Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/04082

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... байранд байрлах, регистр ...9, Н... ХХК,  

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод байрлах, регистр ..., Ө...ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:83 990 716 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х..., хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н... ХХК нь хариуцагч Ө...ХХК-д холбогдуулан 83 990 716 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Манай компани болон Ө...ХХК-ийн хооронд 2020 оны 6 дугаар сарын18-ны өдөр 03/2020 дугаартай зээлээр Асфальт худалдах, нийлүүлэх гэрээг тус компанийн захирал Э.Б...тай байгуулсан.Тус гэрээний хүрээнд Асфальт болон бетон эдлэл бордюр нийлээд 73 439 211 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн үүнээс 17 445 400 төгрөг төлсөн.Гэрээний 5.1.2 дахь хэсэгт заасан 2020 оны 09 дүгээр сарын 20-ны дотор бүрэн барагдуулах үүргийг Ө...ХХК биелүүлэхгүй байгаа тул гэрээний үндсэн үүрэг 55 993 811 төгрөг, гэрээний 7.4 дахь хэсэгт заасан алданги 27 996 905 төгрөг нийт 83 990 716 төгрөгийг гаргуулан манай компанид олгож өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Манайх Н... ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 150 000 000 төгрөгийн Асфальт худалдах, нийлүүлэх гэрээ байгуулсан, 45 000 000 төгрөгийн асфальт авсан, манайх 11 055 000 төгрөгийн авто замын хашлага буюу бордюр аваагүй, үүнийг Д... авсан, энэ тооцоог манайд гаргасан.Д....тэй тооцоо нийлсэн акт байгаа гэсэн.Гэрээ хэрэгжээгүй, алдангийг зөвшөөрөхгүй, манай байгууллага ковидын улмаас үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэв.

Нэхэмжлэгчээс:Улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлээр асфальт худалдан нийлүүлэх гэрээ, харилцагчийн дэлгэрэнгүй тайланг шүүхэд өгсөн./хх 4, 5-6, 9/

Нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн тооцооны үлдэгдлийн баталгаа, асфальт бетон зуурмагийн журнал, мэдэгдэл, зарлагын баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх үнэлээгүй болно./хх 8, 10-23, 25-30/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н... ХХК-ийн нэхэмжлэлээс 67 408 216 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 16 582 500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүрэгт 55 993 811 төгрөг, алданги 27 996 905 төгрөг нийт 83 990 716 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Манайх 11 055 000 төгрөгийн авто замын хашлага буюу бордюр аваагүй, манай байгууллага ковидын улмаас үйл ажиллагаа явуулахгүй байгаа алдангийг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлээр асфальт худалдан нийлүүлэх гэрээ, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, зохигч талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2020 оны 6 дугаар сарын18-ны өдөр Асфальт худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Талуудын маргааны зүйл нь авто замын хашлага буюу бордюрын үнэ болон  алданги байна, харин хэлцлийн хүчин төгөлдөр, Асфальтын үнийн талаар маргаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Ө...ХХК нь Н... ХХК-аас 44 938 811 төгрөгийн асфальт худалдаж авсан болох нь талуудын хооронд хийгдсэн гэрээ, төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна./хх 5-6/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч байгууллага нь худалдагчаас хүлээн авсан асфальтын үнийг төлөх үүрэгтэй байна.

Гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т “Захиалагч гэрээний 5.1-д заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алдангийг нийлүүлэгчид төлнө гэж талууд тохирсон байх тул нэхэмжлэгч байгууллага нь алданги шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч байгууллагын гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 22 469 405 төгрөгийн алдангийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна.

Харин талуудын хооронд хийгдсэн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн гэрээнд авто замын хашлага буюу бордюр худалдах, худалдан авах талаар зохигчид тохироогүй байна.

Мөн нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн харилцагчийн дэлгэрэнгүй тайланд 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр М... ХХК 670ш бордюр, 11 055 000 төгрөг гэж бичигдсэн байгаагаас үзэхэд энэхүү бордюрын үнэ 11 055 000 төгрөгийг Ө...ХХК-аас шаардах эрхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч байгууллагаас гэрээний үүрэг 44 938 811 төгрөг, алданги 22 469 405 төгрөг нийт 67 408 216 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 904 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 494 991 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Ө...ХХК-аас 67 408 216 /жаран долоон сая дөрвөн зуун найман мянга хоёр зуун арван долоон/ төгрөг гаргуулан Н... ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16 582 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 904 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ө...ХХК-аас 494 991 төгрөгийг гаргуулан Н... ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН