Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/56

 

 

 

 

Б.Б, З.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгч /Б.Б/-ийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Б.Б /онлайнаар/,

Шүүгдэгч З.Ө /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Б, З.Ө нарт холбогдох 2034000000447 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Бы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 сарын 20-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Тэрэлж гэх газарт “Чанар” нэртэй амралтын газар хохирогч З.Өтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед тархи доргилт, хүзүү, цээж, баруун ташаанд зулгаралт, баруун зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч З.Ө нь 2020 оны 06 сарын 20-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Тэрэлж гэх газарт “Чанар” нэртэй амралтын газар хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед тархи доргилт, баруун дээд зовхинд шарх, нүүр, зүүн мөрөнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас З.Ө, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч З.Өыг согтуугаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Өод оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бы цагдан хоригдсон 6 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Өоос 134 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бд олгож, хохирогч З.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн, хохирогч Б.Б нь эмчилгээний зардал гэх 150 000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо: “...Миний бие сайн танихгүй хүмүүсийн дунд оройн цагаар хооллож байгаад гэнэтийн халдлагад өртөн нүд, нүүрэн хэсэгтээ гэмтэл авч хохирсон. Тэр оройдоо халдагч этгээдийн хоёр дахь халдлагыг өөрөө няцааж, таслан зогсоосон уг үйлдлийг шалгасан мөрдөгч Алтанхуяг, шүүсэн шүүгч Т.Батжаргал нар хэргийн ач холбогдол бүхий үнэн бодит мэдээллийг мэдэж байсан бүх гэрч нарыг шалгалгүй цөөн тооны хэрэгт хувийн сонирхолтой хүмүүсийн мэдүүлгээр намайг хэлсээр шүүж шийтгэсэн үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 1.1, 1.7, 1.14 гэх мэт зайлшгүй чухал заалтуудыг санаатай зөрчин шүүх ажиллагааг явуулж намайг хэлмэгдүүллээ. Иймд хэргийг бүх гэрч нараас үнэн зөв мэдүүлэг авч хэргийн газрын үзлэгийг зөв газар нь хийж хяналтын камерийн бичлэгийг шалгаж гэрчүүдийн худал мэдүүлгийг шалган тогтоож, үнэн зөв шийдэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдож байгаа, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байх тул шүүгдэгч Б.Бы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан саналдаа: Б.Бы зүгээс хэрэг нотлогдохгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Олон удаа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байгаа. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч З.Ө гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б гаргасан тайлбартаа: Процесс ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Хүнийг ингэж хүчээр түрэмгийлж ял тулгаж болохгүй шүү дээ. Гэрчүүд нэг байгууллагад хамт ажилладаг тул энэ хүнийг хамгаалж л мэдүүлэг өгөх нь ойлгомжтой. Би зохион байгуулалттай үйл ажиллагааны хохирогч болж байгаа тул гомдолтой байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б, З.Ө нарт холбогдох эрүүгийн 2034000000447 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.Бы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 сарын 20-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Тэрэлж гэх газарт байрлах Чанар нэртэй амралтын газар хохирогч З.Өтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, цээж, баруун ташаанд зулгаралт, баруун бугалгад цус хуралт бүхий  хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч З.Ө нь согтуугаар 2020 оны 06 сарын 20-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Тэрэлж гэх газарт байрлах Чанар нэртэй амралтын газар хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд зовхинд шарх, нүүр, зүүн мөрөнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч З.Өын хохирогчоор өгсөн /хх-ийн 50-51/, шүүгдэгч Б.Бы хохирогчоор өгсөн мэдүүлгүүд болон, гэрч Ж.Эрдэнэсувд /хх-ийн 15-17/, Н.Гантуяа /хх-ийн 18-20, 45/, Т.Лхагвасүрэн /хх-ийн 43-44, 73/, Б.Уламбаяр /хх-ийн 46/, М.Лхагвадэмбэрэл /хх-ийн 71-72/, Я.Отгонхүү /хх-ийн 74/ нарын мэдүүлгүүд,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 сарын 25-ны өдрийн №435 дугаартай шинжээчийн: “1. З.Өын биед тархи доргилт, хүзүү, цээж, баруун ташаанд зулгаралт, баруун зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх /хх-ийн 25-26/,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн №438 дугаартай шинжээчийн: “1. Б.Бы биед тархи доргилт, баруун дээд зовхинд шарх, нүүр, зүүн мөрөнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлтүүд /хх-ийн 27-28/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс Б.Б, З.Ө нарт оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Бы гаргасан давж заалдах гомдолд “Хэргийн бүх гэрч нараас үнэн зөв мэдүүлэг авч, хэргийн газрын үзлэгийг зөв газар нь хийж хяналтын камерын бичлэгийг шалгаж гэрчүүдийн худал мэдүүлгийг шалган тогтоож, үнэн зөвөөр шүүж өгнө үү.” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. Шүүгдэгч Б.Б, З.Ө нарт холбогдох эрүүгийн хэрэгт гэрчээр тухайн хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч нартай хамт байсан Ж.Эрдэнэсувд /хх-ийн 15-17 хуудас/, Н.Гантуяа /хх-ийн 18-20, 45 хуудас/, Б.Уламбаяр /хх-ийн 46 хуудас/, Т.Лхагвасүрэн /хх-ийн 43-44, 73 хуудас/, М.Лхагвадэмбэрэл /хх-ийн 71-72 хуудас/, Я.Отгонхүү /хх-ийн 74 хуудас/ нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авахын өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан нийтлэг журмыг баримтлан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлан, санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулж гэрчийн мэдүүлэг авсан байх тул хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримт болох гэрч нарын мэдүүлгийг шүүх үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2020  оны 06 сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тэрэлж гэх газарт орших “Чанар” нэртэй амралтын газарт Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч Д.Батгэрэл нь шинжээч Ш.Сүхбаярыг оролцуулан хэргийн газрын үзлэгийг нөхөн хийж, тэмдэглэл хөтлөн, үзлэгийг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлтийг хавсаргажээ /хх-ийн 5-8 хуудас/. Уг хэргийн газрын үзлэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд яллагдагч, хохирогч нараас ямар нэгэн санал, гомдол гараагүй байна. Давж заалдах гомдолд шүүгдэгч Б.Б хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэх талаар дурдсан боловч уг мөрдөн шалгах ажиллагааг хийснээр хэргийн ямар нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий ямар байдлыг тодруулах зорилготой эсэх нь тодорхой бус байх тул хэргийг прокурорт буцааж хэргийн газрын үзлэг хийлгэх нь зайлшгүй хийгдэх шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа биш байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан. Тэдгээрийн мэдүүлэг нь ноцтой зөрүү байхгүй байх тул хяналтын камерийн бичлэгийг шалгах ажиллагааг явуулах нь хэрэгт ач холбогдолгүй байна.

Шинжээч С.Төгсбуян анхан шатны шүүх хуралдаанд оролцож гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлэхдээ: 2020 оны 06 сарын 22-ны өдөр Заяат овогтой Өыг өөрийн биеэр үзэж 435 дугаартай дүгнэлтийг гаргасан байна. Үзлэгийг хийхэд зүүн шанаанд зулгаралт, баруун шанаанд зулгаралт, баруун бугалгад цус хуралт, зүүн бугалгад цус хуралт үүссэн байна. Ө нь 2020 оны 06 сарын 22-ны өдөр ирэхдээ Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын эмчийн бичигтэй ирсэн байна. Толгойд томографын шинжилгээ хийлгээд зургийг нь авчраарай гэж хэлээд явуулсан боловч ирээгүй тул шинжилгээний хариуг хүлээхгүйгээр дүгнэлтийг 3 хоногийн хугацаанд буюу 2020 оны 06 сарын 25-ны өдөр гаргасан. ...Миний хувьд Өын биед учирсан гэмтлүүдийг үзээд хэзээ яаж үүссэн, ямар үйлчлэлээр үүсгэгдсэн талаарх дүгнэлт гаргадаг. Тархи доргилт гэмтлийг ямар нэгэн нотлох баримт шаардахгүйгээр өөрийн нүдээр үзээд тухайн хүнд ямар зовуурь илэрч байгааг хараад гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэн гэмтлийн зэргийг тогтоодог” /хх-ийн 161 хуудас/ гэжээ. Шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах бөгөөд хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээдэг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 сарын 25-ны өдрийн №435 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 сарын 25-ны өдрийн №438 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт байх тул анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэн хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч Б.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021

оны 02 сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ