Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 133/ШШ2022/00530

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн 0 тоотод оршин суух, Ж овогт Д-ын О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн 0 тоотод оршин суух Д-ийн А, М-ын Г нарт холбогдох,

 

Байрны урьдчилгаанд төлсөн 7.000.000 төгрөг, хохиролд 1.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, хариуцагч М.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О миний бие 2019 оны 05 дугаар сарын үед Д.А, М.Г нартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 9 айлын орон сууцны 3 давхарт нь 40 м.кв талбай бүхий орон сууцыг урьдчилгаа төлбөрөө төлөөд хувь лизингээр худалдан авахаар харилцан тохиролцож Д.А-гийн хүү М.Г-ийн Хаан банкны ........ тоот данс руу 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны ......... тоот данснаас 3.000.000 төгрөг, эхнэр Ч.Х-ын Хаан банкны ............ тоот данснаас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 600.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 400.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-нд 2.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэвч тухайн байр ашиглалтанд орох үед үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байсан тул өөр хүнд худалдан борлуулсан. Бид хоёр тухайн урьдчилгаа төлбөрийг төлөхдөө цалингийн зээл болон бусдаас хүүтэй зээл авч өгсөн учраас тухайн зээлийн хүүд төлсөн 1.000.000 төгрөгийг төлсөн. Тийм учраас хариуцагч Д.А, М.Г нараас байрны урьдчилгаанд төлсөн 7.000.000 төгрөг, хохиролд 1.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч болон хариуцагч М.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: и урьдчилгаа мөнгийг авсан. Харин дахин мөнгө нэхэх үед 1, 2 дугаар давхар ашиглалтад орсон байсан. Тэгээд надад мөнгөний хэрэг байгаа учраас мөнгө нэмээд өгөөч гэж хэлсэн. Мөн барилгын ажил гүйцэтгэгч барилгын ажил явагдаагүй тохиолдолд хүнээс мөнгө нэхэх эрх байхгүй. Тэгээд 1 дүгээр давхрын 40 метр квадрат ашиглалтад орох гэж байна. Тэгээд мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Хувиараа барилга барьж байгаа хүнд өдөр бүл мөнгөний асуудал тулгардаг. Тэр үед дотор засал болон шатны хонгил янзлах болоод мөнгө асуусан. Тэгээд нэмж мөнгө өгөх болон авах боломжгүй байна гэж хэлэхээр нь миний хариуцлагаар явж байгаа учраас би мөнгийг нь олж өгье гэж хэлсэн. Мөн тухайн үеийн мөнгөний асуудал нь Мандал голомт халаалт залга гээд манайхаас 15,000,000 төгрөг нэхэж байсан. Мөн шугам сүлжээтэйгээ 25,000,000 төгрөг болж байсан. Тийм учраас мөнгө нэмж авах гэж байсан. Би дахиад барилга барьж байгаа хэдий ч энэ хүмүүс мөнгөний бололцоо байхгүй гэсэн болохоор 7,000,000 төгрөгийг нь буцааж өгнө. Учир нь би энэ барилгыг барьж байгаа учраас хуулийн хүрээнд 7,000,000 төгрөгийг буцааж төлөх үүрэгтэй гэж бодож байна. Би тэр үед Баян-Өлгий аймагт явж байгаад бичиг баримтаа хаяад 1 жил болж байсан. тэгээд бичиг баримтаа захиалж амжаагүй байсан учраас М.Г-ийн картыг хэрэглэж байсан. Тэгээд тэр үеийн гүйлгээг М.Г-ийн дансаар авдаг байсан. Би гэрээ байгуулаагүй учраас 7,000,000 төгрөгөөс 30 хувийг суутгаж авахгүй буцааж төлнө. Бид хоёрын хоорондоо мөнгөний хүү тооцон гэж гэрээ байгуулаагүй учраас би 7,000,000 төгрөг төлнө гэв.

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар Ч-ын Х-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт 3 хуудас зэргийг ирүүлжээ.

4. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар

-Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 03 сарын 05-ны өдрийн КД-10/2021 дугаартай дүгнэлтийн хуулбар,

-Есөнбулаг сумын иргэн Д.А-гийн захиалгаар Харзат багийн нутаг дэвсгэрт баригдсан 7 айлын орон сууцны барилга угсралтын ажлын нэмэлт гэрээний эх хувь,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000553479 дугаартай гэрчилгээний хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай техникийн нөхцлийн эх хувь зэргийг  ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

5. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

6.Нэхэмжлэгч Д.О нь Д.А, М.Г нарт холбогдуулан байрны урьдчилгаанд төлсөн 7.000.000 төгрөг, хохиролд 1.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

7. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нь ... Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 9 айлын орон сууцны 3 давхарт нь 40 м.кв талбай бүхий орон сууцыг урьдчилгаа төлбөрөө төлөөд хувь лизингээр худалдан авахаар харилцан тохиролцож Д.А-гийн хүү М.Г-ийн Хаан банкны ........... тоот данс руу 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны ......... тоот данснаас 3.000.000 төгрөг, эхнэр Ч.Х-ын Хаан банкны ............ тоот данснаас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 600.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 400.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-нд 2.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

8. Хариуцагч Д.А нь ... Би дахиад барилга барьж байгаа хэдий ч энэ хүмүүс мөнгөний бололцоо байхгүй гэсэн болохоор 7,000,000 төгрөгийг нь буцааж өгнө. Би тэр үед Баян-Өлгий аймагт явж байгаад бичиг баримтаа хаяад 1 жил болж байсан. Тэгээд М.Г-ийн картыг хэрэглэж байсан, тэр үеийн гүйлгээг М.Г-ийн дансаар авдаг байсан гэж тайлбарлажээ.

9. Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Д.А нар нь орон сууц худалдах, худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах хэлцлийг аман хэлбэрээр хийсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

10. Үйл баримтын хувьд: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 9 айлын орон сууцны 3 давхарт нь 40 м.кв талбай бүхий орон сууцыг урьдчилгаа төлбөрөө төлөөд хувь лизингээр худалдан авахаар харилцан тохиролцож нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.А-д М.Г-ийн дансаар дамжуулж 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж талууд тайлбарлаж, уг үйл баримттай маргаагүй болно.

10.1 Улмаар Д.О нь 5323091441 дугаарын данс руу 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 600,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 400,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Ч-ын Х-ын ........... дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

11. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж байгаа бол хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.

Иргэний хуулийн 109 дугаар зүйлийн 109.2 дахь хэсэгт ... Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж,

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт ...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заажээ.

Гэтэл талууд үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц худалдах авахаар харилцан тохиролцсон боловч уг гэрээг нотариатаар гэрчлүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд шүүх Д.О болон Д.А нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж,

Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ...бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Энэ хэргийн зохигч нарын хувьд дээр дурдсанаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул үүрэг үүсээгүй байна. Маргааны хувьд хариуцагч Д.А нь байрны урьдчилгаанд төлсөн 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Од буцаан өгөх үүрэгтэй, Д.О-ийн худалдан авахаар тохиролцсон байрыг Д.А нь өөр этгээдэд худалдсан гэж тайлбарлаж талууд маргаагүй тул Д.О нь Д.А-гаас шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

12. Харин нэхэмжлэгч Д.О-д 1,000,000 төгрөгийн хохирол учирсан болох байдал хэрэгт нотлох баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алданги тооцох агуулгаар тайлбарласан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анз буюу алдангийн гэрээг бичгээр байгуулахаар заасан, энэ шаардлагыг хангаагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн хариуцагч Д.А нь М.Г-ийн дансыг Д.О-ээс байрны урьдчилгаа төлбөр шилжүүлэн авахад ашигласан гэж тайлбарлаж, талууд маргаагүй, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Д.А-гийн нэрээр байх тул хариуцагч М-ын Г-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Ж овогт Д-ийн А-гаас байрны урьдчилгаанд төлсөн 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж овогт Д-ын О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 1,000,000 төгрөг болон хариуцагч Б овогт М-ын Г-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 7,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 50 /тавь/ төгрөгийг Д.О-ээс гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Ж овогт Д-ийн А-гаас байрны урьдчилгаанд төлсөн 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж овогт Д-ын О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 1,000,000 төгрөг болон хариуцагч Б овогт М-ын Г-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 7,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 50 /тавь/ төгрөгийг Д.О-ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ц.ҮЙТҮМЭН