Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2022/04332

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух, Д.Хы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0байрлах, М ХХК /регистрийн дугаар /-д холбогдох

Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс 1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Х нь М ХХК-тай харилцан тохиролцож 2022 оны 4 дугээр сарын 25-ны өдөр Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан. Энэхүү Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний дагуу Гачууртын халзангийн аманд байрлах 20 айлын амины орон сууцны 4 төрлийн эскиз, консепц боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхээр 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж, уг ажлаа урьдчилж дуусган М ХХК-ийн захирал О.Х*******ын ******* и-мэйл хаягруу 2022 оны 5 дугаар сарын 20-нд хулээлгэн өгсөн байдаг. Гэтэл, ажил олгогч "М" ХХК-иас миний хийсэн дээрх ажлыг хүлээн авсан боловч Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 4.1.3 болон 2.2.2 дугаар зүйлийн 2.2.2.1-д заасан үүргээ зөрчиж надад олгох тавдугаар сарын цалин буюу нэг сарын цалин 1,700,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироосоор байна.

Иймд ажил олгогч "М" ХХК-иас нэг сарын цалин болох 1,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч М ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний дагуу төлөх нэг сарын цалин 1,700,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Хы гаргасан гэх эскиз зургийг нь манай байгууллага Гачууртын халзангийн аманд байрлах 20 айлын амины орон сууц-ны зурагт хэрэглээгүй, өөрөөр хэлбэл огт хэрэглэх боломжгүй зургийг гаргасан. Мөн дээрээс нь Д.Х нь мэргэжлийн шалгалтанд бэлдэх шаардлагатай байна, танай компанид цаашид ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж, гэрээг цуцалсан ба нэг сарын бүтэн цалинг нь олгох боломжгүй юм.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, Д.Хы иргэний үнэмлэх, 4 ширхэг зураг, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 02/1432 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбарыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

4. Зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт: 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон баримтуудыг хуулбарлан тэмдэглэлд хавсаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч М ХХК-д холбогдуулан зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний дагуу нэг сарын цалин хөлс 1,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийсэн зургийг хэрэглэх боломжгүй байсан, хэрэглээгүй, О гэх ажилтан ажилдаггүй, Д.Х нь мэргэжлийн шалгалтанд бэлдэх шаардлагатай байна, танай компанид цаашид ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж, гэрээг цуцалсан ба нэг сарын бүтэн цалинг нь олгох боломжгүй зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч М ХХК-ийн ******* и-мэйл хаягаас нэхэмжлэгч Д.Хы ******* и-мэйл хаягт 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ-г явуулсан байх боловч талууд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр огноолж, Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан, нэхэмжлэгч нь тус компанид архитекторын ажилтан-аар зайнаас ажиллахаар, амины орон сууцны эскиз ажлын зураг боловсруулах, барилгын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхээр, ажлын эхлэх хугацааг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр, 1,700,000 төгрөгийн цалин хөлстэй байхаар тус тус харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрий тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно, 68.2-т Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөлөөс гадна ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг талууд тусгайлан тохиролцож тусгана гэж зааснаар зохигчдын хооронд зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн харилцаа үүссэн, гэрээ байгуулагджээ.

5. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй байна.

6. Д.Х нь Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний дагуу өөрийн ******* и-мэйл хаягаас [email protected], ******* буюу О гэх хаягаар 2022 оны 5 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд харилцаж, амины орон сууцны төлөвлөлтийн хувилбарыг илгээж, зураг бэлэн болохоор дахин явуулж батлуулах гэсэн агуулга бүхий зурвасыг явуулахад О гэх этгээд зургийн талаар тодорхой саналуудыг илгээж, [email protected] и-мэйл хаягт 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ...4 төрлийн байгуулалт явууллаа, та үзээд санаа оноо байвал хэлээрэй... гээд 4 ширхэг зургийг хавсралтаар илгээсэн болох нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Дээрх 4 ширхэг зурийг хариуцагч М ХХК нь хүлээн авсаны хувьд маргадаггүй, харин нэхэмжлэгчийн хийсэн зургийг хэрэглэх боломжгүй байсан, хэрэглээгүй гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгчийн явуулсан зураг нь ямар алдаатай байгаад хэрэглэх боломжгүй байсан болон хэрэглээгүй гэх тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

7. Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй ба дээр дурдсанчилан үүргээ гүйцэтгэсэн, мөн хуулийн 42.1.3-т гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох ... үүрэгтэй ба энэхүү үүргээ хариуцагч нь биелүүлээгүй байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажил үүргээ гүйцэтгэсэн байхад хариуцагч нь гэрээгээр тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд буюу Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний 2.2.2.1-д Хөдөлмөрийн хөлсийг сар бүрийн 5 болон 20-ны өдрүүдэд хуваан олгоно гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Гэрээний энэхүү заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана гэж заасан зохицуулалтад нийцсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах гэж зааснаар ажил олгогчийн зүгээс тогтоосон хугацаанд цалин хөлс олгохгүй байгаа үндэслэлийг зааж нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг өөрийн и-мэйл хаягаас хариуцагчийн и-мэйл хаягт хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй ба 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт хандсан байх ба тус газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 02/1432 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааны дотор буюу 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд цалин хөлстэй холбоотой гомдлын шаардлагыг гаргажээ.

 

9. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр буюу гэрээний төслийг нэхэмжлэгчийн и-мэйл хаягт явуулсан огнооноос 4 ширхэг зураг хүлээн авсан 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны ажлын 12 өдрийн цалин хөлсөнд 927,273 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Д.Хыг гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэснийг үгүйсгээгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн хийсэн зургийг хэрэглэх боломжгүй байсан, хэрэглээгүй, Огэх ажилтан ажилдаггүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн Д.Х нь мэргэжлийн шалгалтанд бэлдэх шаардлагатай байна, танай компанид цаашид ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж, гэрээг цуцалсан ба нэг сарын бүтэн цалинг нь олгох боломжгүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал нь дээр дурдсанаар үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын 12 өдрийн цалин хөлсийг олгохыг зөвшөөрсөн тайлбар нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хариуцагч хуулийн этгээдэд ажилласан гэж үзэх ба ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгосон, цуцалсан мэдэгдлийг ажилтанд хүргүүлээгүй байна.

 

Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгчийн зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний дагуу нэг сарын цалин хөлсөнд 1,700,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

10. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нь гомдлоор хэлэлцэх маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан Гэрэгэ системс ХХК-иар дамжуулан 2022 оны 7 дугаар сарын 04-ний төлсөн 42,150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Хд олгож, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 42,150 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний дагуу нэг сарын цалин хөлс 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан Гэрэгэ системс ХХК-иар дамжуулан 2022 оны 7 дугаар сарын 04-ний төлсөн 42,150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Хд олгож, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 42,150 /дөчин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2022/19499 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ