Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/55

 

 

 

 

 

 

 

О.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Энхбат

Хохирогч Н.Цэцэгсайхан

Шүүгдэгч О.Э /цахим сүлжээгээр/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Эын гаргасан давж заалдах гомдлоор О.Эт холбогдох эрүүгийн  2134000000027 дугаартай хэргийг 2021 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,

 

 

 

О.Э нь Төв аймгийн Зуунмод сумын Усны Аж Ахуйн 740 тоотод 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хамтран амьдрагч Н.Цэцэгсайханыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танай хүү миний утсаар кино захиаллаа гэж зүүн гар луу нь хэд хэдэн удаа цохиж зодсон зөрчил гаргаж, уг зөрчилдөө 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 328 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 20 цагийн албадан зургалтад хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн,

 

2020 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрийн үед "Богд" ууланд самарт явж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гараараа толгойн хэсэгт нь 2 удаа цохиж, хөлөөрөө гэдсэнд нь нэг удаа өшиглөсөн,

 

2020 оны 12 дугаар сарын 31-ний орой дагавар хүү Э.Энхбатыг өмөөрлөө гэх шалтгаанаар цээжин хэсэгт нь нэг удаа гараараа цохисон,

 

2021 оны 01 дүгээр сарын 08-ны орой дээд уруул, дух хэсэгт нь тус бүр нэг удаа цохиж, хоолойг нь 2 удаа боосон, хөлөөрөө гэдэс рүү нь нэг удаа өшиглөж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас О.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Мужчуул овогт Оюунбилэгийн Эыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Э гаргасан давж заалдсан гомдолдоо: Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, хохирогч сэтгэл санааны болон бие махбодийн хохиролгүй, эд хөрөнгийн болон мөнгөн хохирол байхгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй.

 

Хохирогч Н.Цэцэгсайхан нь үр хүүхдүүдээ асран хамгаалж, миний бие мужаан цех ажилуулан банкны зээл, амьдралаа залгуулдаг. Дээрх байдлыг харгалзан үзэж миний оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн тэнсэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Э өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэдэн хэдэн удаагийн зөрчилд холбогдон арга хэмжээ авагдаж байсан. Энэ байдал нь сүүлийн үед давтамж нь ойртож байсан тул анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцон хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Хохирогч Н.Цэцэгсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед уур хүрээд цагдаа дуудсан, эрүүгийн хэрэг үүсэж өнөөдрийн нөхцөл байдалд хүрнэ гэж мэдээгүй. Ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгааг анхаарч үзнэ үү. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О.Эын үйлдсэн гэх зарим үйлдлүүд нь тогтоогдохгүй байгаа тул эдгээр үйлдлүүдийг нь хэрэгсэхгүй болгон шүүхээс оногдуулсан хорих тэнсэж хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ хэмээн үзэж байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Эын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд бие махбодь, сэтгэл санааны, эдийн засгийн болон бэлгийн дарамт үзүүлсэн зэрэг байнгын буюу 3 ба түүнээс дээш үйлдлээр илэрдэг бөгөөд энэ нь зайлшгүй нотлогдон тогтоогдсон байх учиртай.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл О.Эын 2018-2020 онуудад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн шүүхээр албадан сургалтад хамрагдан баривчлах шийтгэл шийтгүүлж байсан талаарх шүүхийн “Шийтгэвэр”-үүд авагдсан байна.

 

Гэтэл прокуророос дээрх шийтгэвэрүүдийн зарим нэгийг нь салган авч түүний гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх эрүүгийн хэргийн шинжид хамааруулан тооцож ялласан атлаа бусаыг нь хэрхэн юуны учир гэмт хэргийн шинжид тооцон яллахгүй орхигдуулсан гэдэг нь тодорхой бус эргэлзээтэй байдлыг бий болгожээ.

 

Тухайлбал: О.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Усны Аж Ахуйн 740 тоотод хамтран амьдрагч Н.Цэцэгсайханыг танай хүү миний утсаар кино захиаллаа гэж зүүн гар руу нь хэд, хэдэн удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж түүнд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 328 дугаар “Шийтгэвэр”-ээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар 20 цаг албадан сургалтад хамрагдах, 20 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.[1]

 

Гэтэл прокуророос О.Эын дээрх Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж яллах дүгнэлтэдээ[2] оруулан ялласан атлаа шүүхээс “Шийтгэвэр”-ээр оногдуулсан баривчлах шийтгэлийг тэрээр бүрэн гүйцэд эдэлсэн эсэх, хэрэв бүрэн гүйцэд эдлээгүй бол хэрхэн юуны учир бүрэн гүйцэд эдлээгүй, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон “Шийтгэвэр”-ийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтуудыг хэрэгт огт хавсаргалгүйгээр яллах дүгнэлтдээ тусгасан ялласан нь буруу болжээ.

 

Дээрх нөхцөл байдлыг сайтар тодруулалгүй орхигдуулсан нь цаашид шүүхээс түүнийг уг үйлдэлд нь гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох заалтад заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулвал О.Эын дээр дурдагдсан баривчлах шийтгэлээ бүрэн гүйцэд эдэлсэнийг сүүлд шийдвэрлэгдэж буй эрүүгийн хэрэгт нь оногдуулсан ялд хэрхэн нэмж нэгтгэн, ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхээр хуульчилсныг анхаарвал зохино.

 

Өөрөөр хэлбэл түүний үйлдсэн нэг удаагийн үйлдэлд нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар давхардуулан ял, шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм.

 

Мөн Прокуророос 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр О.Эт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдэн нийт 5 удаагийн үйлдлээр /мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар яллагдагчаар татжээ[3].

 

Уг тогтоолын дагуу “Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл”-д[4] түүний үйлдсэн гэх зөвхөн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны оройн үйлдлийнх талаар мэдүүлэг авсан байх бөгөөд бусад үйлдлүүдийг яллагдагч хүлээн зөвшөөрсөн, эс хүлээн зөвшөөрсөн талаар огт асууж тодруулалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах зэрэг хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн эрхийг нь эдлүүлэхгүй зөрчсөн байна.

 

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтийн “Тэмдэглэх” болон “Тогтоох нь” хэсгүүдэд бичигдсэн О.Эын үйлдсэн гэх 2020 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрийн, 2020 оны 12 дугаар сарын 31-ний оройн, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны оройн үйлдлүүд нь хэний эсрэг чиглэгдсэн хийгдсэн үйлдэл болох тодорхой бус бичигдсэн байх тул яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 4.1-т заасныг хангаагүй гэж үзнэ.

 

Дээрх мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа зөрчлүүдийг шүүхийн шатанд зөвтгөн хэргийг шийдвэрлэх хуулийн боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож О.Эт холбогдох хэрэгт магадлалд дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Эын гаргасан “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүйг болон, түүнд анхан шатны шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газарт хүргэгдэн очтол хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн зэргийг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/97 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Эт холбогдох эрүүгийн 2134000000027 дугаартай хэрэгт магадлалд дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг прокурорын газарт хүргэгдэн очтол О.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                   ШҮҮГЧИД                                           Т.ЭНХМАА

 

 

                                                                               М.МӨНХДАВАА

 

 

[1] хх-ийн 59-61-р тал

[2] хх-ийн 76-79-р тал

[3] хх-ийн 40-42-р тал

[4] хх-ийн 45-46-р тал