Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2022/04441

 

 

 

 

 

 

2022 10 26

101/ШШ2022/04441

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0тоотод байрлах, Х ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Э.Х холбогдох

 

Гэрээний үүрэгт 13,509,978.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

/Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Э.Х нь тус банкны Багануур салбараас 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/597 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 1,444,205.57 төгрөг, зээлийн хүүд 337,666.27 төгрөг, нийтдээ 1,781.871.84 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2945 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3. 7.1.9-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй. Харилцагч оршин суугаа хаяг дээрээ олдохгүй байсан учраас Хны зүгээс тус харилцагчийг эрэн сурвалжлуулахаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж, улмаар Багануур дүүрэг дэхь Цагдаагийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 25/1987 тоот албан бичгээр хариуцагч Э.Хийн хаягийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин сууж байгаа гэж тогтоосны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2019/18677 тоот захирамжаар уг хаяг дээр бүртгэлгүй, оршин суудаггүй тул хариуцагчийн хаягийг тодруулж, нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй хэмээн шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож буцаасан. Нэхэмжлэгч банкны зүгээс Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст дахин хандаж хариуцагчийн оршин суух хаягийг тогтоолгохоор хүсэлт гаргахад Цагдаагийн байгууллага нь эрэн сурвалжлаад дээрх хаяг дээрээ өнөөг хүртэл амьдран суугаа болохыг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 26/1565 тоот албан бичгээр баталгаажуулсан болно.

Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна: Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 5,555,794.43 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,117,858.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 822,325.09 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 13,509,978.18 төгрөгийг хариуцагч Э.Хээс гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э.Х нь шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/597 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Зээл буцаан төлөх хуваарь, Э.Хийн 5750604717 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Нотариатын нэхэмжлэх, нэхэмжлэгчийн итгэмжлэлүүд, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103/ШШ2019/00052 дугаартай шийдвэр, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 254-5/1987 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2019/18677 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 26м/1565 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч талаас хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э.Хт холбогдуулан ЗГ/597 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт зээлийн үлдэгдэл 5,555,794.43 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,117,858.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 822,325.09 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 13,509,978.18 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Э.Хт 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч тэрээр шүүхийн тогтоосон хугацаа болох 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор болон шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, мөн өнөөдрийн шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3ариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Х ХХК-ийн Багануур салбар нь Э.Хтэй 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/597 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, 7,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй, Э.Х нь ирээдүйд орж ирэх цалингийн орлого болон гэрийн эд хогшилийг барьцаалан зээл авсан ба зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээлд 1,444,205.57 төгрөг, зээлийн хүүд 337,666.27 төгрөг, нийтдээ 1,781.871.84 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн ба гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан, хариуцагч нь 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан ба энэхүү хугацаанаас хойш гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

 

5. Ийнхүү гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан байх ба нэхэмжлэгч нь хариуцагч Э.Хийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103/ШШ2019/00052 дугаартай шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Хийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэхээр даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 254-5/1987 дугаартай албан бичгээр Э.Х нь Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин сууж байгааг тогтоосоны дагуу нэхэмжлэгч нь энэхүү хаягийн дагуу шүүхэд хандсан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2019/18677 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй буюу хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 26м/1565 дугаартай албан бичгээр Э.Х нь Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин сууж байгааг дахин тогтоосоны дагуу нэхэмжлэгч Х ХХК нь тус шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

 

6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар нэхэмжлэгч нь дээр дурдсанаар тогтоосон журмаар зээлийн гэрээтэй холбоотой хариуцагчийг эрэн сурвалжлуулах, зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг тус тус гаргаж байсан байх тул зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/597 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

 

7. Хариуцагч нь зээлийн төлөлт хийх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар гэрээний үндсэн хугацааны хүү болон зээлээ хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хуульд нийцжээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

8. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нэхэмжлэлд хавсаргах баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд ирүүлэх зэрэг хуулийн шаардлага хангуулахын тулд нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсний үйлчилгээний хөлс, зардалд 14,000 төгрөг төлсөн болох нь Нотариатын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэхээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн үндэслэлд хамааруулан хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

9. Иймд дээрх үндэслэлүүдээр зээлийн үлдэгдэл 5,555,794.43 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,117,858.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 822,325.09 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 13,509,978.18 төгрөгийг хариуцагч Э.Хээс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохигчдын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр хойшлуулж, өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.Хийн 0 дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,499.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 225,499.89 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Хээс гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 13,509,978.18 /арван гурван сая таван зуун есөн мянга есөн зуун далан найман төгрөг арван найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,499.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 225,499.89 /хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ