Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: С.Э,

          Хариуцагч: Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад  холбогдуулан гаргасан,

“Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 11 сарын 04-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э,түүний өмгөөлөгч Я.Урнаа, хариуцагч Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч С.Э  нь тус шүүхэд Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 11 сарын 04-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож,урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

  2. Хариуцагч Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 11 сарын 04-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Э-ыг ажлаас чөлөөлжээ.

 3. Нэхэмжлэгч С.Э маргаан бүхий актын талаарх гомдлыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 01/122 дугаар албан бичгээр “таны гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхийг зөвлөе” гэсэн хариуг өгчээ.

4. Нэхэмжлэгчийн гомдлыг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2022 оны 11 сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн, шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн тул нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлыг шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэхгүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

5. Нэхэмжлэгч С.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Э миний бие 2006 онд Ховд их сургуулийг Түүхийн багш мэргэжлээр, 2020 онд Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 2006 оноос хойш төрийн албанд 13 жил 7 сар ажиллаж байна. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/01 дүгээр тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Ажиллах хугацаандаа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд 2021 оны 12 сарын 01-ний өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа аваад үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2022 оны 05 сард ажилдаа орох хүсэлт гаргахад сумын ИТХ-ын дарга Н.Ц 2022 оны 05 сарын 04-ний өдөр "ажилд түр томилох тухай" Б/05 дугаар захирамжийг гаргасан болно. Ажиллаж байх хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг хэрэгжүүлж, аливаа хэлбэрээр хууль бус үйлдэл эс үйлдэхүй гаргахгүйгээр албан ажилдаа хариуцлагатай хандаж ирсэн. Гэвч сумын ИТХ-ын дарга Н.Ц нь 2 жил орчим хамтарч ажилласан хугацаанд манай намын хүмүүс, Завхан сумын Ардчилсан намын даргын зүгээс “чамайг ажиллуулж байна гэж намайг дарамталж байна” гэсэн агуулгатай зүйлсийг байнга ярьдаг байсан. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд сумын ИТХ-ын дарга Н.Ц нь намайг өрөөндөө дуудаж Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийж байна гээд, улс төрийн шалтгааны улмаас чамтай хамтарч ажиллах боломжгүй мөн чи албан тушаалын шаардлага хангахгүй байгаа учраас чамайг ажлаас халлаа гэсэн агуулгатай зүйл ярьсан. Тухайн үед Н.Ц даргын өрөөнд сумын Засаг даргын орлогч М.Ц, сумын ИТХ-ын ажлын албаны ажилтан Э.Э нар байлцаж, тэмдэглэл хөтөлнө гэсэн боловч миний хэлсэн үгийг тухайн тэмдэглэлд бүрэн тусгаагүй байсан. Сумын ИТХ-ын дарга Н.Ц надад сонсох ажиллагаа хийж байна гэсэн боловч аливаа хэлбэрээр мэдэгдэл өгөөгүй, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг хангалттай тодорхой тайлбарлаагүй болно. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг өгсөн. Сумын ИТХ-ын дарга намайг ажлаас чөлөөлөх болсон ганц шалтгаанаа манай намын дарга, гишүүд чамтай хамтарч ажиллах боломжгүй гэж шахалт үзүүлж байгаа учраас гэж тайлбарладаг бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн үйлдэл бөгөөд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болох ёсгүй гэж миний бие үзэж байна. Мөн намайг ажлаас халсан шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 46.2.5 буюу төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан бусад үндэслэл гэсэн заалтыг дурдсан байх боловч шийдвэртээ ямар хуульд заасан ямар үндэслэл үүссэн талаар тодорхой заагаагүй, надтай уулзахдаа ямар ч тайлбар хийгээгүй болно. Өөрөөр хэлбэл, сумын ИТХ-ын дарга нь улс төрийн нөлөөлөлд автаж, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийхгүйгээр, эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул Завхан сумын ИТХ-ын даргын 2022 оны 11 сарын 04-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Намайг өөртөө урамшуулал авсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.Бүтэц орон тоо шинэчлэн тогтоох тухай шийдвэрийг оны эхэнд гаргадаг. 2021 онд цалин шинэчлэн тогтоогоод надад 2 төрлийн урамшуулал олгосон шийдвэр нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Би 2022 оны 5 дугаар сард ажилд ороод цалин тогтоосон шийдвэрээ гаргасан эсэхийг харахад шинэчилж гаргаагүй байсан. Энэ шийдвэрээ хүчингүй болгоогүй байна гэж ойлгосон.

2022 оны 7 дугаар сард Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орсон учраас надад горьдлого байсан. Би 3 жил энэ ажлыг хийсэн учраас хийгээд сурчихсан гарч ормооргүй байна. Дүйцүүлэн тооцох журам гарсан учраас миний эрх зүйн байдал дээрдэж байна. Цаашид тусгай шалгалтад ороод жинхэлээд явах хүсэлтэй байна гэдгээ хэлсэн. Сүүлийн сонсох ажиллагаанд дээр яг ингэж хэлэхэд тэмдэглэл хөтөлсөн орлогч дарга миний хэлснийг огт тэмдэглээгүй байсан...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Урнаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд хариуцагчийн хариу тайлбарыг 6 үндэслэлээр няцааж байна. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан сумын ИТХ-ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 тоот захирамжийг зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохирохгүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Хариуцагч нь гаргасан шийдвэрийнхээ захирамжлах хэсэгт Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 52 дугаар зүйлийн 52.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 46 дугаар зүйлийн 46.2.5 дах заалтуудыг дурдсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 23.2.3 Ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэсэн шаардлагыг хангаагүй учраас төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд заасан бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө гэсэн заалтыг үндэслэж шийдвэрээ гаргасан. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт гаргах үед Төрийн албаны тухай хуульд нэмэлт орсон байсан. Үүний дагуу нэхэмжлэгч нь өмнө нь засаг даргын орлогчоор 4 жил ажилласан учраас түүний улс төрийн албан тушаалд ажилласан хугацаанд төрийн захиргааны зохих ангиллын хугацаанд дүйцүүлэн тооцох нь нэхэмжлэгч болон хариуцагч талд тодорхой болсон байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс энэ нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3–т заасан ажилласан жилийн шаардлагыг болоод ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц цагийн сургалтад мэргэшүүлэх гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх заалтыг тус тус зөрчсөн.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн албан тушаалын тусгай шаардлагад тавигдах нөхцөлийг хангаагүй гэж чөлөөлсөн боловч тус сумын Засаг даргын тамгын газарт татварын улсын байцаагч ажилтай Ц.Хадбаатарыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Ц.Хадбаатарыг хурлын нарийн бичгийн даргын үүргийг тор орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр Төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Хадбаатар нь маргаан бүхий албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг мэргэжлийн хувьд болон ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх гэсэн 2 шаардлагыг хангаагүй. Монгол улсын үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Аливаа байдлаар ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхтэй. Энэ заалттай холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн бага насны хүүхэдтэй. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг бага насны хүүхэдтэй байхыг мэдсээр байж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэхгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан хязгаарлалтыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.         Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа “С.Э нь шалгалтад орох гэсэн хүнийг дарамталдаг, ажлын төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө дүгнүүлж байгаагүй, ёс зүйгүй” зэрэг үндэслэлүүдийг дурдаж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаа зөвтгөсөн. Хариуцагчийн энэ тайлбар нь 2 зүйлээр няцаагдаж байна. 2020, 2021 онуудад нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэрээг дүгнүүлж байгаагүй гэж хариуцагчийн зүгээс маргаж байна. Гэтэл хариуцагч нь Энхцацралын үйл ажиллагааг үнэлж, мөнгөн урамшуулал олгосон болох нь нэхэмжлэгчийн харилцах дансны хуулга болон Төрийн жинхэнэ албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох тухай Завхан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор тус тус тогтоогдож байна. Хариуцагч нь маргаан бүхий актад нэхэмжлэгчийг дээрх зөрчлийг гаргасан талаар холбогдох хууль эрх зүйн үндэслэлийг заагаагүй, сонсох ажиллагааны үеэр дээрх байдлыг тайлбарлаагүй, мэдэгдэл өгөөгүй, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар хийгээгүй буюу хариуцагчийн тайлбарт дурдагдсан асуудлаар нэхэмжлэгчийг тайлбар гаргах боломжоор хангаагүй байна. Ийм учраас хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан үндэслэлүүдийг зөвтгөх зүйл болохгүй. Хариуцагч нь төрийн албаны зөвлөлөөс удаа дараа сонгон шалгаруулалтгүйгээр түр томилсон албан хаагчдыг ажлаас чөлөөлөх зөвлөмжийг Увс аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн гэсэн тайлбарыг гаргасан. Гэвч нэхэмжлэгч нь Кроно вирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр томилогдсон байсан. Ийм учраас төрийн албаны зөвлөлийн зөвлөмжид дурдагдсан хуулийн дагуу томилогдсон этгээд бол биш юм.  

 2020 оноос удаа дараа Увс аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан байдаг. Зарласан сонгон шалгаруулалтад нэг ч иргэн бүртгэгдээгүйн улмаас өнөөдөр хүртэл энэ сул орон тоо нөхөгдөөгүй.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

7. Хариуцагч Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Э нь төрийн албанд 13 жил ажиллахдаа төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаагүй улс төрийн албан тушаалд орлогч даргаар ажиллаж байсан тул ахлах түшмэлийн албан тушаалд томилогдох бол төрийн албанд зургаагаас доошгүй жил үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан   байх гэсэн шаардлагыг хангахгүй байгаа.

С.Э-ыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн А/01 дүгээр тогтоолоор тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилохдоо зөвхөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалтыг үндэслэн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг тэргүүлэгчдийн хуралд оруулж шийдвэрлүүлэх сонгон шалгаруулалтгүйгээр томилсон байдаг ба төрийн албаны тухай хуулийн тусгай шаардлагыг хангасан байх шалгуурыг хангаагүй хүнийг түр орлон гүйцэтгэгчээр биш үндсэн ажилтнаар томилсон тогтоол гаргасан байсныг миний бие 2022 он гараад мэдсэн. Өмнө нь ажиллаж байсан хүн тэтгэвэрт гарах үед сонгон шалгаруулалт зарлахад Чинзориг, Энхцацрал хоёр шалгалтад орсон. Чинзориг болон бусад орж ажиллах хүсэлттэй хүмүүсээс шаардлага хангаагүй хүнийг ажиллуулж байна гэж удаа дараа гомдол ирсэн.

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчилсэн хуулиар ИТХ-ын Тэргүүлэгчид байхгүй болж 2022 оноос хурлын зөвлөл ажиллахаар болсон зөвлөл нь шийдвэр гаргахгүй зөвхөн тэмдэглэл хөтлөх болж өөрчлөгдсөн тул уг тогтоолыг хүчингүй болгох боломжгүй учраас Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоотоор хандаж С.Э-ыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилон ажиллуулж байгаа тогтоол хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж шийдвэрлэж өгнө үү? мөн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоотоор төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэнээс авах санал хүргүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж ажилласан. Увс аймаг дахь төрийн албаны зөвлөл С.Э-ыг томилсон А/01тогтоолын хуулийн заалт буруу байна гэж зөвлөсөн. С.Э нь 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр жирэмсний ба амаржсаны амралтаа эдлээд хүүхдээ асрах чөлөө аваад ажилдаа орох хүсэлтээ ирүүлэхэд ИТХ-ын нарийн бичгийн даргаар түр томилсон өөрөө хүлээн зөвшөөрөөд ажиллахаар болсон. Хэрэв миний Б/05 захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй бол холбогдох байгууллагад гомдол гаргах боломжтой байсан. Завхан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоотоор Увс аймаг дахь төрийн албаны зөвлөлд сул орон тоо гарсан учраас Төрийн албаны хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж өгнө үү гэсэн албан тоот өгсөн байдаг боловч өнөөг хүртэл тухайн албан тушаалын тусгай шалгуурыг хангасан хүн шалгалтад ороогүй учраас Увс аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд сул орон тоог зарлуулах бичиг хүргүүлэхээр өмнө нь ирсэн байгаа дахин өгөх шаардлагагүй гэсэн.

Би Э-ыг 10 сарын 18-ний өдөр өрөөндөө дуудаж Захиргааны ерөнхий хуулийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан ажлын байрны тусгай шаардлагыг хангахгүй байгаа учраас таныг ажлаас чөлөөлөх үндэслэл болж байна гэдгийг нь хэлсэн.

Төрийн албаны хуулийн 46.2.5 буюу төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан бусад үндэслэл гэсэн заалтыг баримталсан.Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална гэсэн заалтын дагуу баталсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй, мөн төрийн албаны хуульд чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилох, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон,Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэсэн заалтын хүрээнд Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн дугаар 411 тоот Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай тогтоолд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31- ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээг дуусгавар болгох цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй байх гэсэн заалтын дагуу чөлөөлөх гэсэн боловч жирэмсний ба амаржсаны амралттай байсан учраас тухайн онд чөлөөлөөгүй уг амралтыг дуусгаад дараа нь нярай хүүхдээ асрах чөлөө хүссэнийг олгоод байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийн төлөөд ажилд орно гэсэн хүсэлтийн дагуу 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ажилд нь түр томилон ажиллуулаад төрийн албаны хуулийн заалтаар чөлөөлөх саналыг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27.4.3 дахь заалтын дагуу сонсох ажиллагааг хурлын даргын өрөөнд биечлэн уулзаж танилцуулсан.

 Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх үндэслэлээ надад тайлбарлаагүй гэж хэлсэн байдаг. Би ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарласан. Орлогч даргаас уулзалтын тэмдэглэлд “та яагаад миний тусгай шаардлага хангахгүй байна гэдгийг бичээгүй юм бэ гэж асуухад шаардлага хангаагүй гэж бичихэд болно гэж надад хэлсэн. С.Э нь тэр тэмдэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Би Энхцацралтай ганцаарчлан уулзаж би чамайг Засаг дарга, тамгын дарга хоёрт хэлж ажилд авахыг санал болгоход газрын даамлын орон тоо байна. Энэ орон тоонд Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн хүн байвал болно гэж хэлсэн. Мөн  нийгмийн бодлогын мэргэжилтэн жирэмсний болон амаржсаны амралтаа авсан байгаа. Энэ хүн нь багш хүн учраас ажилдаа эргэж орохгүй гээд явсан гэж надад хэлсэн. Би Энхцацралд “чи энэ орой гэрийнхээ хүмүүстэй ярилцаад хүрээд ирээрэй гэж хэлэхэд маргааш өглөө нь Энхцацрал газрын даамлын ажил нь хэл амтай учраас би орохгүй. Харин нийгмийн бодлогын мэргэжилтний ажилд түр учраас орохгүй” гэж хэлсэн. Нийгмийн бодлогын мэргэжилтний ажилд орсон бол ажил нь тасрахгүй үргэлжлээд ажиллаад явах боломжтой байсан.  Маргааш нь би байхгүй байсны араар Энхцацрал миний ширээн дээр 2 захирамжийн бланк тавьчихаад “би таны ширээн дээр хоёр бланк тавьчихлаа. Та намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг гаргаад өг гэж чат бичсэн байсан. Би хараад ороод ир гээд дуудаад Засаг дарга, тамгын дарга нар чамайг ажилд авна гэж хэлсэн. Би чамайг өнөөдрөөс эхэлж чөлөөлөхийг хүсэхгүй байна. Чамайг нэг хэсэг хугацаанд ажиллуулъя гэж бодсон. Заавал ажлаас гарах гэж байгаа юм уу? гэж асуухад гарна гэж хэлсэн. Үүний дагуу захирамжийг гаргаж өгсөн. С.Э нь үр дүнгийн гэрээгээ байгуулсан боловч гэрээгээ надаар дүгнүүлээгүй. Ажлаа дүгнүүлсний дараа надаас нэмэгдлээ авах ёстой байсан. Ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан цалингийн урамшуулал өгсөн. Энхцацрал нь ажлын байрандаа ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан гэдгийг би тайлбартаа хэлж байсан. Энэ алдааг би өөрт нь хэлэхэд анхаарна гэж хэлсэн. Ажлаас чөлөөлөхийн өмнө нь сонсох ажиллагаа хийхэд та Хадбаатарыг авах гээд дагуулаад явж байсан гэж хэлж байна. Түр ажиллаж байгаа хүнд ямар нэгэн нэмэгдэл олгодоггүй байсан. С.Э хурлын төсвийн шууд захирагч учраас нэгдүгээр гарын үсгээ зураад төрийн сангаар дамжихгүйгээр цалингийн программаар шууд гүйлгээ хийсэн. 5 дугаар сарын 04-нд Энхцацралыг түр хугацаагаар томилохдоо ямар нэгэн нэмэгдэл өгнө гэж шийдвэр гаргаагүй. Гэтэл энэ хүн өөртөө 2 төрлийн нэмэгдэл гаргаж авсан байсан. Сүүлдээ би эхний сарын баримтыг татаж үзэхэд нэмэгдэл гаргаж авсан байсныг мэдээд “Чи ямар дураараа юм бэ төсвийн шууд захирагч байж болохгүй гэхэд авах ёстой зүйлээ авч байна гэж хэлсэн. ЭБАТ-ын нэмэгдлийг хурлын дотоод журамд заасны дагуу миний шийдвэрээр авах ёстой гэж хэлэхэд тийм байна гэж хэлсэн. Өөрийнхөө эрх мэдэл албан тушаалаа ашиглаад төсвийн шууд захирагч нь мөнгө гаргаж авсан нь хууль зөрчсөн ноцтой алдаа гэж үзэж байна. Үр дүнгийн гэрээгээ дүгнүүлье гэж нэг ч удаа орж ирж байгаагүй. Жил эцсээр цалингийн сангаас хэдэн төгрөг хэмнэгдэхэд нэг ч гэсэн хүний асуудал шийдээд өгчихье гэж бодоод үр дүнгийн урамшуулал олгосон. Ажлаа дүгнүүлээгүй байхад урамшуулал олгосон  нь миний буруу гэж бодож байна. Нэхэмжлэгч нь өөрөө ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтээ чатаар өгсөн гэж үзэж байна.Иймд С.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Э нь “Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 11 сарын 04-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож,урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж “төрийн албаны нөөцөд байхдаа ажилд томилогдож байсан,төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж улс төрийн албан тушаалд ажилласан жилийг төрийн захиргааны албан тушаалд ажилласнаар дүйцүүлэх болсон тул цаашид тусгай шалгалтад орж ажилламаар байна гэдгээ хэлж байсан,сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “С.Э-ыг хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг зөрчсөн,татварын улсын байцаагчаар уг албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь журам зөрчиж төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрхийг хөндсөн,нэхэмжлэгч бага насны хүүхэдтэйг харгалзан үзээгүй,сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй,төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг үндэслэсэн нь бодит нөхцөлд тохироогүй” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцов.

3. Хариуцагчаас “С.Э нь төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанд зургаагаас доошгүй жил,үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх хуулийн шаардлага хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн,Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй,сонгон шалгаруулалтгүйгээр болон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг чөлөөлөх албан бичгийг ирүүлсэн, сонсох ажиллагааг биечлэн уулзаж хийсэн“ тухай тайлбар,үндэслэлээр нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 11 сарын 04-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 52 дугаар зүйлийн 52.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл,Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан С.Э-ыг ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

5.Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарагдах ба Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаар албан бичгээр Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд “Хурлын нарийн бичгийн дарга өндөр насны тэтгэвэрт гарч төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан учир сонгон шалгаруулалт зарлаж өгөх тухай” хүсэлтийг хүргүүлж байсан байна.

 6. Нэхэмжлэгч С.Э нь анх Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн А/01 дугаар тогтоолоор тус хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон байх ба Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 05 сарын 04-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар С.Э-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар түр томилсон байна.

7. Сул орон тооны сонгон шалгаруулалт явуулах хүсэлтийг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн сул орон тоо нөхөгдөөгүй болох нь Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 120 дугаартай “Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд 2020 оноос хойш удаа дараа сонгон шалгаруулалт зарлаж байгаа боловч тухайн албан тушаалын тусгай шаардлага хангасан иргэн бүртгүүлэхгүй байгаа учир өнөөдрийг хүртэл нөхөгдөөгүй байгаа болно” гэх лавлагаа,мөн салбар зөвлөлийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 14 дугаартай “Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын тусгай шалгалтын бүртгэл 2023 оны 01 сарын 18-19-ний өдрүүдэд хийгдсэн бөгөөд тус албан тушаалд бүртгүүлсэн иргэн байхгүй байна” гэсэн албан бичгээр тогтоогджээ.

8. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд 42.1.8 дахь хэсэгт албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан,чөлөөлсөн,түр чөлөөлсөн, халсан тохиолдолд тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцон албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлэхээр, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1.-д “байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх; 43.3.2.дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх; 43.3.3.энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэхээр журамласан байна.

9. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолоор тогтоолын хавсралтад заасан сумд (аймгийн төвийн болон 6000-аас дээш хүн амтай)-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 4 хүртэл, бусад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 3 хүртэл байхаар тогтоосон байх ба Увс аймгийн Завхан сумын хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тус хурлын ажлын алба болох  хурлын нарийн бичгийн даргын хамт ажилладаг, хурлын нарийн бичгийн даргын эзгүйд түр орлох албан хаагч байдаггүй, 2022 онд шинээр мэргэжилтэн 1-ийг нэмж ажиллуулахаар болсон, уг мэргэжилтний албан тушаалд Э.Эрхэмбилэг гэдэг иргэн түр томилогдон ажиллаж байгаа талаар нэхэмжлэгч, хариуцагч нар тайлбарласан, энэхүү үйл баримтын талаар маргаангүй байгаа болно.

10. Нэгэнт Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тооны албан үүргийг албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай төрийн жинхэнэ албан хаагч түр орлон гүйцэтгэх боломжгүй тохиолдолд уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаа нэхэмжлэгчийг албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж, уг албан үүргийг орлон гүйцэтгэх эрхгүй сумын татварын улсын байцаагч ажилтай иргэнээр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй. 

11. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь ахлах түшмэлийн ангилалд хамаарагдаж байх ба Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар уг ангиллын албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил,үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх,мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх тусгай шаардлагыг хангасан байхаар зохицуулсан нь сул орон тоонд шалгалт өгч томилогдох иргэн, албан тушаалтанд хамааралтай бөгөөд  Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэж байгаа маргаан бүхий энэхүү тохиолдолд түр орлон гүйцэтгэгч С.Э-ыг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн шийдвэр болох захиргааны маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “захиргааны байгууллагын үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн,бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцээгүй байна.

Иймд өмгөөлөгчийн гаргасан “С.Э нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байсан, Төрийн албаны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдсэн буюу түүний улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны зохих ангилалд дүйцүүлэн тооцох боломжтой болсон зэрэг нөхцөл байдлыг хариуцагч харгалзан үзээгүй,татварын улсын байцаагчаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн нь хуульд нийцээгүй, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн” гэх  тайлбарыг шүүх хүлээн авав.

12. Төрийн албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Төрийн албаны тухай хуулиар тогтоосон тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан хязгаарлалтыг зөрчсөн” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

13. Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт удаа дараа зарлагддаг байх ба хуульд заасан журмын дагуу сул орон тоо нөхөгдсөн тохиолдолд С.Э-ыг ажлаас чөлөөлөх үндэслэл үүсэх учир хариуцагчийн шүүхэд гаргасан “Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн шаардлага хангаагүй томилогдсон албан хаагчийг албан үүргээс нь чөлөөлөх тогтоолыг хэрэгжүүлсэн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг үндэслэх нөхцөл бүрдээгүй” гэх тайлбар үндэслэлтэй.

14. Нэхэмжлэгчийн “ажиллаж байх хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг хэрэгжүүлж,ажилдаа хариуцлагатай хандаж ирсэн” гэх тайлбарын хариу тайлбар болгож хариуцагчаас “Энхцацрал нь хамт ажиллах хугацаандаа гүйцэтгэлийн гэрээг дүгнүүлж байгаагүй, ёс зүйгүй үг хэллэг хэлж байсан,өөрт нь нэмэгдэл цалин олгох шийдвэргүй байхад өөрөө 2 төрлийн нэмэгдэл гарган авсан” зэрэг тайлбар гаргасан, уг тайлбартай холбогдуулж нэхэмжлэгч,түүний өмгөөлөгчөөс мэтгэлцсэн нь маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй тул энэ талаар шүүхээс дүгнэх шаардлагагүй болно.

15. Хариуцагчаас маргаан бүхий актыг гарахаас өмнө 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хурлын даргын албан өрөөнд С.Этай уулзаж тэмдэглэл хөтөлсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр явуулж болох зохицуулалттай нийцсэн гэж үзэн “сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй” гэх нэхэмжлэгч,түүний өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйг тэмдэглэв.

16. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус зохицуулсан ба шүүхээс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

17. Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг С.Э хангаагүй гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэгт заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хуульд заасан бусад үндэслэлээр чөлөөлөх” гэсэн хэсгийг баримтлан С.Э-ыг албан үүргээс чөлөөлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж “Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 11 сарын 04-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож,урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

18. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчийн ажлын алба болох Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 11 сарын 04-ний өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгон, С.Э-ыг урд эрхэлж байсан Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ын ажилгүй байсан 2022 оны 11 сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг холбогдох журамд заасны дагуу тооцож олгохыг  хариуцагч Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.АЛТАНЦЭЦЭГ