Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/04416

 

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ТБ ХХК,

Хариуцагч: О.М

Хариуцагч: Б.У нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 269,562,122 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгчийн туслах хариуцагч нарын төлөөлөгчид хурлын товыг мэдэгдсэн тул нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч нарын төлөөлөгч А.Санжаадоржийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч О.М-, Б.У- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 269,562,122 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Зээлдэгч О.М-, Б.У- нар ТБ тай 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 341801631270 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлийг ТБ дахь 341801630875 төгрөгийн дансанд бүхэлд нь шилжүүлсэн. Зээл олгосноос хойш 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн эргэн төлөх графикийн дагуу төлж явсан ба 2018 оны 09 дүгээр сараас зээлийн эргэн төлөлтийн график зөрчигдөж хугацаа хэтрэлт үүсэж ТБ ны хуулийн газар буюу тусгай активын албад 2019 онд шилжиж ирсэн.

Тусгай активын албанд шилжиж ирснээр зээлдэгч нартай зээлээ төлөх талаар уулзалт хийж мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан боловч үр дүн гаргаагүй. Зээлдэгч нартай зээлийн эргэн төлөлтийг төлөх мэдэгдлийг нийт 9 удаа өгсөн, нэмэлт хугацааг өгч байсан боловч зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч нараас үндсэн зээлд 182,664,192 төгрөг, зээлийн хүүд 84,850,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,047,452 төгрөг нийт 269,562,122 төгрөгийг гаргуулж ТБ анд олгож өгнө үү. Зээлдэгч нарын ТБ тай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №334180163270 дугаар барьцааны гэрээ үүрэгт Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 00дугаар байрны 00тоот хаяг байрлалтай, 00 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:О.М-, Б.У- нарт холбогдох ТБ ХХК-ийн нэхэмжлэл хууль бус гэж үзэж байгаа тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Санжаадорж шүүхэд гаргасан тайлбартаа:Хариуцагч нарын зүгээс 2016 оны 341801631270 дугаар Орон сууцны болон Барьцааны гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл төлж 2018 оны 09 дүгээр сараас эхлэн график төлөлтөд хугацаа хэтрэлт үүссэн ба энэ нь дэлхийн нийтийг хамарсан цар тахал буюу ковид 19 болон хариуцагч нарт учирсан санхүүгийн хэцүү байдлын улмаас тус зээлийн эргэн төлөх хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүрсэн.

О.М-, Б.Уранцэцэг нарын зүгээс ТБ ХХК-д учруулсан хохирлыг төлөх чин хүсэл байх ба нэхэмжлэлийн үндсэн зээл 182,664,192 төгрөг, хүү 84,850,478 төгрөгийн хувь болох 42,425,239 төгрөгийг төлөх буюу нийт 225,089,431 төгрөгийг төлөх боломж бүрдэж байгаа ба 225,089,431 төгрөг дээр эвлэрэх саналыг гаргаж байна. Иймд ТБ ХХК-ийн зүгээс хариуцагч талаас гаргасан үндсэн зээл 182,664,192 төгрөг, хүүгийн 50 хувь болох 42,425,239 төгрөг, нийт 225,089,431 төгрөг дээр харилцан тохиолцож хамтран ажиллах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд: 2016.05.23-ны Барьцааны гэрээ(хх-ийн8-9), 2016.05.23-ны Орон сууцны зээлийн гэрээ(хх-ийн8-9, 10-11), ҮХЭХӨЭУБгэрчилгээ(хх-ийн12), зээлийн тооцоо(хх-ийн13-15), иргэний үнэмлэхийн хуулбар(хх-ийн16-17),гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа(хх-ийн18), Засаг даргын тодорхойлолт(хх-ийн19-20),О.М-н хүсэлт(хх-ийн21,32-34), мэдэгдэл(хх-ийн22-31), зээлийн дансны хуулга (хх-ийн 151-154) зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн.

5.Хариуцагч нараас шүүхэд: Засаг даргын тодорхойлолт(хх-ийн46-47), эмнэлгийн магадлагаа(хх-ийн80,91) зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

6.Шүүхээс зохигчдын хүсэлтээр: лавлагаа(хх-ийн102), ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ(хх-ийн 149), ҮХЭХӨЭУБгэрчилгээ(хх-ийн 150) бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үндсэн зээл 182,664,192 төгрөг, үндсэн хүү 84,850,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,047,452 нийт 262,562,192 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар сайн дураараа үүргээ биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар хариуцагч нараас шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нар үндсэн зээл 182,664,192 төгрөгийг, хүү 84,850,478 төгрөгийн 50 хувь болох 42,425,239 төгрөг, нийт 225,089,431 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

нэг.Зээлийн гэрээний үүрэгт 269,562,121.17 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

4.Зээлдэгч О.М- 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 00дугаар байрны 00 тоот хаяг байрлалтай, 00м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг Д.Г 341,000,000 төгрөгөөр худалдан авахаар 102,300,000 төгрөгийг бэлнээр, 238,700,000 төгрөгийг ТБ наас орон сууц худалдан авах зээл авч худалдагч талд төлөхөөр тохиролцож Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулснаар, дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгчөөр О.М- бүртгэгджээ.(хх-ийн 12, 150

5. Зээлдүүлэгч ТБ ХХК болон зээлдэгч О.М-, Б.У- нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №341801631270 тоот Зээлийн гэрээ-г байгуулан, 200,000,000 төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр,  24 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд  үндсэн хүүгийн 20 хувьтай нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт, зээлийн хүсэлт зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.(хх-ийн 10-11, 151-154)

6.Зохигчид мөн өдөр №34801631270 тоот Барьцааны гэрээгээр О.М-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00дугаар хороо, 00 Хүннүгийн гудамж 00 дугаар байрны 00 тоот хаяг байрлалтай, 130.6 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг барьцаалсан байна.(хх-ийн8-9)

7.Талууд дээрх гэрээний хүчин төгөлдрийн, зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгийг зээлдэгч нар авч ашигласан талаар маргаагүй, зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн хариуцагч нар хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд хамтран зээлдэгчийн үүргийг Б.У хүлээсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгч нараас шаардах эрхтэй.

8.Хариуцагч нар зээлийн үндсэн төлбөр үндсэн зээл 182,664,192   төгрөгийг, хүү 84,850,478 төгрөгийн 50 хувь болох 42,425,239 төгрөг, нийт 225,089,431 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

9.Хариуцагч нар гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл төлж, 2018 оны 09 дүгээр сараас эхлэн график төлөлтөд хугацаа хэтрэлт үүссэн ба энэ нь дэлхийн нийтийг хамарсан цар тахал буюу ковид 19 болон хариуцагч нарт учирсан санхүүгийн хэцүү байдлын улмаас тус зээлийн эргэн төлөх хуваарийг хэтрүүлсэн гэж тайлбарладаг.

10. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ..хариуцагч нарын зээлийн эргэн төлөлт 2018 оны 9 дүгээр сараас эхлэн доголдсон ба энэ нь ковид-19 цар тахалтай холбоогүй. Засгийн газраас цар тахалтай холбогдуулан иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасан.Гэтэл хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлтийг банканд гаргаагүй. Хариуцагч О.М- ...вокзалын орчим байрлах 1000 машины зогсоолын газар олгох захирамж Д с ХХК-д гаргахад хөрөнгө оруулалт орж ирэх тул ТБ ийг хохиролгүй болгож төлбөр тооцоог бүрэн барагдуулна гэдэг хүсэлтийг өгдөг гэж тайлбарлажээ.

11.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус  хуульчилсан.

12.Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас Иргэний хуулийн 451.1.,186 дугаар зүйлийн 186.1.-д зааснаар шаардах эрхтэй.

13.Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний:

2.1.1. зээлийн хэмжээ: 200,000,000 (хоёр зуун сая) төгрөг;

2.1.2.зээлийн зориулалт: зээлдэгч зээлийг өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зорилгоор орон сууц худалдан авах зориулалтаар ашиглана. Зээлийг зориулалтаас өөрөөр ашиглахыг хориглоно.

2.1.4. зээлийн хүү: сарын 1.9%, жилийн 22.8 хувь байна.Зээл олгосон хоногоос хойш 365 хоногоор тооцно.

2.1.5. нэмэгдүүлсэн хүү: зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцно.

2.1.6. зээлийн хугацаа:120 сарын хугацаатай олгоно. Талууд зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралт№1 Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-д харилцан тохиролцон баталгаажуулсан болно.

6.1.1 энэ гэрээний хавсралтад заасан зээл, хүүгийн төлбөр, хэрэв бодогдсон бол нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн бүрэн төлж барагдуулснаар гэж тохиролцжээ.(хх-ийн10-11,)

14. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч О.М-, Б.У- нар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №34801631270 дугаар Орон сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, зээлийн хугацаанд нь төлөөгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

15. Зээлдэгч нар нь зээлийг буцаан төлөх үүргээс үндсэн зээлд 17,335,808.33 төгрөгийг, зээлийн үндсэн хүүд 205,335,032.19 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 37,986.38 нийт 122,726,826.98 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. Зээлдэгч нарын зээлийн гэрээний буцаан төлөх графикт дурдсанаар  үндсэн зээлийн хүүд 190,202,509.75 төгрөг төлөхөөс 105,353,032.19 төгрөг төлснийг хасвал 84,850,477.57 төгрөгийг төлөх үүргийг хүлээжээ. Зээлдэгч нар зээлийн гэрээний2 дугар зүйлийн 2.1.5-д зааснаар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцож төлүүлэх нөхцөлийг гэрээгээр тохиролцон тогтоожээ. Хариуцагч нар зээлийн нэмэгдүүлсэн хүүд 2,047,451.93 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэв.

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ...хариуцагч нар дэлхийн нийтийг хамарсан цар тахал буюу ковид 19 болон санхүүгийн хэцүү байдлын улмаас тус зээлийн эргэн төлөх хуваарийг хэтрүүлсэн. гэж тайлбарлах атлаа зээлдэгчийн зээл хойшлуулах тухай хүсэлтийг банканд гаргасан, зээлийн хугацааг хойшлуулах талаар шийдвэрлэсэн эсэх зэрэг баримтыг гаргаж өгөөгүй.

17. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ковид 19 цар тахалтай холбоотой санхүүгийн хүндрэлийн улмаас зээлийн эргэн төлөлт доголдсон талаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.

18.Иймд хариуцагч О.М-, Б.У- нараас 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №34801631270 тоот Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл182,664,191.67 төгрөг, зээлийн хүүд 84,850,477.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,047,451.93 төгрөг нийт 269,562,121.17 төгрөгийг гаргуулж ТБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

хоёр. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

19. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №341801631270 тоот Барьцааны гэрээгээр О.М-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 Хүннүгийн гудамж 00 дугаар байрны 00 тоот хаяг байрлалтай, 130.6 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээг байгуулжээ.(хх-ийн 8-9),

20. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

21. Талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хуулийн шаардлагад хангасан байна.

22. Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №341801631270 тоот Барьцааны гэрээгээр О.М-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 00 дугаар байрны 16 тоот хаяг байрлалтай, 00 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээг байгуулж, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

23. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу  зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд О.М-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

24. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. -д тус тус зааснаар хариуцагч О.М, Б.У нараас үндсэн зээл182,664,191.67 төгрөг, зээлийн хүүд 84,850,477.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,047,451.93 төгрөг нийт 269,562,121.17 төгрөгийг гаргуулж ТБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч О.М-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 00 дугаар байрны 00 тоот хаяг байрлалтай, 00 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 19287 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангах тухай захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1., 122.2-т зааснаар хүчинтэй байхыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,575,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас  улсын тэмдэгтийн хураамжид 1,575,962 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ