| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/04401/И |
| Дугаар | 101/ШШ2022/04734 |
| Огноо | 2022-11-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2022/04734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК
Хариуцагч: Б.Ц
Хариуцагч: А.Х нарт холбогдох
6,878,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б, А.Х- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,878,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Иргэн Ц.Б- болон хамтран үүрэг гүйцэтгэгч А.Х- нар манай банк бус санхүүгийн байгууллагатай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 019111120077 тоот Автомашин худалдах, худалдан авах зээлийн болон барьцааны гэрээг байгуулж гэрээгээр 11,200,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 арын хугацаатай зээлдүүлсэн.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож УБЯ улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг барьцаа болгосон. Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа болон ман хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны гэрээний эрх зүйн харилцаа тус тус үүссэн. Үндсэн зээлдэгч Ц.Б- хамтран зээлдэгч А.Х- нар нь 019111120077 тоот Авто машин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний 4.2.1, 4.2.3 дах заалтуудыг зөрчсөн тул барьцааны зүйлийг 8,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсан ч зээлийн үлдэгдэл 6,878,909 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Зээлдэгчийн зүгээс хамгийн сүүлд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлийн хүүд 500,000 төгрөг төлснөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний хавсралт№1-т заасан графикт хугацааг удаа дараа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 3.5.4-д заасны дагуу зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр байна.Үүнд: үндсэн зээлийн төлбөрт 6,872,907 төгрөг, зээлийн үндсэн хүүд 2 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг нийт 6,878,909 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар шаардах эрхтэй. Манай байгууллагын зүгээс зээлдэгч нарт хандан үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай 2022.02.16-ны өдрийн №21/145, 2022.03.16-ны өдрийн №21/245 мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлж байсан боловч үр дүнд хүрээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б, А.Х- нар 6,878,909 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа. Үндсэн зээлдэгч Ц.Б-, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Х- нар манай ББСБ-тай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. 11,200,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, ******* УБЯ улсын дугаартай Тоёотай Приус-20 маркийн автомашиныг барьцаа болгож авсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээний эрх зүйн харилцаа тус тус үүссэн. Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нар зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3-т заасны дагуу зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Барьцааны зүйл болох тоёота приус-20 маркийн автомашиныг Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлэхэд 8,000,000 төгрөгөөр үнэлсэн ба тус автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан боловч өнөөдрийг болтол зээлийн гэрээний төлбөр бүрэн хангагдаагүй байна. Зээлдэгчийн зүгээс төлбөр хийсэн огноо 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлийн төлбөрт 500,000 төгрөг төлсөн. Уг өдрөөс зээлийн гэрээний төлөлт хийгдээгүй явсаар 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр автомашиныг 8,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үндсэн зээлд 1,333,095 төгрөг, зээлийн хүү 5,046,717 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 473,952 төгрөг, машин борлуулаад зээлээс нийт 6,653,763 төгрөг суутгагдсан. Тухайн автомашины торгууль, татвар, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал гэх зүйлүүд багтсан байгаа. Зөрүү мөнгө зарцуулагдаад 6,653,763 төгрөгийг зээлээс суутгасан. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа шаардлага бол үндсэн зээл 6,872,907 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 6000 төгрөг гээд нийт 6,878,909 төгрөгийг нэхэмжилж байгаа. Зээлийн хүү бүрэн төлөгдчихсөн гэж үзэж байгаа тул үндсэн төлбөрийн үлдэгдлээ хуульд заасан журмын дагуу шаардаж байгаа. Байгууллагын зүгээс зээлдэгч нарт үүргээ гүйцэтгэх тухай албан шаардлагыг хүргүүлсэн. Автомашиныг 8,000,000 төгрөгөөр худалдан борлуулахыг зөвшөөрч байна гэх албан хүсэлтийг гаргаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн үндсэн төлбөрийг шаардах хууль зүйн үндэслэлтэй гэв.
3. Хариуцагч Ц.Б, А.Х- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилгаанд 2,800,000 төгрөгийг өгч Тоёота приус-20 маркийн автомашиныг худалдаж авсан. Т ББСБ ХХК-иас 24 сарын хугацаатай, сар бүр 636,000 төгрөгийг төлөхөөр гэрээ хийсэн боловч корона гарсны улмаас ажил, төрөлгүй зээлээ төлж чадахааргүй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрт 6,600,000 төгрөг төлсөн гэж байгаа. Миний автомашиныг 8,000,000 төгрөгөөр зарсан гэж байна. Тухайн үед автомашин 17,000,000-18,000,000 төгрөгийн үнэтэй байсан. Миний автомашиныг 8,000,000 төгрөгөөр зарсныг нь сайн ойлгохгүй байна. 2021 оны 02 дугаар сард миний автомашиныг хурааж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд:2019.11.29-ний өдрийн№01911120077 тоот гэрээ(хх-ийн 6-9), 2019.11.29-ний өдрийн№01911120077 тоот эд хөрөнгө барьцааны гэрээ(хх-ийн 10-12), зээлийн дансны хуулга(хх-ийн11),зээлийн хүүний тоцоо(хх-ийн 14), мэдэгдэх хуудас(хх-ийн15), хүсэлт (хх-ийн16),нотариатын мөнгөний тасалбар(хх-ийн17) зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б, А.Х- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөрт 6,872,907 төгрөг, зээлийн үндсэн хүүд 2 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг нийт 6,878,909 төгрөгийг гаргуулахыг шаардсан.
3.Хариуцагч нар бид тоёота приус 20 маркийн УБЯ улсын дугаартай авто машиныг 14,000,000 төгрөгөөр худалдан авахаар 30 хувь 4,200,000 төгрөгийг төлж, үлдэх 11,200,000 төгрөгийг Т ББСБ ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 2.7 хувийн, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүрэгт 6,600,000 төгрөгийг төлж, коронагийн улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр миний эзэмшилд байсан авто машиныг хураан авсан тул үүргийн гүйцэтгэл хангагдсан. Нэхэмжлэгч автомашиныг бусдад 8,000,000 төгрөгөөр худалдсан гэж байгаа боловч энэ талаар надад мэдэгдээгүй, баримтаар нотлохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан зээлийн болон гадаад валют арилжаа, итгэлцлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байна.
6.Зохигчдын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр №019111120077 тоот Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ-г байгуулж нэхэмжлэгч 11,200,000 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлэх, зээлдэгч нар тохирсон хугацаанд графикийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээжээ.(хх-ийн6-9)
7.Талууд мөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож гэрийн эд хогшил болох зурагт, хөргөгч, угаалгын машин зэргийг барьцаалжээ.(хх-ийн10-12)
8.Талуудын гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд зохигчид хүсэл зоригийн илэрхийлсэн, гэрээний хүчин төгөлдрийн талаар талууд маргаагүй.
9.Зохигчдын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр №019111120077 тоот Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ-гээр зээлдэгч Ц.Б, А.Х- нар 11,200,000 төгрөгийг сарын 2.7 хувийн, 24 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалттай, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2004 онд үйлдвэрлэгдсэн, тоёота приус маркийн 00 арлын, УБЯ улсын дугаартай авто машиныг барьцаалахаар тохиролцжээ.
10.Зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр №019111120077 тоот Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ-ний:
3.1.-д зээлийн хэмжээ: зээлдэгчид 14,000,000 төгрөгийн тээврийн хэрэгсэл худалдан авахад 11,200,000 төгрөгийг зээлдүүлэв.;
3.1.3. зээлийн сарын хүү 2.7%.;
3.1.4. зээлийн гэрээний хугацаа 24 сар.;
3.1.5. зээлийн бүтээгдэхүүн: ногоон зээл эко автомашин худалдан авах зээл.;
3.1.6. зээлийн зориулалт: тоёота приус авто машин худалдан авахаар ашиглана.
3.1.8 нэмэгдүүлсэн хүү: зээлийн хүүгийн 20/хорин/ хувь байна. .;
4.2.4. мөнгөн хөрөнгө нь зээлийн төлбөр , зээлтэй холбогдон гарах бусад төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд барьцааны зүйлээр тэргүүн ээлжид төлбөрийг барагдуулахад саад учруулахгүй байх.;
6.1. зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийн биелэлтийг хангуулахаар доорх зүйлийг барьцаалав./ тоёота приус маркийн 000 арлын, УБЯ улсын дугаартай авто машин, барьцаа хөрөнгийн харилцан тохиролцсон үнэлгээ 10,500,000 төгрөг, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал, зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаагаар/.;
7.4. зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ гэрээний 6.1.-д зааснаар барьцааны зүйлийг Транскапитал үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах эрхтэй бөгөөд хуульд зааснаар борлуулна. гэж тохиролцжээ.
11.Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Т ББСБ ХХК-иас 11,200,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Ц.Б-ийн дансанд шилжүүлсэн, зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч үндсэн зээлд 3,123,098 төгрөг, зээлийн хүүд 2,146,509 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,493 төгрөг нийт 5,352,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй.
12.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.- д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
13.Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж 25 дугаар зүйлийн 25.2-д Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заасан.
14.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тоёота приус маркийн 00 арлын, УБЯ улсын дугаартай авто машиныг хариуцагч Ц.Б-аас хураан авсан үйл баримтыг талаар талууд маргаагүй.
15.Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1.-д стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана., 202.1.-д Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ. гэж заасан.
16.Зохигчид гэрээгээ Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ-гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгаас харахад уг гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа үүссэн байна.
17. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 235.4-д Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. гэж зааснаар хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэх гэрээ дуусгавар болж, зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 6,872,909 төгрөг фидуцийн зүйлээр төлөгдөж дууссан гэж үзэв.
18.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт .... уг авто машиныг Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлэхэд 8,000,000 төгрөгөөр үнэлэгдэж, гуравдагч этгээдэд худалдсан. Уг машины торгууль, үнэлгээний зардал, оношилгоо, татвар зэргийг төлсөн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.
19.Иймд хариуцагч А.Х-, Ц.Б- нараас 6,878,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
20.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б, А.Х- нараас 6,878,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ