Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

    Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

    Шүүгдэгч П.Ш, Х.Ж, Б.А,

    Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ********ийн ********, ******** уяач овгийн ******** *********, ******** овгийн ******** ******** нарт холбогдох 2526001870157 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

          1. Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******** суманд ******** оны -**** дүгээр сарын *****-ний өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, регистрийн дугаар ****************, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********” ХХК-д угаагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** аймгийн ******** сумын **** дугаар баг ******** гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д тус тус зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******** овгийн ********ийн ********,  

 

2. Монгол Улсын иргэн, ******** аймгийн ********суманд **** оны **** дугаар сарын 30-ны өдөр төрсөн, ***** настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт ******** аймгийн ********сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** уяач овгийн ******** *********.

 

            3. Монгол Улсын иргэн, ******** аймгийн ********суманд ****** оны **** дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, ***** настай, эрэгтэй, регистрийн дугаар ******, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** аймгийн ********сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овгийн ******** ********.

 

  Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Б.А, Х.Ж, П.Ш нар нь бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “********” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1. Шүүгдэгч П.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

Шүүгдэгч Х.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

Шүүгдэгч Б.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),

 

            Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-16 хуудас),

 

           Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Minelab” брэндийн gold monster-1000,  Minelab 7000 металл хайгч, 10-57 БНА улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн автомашин, 1 ширхэг төмөр зээтүү зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 17-20 хуудас),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагийн үед Өвөрхангай аймгийн ******** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “********” гэх газарт цагдаа ********, багийн Засаг дарга ********, сумын Засаг дарга ******** бид нар эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхэд улсын дугааргүй “Toyota Corolla Fielder” маркийн машинтай 2 металл хайгчтай, 3 хүн алт хайгаад явж байсан. Энэ хүмүүст торгуулийн шийтгэл оногдуулбал сум орон нутгийн дансанд торгуулийн мөнгийг оруулах саналтай байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 хуудас),

Гэрч Б.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 06 цагийн орчимд ******** сумын 4 дүгээр баг “********” гэх газарт тус багийн Засаг дарга Д.********, байгаль орчны байцаагч ********, ******** сумын Засаг дарга П.******** нарын хамт хяналт шалгалтаар явсан. ********ын жалгаар уруудаад явж байтал сайран дунд хүмүүс металл хайгчаар алт хайгаад явж байсан. Бид нарыг очиход 3 хүн цугтаа 2 хүн нь металл хайгчаар алт хайгаад алхаж байсан. Бид нарыг хараад 2 хүн нь “Toyota Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгсэлдээ суугаад зугтаад яваад өгсөн. Нэг хүн нь араас нь гүйгээд гүйцээгүй. Тэр хүнийг би бариад автал зугтаасан хүмүүс нь хүрээд ирсэн.” гэсэн мэдүүлэг  (хх-ийн 25 хуудас),       

          “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №625-912084 дугаартай “Minelab” брэндийн gold monster-1000 металл хайгч 2,500,000 төгрөг,  Minelab 7000 металл хайгч 1,800,000 төгрөг,  10-57 БНА улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн автомашин 9,500,000 төгрөг, 1 ширхэг төмөр зээтүү 18,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 33-37 хуудас)

 

          10-57 БНА улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 90 хуудас) зэрэг болно.

 

           3. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

            Хэрэгт шүүгдэгч ********гын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, малчны тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68-73, 93 хуудас),

           Шүүгдэгч П.Шгийн хувийн байдлыг тодорхойлсон ******** аймгийн ********сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мал тооллогын лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 76-81, 91 хуудас),

           Шүүгдэгч Х.Жы хувийн байдлыг тодорхойлсон ******** аймгийн ********сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мал тооллогын лавлагаа, 10-57 БНА улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хх-ийн 84-90, 92 хуудас),

           4. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар “...Шүүгдэгч нар нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “********” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********, гэрч Б.******** нарын мэдүүлэг, эд зүйлд болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.  Энэ хэргийн тухайд газрын хэвлийд халдсан, газрын хөрсийг ухсан үйл баримт тогтоогдоогүй. Шүүгдэгч нар шүүх хуралдаан дээр зөвхөн металл хайгчаа угсарсан, машинаасаа дөнгөж буусан, машиндаа байж байсан гэж тайлбарлаж байна. Гэмт хэрэгт бэлтгэх шинжийг төгс үйлдэхэд тооцох энэ шинж нь ямар нөхцөл байдалд хангагдах вэ гэхээр тухайн авч явсан эд зүйлс буюу металл хайгчаа угсарсан, машинаасаа буугаад явж байгаа нөхцөл байдал нь өөрөө гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогдоно. Тэрнээс биш заавал алт олсон, байгалийн алтыг олборлосон гэдэг нөхцөл байдалд хамаарахгүй. Иймд шүүгдэгч Б.А, Х.Ж, П.Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн учраас шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж байна. гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгч нарын  гэм буруутай эсэх талаар “...Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаан байхгүй гэдгээ илэрхийлж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлсэн. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Тээврийн хэрэгслээр тухайн газарт очсон боловч тухайн тээврийн хэрэгсэл нь алт олборлох зориулалтгүй, хүн тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл гэж үзэж байгаа учраас тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч болох шүүгдэгч Б.Ад буцаан олгож өгнө үү. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан металл хайгч, зээтүү зэргийг шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх байх.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш, Х.Ж, Б.А нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч П.Ш, Х.Ж, Б.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

           Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А, П.Ш, Х.Ж нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “********” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримт нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),

 

            Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-16 хуудас),

 

           Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Minelab” брэндийн gold monster-1000,  Minelab 7000 металл хайгч, 10-57 БНА улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн автомашин, 1 ширхэг төмөр зээтүү зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 17-20 хуудас),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********ын “...2025 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагийн үед Өвөрхангай аймгийн ******** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “********” гэх газарт цагдаа ********, багийн Засаг дарга ********, сумын Засаг дарга ******** бид нар эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхэд улсын дугааргүй “Toyota Corolla Fielder” маркийн машинтай 2 металл хайгчтай, 3 хүн алт хайгаад явж байсан. Энэ хүмүүст торгуулийн шийтгэл оногдуулбал сум орон нутгийн дансанд торгуулийн мөнгийг оруулах саналтай байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 хуудас),

Гэрч Б.********ийн “...2025 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 06 цагийн орчимд ******** сумын 4 дүгээр баг “********” гэх газарт тус багийн Засаг дарга Д.********, байгаль орчны байцаагч ********, ******** сумын Засаг дарга П.******** нарын хамт хяналт шалгалтаар явсан. ********ын жалгаар уруудаад явж байтал сайран дунд хүмүүс металл хайгчаар алт хайгаад явж байсан. Бид нарыг очиход 3 хүн цугтаа 2 хүн нь металл хайгчаар алт хайгаад алхаж байсан. Бид нарыг хараад 2 хүн нь “Toyota Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгсэлдээ суугаад зугтаад яваад өгсөн. Нэг хүн нь араас нь гүйгээд гүйцээгүй. Тэр хүнийг би бариад автал зугтаасан хүмүүс нь хүрээд ирсэн.” гэсэн мэдүүлэг  (хх-ийн 25 хуудас),       

          “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №625-912084 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 33-37 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай.

        Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэйгэж хуульчилсан.

          Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч Б.А, П.Ш, Х.Ж нар нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.

          Шүүгдэгч Б.А, П.Ш, Х.Ж нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул тэднийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.  

 

            5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд тайлбар ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

            

            6. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.А, Х.Ж, П.Ш нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, хохирол, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж шүүгдэгч Б.А, Х.Ж, П.Ш нарыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар Gold monster-1000, Minelab-7000 маркийн металл хайгчийг улсын орлогод оруулж, зээтүү 1 ширхгийг устгах саналтай байна. 10-57 БАН улсын дугаартай Тоёота филдер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү.  Шүүгдэгч нар нь газрын хэвлийд халдаагүй учраас бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн. Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно гэж заасан. Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хөнгөн ангиллын гэмт хэрэг байгаа учраас шүүгдэгч Б.А, Х.Ж, П.Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч өгнө үү гэсэн саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

            Шүүгдэгч Б.А, П.Ш, Х.Ж нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

           Шүүхээс шүүгдэгч Б.А, П.Ш, Х.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

 

 Иймд шүүгдэгч Б.А, П.Ш, Х.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр нэг жилийн  хугацаагаар тэнсэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А Б.А, П.Ш, Х.Ж нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, П.Ш, Х.Ж нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Б.А, П.Ш, Х.Ж нар нь ******** аймгийн ********суманд  оршин суудаг болох нь хэрэгт авагдсан ******** аймгийн ********сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19,  ******** аймгийн ********сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дугаартай тодорхойлолтууд, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарт  тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг ******** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна. 

           7. Бусад асуудлын талаар:

 

             Шүүгдэгч Б.А, П.Ш, Х.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна.

 

           Хэрэгт “Minelab брэндийн gold monster-1000 металл хайгч, Minelab брэндийн 7000 металл хайгч,  10-57 БНА улсын дугаартай ногоон өнгийн “Toyota Corolla Fielder” маркийн автомашин, 1 ширхэг төмөр зээтүү зэргийг эд мөрийн баримтаар тооцжээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,

            3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”,

           4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан.

          Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Minelab брэндийн gold monster-1000 металл хайгч, Minelab брэндийн 7000 металл хайгч зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 10-57 БНА улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн машиныг эд мөрийн баримтаар хураасан.

         Шүүгдэгч нарыг 10-57 БНА улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглахаар завдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул тус автомашиныг шүүгдэгч Б.Ад буцаан олгох нь зүйтэй байна.

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, П.Ш, Х.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1.Шүүгдэгч ******** овгийн ********ийн ********, ******** уяач овгийн ******** *********, ******** овгийн ******** ******** нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А, Х.Ж, П.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг  оногдуулахгүйгээр тус бүр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.А, Х.Ж, П.Ш нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Х.Ж, П.Ш нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.А, Х.Ж, П.Ш нарт тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг ******** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           6. Шүүгдэгч Б.А, Х.Ж, П.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Мinelab брэндийн Gold monster-1000 загварын металл хайгч 1 ширхэг, Мinelab-7000 загварын металл хайгч 1 ширхгийг улсын төсөвт шилжүүлж, зээтүү 1 ширхгийг устгаж, 10-57 БНА улсын дугаартай ногоон өнгийн “Toyota Fielder” маркийн автомашиныг шүүгдэгч Б.Ад буцаан олгосугай.

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Х.Ж, П.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Х.Ж, П.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.ЦЭЦЭГЭЭ