Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2022/00533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн 0 тоотод оршин суух, Б овогт Ш-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ... сумын ИТХ-ын дарга П-ийн Ө,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн 0 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга С-ийн А нарт холбогдох,

Нэг удаагийн тэтгэмж 6.717.234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Э, хариуцагч П.Ө /цахимаар/, хариуцагч С.А /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш-ийн Б миний бие 2016 онд Сумын ИТХ-д Монгол Ардын намаас нэр дэвшиж, сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ба Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Алтай сумын ИТХ-ын даргаар сонгогдон /Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолоор/ ажиллаж байсан. Миний бие нь Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын 04 дүгээр тогтоолоор буюу 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйл /нэгжийн удирдлагын нийгмийн баталгаа/ -ийн 78.1 дэх хэсэгт зааснаар сумын ИТХ-ын дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд эрхэлж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан байдаг. /Өмнө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ч мөн ийм заалт байсан./ Миний бие нь тухайн мөнгөн тэтгэмжийг олгож өгөх талаар сумын ИТХ-ын дарга П.Ө-д хүсэлт гаргасан боловч төсөвт тусгагдаагүй гэдэг тайлбар өгсөн. Иймд Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын 04 дүгээр тогтоолоор буюу 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр Алтай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Ш-ийн Б надад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасны дагуу олгох урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний /Сумын хурлын даргаар 11 сар ажиллахдаа нийт 13,434,465 төгрөгийн цалин авсан буюу 1 сард дунджаар 1,119,539 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. 6 сар 1119539 төгрөг нийт 6,717,234 төгрөг/ буюу 6,717,234 /зургаан сая долоон зуун арван долоон мянга хоёр зуун гучин дөрвөн/ төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ-аас гаргуулан олгож өгнө үү гэв. 

2. Хариуцагч П.Ө шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн хүмүүст ажилгүйдлийн тэтгэмж олгох материал бүрдүүлж байна гэж нарийн бичиг хэлсэн байсан. Тэгээд Ш.Б төлөөлөгч материалаа өгсөн гэж байгаа боловч надад материал танилцуулж өгөөгүй. Нэг удаа амаар миний тэтгэмжийг яагаад олгохгүй байгаа юм бэ? гэж хэлж байсан. Мөн материалаа хэнд өгсөн нь тодорхой биш байгаа. Би Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сонгогдож батлагдсан. Тэгээд өмнөх хурлын дарга Ш.Б надад ажлаа өгөхдөө 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн. Тэгээд ажлаа хүлээж авчхаад сургууль дээр очиход Ш.Б миний ажлыг хүлээж авч байсан. Мөн үргэлжлүүлээд ажилд орсон учраас тэтгэмж олгогддоггүй байх гэж бодсон гэв.

3. Хариуцагч С.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тамгын дарга 2021 оны 03 дугаар сард санхүү албаны дарга сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн хүмүүс материалаа бүрдүүлж байна гэж хэлээрэй гэсний дагуу би утсаар холбогдож хэлсэн. Тэгээд Тамгын газрын санхүүгийн албанд материалаа бүрдүүлж, бусад хамт чөлөөлөгдсөн багийн засаг дарга, орлогч нарын хамт материалаа бүрдүүлж сумын дүнгээр санхүүгийн албанаас Говь-Алтай аймгийн санхүүгийн албанд хүргэгдсэн. Тэгээд тэр дүнгээр сумын суурь зардалд тооцогдсон гэж 2021 оны 12 дугаар сард сумын иргэдийн төлөөлөгчдийн 04 дүгээр хуралдаан дээр сумын суурь зардалд сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн хүмүүсийн тэтгэмж 18,000,000 төгрөг суусан гэж тооцогдсон. Тэгээд энэ дунд Ш-Б-ийнх байгаа гэж бодтол дараа нь байхгүй байсан гэж хэлсэн. Тийм учраас энэ асуудал бид нар хамааралгүй. Мөн материалаа хэрхэн бүрдүүлснийг бид нар мэдэхгүй гэв.

4.Нэхэмжлэгчээс талаас нотлох баримтаар Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/1401 дугаартай албан бичиг,

-Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай “аймгийн 2022 оны төсөв батлах тухай” тогтоолын Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар зэргийг ирүүлжээ.

         5. Хариуцагч талаас нотлох баримтаар Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоол ирүүлжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

6. Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад холбогдох, нэг удаагийн тэтгэмж 6.717.234 төгрөг гаргуулах тухай Ш-Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад холбогдуулан нэг удаагийн тэтгэмж 6.717.234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

8. Хариуцагч С.А, П.Ө нар тайлбартаа “...энэхүү зардал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсөвт суудаггүй. Уг мөнгө нь анх материал бүрдүүлсэн газартаа буюу Засаг даргын Тамгын газраар дамжин тухайн иргэдэд олгогдсон болно” гэж маргажээ.

9. Үйл баримтын хувьд нэхэмжлэгч Ш.Б нь Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар “ИТХ-ын дарга сонгох тухай” тогтоолоор сумын ИТХ”ын даргаар сонгогдсон байна. Улмаар Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр “Ш.Б-ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор чөлөөлөгджээ.

10. Шаардах эрхийн үндэслэлийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заажээ.

Харин Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-т зааснаар төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна. Төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д зааснаар батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй гэж заажээ.

         Шүүхийн тухай хуулийн 4.1-т шүүхийн эрхэм зорилгыг тодорхойлохдоо 4.1.2-т хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх гэж заажээ.

Хэдийгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус хурлын даргыг томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байгаа боловч тэтгэмжийн тухайд төсөв батлагдсан байгууллагаас олгогдох нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх баталгааг хэрэгжүүлэх, тооцох тал дээр илүү бодитой байх юм.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг өөрөө сонгон тодорхойлох хэдий ч зөв тодорхойлоогүйн зэрэгцээ харицагчийг солих тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад холбогдох, нэг удаагийн тэтгэмж 6.717.234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

12. Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөвтгөж шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

13. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа хариуцагчаар тодорхойлсон эдтгээдийнхээ албан тушаал болон нэрийг заан нэрлэж гаргасан бөгөөд нэхэмжлэлийн агуулга нь хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой байх тул шүүх хариуцагчийг тухайн хуулийн этгээд гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн 0 сумын иргэдийн Төлөөгчдийн Хурлын дарга П.Ө, 0 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.А нарт холбогдох сонгуулийн үр дүнд албан тушаалаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж 6,717,234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш-ийн Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөвтгөж шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.ҮЙТҮМЭН