| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/0068/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/73 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/73
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Хохирогч: О.Батбаатар,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч *******,*******,******* индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** суманд төрсөн,*** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн **** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ****.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн *** багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ****.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** багийн нутаг, “Бор хошуу” гэх газарт нутаглах *** малаас 5 тооны хонь хулгайлж буюу мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсаны улмаас бусдад 1,370,000 /нэг сая гурван зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр би 13 цагт урагшаа адуундаа явсан. Адуунд явж байгаад поолинд энэ хүүхэдтэй таарсан. Шуургатай байсан учир адуу урагшаа явчихсан байсан. Засмал замын урдаас *** хамт адуугаа татаж *** ахынхаас урд орхичхоод поолинд байсан манай адуу руу явж байхад *** азарга адууг нэг хүн мотоциклтой элдээд урагш нь буцаагаар туучихсан. Тэгээд *** ах адуу туугаад байдаг юм чинь гэрийнх нь ойролцоо хэдэн хонь хүлээд орхиё гэсэн юм. Хэдэн хонь хүлчхээд байж байхад *** ах ирсэн. Үнэн учраа хэлсэн. Тэгсэн энийг та нараас үржүүлж авна гэхээр нь юу гэж үржүүлж өгдөг юм бэ гэхэд цагдаа дуудна гээд цагдаа дуудсан...” гэв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Он сар өдрийг нь сайн санахгүй байна. *** урагшаа адуунд яваад 2 азарга адуугаа поолинд үлдээчхээд *** ахынд очиход эзэнгүй байсан. *** ахынд 2 хүн байсан. *** ахыг хойно хонь ачиж байгаа гэсэн. Хүрээд ир гэсэн гэхээр нь Жаргалант руу хамт явсан. *** ах тэгсэн чинь намайг байж бай гээд *** 2 пивонд явуулсан. Би үлдэж хонь ачилцсан. Тэгээд *** ах бас манайх хонь зарна гээд гэр лүүгээ авч явсан. Тэднийд очиж хонийг нь ачилцаж өгсөн. *** 2 пиво авч ирсэн. *** ах манай адууг хөөгөөд байдаг болохоор айлгая гэж 5 хонийг нь хүлээд тавьчихсан юм. Нэгийг нь поолинд авч очъё. Үлдсэн дөрвийг нь гэрийнх нь тэнд тавья гэж байсан юм. Тэгээд нэг хонийг поолинд тавьчхаад ирэхэд *** ах ирсэн. Гэрийнх нь араар цаашаа явж байгаад жалга руу ороод урд дугуйгаа гацаачихсан. Бид хоёр хоёулаа хонь хүлэх санаагаа гаргасан юм. Тэгээд Бат ах намайг морь тавьчхаад ирье гээд дагуулаад явахаар нь замдаа 4 хонь хүлсэн байгаа гэж хэлээд дагуулж очсон юм...” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хүлээд байж байхад нь байгаагүй юм. Хойшоо айлд оччихоод ирсэн. *** гуайн хонийг ачсан гээд байгаа шүү дээ. Банди ахтай энэ хоёрыг ирнэ гэж бодоогүй байсан. **** гуайн нэг үрээг унах гээд чөдөрлөөд байж байсан юм. Тэрнээс өмнө 6 хонь хамт ачилцсан юм. Тэгээд хонь аччихаад байж байхад босс нь дүү нартаа пиво авч өгье гээд зам руу явуулаад 2 пиво авч өгсөн. Тэр 2 пивоос нь уучихаад хоол халааж өгсөн. Хоолоо идээд хэдэн тийшээ мордоцгоосон юм. Би доошоо бензинд явчхаад шөнө 12 цаг өнгөрч байхад ирэхэд хонь гаднаа байсан. Тэгээд саахалт айлындаа оччихоод эргээд ирсэн чинь гэрийн урдуур гэрэл мэлс хийгээд алга болчихсон юм. Би төөрсөн хүмүүс юм байгаа биз гэж бодсон. Гэрийн гадаа байдаг гөлөг хорооны араар ороод бархираад байсан. Тэгээд очоод харахад машины мөр байсан. Ямар согтуу нь ирээд мөргөчихдөг байна гэсэн машин байхгүй байсан. Байшингийн араар орсон чинь энэ хоёр өөдөөс гараад ирсэн. Та хоёр юу хийж яваа юм бэ, хариагүй юм уу гэхэд хойно машинаа суулгачихлаа гэсэн. Тэгээд бид хэд машиныг гаргах гээд дийлэхгүй байж байхад *** ирсэн. *** хойно нэг үрээ байгаа тэрийг чөдөрлөе гэж хэлээд хамт явсан чинь гэрийн хойно нүдэнд юм бүртэлзсэн. Энэ юу бол болдоо гээд өшиглөсөн чинь хонь байсан. Одоо цаасан дээр бичсэн байгаа хонь байсан. Өөр юм болоогүй. Чи яагаад давраад байгаа юм бэ. Хонь мал үймүүлээд байгаа шүү гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Тэгсэн агаа ёстой уучлаарай. Би тэгээгүй шүү л гээд байсан...” гэв.
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** нараас 1 хонь болон гэрийн хана эвдэлсэн төлбөрт 500,000 төгрөг авсан. Би мөнгөө өөрийн Хаан банкин дахь *** тоот дансаар авсан. Хохирол төлбөрөө гаргуулж авсан тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Эхлээд очих үед ****хоёр байсан. Манай гэрээс 15 алхам зайд байдаг, 1 метр орчим өндөртэй далан дээр машинаа гацаагаад зогсож байсан. Надад бол эхлээд хонь хүлсэн гэж хэлээгүй. Би *** хоёртой машиныг нь түрээд гаргаж дийлэхгүй байсан. *** гэх хүний хүү гэх залуу хаанаас ч юм алхаад гараад ирсэн. Бид дөрөв нийлээд түрээд машиныг нь гаргасан. Дараа нь бид дөрөв манай гэрт ороод сууж байтал ахтайгаа пиво авч ууна гээд *** банди хоёр зам руу явсан. Удалгүй юу ч авчраагүй буцаад ирсэн. Би *** цуг адуу чөдөрлөөд эргээд гэр лүүгээ алхаад явж байх үед гэрийн хойд талын хонхор хэсэгт хонь байгааг хараад очоод харсан чинь манай дөрвөн хонь хүлээтэй байсан. ***ч төд удалгүй ирсэн. *** хоёр хоорондоо таарахгүй, тэр санааг нь гаргасан, тэр санааг нь гаргасан л гээд байсан. *** хандаж *** ахад үнэнээ хэлээч дээ, цагдаа дуудчихвал хоёулаа баларна шүү дээ гээд байсан. *** бензин хийх гэж байсан гэж маргааш нь хэлсэн, *** санаа байсан шүү гэж хэлж байсан. Бусад болсон явдлыг өмнө нь мэдүүлэгтээ хэлсэн. ...***нартай хэвийн л харилцаатай байдаг. Огт таарамжгүй харилцаанд орж байгаагүй л хүүхдүүд. Ар гэрийнхэнтэй нь ч зүгээр байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай малыг дүү *** харж малладаг. Манай хонь тэр хулгайлсан хонин дунд нь байсан. *** нар хохирол төлбөр барагдуулсан тул одоо гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 08-ны 02:20 цагийн үед гэртээ цагаан сарын бууз хийгээд байж байхад дүү ***над руу залгаад ойд талын цементэн шуудуу дотор 4 хонь хүлээтэй байна, энд нутгийн 3 залуу байна гэж элсэн. Би шөнө өөрийн төрсөн эгч ***, найз *** нартай хөдөө Батбаатарынд ирсэн. Цагдаа нар ирсэн. Бид нар хашаа саравч, хонь мал хүлээтэй байсан газар, гэрээ дайрсан хэсгийг *** холоос заалгаж ярилцаад, хойд зүг рүү гэрэл тусгаж хартал хойд балгасны урд талд 4 хонь хэвтэж байгаа харагдсан. Гэрийн гадаа гэрэл ирэхлээр нь очтол 3 залуу машин мотоциклтой гэрийн гадаа ирсэн. *** энэ гурван залуу мөн гэж хэлсэн. Би жоохон үглэж байгаад яваад өглөө 05:30 цагийн үед Өвөрхангай аймгийн төв рүү явсан. Би *** төрсөн эгч нь байгаа юм. Тухайн үед улаан хүрэмтэй явж байсан залууг танина. Бид нар *** гэж дууддаг, нэрийг нь бол Бямба гэдэг. ...нөгөө хоёр залууг нь сайн танихгүй, аав, ээжийг нь танина. ...Тухайн үед тэр залуучууд дуугүй л зогсоод байсан. *** банди нь би энэ хэрэгт чинь хамаа ч байхгүй шүү, би адуундаа явж байсан гээд байсан. ...Маргааш өдөр нь 13:50 цагийн үед манайхаас өвчний талбай дунд нэг эр хонь хүлээтэй хоносон байна гэж хэлсэн. ...Би гомдолтой байна. Манайхыг бүрэн элэг барьж байна. *** гэх хүн над руу залгаад манай хүүхдийг нэг удаа өршөөгөөч гэж гуйгаад надад төвөгтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь миний төрсөн дүү байгаа юм. Гэхдээ бид эх нэгтэй, эцэг тусдаа юм. *** нарын адуу мал нь Нөмөр, ферм, Тариалангийн талбай гэх газар нэг газарт байдаг гэж хэлж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь миний нөхөр байгаа юм. *** ах намраас хойш манай адууг бэлчиж байгаа газраас нь туугаад самраад айлын адуутай хүртэл нийлүүлсэн гэж манай нөхөр **** гээд ойр хавийн хүмүүсийн ярианаас сонсож байсан. ...Тухайн өдөр манай нөхөр машиндаа бензин хийнэ гээд гэрээсээ 15 цагийн үед гарсан. Сүүлд утсаар ярихдаа 19 цаг өнгөрч байхад бараг 20 цаг болох гэж байхад одоо очих гэж байна л гэж хэлсэн, өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүүлд адуу хайж яваад мотоцикл эвдрээд *** ахын гэрийн ойролцоо гэрэл тусаад байхаар нь яваад очсон чинь *** машиныг шуудуунаас гаргах гээд байж байсан. Би машиныг нь түрж гаргахад тусалсан. Малын бэлчээр булаацалдаж, нэгнийхээ малыг хөөж тууж байсан гэдгийг нүдээр бол хараагүй. Нутгийн хүмүүс л *** ахыг адуу мал туугаад байдаг л гэж хальт хүнээс сонсож байсан. ...Тухайн орой машин түрээд гаргалцаж байх үед бол юм мэдээгүй. Сүүлд *** ах морь тавих гээд ч билүү, яалаа даа, нэг юм хийж байгаад *** хоёрыг хонь хүлж тавьсан, гадаа цагдаа руу залгаад манай хонийг хүлчихсэн байна гэж хэлж байгааг нь сонсоод мэдсэн. *** хэлэхдээ та адуу мал хөөгөөд байхаар чинь хонийг чинь хүлээд тавьсан юм гэж хэлээд байсан. Би бас яачихсан юм бэ дээ гэсэн чинь адуу хөөгөөд байхаар нь хүлээд тавьчихсан юм гээд инээгээд хоёулаа л ижил юм яриад байсан. Би ч хэрэгт нэг их дурлаагүй. *** мотоцикл дээрээ хүргүүлээд үлдсэн. *** буцаад явсан. Өө бас намайг хүргэх үед *** ч бас хамт яваад буцаад *** тэр хоёр яваад өгсөн. *** ахын гэрийн ойролцоо 500-600 метрийн л зайтай байсан. Тэгээд мотоциклоо үзсэн чинь бензиний крант хэсэгт зэв ороод болохгүй байсан гэдгийг нь үзээд зэв орж гацсан хэсгийг нь тайлж аваад чулуун дээр цохиж янзлаад асаагаад цагдаа дуудсан байгаа чи ч гэсэн байж байгаарай гэж *** ах хэлсэн учир би мотоциклоо асаагаад буцаад *** ахын гэрт очсон. Тэр өдөр Би *** нартай уулзаагүй байж байгаад л машин нь гацчихсан байхад нь харанхуй болсон байхад таарсан. Цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11 хуудас/,
**** улсын дугаартай, тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-19 хуудас/,
Хохирогч **** гаргаж өгсөн 90,000 төгрөгийн хохирлын баримт /хх-ийн 30-31 хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-42 хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-54 хуудас/,
Хохирогч *** хулгайд алдсан гэх 5 тооны хонь болон 5 ханатай гэрийн хананы зах зээлийн үнэлгээг тогтоосон “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний *** дугаартай дүгнэлт /хх-ийн 66-68 хуудас/,
Шүүгдэгч **** нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан гэх *** улсын дугаартай, тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний *** дугаартай дүгнэлт /хх-ийн 75-77 хуудас/,
*** улсын дугаартай, тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84 хуудас/,
*** улсын дугаартай, тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 86-88 хуудас/,
****-ын хувийн мэдээллүүд /хх-ийн 92-94, 97-99 хуудас/,
Өвөрхангай аймгийн *** багийн Засаг даргын **** дугаартай, Өвөрхангай аймгийн *** дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 101-102 хуудас/,
Шүүгдэгч *** 2024 оны мал тооллогын А данс /хх-ийн 104-107 хуудас/,
Хохирогч **** нараас сэтгэцэд учирсан учирсан хор уршгийг тогтоолгохгүй, шинжилгээ хийлгэхгүй гэх хүсэлт /хх-ийн 129-130 хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч **** нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч *** өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *** мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/, хохирогч *** зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
“Мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн, машин механизм ашиглан *** шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** багийн нутаг, “Бор хошуу” гэх газарт нутаглах *** малаас 5 тооны хонийг барьж хүлсэн, нэг хонийг нь өөр газарт зөөвөрлөн аваачиж үлдээснээр төгссөн буюу өөрсдөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч *** нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас туйлд нь хүргэж чадаагүй дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлахыг завдсан гэж үзэхээр байна.
Гэмт хэрэг үйлдэхээр завдах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж эхэлсэн боловч дуусаагүй хэрэг юм. Тухайлбал, гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсоныг гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж үзэх бөгөөд завдалт нь идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Шүүгдэгч **** нар нь бүлэглэн, машин механизм ашиглан *** шилжих шөнө Өвөрхангай аймгийн **** багийн нутаг, “Бор хошуу” гэх газарт нутаглах *** малаас 5 тооны хонь хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсаны улмаас бусдад 1,370,000 /нэг сая гурван зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлийн 511.3-д тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Шүүх хуралдаанд хохирогч *** нь ...одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шатахууны зардал 90,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, сэтгэц учирсан хор уршгийг тогтоолгохгүй...гэсэн,
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **** нь сэтгэц учирсан хор уршгийг тогтоолгохгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн /хх-ийн 130 хуудас/ авагдсан тул шүүгдэгч **** нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого ” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасныг үндэслэвэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дээрх морь нь хуульд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд *** эзэмшлийн **** улсын дугаартай, тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүх шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8,000,000 /найман сая/ төгрөгийг, шүүгдэгч **** 4,000,000 төгрөг, шүүгдэгч **** 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...*****...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...*****..” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд оногдуулах ямар ч төрлийн ялын дээд хэмжээг хуульчлан тогтоосон.
Харин гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд шүүхээс хорих ял оногдуулахаар бол гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зургаан сар хүртэл тогтоож, хорих ял оногдуулдаг тул уг хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй юм.
Шүүгдэгч **** нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч **** 07 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч **** 07 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болохыг, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 метр 30 см урттай, 9 см өргөнтэй ногоон өнгийн брезентен уяаг устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж, мөрдөгчийн санал бүхий прокурорын *** дугаартай **** улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****, шүүгдэгч ***** нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч **** 07 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч **** 07 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8,000,000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч *** 4,000,000 төгрөг, шүүгдэгч **** 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч **** нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болохыг, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 метр 30 см урттай, 9 см өргөнтэй ногоон өнгийн брезентен уяаг устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж, Мөрдөгчийн санал бүхий прокурорын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН