| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04325/И |
| Дугаар | 101/ШШ2022/04845 |
| Огноо | 2022-11-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2022/04845
| 2022 11 16 | 101/ШШ2022/04845 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Г.Сгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, С.З-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 68,845,640 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүй хөрөнгөжсөн 13,360,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З,
Хариуцагчийн өмгөөлөгч О.Цолмон, Б.Энхчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.С нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэн С.Зд 41,518,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 2 хувийн хүүтэй байхаар тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч Г.С миний бие 41,518,000 төгрөгийг бэлнээр хариуцагчид хүлээлгэн өгсөн болно. Гэтэл хариуцагч С.З нь зээлийн хүү төлбөрөө хугацаандаа төлөөгүй ба гэрээний хугацаанд нэхэмжлэгч Г.С миний Хаан банкны 0 тоот дансанд өөрийн Хаан банк 50 тоот данснаас нийт 5 удаагийн үйлдлээр 13,360,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Тодруулбал: 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг /гүйлгээний утга З/, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 360,000 төгрөг /гүйлгээний утга З uuchlaarai/, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7,000,000 төгрөг /гүйлгээний утга ZЗs/, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 400,000 төгрөг /гүйлгээний утга ЗЗ зээл/, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг /гүйлгээний утга З zeel/ гэх агуулагаар нэхэмжлэгч Г.С миний дансанд шилжүүлсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7-д талууд анз буюу алдангийг тохиролцсон бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг үндсэн төлбөрөөс өдрийн 0,2 хувиар алданги тооцоход нэг өдрийн 83,036 төгрөг болж байна. Хариуцагч нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үндсэн төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй боловч дээрх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 392 хоног нийт 32,550,112 төгрөгийн алданги үүсээд байна. Гэвч Иргэний хуульд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлж болдоггүй тул хариуцагчаас алдангид нийт 20,759,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Дээр дурдсанчлан хариуцагч нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд янз бүрийн шалтгаан хэлж хариуцагч нь төлбөрийг хойшлуулсаар байсан. 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн миний хань хүнд өвчтэй болох нь тогтоогдсоноос хойш би эмчилгээний зардал мөнгөний хэрэгцээ маш их байна, С.Зыг надаас зээлсэн мөнгөнөөсөө өөртөө боломжтойгоор бага багаар ч хамаагүй төлөөд өгөөч гэж гуйж байсан боловч надад нэг ч төгрөг төлөөгүй. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 23-нд миний хань эдгэшгүй өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзсэн, энэ тухайгаа хариуцагч С.Зд зурагтай нь захидал явуулсан ч миний дугаарыг блок хийхээс гадна, фэйсбүүк, телеграмм гэх мэт холбоо барих боломжтой бүхий л зүйл дээр намайг блок хийн алга болсон болно.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч С.Заас зээлийн гэрээний үүрэгт 41,518,000 төгрөг, хүүнд 6,568,640 төгрөг, алдангид 20,759,000 төгрөг, нийт 68,845,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч С.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн бүртгэлийн 1138 дугаартай Зээлийн гэрээ-ний 3.4 дэх хэсэгт ...Зээл олгох хэлбэр, хугацаа: бэлнээр 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө... гэж заасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Г.С миний бие 41,518,000 төгрөгийг бэлнээр хариуцагчид хулээлгэн өгсөн болно... гэж дурдсан байна. Нэхэмжлэгч Г.С нь дээрх бүртгэлийн 1138 дугаартай зээлийн гэрээний дагуу бэлнээр болон бэлэн бусаар гэрээний зүйл болох мөнгө буюу 41,518,000 төгрөгийг хариуцагч С.Зд шилжүүлэн өгөөгүй болно.Зээлийн гэрээний 6.1 дэх хэсэгт ...Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцож, талууд хүлээсэн үургээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно... гэж заасан. Г.С нь надад зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг шилжүүлээгүй тул зээл, хүү, алданги нийт 68,845,640 төгрөгийг нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй юм.
Иймд иргэн Г.Сгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч С.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн бүртгэлийн 1138 дугаартай Зээлийн гэрээ-ний 3.4 дэх хэсэгт Зээл олгох хэлбэр, хугацаа: бэлнээр 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө ... , мөн уг гэрээний 6.1 дэх хэсэгт ...Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцож, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно... гэж тус тус заасан байдаг. Иргэн Г.С нь С.Зд дээрх зээлийн гэрээний дагуу гэрээний зүйл болох мөнгийг огт шилжүүлээгүй тул талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй юм. Тиймээс С.З нь Г.Сд тус зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн нийт 13,360,000 төгрөгөө түүнээс буцаан шаардах эрхтэй болно.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг үндэслэн С.З нь Г.Сд шилжүүлсэн нийт 13,360,000 төгрөгөө түүнээс шаардан буцаан нэхэмжилж байна гэв.
4. Нэхэмжлэгч Г.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Хариуцагч бэлнээр мөнгө олгоогүй гэж маргаж байх боловч 5 удаагийн үйлдлээр хийсэн гүйлгээ нь маш ойлгомжтой буюу гүйлгээний утга нь С.Заас, уучлаарай, С.Заас зээл гэж шилжүүлсэн байдаг. Энэхүү төлөлтүүд нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж байсан үйлдэл юм. Гэтэл энэ мөнгөө авъя гээд байгааг нь нэхэмжлэгчийн зүгээс гайхаж байна. Энэ мөнгөө авсан, чат дээр би өр төлбөртэй байсан гэсэн текстүүд байдаг. Шүүхэд илтэд худал тайлбар мэдүүлэг өгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэж байх бөгөөд уг заалтад гурван нөхцөл байдаг бөгөөд аль үндэслэлийг үндэслэж байгаа гэдэг нь тодорхой бус байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, Г.С болон С.З нарын иргэний үнэмлэхний хуулбар, Г.Сгийн Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэлүүд, хариуцагчийн өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэлт хариу тайлбар, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн рентген зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1441 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2847 дугаартай шинжээчийн дүгнэлтийг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
6. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2022/26208 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсралтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч С.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41,518,000 төгрөг, хүүнд 6,568,640 төгрөг, алданги 20,759,000 төгрөг, нийт 68,845,640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч С.З нь зээлийн гэрээний дагуу мөнгийг бэлнээр шилжүүлээгүй, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул шилжүүлсэн 13,360,000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэгч Г.Сгаас буцаан гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Г.С болон С.З нар нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2 жилийн хугацаатай, 41,518,000 төгрөгийг зээлэхээр, сарын 2 хувийн хүүтэй буюу 830,360 төгрөгийг Хаан банкны 0 тоот дансанд шилжүүлж байхаар, зээлийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгчид бэлнээр хүлээлгэн өгөхөөр, зээлийг хэсэгчилэн төлж болохоор тус тус харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулжээ.
3б. Зээлийн гэрээнд заасан нэхэмжлэгч Г.Сгийн Хаан банкны 0 тоот дансанд 50 тоот данснаас 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг З гэсэн утгаар, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 360,000 төгрөгийг З uuchlaarai гэсэн утгаар, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7,000,000 төгрөгийг З zeel гэсэн утгаар, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 400,000 төгрөгийг Золоогоос зээл гэсэн утгаар, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөгийг З zeel гэсэн утгаар нийт 13,360,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Г.Сгийн Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
3в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр фэйсбүүк чатны Г.С хаягаас З.Ж гэсэн хаягтай, мөн телеграмм чатны Г.С хаягаас Золжаргал мөнгө гэсэн хаягтай харилцсан чатанд үзлэг хийсэн бөгөөд эдгээр харилцсан чатанд ... чи бүх юм дууссан одоо авах л үлдсэн гэсэн ... гэтэл одоо юу яриад байнаа, ... эхний мөнгөнөөс л өгнө гээд байсан Төрийн сан нь шалгуураа өөрчилсөн байна гээд хамаг юмаа үзүүллээ ... гэж, мөн ...5/10-нд гэрээ дуусна, эгч нь 5/8 гээд очих хэрэгтэй байдаг, хаана уулзаж яаж сунгах уу?, одоо хүүний мөнгөтэйгээ 42 саяын үлдэгдэл байна шүү дээ Золоо, ... Харин яах уу? Дөхөж байгаад болох уу? Төлөөлөх хүн л олох байх тэ, ... Чи сарын 830360 төгрөг өгөх ёстой, таг шүү дээ дүү минь, төлөөлөл ирсэн ч чамаар гарын үсэг зуруулна шүү дээ, ... гэх зэргээр нэхэмжлэгч нь зээлүүлсэн мөнгөө шаардсан болон төлөх талаар, гэрээний хугацаа дуусч сунгах талаар тус тус талууд харилцаж байсан байна.
4. Дээр дурдсан үйл баримтуудаас дүгнэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.С нь хариуцагч С.Зд гэрээ байгуулагдсан өдөр мөнгийг шилжүүлсэн, улмаар хариуцагч С.З нь зээлийн гэрээний дагуу сар бүр зээл болон хүү төлөх үүргээ биелүүлээгүй боловч нийт 5 удаагийн үйлдлээр зээл төлж буй утга агуулгаар зээлийн төлбөрөөс 13,360,000 төгрөгийг гэрээнд заасан нэхэмжлэгч Г.Сгийн дансанд шилжүүлж, зээл төлөх үүргээ тодорхой хэмжээнд биелүүлсэн байна.
5. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 2 жилийн хугацаатай байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний хугацаа сунгагдаагүй, сарын хүү нь 2 хувь ба 41,518,000 төгрөгийн 1 сарын хүү нь 830,360 төгрөг, үүнийг 24 сараар тооцоход нийт хүүд 19,928,640 төгрөг төлөхөөр байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн төлбөрт төлсөн 13,360,000 төгрөгийг хүүнд тооцон, хүүгийн үлдэгдэл 6,568,640 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан зохицуулалтад нийцэж байна.
6. Зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан зохицуулалтад нийцсэн, гэрээний хугацаа дууссан 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 392 хоног, нийт 32,550,112 төгрөгийн алданги үүссэн тул мөн хуулийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан зохицуулалтад нийцүүлэн зээлийн төлбөр 41,518,000 төгрөгийн 50 хувиар тооцон 20,759,000 төгрөгийг алдангид нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
7. Хариуцагч С.Зын хувьд зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй гэх боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд ...С.З нь н.А гэгч этгээдтэй зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн байсан ба н.Ат төлөх зээлээ н.Аийн хүссэнээр Г.Сгийн дансаар дамжуулан авахаар шилжүүлсэн ... гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй буюу С.З нь н.Ат төлөх зээлийн төлбөрөө Г.Сгийн дансаар дамжуулан төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
8. Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан үндэслэлд хамааруулан хариуцагч С.З нь нэхэмжлэгч Г.Сд зээлийн төлбөрт шилжүүлсэн төлбөрөө түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн буцаан шаардаж буй нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн, нэхэмжлэгчийн хувьд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502,180 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 502,180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Заас зээлийн гэрээний үүрэгт нийт 68,845,640 /жаран найман сая найман зуун дөчин таван мянга зургаан зуун дөч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Сд олгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Зын нэхэмжлэгч Г.Сд холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 13,360,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,180 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Заас улсын тэмдэгтийн хураамжид 502,180 /таван зуун хоёр мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Сд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2022/19190 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалт, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2022/24778 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ