| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/60 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/60
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Пүрвээ,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******,******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 03 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн **** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, *******,*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь согтуугаар *** өдөр Өвөрхангай аймгийн *** багийн нутаг дэвсгэрт оршин суух **** гэрт *** унтаж байх үед нь шалтгаангүйгээр орноос татаж унаган удаа дараа өшиглөсөн үйлдлийн улмаас *** биед баруун гарын бугалга ясны бага төвгөр бяцарсан хугарал, далны тогооноос дотогшоо бүрэн мултрал, эргэн тойрны зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** орой би гэртээ, ээж Тогоосонгийн хамт байж байхад 20-21 цагийн үед гаднаас *** гэгч ганцаараа 2 шилтэй /1 нь бүтэн, нөгөө нь тал/ архи халаасандаа хийчихсэн ирээд надад хандаж “хамт архи ууя” гэж хэлэхээр нь би “үгүй ээ архи уухгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь *** нь ширээний хажууд сандал дээр суусан, тэр үед нь ээж маань *** хандаж “чи одоо харь, манайхаас яв” гэж хэлэхэд *** хариуд нь “энд жоохон унтаж байгаад явъя" гэж хэлээд сандал дээр суугаагаараа унтаад өгсөн, би ч унтлагынхаа өрөөнд ороод унтахаар хэвтсэн. Унтах гээд хэвтэж байхад гаднаас багийн дарга *** орж ирээд нөгөө талын /ээж *** нарын байсан/ өрөөнд ороод хэсэг байж байгаад гараад явсан, би *** нөгөө талын өрөөнд яг юу хийсэн, хэнтэй юу ярьсан эсэхийг мэдээгүй. Тэгээд намайг унтлагынхаа өрөөнд орон дээрээ унтаж байхад гэнэт хэн нэгэн хүн гараас хүчтэй татаж газарт унагаасан, би ч юу болов гээд хартал *** зогсож байсан ба надад юу ч хэлэлгүй миний шанаа, дал, хөл хажууд хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөчхөөд гараад явсан. ...Унтаж байхад баруун гараас хүчтэй татаж газарт унагаахад нь өвдөөд байсан ба тэр үед л миний нүүр, нуруу, бөөр, ташаа хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөчхөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед гаднаас багийн засаг дарга *** орж ирээд тухайн залуугийн халааснаас 1 шилтэй архи гаргаж ирээд надад хандаж “энэ архийг нь аваад нуучихъя, орой үдэш энд архидуулаад яахав" гэж хэлээд архийг нь аваад гарсан. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу сэрээд надаас архи хаана байна гэж асуухаар нь би хариуд нь "чиний архи мэдэхгүй ээ. *** авна биз, тэр хүн архийг чинь уучихгүй" гэтэл "за би *** ахтай уулзчихаад гарлаа” гэж хэлээд *** амарч байсан өрөө рүү орсон. Удалгүй гэнэт пид пад хийх чимээ гарахаар нь өрөөнд яваад ортол *** газар уначихсан, нөгөө залуу нь цохиж байгаа харагдсан, тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэж хэлтэл гараад явсан. *** газарт хэвтчихсэн, нөгөө залуу нь хавирга руу нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан, өөр цохиж зодсон үйлдлийг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдрийн маргааш билүү нөгөөдөр билүү **** гэрт орсон чинь баруун гараа сойчихсон боолт хийлгэчихсэн байсан. Тэгэхээр нь би яасан юм гэж асуусан чинь **** ийм болгочихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би *** орой 19-20 цагийн орчимд уурын зуухаа шалгах замаараа **** гэрээр нь ороход том өрөөний ширээний хажууд сандал дээр *** гэгч суугаагаараа унтчихсан, том өрөөний орон дээр **** ээж *** суучихсан, *** харагдаагүй. Тэгэхээр нь би *** эгчээс *** хааччихсан юм гэхэд өрөөндөө байгаа гэж хэлсэн. Тэр үед *** гэгчийн халааснаас 1 шилтэй архи цухуйчихсан /бараг унах дөхсөн/ байхаар нь харанхуй шөнө эд нарыг архидуулаад яахав гэж бодоод тухайн архийг нь авч гараад уурын зуухаа шалгачхаад гэрийнхээ үүдэнд авсан архийг нь үлдээчхээд гэртээ ороод амарсан. Маргааш өглөө нь босоод уурын зуухаа шалгах замаараа мөн л *** ортол *** /дүү нь/ гурав байсан ба Мягмаррагчаа нь гар, цээжээ даавуу, бинтээр ороочихсон, гартаа сойлт хийлгэсэн, шанаа нь хөхөрчихсөн байдалтай байсан. Би ч юу болсон юм гэхэд өчигдөр шөнө Балжиннямд зодуулчихсан, тэгээд шөнө эмнэлэг орж боолт, сойлт хийлгэсэн гэж хэлж байсан. Тэгээд л би гэрээс нь гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** орой үдэш айлд орж ирээд яагаад хүн зоддог юм бэ гэсэн чинь би *** ах дээр архитай орсон юм тэгээд *** ахын гэрт сандал дээр унтаад сэрсэн чинь миний авч явж байсан архи байхгүй байхаар нь *** ахыг авчихлаа гэж бодоод зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1.145.980 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 101 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн Шинжээчийн **** дугаартай “...1. **** биед баруун гарын бугалга ясны бага төвгөр бяцарсан хугарал, далны тогооноос дотогшоо бүрэн мултрал, эргэн тойрны зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо....” гэх дүгнэлт /хх-ийн 23-25 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн Шинжээчийн **** дугаартай: “...1. *** сэтгэцэд *** өдөр зодуулсны улмаас шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвал хөнгөн түвшинд илэрч байна. 2. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэгт хамаарч байна. З. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 хуудас/,
Хохирогч **** эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн талаарх лавлагаа /хх-ийн 96 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *** мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/, иргэний нэхэмжлэгч *** мэдүүлэг /хх-ийн 101 хуудас/, шинжээчийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 23-25 хуудас/, шинжээчийн ** дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47 хуудас/, хохирогч *** эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн талаарх лавлагаа /хх-ийн 96 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *** биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлийн 511.3-д тус тус хуульчилжээ.
Хохирогч *** шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэхэд ...шүүх хуралдаанд суухгүй, гомдолтой байна. Хохирлоо төлбөрөө нэхэмжилж байна... гэсэн хариу өгсөн.
Хохирогч *** 38,900 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба хохирогч эмчид үзүүлж эм бичүүлж авсан зардлууд нь /хх-ийн 105 хуудас/ энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн Шинжээчийн *** дугаартай: “...1. **** сэтгэцэд **** өдөр зодуулсны улмаас шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвал хөнгөн түвшинд илэрч байна. 2. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэгт хамаарч байна. З. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 хуудас/,
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын дөрөв-д гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг тус гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн нэгдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан байна.
Тухайн гэмт хэрэг нь **** хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.
Хохирогч *** сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцоолж 660,000x4,99=3,293,400 төгрөг байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511.3-д тус тус зааснаар шүүгдэгч *** хохиролд нийт 38,900 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3,293,400 төгрөг нийт 3,332,300 төгрөгийг гаргуулж хохирогч **** олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол 1,145,980 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч *** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээний зардалтай холбоотой гарсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...***...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...***...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хийлийн хориг тавигдаагүй, хохиролд эрүүл мэндийн даатгалын санд 1,145,980 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай..
4. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хийлийн хориг тавигдаагүй, хохиролд эрүүл мэндийн даатгалын санд 1,145,980 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511.3-д тус тус зааснаар шүүгдэгч *** хохиролд нийт 38,900 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3,293,400 төгрөг нийт 3,332,300 төгрөгийг гаргуулж хохирогч *** олгосугай.
6. Хохирогч *** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээний зардалтай холбоотой гарсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН