| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/03262/И |
| Дугаар | 102/ШШ2022/03663 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2022/03663
| 2022 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2022/03663 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Т-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: -тхолбогдох,
2021 оны 11 сарын 08-ны өдрийн 12/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Олонбаяр
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөболд нар оролцож
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Төмөрчөдөр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 12/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02366 дугаар шийдвэрээр Б.Төмөрчөдөрөөс 113,469,690 төгрөгийг гаргуулж, Мөстийн өвөр булаг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн билээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагааг Баянгол дүүргийн 224 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Март нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003519 дугаар бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 хороо, 6 хороолол, 16 байр, 11 тоотод байрлах 30 мкв бүхий талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа 126,930,000 төгрөгөөр үнэлүүлж, анхны дуудлага худалдаагаар үнэлгээний 70 хувиар буюу 88,851,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаа явуулж байгаа нь миний эрх ашгийг хохироож байна. Учир нь уг үнэлгээг хийлгэхэд миний саналыг огтхон ч тусгаагүй байна. Үүний илрэл нь ижил төрлийн ийм орон сууц 160,000,000-180,000,000 төгрөгний ханштай байгаа нь дурын олон нийтийн зар мэдээнээс харагдаж байна. Шүүхийн шийдвэрийг үл биелэгдэх байдлаар хэт хурдан хугацаанд дуудлага худалдаа явуулсанд, мөн мэдэгдлийг надад өгөөгүйд гомдолтой байна. Иймд 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 12/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэв.
3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбартаа: ... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 2366 дугаар шийдвэрээр Бямбадоржийн Төмөрчөдөрөөс 113,469,690 төгрөгийг гаргуулж Мөстийн өвөр булаг ХХК-д олгох, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Б.Төмөрчөдөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2202003519 дугаар бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5 хороо, 6 хороолол, 16 байр, 11 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч Б.Төмөрчөдөр нь 2021 оны 11 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан эрхийн улсын Ү-2202003519 дугаар бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5хороо, 6 хороолол, 16 байр, 11 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/03514 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 0410 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 001/ШХТ2022/00453 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Төмөрчөдөрийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэхүү хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан тул нэхэмжлэгч Б.Төмөрчөдөрийн албадан дуудлага худалдаа явуулах тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1, 2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/
2021.11.08-ны өдрийн 12/7 дугаар тогтоол /хэргийн 5 дугаар тал/ нотлох баримтууд
5. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн
Итгэмжлэл /хэргийн 7, 13 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 14 дүгээр тал/
2021.02.09-ний өдрийн 151 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 17 дугаар тал/
2021.02.09-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хэргийн 18 дугаар тал/
2020.08.21-ний өдрийн 102/ШШ2020/02366 дугаар шүүхийн шийдвэр /хэргийн 19-27 дугаар тал/
2021.03.17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол /хэргийн 28 дугаар тал/
2021.12.21-ний өдрийн 102/ШШ2021/03514 дугаар шүүхийн шийдвэр /хэргийн 29-32 дугаар тал/
2022.03.07-ны өдрийн 410 дугаар Магадлал /хэргийн 33-36 дугаар тал/
2022.05.06-ны өдрийн 453 дугаар Улсын Дээд шүүхийн тогтоол /хэргийн 37 дугаар тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хэргийн 38-39 дүгээр тал/
Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, тэмдэглэл, анхны болон 2 дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоол тэмдэглэлүүд /хэргийн 40-66 дугаар тал/
Б.Төмөрчөдөрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хэргийн 67 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч гомдол шаардлагын үндэслэлээ ...88 851 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаа явуулж байгаа нь миний эрх ашгийг хохироож байна. Ижил төрлийн орон сууц 160 000 000-180 000 000 төгрөгийн ханштай байна. хэт хурдан хугацаанд дуудлага худалдаа явуулсанд, мөн мэдэгдлийг надад өгөөгүй гомдолтой... гэж тайлбарласныг,
3. хариуцагч эс зөвшөөрч ...төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлэсэн байгаа. Мөн албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон мэдэгдлийг Б.Төмөрчөдөрт шуудангаар хүргүүлсэн өөрөө хүлээн авсан байгаа түүнд анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон талаар тодорхой заасан, бас утсаар дахин мэдэгдсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. 2020 оны 08 сарын 21-ны өдрийн дугаар 102/ШШ2020/02366 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Төмөрчөдөрөөс 112 748 000 төгрөг гаргуулан Мөстийн өвөр булаг ХХК-д олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 5 хороо, 6 хороолол 16 байр 11 тоот дахь 2 өрөө 30м2 талбайтай, улсын бүртгэлийн Н-2202003519 дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /хэргийн 19-27 дугаар тал/
6. 2021 оны 02 сарын 09-ны өдрийн 102/ШЗ2021/02037 дугаар тус шүүхийн шүүгчийн захирамж гарч дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хэргийн 17-18 дугаар тал/
7. 2021 оны 03 сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, ажиллагаа явуулж эд хөрөнгө битүүмжлэх, хураах, хураагдсан хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх, үнэлгээ тогтоох шинжээч томилох, шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар мэдэгдэх зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байна. / хэргийн 38-54 дүгээр тал/
8. Төлбөр төлөгч буюу Б.Төмөрчөдөр шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд гомдол гаргасныг 2021 оны 12 сарын 21-ны өдрийн дугаар 3514 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээ, найруулгын өөрчлөлт оруулсан, хяналтын шатны шүүх гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 29-37 дугаар тал/
9. 2021 оны 11 сарын 08-ны өдөр дугаар 12/7 тоот албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч Чингэлтэй дүүрэг, 5 хороо, 6 хороолол 16 байр 11 тоот дахь 2 өрөө 30м2 талбайтай, улсын бүртгэлийн Н-2202003519 дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн үнэлсэн 126 930 000 төгрөгийн 70 хувь болох 88 851 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоож, энэ тухай төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдэл хүргүүлж, нийтэд мэдээлсэн байна. / хэргийн 55-59, 66 дугаар тал/
10. 2021 оны 11 сарын 25-ны өдөр албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө 100 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд энэ тухай талуудад мэдэгдсэн байна. /хэргийн 60-65 дугаар тал/
11. Б.Төмөрчөдөр 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 12/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ ...анхны албадан дуудлага худалдаагаар үнэлгээний 70 хувиар буюу 88 851 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаа явуулж байгаа нь миний эрх ашгийг хохироож байна. ижил төрлийн орон сууц 160 000 000-180 000 000 төгрөг ийн ханштай байна... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзнэ.
12. Учир нь хэрэгт авагдсан баримтаар Б.Төмөрчөдөр төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан ба гомдлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан.
13. Шийдвэр гүйцэтгэгч анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан хугацааны дотор, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан мэдээллийг бүрэн тусгаж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 1771-д заасан хэмжээгээр буюу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 126 930 000 төгрөгийн 70 хувиар тооцож 88 851 000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна. Энэ үнэлгээг тогтоосон үнийн талаар мэдэгдэх хуудаст тусгасан ба Б.Төмөрчөдөр мэдэгдлийг шуудангаар хүлээн авсан байна. /хэргийн 55-56 дугаар тал/
14. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах, албадан дуудлага худалдаагаар худалдахаар тогтоосон үнээс илүү үнээр худалдахаар гэрээ байгуулсан талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна.
15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэжээ.
16. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг тал болох төлбөр төлөгч Б.Төмөрчөдөр хуульд заасан энэхүү эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
17. 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 12/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай Б.Төмөрчөдөрийн гомдлын шаардлага үндэслэл тогтоогдоогүй, шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргахдаа хууль бус, хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
18. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй, гомдлын шаардлага үндэслэл нотлогдохгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 63 дугаар зүйлийн 63.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 12/7 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах Б.Төмөрчөдөрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Б.Төмөрчөдөрөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 12/7 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай Б.Төмөрчөдөрийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ