цаашид ч арилахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа, уг гэмт хэргийн улмаас өөрийн биедээ хүндэвтэр хохирол авсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, хуульд заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан, нэмэгдэл ял хэрэглэн шийдвэрлэсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг хэрэглэн тусгай ангид заасан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэглэвэл зохих тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээг сонгон хэрэглэх нь шүүх болон шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх байдаг.

 

Шүүх, шүүгчид хуулиар эрх олгосон хэм хэмжээг хэрэглэн хууль тогтоогчоос тогтоосон хуулийн хүрээнд оногдуулсан төрөл хэмжээний ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”-д тооцдоггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болохоор заасан.

 

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлэх эрх хуулиар олгогдоогүй болно.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунчимэгийн гаргасан “...Д.Б нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, бусдын биед гэмтэл учруулан, амь нас хохироосон атлаа бусад руу өөрийн буруугаа нялзаасан, шүүхээс түүнд оногдуулсан хорих ял хэт хөнгөдсөн...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй тул давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар гэм буруутайд тооцохдоо хуулийн үг хэллэгийг буруу хэрэглэсэн, хуульд байхгүй үг хэллэг хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Мөн шийтгэх тогтоолын Удиртгал болон Тодорхойлох, прокурорын яллах дүгнэлтийн Тэмдэглэх, Тогтоох нь хэсгүүдэд шүүгдэгч Д.Баттулгын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг “89-78” гэж буруу бичсэн байгааг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 04-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Шар өлзийт овогт Даваадагвын Б-г согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг

 

“...Шүүгдэгч Шар өлзийт овогт Даваадагвын Б-г согтуурсан үедээ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

 

                                                                              М.МӨНХДАВАА

 

 

[1] хх-ийн 24-26-р тал,

[2] хх-ийн 33-34-р тал

[3] хх-ийн 39-40-р тал

[4] хх-ийн 36-37-р тал

[5] хх-ийн 44-46-р тал

[6] хх-ийн 52-53-р тал

[7] хх-ийн 63-64, 75-76, 87-88, 104-105, 138-139-р тал