| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/02991/И |
| Дугаар | 102/ШШ2022/03541 |
| Огноо | 2022-10-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2022/03541
| 2022 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2022/03541 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: В ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ө-т холбогдох
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 347 940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. ******* оролцож
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Х.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 347 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... манай компани хариуцагчтай худалдах худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг дараа авах нөхцөлтэйгээр бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг байсан. Энэ үйл баримт талуудын хооронд 2021 оны 07 сарын 02-ны өдрөөс 2021 оны 07 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны бараа бүтээгдэхүүний үлдэгдэл тооцооны акт нийлэхэд нийт 347,940 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэхүү үлдэгдлийг 2021 оны 08 сарын 27-ны өдөр, 2021 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар хэсэгчлэн төлөхөөр тооцоо нийлсэн баталгааг хийсэн боловч энэ үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байгаа тул хариуцагчаас 347,940 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа ... тухайн сард үүнийг хариуцсан ******* компанийг төлөөлж буй ******* хуулийн зөвлөхтэй уулзсан. Нягтлантай тооцоогоо тулгаж нийлье гэсэн боловч уг нягтлан нь би шинэ нягтлан өмнөх нягтлангаас ийм л бичиг баримт хүлээж авсан гээд надтай тооцоо нийлээгүй. Миний шилжүүлсэн мөнгөн дүн компанийн нягтлангийн мөнгөн дүнгийн баримт 2 хоорондоо таарахгүй байгаа болно ... гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2, 3 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/
Хуулийн этгээдийн этгээдийн гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/
Тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 6 дугаар тал/
5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 20 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...гэрээний хугацаанд өөрийн үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан ба хариуцагч талуудын хооронд хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар 347 940 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсныг нэхэмжилнэ... гэснийг,
3. хариуцагч эс зөвшөөрч ... миний тухайн компани луу шилжүүлсэн мөнгөн дүн хариуцагч компанийн тооцооны дүнтэй тохирохгүй байгаа... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч буюу худалдагч ******* ХХК, хариуцагч буюу худалдан авагч Х.*******т төлбөрийг нь дараа хийж гүйцэтгэх нөхцөлтэй өөрийн компанийн нэрийн бүтээгдэхүүн буюу ундаа ус сүү тараг жүүс зэрэг бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлдэг байсан бөгөөд талууд 2021 оны 08 сарын 20-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар 2021 оны 07 сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нийт 347 940 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлсэн нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6, 20 дугаар тал/
6. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
7. Дээрх гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрсөн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Х.******* нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
8. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй нэрийн бүтээгдэхүүнээ худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх нийлүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.
10. Нэхэмжлэгч өөрийн үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар тогтоогдож байна.
11. Хариуцагч дээрх үнийн дүн бүхий нэрийн бүтээгдэхүүнийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй, харин тухайн нэрийн бүтээгдэхүүний төлбөрийн дүнгийн хэмжээний талаар маргаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар ямар нэг хүсэлт гаргаагүй, тайлбар татгалзлаа нотлоогүй.
12. Хэргийн 6 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар талууд 2021 оны 07 сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 сарын 20-ны өдрийг дуусталх хугацаан өгч авалцсан бараа материалаа нэг бүрчлэн нийлж үзэхэд төлбөр төлөгч буюу хариуцагч 347 940 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо харилцан баталжээ. Мөн Х.******* 2021 оны 08 сарын 27-ны өдрийн дотор дансаа шүүж өгий, хэрэв тооцоо хийгээгүй бол 2021 оны 09 сарын 15-ны өдрийн дотор тооцоо хийе гэжээ.
13. Гэвч энэ хугацаанд хариуцагч дансаа шүүж өгөөгүй, 2021.09.15-ны өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гарах хүртэлх хугацаанд төлбөрийг төлөөгүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
14. Хариуцагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх гэрээний үүргээ биелүүлсэн нь тогтоогдоогүй гэж үзнэ.
15. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 208 дугаар зүйлийн 208.2, 208.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүрэг 347 940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 088 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11 088 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
17. 2022 оны 6 сарын 02-ны өдрийн 124/22 дугаар нэхэмжлэгчээс Т.*******д нарт олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/
18. Хариуцагч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хүсэлттэй холбоотой ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хэргийн 21 дүгээр тал/
19. Хэргийн 7-9 дүгээр талд авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, иргэний үнэмлэх баримтууд хуулбар бөгөөд нотлох баримтын хуульд заасан шаардлага хангахгүй тул нотлох баримтаас хасах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Х.*******ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 347 940 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 088 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11 088 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
3. Хэргийн 7-9 дүгээр талд авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, иргэний үнэмлэхийн хуулбар баримтуудыг нотлох баримтаас хассугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ