Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 187

 


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:166/2017/0188/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн,
Улсын яллагч Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Хохирогч ***,
Шүүгдэгч ***т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан гэмт хэрэгт ***тод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000489 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, *** /РД:***/ *** өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, “***” клиникийн эмнэлэгт мэс заслын эмч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч ***т нь “***” клиникийн эмнэлэгт мэс заслын эмч ажиллаж  байхдаа өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр иргэн ***ийн баруун чихний орчмын шүлсний булчирхайг авах хагалгааны явцад нүүрний мэдрэлийн 7 дугаар салааг тайрч, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өвчтөнд 2016 оны 8 сард хагалгаа хийсэн. Чихний ойролцоох булчирхайн хавдар гэсэн оноштойгоор эмчилгээ хагалгаа хийсэн юм. Тухайн хавдар том байрлалтай нилээн хэмжээг хамарсан байдалтай байсан учраас мэдрэлийн салааг гэмтээх хүндрэл гарах магадлал өндөр байсан. Би хагалгаа хийхдээ аль болох хүндрэл гаргахгүйн үүднээс судасыг гэмтээлгүй мэс засал хийсэн. Харин хагалгааны дараах хүндрэл гэж би ойлгож байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 8 сарын 4-ний өдөр хүний зөвлөснөөр ***т эмч дээр очиж үзүүлсэн. Тэгтэл ***т эмч хэлэхдээ “Улаанбаатар явж үзүүлвэл чи цаг хугацаа алдана, харин чи төлбөрөө хийгээд ороод ир, наадахыг чинь авчихаж болно” гэж хэлсэн. Би бодохдоо бас нээрээ ч бас Улаанбаатар хот руу яваад цаг хугацаа алдах юм байна гэж бодоод эмчийг авчихаж болно гэж хэлсний үндсэн дээр тэр хагалгааг хийлгэсэн. Хагалгаа хийлгэсний дараа миний өрөөсөн талын нүүр тэр чигээрээ унжсан байдалтай болсон. Гэхдээ түүнээс хойш жил болсон учраас арай гайгүй болсон байна. Яг тухайн үед би бүхэл хоол идэж чаддаггүй болчихсон байсан. Яг үнэндээ энэ эмч намайг хагалгаанд оруулсны дараа 10 хоног амралтаа авсан гээд хаяад явсан. Миний эмнэлгээс гарах хугацаа болчихоод байдаг, гэтэл тухайн үед нүүр царай хэцүү болчихсон учраас эмнэлгээс гарч чадахгүй тэр эмчийг ирэхээр нь лавлаж асууна гээд эмнэлэгээс гараагүй хүлээсэн. Хагалгаанд орохын өмнө надад “ийм эрсдэл байгаа шүү” гэж урьдчилан сануулж тайлбар хэлсэн зүйл байгаагүй. Өмнө ийм эрсдэл байгаа шүү гэж хэлсэн бол шууд шийдэж тэр хагалгаанд орохгүй байсан юм. Эмнэлгээс гарсныхаа дараа гэртээ иртэл тархи толгой маш ихээр өвдөөд Улаанбаатар хот руу явж толгой хүзүүний мэс заслын тасагт үзүүлсэн. Улаанбаатар хотод очоод үзүүлэх гээд маскаа авахад л чиний төв мэдрэлийн 7 дугаар судас тасарсан байна гээд шууд хэлж байсан. Эмч бас яаралтай хагалгаанд орохгүй бол нүүр чинь энэ чигтээ үлдэнэ шүү гээд Улаанбаатарт хагалгаанд орсон. Би анхнаасаа зөв эмчээ сонгож эмнэлэг дээр очсон бол хавдар биш шүлсний булчирхай цоччихсон байсан. Энэ эмч мэдлэг чадвар нь хүрээд мэдэж байсан бол анхнаасаа энэ эрсдлийг хэлэх байсан. Мөн төв мэдрэлийн 7 дугаар судсыг маань Улаанбаатарын эмнэлэг холбож мэс засал хийсэн.
…Нэгэнт хохирлоо авсан учраас гомдолгүй.” гэх мэдүүлэг, 

-2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 992 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21-22/,
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /хэргийн 44-46/,
-Хавдар судлалын Үндэсний төвийн мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт /хэргийн 51-54/,
-Эрүүл мэндийн яамны нүүр, ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүний дүгнэлт /хэргийн 57-60/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 63-68/,
-Хохирогч ***ийн “Саран элит” клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хэргийн 72-89/,
-Хохирогч ***ийн Хавдар судлалын Үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хэргийн 94-101, 104-106/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 142/,
-Хохирогч ***ийн эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хэргийн 147-162/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 165/,
-Шинжээч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дээрх мэс заслын үед нүүрний мэдрэлийн 7 дугаар салааг гэмтээлгүйгээр болгоомжтойгоор чөлөөлж хагалгааг хийх ёстой. Дээрх мэс заслын явцад эмч техникийн алдаа гаргасан байна. Мэс заслын хүндрэл гэдэг нь ямар нэгэн техникийн алдаагүйгээр хийгдсэн хагалгааны дараа үүсч болох хүндрэлийг хэлнэ. 
...дээрх хагалгааны явцад булчин, зөөлөн эд, арьс гэмтэх боловч мэдрэлийн салааг гэмтээх ёсгүй. Энхцэцэгийн биед учирсан гэмтэл нь мэс заслын дараах хүндрэл биш мэс заслын явцад үүссэн гэмтэл байна. Мэс заслын явцад шүлсний булчирхайн хавдар томорсон байсан нь мэдрэл гэмтээх шалтгаан болохгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 190/,
-2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 193-197/,
-MNS6095:2010 шүлсний булчирхайн эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээний стандарт /хэргийн 202-206/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ***т нь “***” клиникийн эмнэлэгт мэс заслын эмч ажиллаж  байхдаа өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр иргэн ***ийн баруун чихний орчмын шүлсний булчирхайг авах хагалгааны явцад нүүрний мэдрэлийн 7 дугаар салааг тайрч, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь “нүүрний мэдрэлийн салаа гэмтсэн нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. ***т баруун чихний ойролцоох шүлсний булчирхайн хортой хавдар гэж оношилсон нь буруу байна. Мэс засал хийх үедээ нүүрний мэдрэлийг гэмтээжээ.” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 63-68/, шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дээрх хагалгааны явцад булчин, зөөлөн эд, арьс гэмтэх боловч мэдрэлийн салааг гэмтээх ёсгүй. Энхцэцэгийн биед учирсан гэмтэл нь мэс заслын дараах хүндрэл биш мэс заслын явцад үүссэн гэмтэл байна. Мэс заслын явцад шүлсний булчирхайн хавдар томорсон байсан нь мэдрэл гэмтээх шалтгаан болохгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 190/, ***т баруун чихний ойролцоох шүлсний булчирхайн хоргүй хавдар авах мэс засал хийхдээ MNS 6095:2010 тоот стандартын “С” хавсралт буюу шүлсний булчирхайн эмгэгүүдийн мэс заслын эмчилгээний амны гаднах аргын шүлсний булчирхайг ялгах гэснийг зөрчсний улмаас нүүрний мэдрэлийг гэмтээжээ.” гэх 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 193-197/, өвчний түүхийн хуулбар /хэргийн 94-101, 104-106/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ***тыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жил хүртэл хугацаагаар эрх хасч...” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 106 дугаар зүйлийн 106.1-т “...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр...” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч ***т нь хүний их эмчээс өөр мэргэжил эзэмшээгүй бөгөөд тэрээр мэс заслын эмчээр ажиллаж ар гэр, үр хүүхдээ тэжээн тэтгэдэг байх тул тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр гэсэн сонгох санкцтай 2002 оны Эрүүгийн хуулийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж үзнэ.
Шүүгдэгч ***т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирогчид 16500000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, улсын яллагчийн санал болгосон 4 сарын хугацаагаар баривчлах ялыг оногдуулж, Эрүүгийн хуульд / шинэчилсэн найруулга/ баривчлах ялыг хуульчилаагүй тул Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***тыг 4 сар баривчлах ял эдлэхээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, ***тын өмчлөлийн *** улсын дугаартай тоёота лексус 570 маркын тээврийн хэрэгсэл, *** улсын дугаартай волксваган тоурег маркын тээврийн хэрэгсэл, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** тоот 39.2 м2 хэмжээтэй орон сууц, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** тоот 27 м2 талбайтай орон сууц битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 106 дугаар зүйлийн 106.1-т заасан “өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар шүүгдэгч ***тод тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/  51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч ***тод оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч ***тын өмчлөлийн ***улсын дугаартай тоёота лексус 570 маркын тээврийн хэрэгсэл, ***улсын дугаартай волксваган тоурег маркын тээврийн хэрэгсэл, эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэгдсэн *** орон сууц битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга 2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***тыг 4 сар баривчлах ял эдлэхээс чөлөөлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***тод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ