| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/04862/И |
| Дугаар | 101/ШШ2022/04549 |
| Огноо | 2022-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2022/04549
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Л.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: Л.С- холбогдох
Үндэслэлгүйгээр олж авсан 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б-, өмгөөлөгч А.Бүдханд, хариуцагч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Б- хариуцагч Л.Сд холбогдуулан үндэслэлгүйгээр олж авсан 2,300,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардаж байна. Би ахыгаа Солонгос явуулахаар виз гаргадаг Э-тэй харилцсан. Тухайн үед надтай хамтын амьдралтай байсан хариуцагчийн нөхрийн төрсөн ах Алтанхуяг би дүүгийнхээ хүүхдийг явуулъя гэсэн.Би Э- гэдэг хүний утасны дугаарыг Л.Б-т өгсөн. Л.С хүүгээ 2019 онд Солонгос улсруу явуулна гээд Э-тэй өөрөө утсаар ярьж, уулзаад мөнгөө өөрөө аваачиж өгсөн байдаг. н.Э- нь виз гаргаж өгөөгүй, Л.Б-ийн хүү Солонгос улс руу яваагүй. Тухайн үед хамтран амьдарч байсан н.Алтанхуяг мөнгөний хэрүүл хийж дарамтлаад байлгаж суулгахгүй байсны улмаас би арга буюу Л.Б-ийн дансанд 2,300,000 төгрөгийг шилжүүлснээр хэрүүл намдсан. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй юм. Л.Б- өөрөө Эрдэнцэцэгтэй уулзаад дансыг нь аваад мөнгөө шилжүүлсэн байдаг. Иймд надаас авсан 2,300,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.Б-ийн зуучлан танилцуулсан н.Э- гэх хүнд хүүгээ Солонгос явуулахаар визний урьдчилгаа төлбөрт 2,300,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ХанУул дүүрэг, яармагийн Вива сити хороололд очиж н.Э-тэй уулзаад бэлнээр 2,000,000 төгрөгийг түүний дансанд, 300,000 төгрөгийг бэлнээр хүүхдийнхээ бичиг баримтын хамт өгсөн. Гэтэл н.Э- манай хүүхдийн визийг гаргаж өгөөгүйн улмаас Солонгос улсруу явж чадаагүй юм.Би н.Б зуучилсан хүнд мөнгөө өгсөн. Тэр хүнд өгсөн мөнгөө Б авчихсан тул хохирлоо барагдуулсан гэж үзсэн. Харин Л.Б- өөрөө н.Э-ээс надад өгсөн мөнгөө олж авах нь зөв.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд: Л.Б Хаан банкны дансны хуулга(хх-ийн 4) гаргаж өгсөн.
Хариуцагчаас шүүхэд: Л.Сгийн Хаан банкны дансны хуулга гаргаж өгсөн.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Л.Б- хариуцагч Л.Сд холбогдуулан үндэслэлгүй шилжүүлсэн 2,300,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.
3. Нэхэмжлэгч Л.Б- .....би хариуцагч Л.Сд Солонгос улсын виз гаргадаг гэх н.Э-ийн утасны дугаарыг өгсөн. Л.С өөрөө н.Э-тэй уулзаж 2,300,000 төгрөгийг түүнд өгсөн байдаг. Тухайн үед надтай хамтран амьдарч байсан Л.Сгийн нөхрийн ах н.А мөнгөний хэрүүл хийж, дарамтлаад байсан тул би аргагүй эрхэнд 2,3000,000 төгрөгийг Л.Сд шилжүүлсэн. Би Л.Сгийн өмнө үүрэг хүлээгээгүй, мөнгийг нь аваагүй, нөхрийн дарамтаас болж хариуцагчид шилжүүлсэн 2,300,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч Л.С ...би нэхэмжлэгч Л.Б-ийн зааж өгсөн н.Э-т Солонгос улсын виз гаргуулахаар 2,300,000 төгрөгийг өгсөн.Гэтэл хүүхдийн виз гараагүй тул Л.Б-ээс 2,3000,000 төгрөгийг буцаан авсан. Л.Б- өөрөө н.Э-ээс миний өгсөн мөнгийг шаардаж авах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Б- Хаан банкны өөрийн нэр дээрх 00 данснаас 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17.57 цагт хариуцагч Л.Сгийн Хаан банкны 000 дансруу 2,300,000 төгрөгийг /визний буцаалт 99984590/утгатай шилжүүлсэн байна. (хх-ийн 4)
6. Хариуцагч Л.С нь виз гаргуулахаар н.Э-т 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн 2,300,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б-ээс 11 дүгээр сарын 10-ны өдөр буцаан авсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй.
7. Маргааны үйл баримтаас үзэхэд: нэхэмжлэгч өөрийн ахыг БНСУ-д явуулах зорилгоор н.Э-тэй виз гаргуулахаар харилцах явцад хамтран амьдрагч н.Алтанхуяг нь өөрийн төрсөн дүүгийн хүүхдийг явуулахаар нэхэмжлэгчид уламжилсны дагуу Л.Б- нь хариуцагч Л.Сарнтуяад н.Э-ийн утасны дугаарыг өгчээ.
8. Хариуцагч Л.С н.Э-тэй утсаар холбогдож, 2019 оны 05 дугаар сарын 31-ний орой Хан-Уул дүүрэг, яармаг, вива сити хотоны орчимд н.Э-тэй уулзаж, визний урьдчилгаа төлбөрт 2,300,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.
9. Хариуцагч нь тухайн өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний шөнийн 23.40 цагт Хаан банкны өөрийн эзэмшлийн 000 данснаас Хаан банкны н.Э-ийн 000 дансруу АТМ1293 Ula хүчит буян-ээр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон болно.(хх-ийн 33)
10. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч .....миний хамтран амьдарч байсан н.Алтанхуяг надтай Л.Сгаас визний урьдчилгаа төлбөрт н.Э-т шилжүүлсэн 2,3000,000 төгрөгийн талаар хэрүүл хийж, дарамтлаад байсан тул би аргаггүй эрхэнд Э-ийн өмнөөс Л.Сгийн Хан банкны дансанд 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,300,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан.
11. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч Л.Б- хариуцагчид 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр н.Э-ийн өмнөөс шилжүүлсэн 2,300,000 төгрөгийг шаардах эрхтэй.
12. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.
13. Тодруулбал, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь бусдын хөрөнгийг шилжүүлж авсан этгээд нь хөрөнгийн эзний зөвшөөрлийг үүргийн суурь хэлцлийн замаар аваагүй, зөвшөөрөл олгосон ч энэ нь хүчин төгөлдөр бус байгаа тохиолдлыг ойлгоно.
14. Хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулгаар Л.Б-ээс Л.Сд хөрөнгө шилжүүлснийг үндэслэн нэхэмжлэгч Л.Б- болон хариуцагч Л.С нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн, эг харилцаа дуусгавар хожим дуусгавар болсон визний урьдчилгаанд 2,300,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
15. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, хариуцагч Л.Сгаас 2,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
16. Хариуцагч Л.С визний урьдчилгаанд өгсөн төлбөрийг н. Э-т шилжүүлсэн гэж үндэслэлээр шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.С-аас 2,300,000 төгрөгийг гаргуулж Л.Б-Д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ