Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/04415

 

 

 

 

 

 

 

 

2022 10 25

101/ШШ2022/04415

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 давхарт байрлах, Н ХХК /регистрийн дугаар /,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 давхарт байрлах, Т ХХК /регистрийн дугаар /-иудын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, И ХХК /регистрийн дугаар /-д холбогдох

 

NC/21/0240 гэрээний дагуу төлсөн төлбөр болон торгуульд 27,116,504 төгрөг, D-TE/21/0136 гэрээний дагуу төлсөн төлбөр 9,219,105 төгрөг, нийт 36,335,609 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Д.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

/Хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н ХХК, Т ХХК, тус компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Д.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н ХХК болон хариуцагч И ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр NС/21/0240 дугаартай 0 дугаар байрны домофон системийн засварын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 1, 4-т заасны дагуу 0 дугаар байрны домофон системийг ажиллагаанд оруулах засварыг нийт 51,650,484 төгрөгөөр засварлаж актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг. Талуудын хооронд байгуулсан NС/21/0240 дугаартай гэрээний Тусгай нөхцлийн 6-д ажлын хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг гэж тохиролцсон бөгөөд мөн нөхцлийн 10-д урьдчилгаа төлбөрийг 50 хувь буюу 25,825,242 төгрөг байхаар тохиролцож үлдэгдэл төлбөрийн гүйцэтгэлийн актыг үндэслэн олгохоор тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 25,825,242 төгрөгийг хариуцагч И ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №03 дугаартай хүсэлтэд манай компанийн харилцах банкны дансыг харьяа татварын албанаас түр хугацаагаар битүүмжилсэнтэй холбоотойгоор орлого, зарлага хийгдэх боломжгүй болсон тул компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирал С.Дын нэр дээрх хаан банкны 0 тоот дансанд шилжүүлэхийг хүсэе... гэсний дагуу урьдчилгаа төлбөрийг иргэн С.Дын дансруу шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлж урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох домофон системийн засвар, үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгээгүй, актаар хүлээлгэн өгөөгүй тул үлдсэн санхүүжилтийг олгоогүй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талаас удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг мэдэгдэж байсан боловч нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар гэрээнд заасан үүргээс нэг ч үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, цаашид гэрээний үүргээ биелүүлэхгүй, нэмэлт хугацаа тогтоосон үр дүн гарахгүй болсон нь илт тул гэрээг нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан байдаг. Талуудын хооронд байгуулсан NС/21/0240 дугаартай гэрээний Тусгай нөхцлийн 22-т Гэрээт ажлыг бүрэн гүйцэт хийгээгүй, дутуу буюу чанарын хувьд хангалтгүй үнэлгээ авч дахин хийгээгүй тохиолдолд гүйцэтгэгчийн ажиллах хүчний зардлын үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг гүйцэтгэгчид нэмж тооцно гэж заасны дагуу олгосон санхүүжилт буюу 25,825,242 төгрөгийн 5 хувь болох 1,291,262 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан NС/21/0240 гэрээний дагуу төлсөн төлбөр 25,825,242 төгрөг, торгууль 1,291,262 төгрөг, нийт 27,116,504 төгрөгийг И ХХК-иас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Т" ХХК болон хариуцагч И ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр D-ТЕ/21/0136 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу Тайм скүэр хотхоны 501-506, 511 дугаар байрны домофон системийг ажиллагаанд оруулах засварыг нийт 18,438,210 төгрөгөөр засварлаж актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг. Талуудын хооронд байгуулсан D-ТЕ/21/0136 дугаартай гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэх хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг гэж тохиролцсон бөгөөд, урьдчилгаа төлбөрийг 50 хувь буюу 9,219,105 төгрөг байхаар тохиролцож үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэлийн актыг үндэслэн олгохоор тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 9,219,105 төгрөгийг хариуцагч И ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №02 дугаартай хүсэлтэд ...Манай компанийн харилцах банкны дансыг харьяа татварын албанаас түр хугацаагаар битүүмжилсэнтэй холбоотойгоор орлого, зарлага хийгдэх боломжгүй болсон тул компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирал С.Дын нэр дээрх хаан банкны 0 тоот дансанд шилжүүлэхийг хүсье... гэсний дагуу урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэх захирал С.Дын данс руу шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлж урьчилгаа төлбөрийг шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох домофон системийн засвар, үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгээгүй, актаар хүлээлгэн өгөөгүй тул үлдсэн санхүүжилтийг олгоогүй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талаас удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээнд заасан үүргээс нэг ч үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, цаашид гэрээний үүргээ биелүүлэхгүй, нэмэлт хугацаа тогтоосон үр дүн гарахгүй болсон нь илт тул гэрээг нэг талын санаачилгаар гэрээг цуцалж гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан нэхэмжлэгчид олгохыг мэдэгдсэн боловч буцаан шилжүүлэлгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна.

Иймд талуудын хооронд байгуулсан D-ТЕ/21/0136 гэрээний дагуу төлсөн төлбөр 9,219,105 төгрөгийг И ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч И ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч тал болох И ХХК нь Н ХХК, Т ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Р Т хотхонуудад Samsung брэндийн домофон системийн серверийг шинэчилэн түүнтэй холбоотой тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, угсарч суурилуултын гэрээ байгуулсан бөгөөд үйлдвэрлэгч БНСУ-ын Samsung SDS компани болох систем шинчилэгдсэнтэй холбоотойгоор өмнөх системийн тоног төхөөрөмжүүдийг шинээр үйлдвэрлэх боломжгүй гэдгээ мэдэгдэж шаардлагатай серверийн тоног төхөөрөмжүүдийг засвар ашиглалтын төвүүдээр дамжуулан нийлүүлэлт хийхээр тохиролцсон болно. Засвар ашиглалтын төвүүдэд манай гэрээт ажилд шаардлагатай тоног төхөөрөмжүүд цөөн тоогоор нийлүүлэгдсэний улмаас гэрээт ажлын гүйцэтгэх хугацаа удааширч гэрээ цуцлагдах үндэс болсон. Гэвч ажил гэрээлэгч тал нэхэмжлэгч талд доорх хүсэлтийг танилцуулж байна.

Компаний санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа учир гэрээт ажлын урьдчилгаа төлбөр мөнгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний дотор буцаан төлнө. Хэдий нэхэмжлэгч талаас гэрээ цуцалсан боловч энэхүү гэрээт ажлын үүргийн дүнгийн 60 хувь гүйцэтгэх шаардлагатай тоног төхөөрөмжүүд нийлүүлэлт хийгдэж бэлэн байгаа болно. Энэхүү гэрээт ажил үргэлжилэх нөхцөл бүрдсэн тохиолдолд захирамжаар хаалгасан дансыг цуцлаж сэргээх гэжээ.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н ХХК, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т ХХК болон И ХХК-ийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан D-ТЕ/21/0136 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Гэрээний урьдчилсан нөхцөл, БНСУ-ын Samsung брэндийн Home automation систем, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Төлбөрийн даалгавар 2, И ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01,02 дугаартай албан бичиг, Н ХХК болон И ХХК-ийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан NC/21/0240 дугаартай 0 дугаар барилгын домофон системийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний тусгай нөхцөл, БНСУ-ын Samsung брэндийн Home automation систем, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний урьдчилан нөхцөл, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн даалгавар, И ХХК-ийн нэхэмжлэх №06, И ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02,03 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэлүүдийг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлж, И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С.Дын иргэний үнэмлэхний лавлагаа, хариуцагчийн хариу тайлбарыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н ХХК, Т ХХК нь хариуцагч И ХХК-д холбогдуулан

- Н ХХК болон И ХХК-ийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан NС/21/0240 гэрээний дагуу төлсөн төлбөр 25,825,242 төгрөг, торгууль 1,291,262 төгрөг, нийт 27,116,504 төгрөгийг,

- Т ХХК болон И ХХК-ийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан D-ТЕ/21/0136 гэрээний дагуу төлсөн төлбөр 9,219,105 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч нь компаний санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа учир гэрээт ажлын урьдчилгаа төлбөр мөнгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний дотор буцаан төлнө. Хэдий нэхэмжлэгч талаас гэрээ цуцалсан боловч энэхүү гэрээт ажлын үүргийн дүнгийн 60 хувь гүйцэтгэх шаардлагатай тоног төхөөрөмжүүд нийлүүлэлт хийгдэж бэлэн байгаа болно гэх тайлбарыг гаргасан байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Н ХХК болон И ХХК-ийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр NС/21/0240 дугаартай 0 дугаар барилгын домофон системийн засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, мөн гэрээний тусгай нөхцлийг тохирч, гүйцэтгэгч И ХХК нь 0 дугаар барилгын домофон системийг ажиллагаанд оруулах засварын ажлыг Иргэний хууль, Барилгын болон бусад хууль тогтоомж, БНбД, улсын болон компанийн стандартын дагуу хийж гүйцэтгэхээр, гэрээний үнэ 51,650,484 төгрөг байхаар, захиалагч Н ХХК нь урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 25,825,242 төгрөгийг төлөх зэргээр харилцан тохирсон байна.

 

3б. Т ХХК болон И ХХК-ийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр D-ТЕ/21/0136 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, мөн гэрээний урьдчилсан нөхцлийг тохирч, гүйцэтгэгч И ХХК нь 0 дүгээр барилгын домофон системийг ажиллагаанд оруулах засварын ажлыг хийж гүйцэтгэхээр, гэрээний үнэ 18,438,210 төгрөг байхаар, захиалагч Т ХХК нь урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 9,219,105 төгрөгийг төлөх зэргээр харилцан тохирсон байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

3в. Дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагч И ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02,03 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгээр ... захиалагч гэрээний урьдчилгаа төлбөр болох 50 хувь буюу 9,219,105 төгрөг болон 25,825,242 төгрөгийг гүйцэтгэгчид шийдвэрлэх арга хэмжээ авч, ... компанийн харилцах банкны дансыг харьяа татварын албанаас түр хугацаагаар битүүмжилсэнтэй холбоотойгоор орлого, зарлага хийгдэх боломжгүй байгаа тул компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирал Н.Дын нэр дээрх Хаан банкны 0 тоот дансанд шилжүүлэхийг хүсье гэж хүссэний дагуу нэхэмжлэгч Н ХХК, Т ХХК-иуд нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 9,219,105 төгрөг болон 25,825,242 төгрөгийг шилжүүлжээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу үүргээ биелүүлж, 50 хувийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн, харин хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ямар нэгэн ажил гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

3г. Зохигчид нь гэрээний хугацаа буюу ажил гүйцэтгэх хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл байхаар тохирсон боловч хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгээгүй, ажил гүйцэтгэх хугацаа дууссан байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйтэй холбогдуулан гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, өөрт учирсан хохирол болох урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрийг нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

3д. Нэхэмжлэгч Н ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр NС/21/0240 дугаартай 0 дугаар барилгын домофон системийн засварын ажил гүйцэтгэх гэрээ-ний хавсралт Гэрээний тусгай нөхцөл-ийн 22-т Гэрээт ажлыг бүрэн гүйцэт хийгээгүй, дутуу буюу чанарын хувьд хангалтгүй үнэлгээ авч дахин хийгээгүй тохиолдолд гүйцэтгэгчийн ажиллах хүчний зардлын үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг гүйцэтгэгчид нэмж тооцно гэж зааснаар урьдчилгаа төлбөрийн үнийн дүн болох 25,825,242 төгрөгийн 5 хувь 1,291,262 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан зохицуулалтад нийцжээ.

 

4. Хариуцагч нь компаний санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа учир гэрээт ажлын урьдчилгаа төлбөр мөнгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний дотор буцаан төлнө гэсэн агуулга бүхий тайлбар гаргаснаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй, харин ...Хэдий нэхэмжлэгч талаас гэрээ цуцалсан боловч энэхүү гэрээт ажлын үүргийн дүнгийн 60 хувь гүйцэтгэх шаардлагатай тоног төхөөрөмжүүд нийлүүлэлт хийгдэж бэлэн байгаа болно гэх тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохигчдын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгч С.Дыг оролцуулахаар шийдвэрлэж, тэрээр мөн өдрөө 10 дугаар сарын 25-ны өдрийн 1500 цагт товлогдсон шүүх хуралдааны товтой танилцаж, шүүхийн мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан байна.

 

Ийнхүү шүүх хуралдааны товыг хариуцагч нь мэдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хариуцагчийн өмнө шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтан үзэж, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456,000 /293,540+162,460/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 293,540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д, 162,460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д тус тус олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч И ХХК-иас 27,116,504 /хорин долоон сая нэг зуун арван зургаан мянга таван зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д, 9,219,105 /есөн сая хоёр зуун арван есөн мянга нэг зуун тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д тус тус олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 293,540 /хоёр зуун ерэн гурван мянга таван зуун дөч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д, 162,460 /нэг зуун жаран хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2022/19180 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ