Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2022/00574

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Д сумын 4-р баг, 0 тоотод оршин суух, У овогт М-ы Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г аймгийн ЗД-д холбогдох,

 

Говь-Алтай аймгийн Д сумын “ДЭХ” ААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ...” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Р.П нар нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  М.Б миний бие 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын Б/06 тоот захирамжаар Д сумын “ДЭХ” ААТҮГ-ын даргаар томилогдож одоог хүртэл тасралтгүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр үр бүтээлтэй ажиллаж байна. Гэвч аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг миний ажлыг 2022 оны 07 дугаар сард өөрсдийн биеэр ирж үзэн хангалтгүй гэж дүгнэсэн. Би уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 тоот захирамжаар намайг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төсөвт үйлдвэрийн газрын захиралтай контракт байгуулах, дүгнэх журам”-ын 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт, Аж ахуйн тооцоотой /төсөвт/ үйлдвэрийн газрын захиралтай байгуулсан контрактын 2.9 дэх хэсэг, 5.2.7, 5.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн үйдвэрийн газрын 2021 оны контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн хууль бус үндэслэлээр ажлаас халсан бөгөөд миний бие уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, тус захирамжийг гаргахдаа ажлаас халах талаар хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй бөгөөд бусад хуульд заасан журмуудыг ноцтой зөрчсөн байна. 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/54 дугаартай захирамжаар түүнийг контрактын хугацаа дууссан болон хангалтгүй гэж дүгнэсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Үүнийг нэхэмжлэгч  М.Б хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэгт авагдсан контрактын гэрээг 2021 оны 12 дугаар сард байгуулагдсан гэдэг буюу 2021 оны ажлыг дүгнэчихсэн байсан. Тухайн үед он, сар тавихгүйгээр 1 жилийн хугацаагаар байгуулагдсан гэрээ гэж 2022 оны гэрээг байгуулсан. Гэтэл уг гэрээг 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх огноо тавьж  М.Бг контрактын гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 05 дугаартай контрактын гэрээнд Засаг даргыг төлөөлж Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Г гарын үсэг зурсан. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Л.Г нь Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаагүй. 2021 оны 10 дугаар сард Л.Г-т нь ажилдаа шүүхийн шийдвэрээр эргүүлэн тогтоогдсон. Тийм учраас 05 дугаартай гэрээ нь 2022 оны гэрээ байсныг хариуцагч байгууллагын зүгээс огноог нь засаж гэрээний хугацаа дууссан гэдэг хууль зүйн үндэслэлгүй үндэслэлээр  М.Б-г ажлаас чөлөөлсөн. Тийм учраас  М-ы Б-г аймгийн засаг даргын Б/54 дугаартай захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул урьд эрхэлж байсан Дарив Эрчим хүч ААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Мөн 2022 оны 07 дугаар сард ажлын хэсэг ажлыг дүгнэсэн гэж байгаа боловч ажил дүгнэх байгаа талаар  М.Б-д ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй. Ажлаас чөлөөлсөн Б/54 дугаартай захирамжийг  М.Б-д танилцуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э миний бие нэхэмжлэгч  М.Б-гийн нэхэмжлэлтэй, Г аймгийн ЗД-д хариуцагдах иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна.  М.Б нь “ДЭХ” ААТҮГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа хууль зөрчсөн, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бөгөөд энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь ажлын хэсгийн шалгалтаар тогтоогддог. Тухайлбал байгууллагын нэрээр хувь иргэнээс мөнгө зээлж өөрийн дансаараа авсан. Тэрхүү санхүүгийн үйл ажиллагааг Орон нутгийн өмчийн газарт мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Удирдаж байгаа байгууллага нь санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа зэрэг нь тухайн байгууллагыг цаашид удирдах боломжгүй давхар илтгэж байгаа юм. Дээрх байдлаас дүгнэн үзэхэд аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд ёсчилсон 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дугаар захирамж нь хуульд үндэслэсэн, бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас

 М-ы Б-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дугаартай “ М.Б-г ажлаас халах тухай” захирамжийн эх хувь,

Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны Б/06 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийн хуулбар,

2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8/962 дугаартай Д сумын Эрчим хүчний ААТҮГ-ын дарга  М.Б танаа гэх албан бичгийн хуулбар,

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн огноотой Ажил хүлээлцэх актын эх хувь, хавсралтын хамт,

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 112/ШЗ2022/0116 дугаартай захирамж,

2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай Д сумын “Эрчим хүч” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын хуулбар, 

Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэлийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай тогтоол, уг тогтоолын нэг, хоёрдугаар хавсралтын Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай Д сумын “Эрчим хүч” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь,

Д сумын “Эрчим хүч” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтод түвшингийн төлөвлөгөөний Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь,

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 114 дугаартай “Д сумын Эрчим хүч ААТҮГазрын 2022 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтын Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь,

Дулаан ОНӨААТҮГазрын даргын ажил хүлээлцсэн актын эх хувь,

Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны Б/06 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийн Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь,

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай “Л.Г-т цалинтай чөлөө олгох тухай” захирамжийн Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь,

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаартай “Л.Г-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь,

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/69 дугаартай “Л.Г-ийг ажилд эгүүлэн томилох тухай” захирамжийн Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч талаас Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/1344 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн.   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч  М.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

05 дугаартай контрактын гэрээнд 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх огноо тавьж  М.Бг контрактын гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 05 дугаартай контрактын гэрээнд Засаг даргыг төлөөлж Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Г гарын үсэг зурсан.  2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Л.Г нь Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаагүй. 2021 оны 10 дугаар сард ажилдаа шүүхийн шийдвэрээр эргүүлэн тогтоогдсон. Тийм учраас 05 дугаартай гэрээ нь 2022 оны гэрээ байсныг хариуцагч байгууллагын зүгээс огноог нь засаж гэрээний хугацаа дууссан гэдэг хууль зүйн үндэслэлгүй  М.Б-г ажлаас чөлөөлсөн.

Мөн 2022 оны 07 дугаар сард ажлын хэсэг ажлыг нь дүгнэсэн гэж байгаа боловч ажил дүгнэх гэж байгаа талаар  М.Б-д ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй. Ажлаас чөлөөлсөн Б/54 дугаартай захирамжийг  М.Б-д танилцуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж,

Нэхэмжлэгч  М.Б нь Г аймгийн ЗДд холбогдуулан Говь-Алтай аймгийн Д сумын “ДЭХ” ААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

 

Хариуцагч татгалзлаа ... М.Б нь “ДЭХ” ААТҮГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа хууль зөрчсөн, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бөгөөд энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь ажлын хэсгийн шалгалтаар тогтоогддог. Тухайлбал байгууллагын нэрээр хувь иргэнээс мөнгө зээлж өөрийн дансаараа авсан. Тэрхүү санхүүгийн үйл ажиллагааг Орон нутгийн өмчийн газарт мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Удирдаж байгаа байгууллага нь санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа зэрэг нь тухайн байгууллагыг цаашид удирдах боломжгүй давхар илтгэж байгаа юм. Дээрх байдлаас дүгнэн үзэхэд аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд ёсчилсон 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дугаар захирамж нь хуульд үндэслэсэн, бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Нэхэмжлэгч  М.Б нь Говь-Алтай аймгийн Д сумын “ДЭХ” ААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай “Ажилд томилох тухай” ...тус сумын “Эрчим хүч” ОНӨААТҮГ-ын даргаар  М-ы Б-г 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн томилсугай гэх захирамжийн Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, Дарив эрчим хүчээс цалин авч байсан талаарх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн, шүүхэд харъяалагдах асуудлаар шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гээд 158.1.1-д энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол, 154 дүгээр зүйлийн 154.8-д сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан хэдий ч 158 дугаар зүйлийн 158.2-д Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж, 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаас үзэхэд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг сонгох боломжийг бий болгосон буюу эрх олгосон хэм хэмжээ байх тул эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүхээр шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч  М.Б нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал зөрчөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандах эрхтэй гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасан журмын баримтлан нэхэмжлэгч  М.Б нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасныг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 112/ШЗ2022/0116 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзснаар тус шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.

 

6. Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас чөлөөлсөн үйл явц, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч Г аймгийн ЗД ажилтанг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн  Б/54 дугаартай “ М.Б-г ажлаас халах тухай” захирамж гаргаж 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 05 дугаартай контрактыг цуцлан дуусгавар болгож, ажлаас халжээ.

 

7. Ажил олгогч ажлаас чөлөөлөх үндэслэлээ тодорхойлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төсөвт үйлдвэрийн газрын захиралтай контракт байгуулах, дүрэм журам”-ын 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт, Аж ахуйн тооцоотой (төсөвт) үйлдвэрийн газрын захиралтай байгуулсан контрактын 2.9 дэх хэсэг, 5.2.7, 5.2.2 дахь заалтыг тус тус баримтлан бичиж ажлаас халсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт ... Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж,

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төсөвт үйлдвэрийн газрын захиралтай контракт байгуулах, дүрэм журам”-ын 5 дахь хэсгийн 5.1-д Контракт нь “хангалтгүй” гэж дүгнэгдсэн захиралд холбогдох хууль тогтоомж, контрактад заасан хариуцлага тооцох саналыг ажлын хэсэг болон Орон нутгийн өмчийн газар боловсруулж, аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулан шийдвэрлүүлнэ гэж,

Аж ахуйн тооцоотой (төсөвт) үйлдвэрийн газрын захиралтай байгуулсан контрактын 2.9 дэх хэсэгт захирал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн, бодитой, зохих ёсоор гүйцэтгээгүй бол хууль тогтоомж, энэхүү гэрээнд заасны дагуу арга хэмжээг авах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй гэж,

5.2.7-д контрактыг захирлын буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан,

5.2.2-д контрактын хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж тус тус заасныг удирдлага болгожээ.  

 

8. 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай Д сумын “Эрчим хүч” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактад ...ажил олгогчийг төлөөлж Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Г гэж, Д сумын “Эрчим хүч” ОНӨААТҮГ-ын захирал  М.Б нар гарын үсэг зурсан байх бөгөөд уг контрактыг байгуулсан гэх цаг хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Орон нутгийн өмчийн газрын даргаар Л.Г ажиллаж байгаагүй болох нь хэрэгт цугларсан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай “Л.Г-т цалинтай чөлөө олгох тухай” захирамжийн Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь,

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаартай “Л.Г-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь,

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/69 дугаартай “Л.Г-ийг ажилд эгүүлэн томилох тухай” захирамжийн Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Д сумын “Эрчим хүч” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай контрактын гэрээ байгуулагдаагүй болох нь тогтоогдож байна.

 

Энэхүү хөдөлмөрийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2021 онд болсон харилцаа байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан эрх зүйн дүгнэлт өгөх нь үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 22 дугаар зүйлийн 22.1-д Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна, 22.2-д энэ хуулийн 22.1-д заасны дагуу контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил, албан тушаалын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална гэж, 25.1-д Контрактыг бичгээр байгуулна гэж, 25.2-д Контракт нь таван жил хүртэл хугацаатай байна гэж тус тус заажээ.

Хуулийн шаардлагад нийцсэн байдлаар контрактыг ажилтантай байгуулаагүй атлаа контрактыг дүгнэж, контрактыг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан хуульд нийцээгүй буюу ажлаас халсан захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ ... М.Б нь “ДЭХ” ААТҮГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа хууль зөрчсөн, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бөгөөд энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь ажлын хэсгийн шалгалтаар тогтоогддог гэж тайлбарлаж маргасан хэдий ч уг татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэлд ...Д сумын “Эрчим хүч” ААТҮГ-ын дарга  М.Б танаа 1.гэрээ цуцалж, ажлаас халах тухай асуудлаар 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 16 цагт сонсох ажиллагаа явагдана. ...санал ирүүлэх хаяг аймгийн Засаг даргын Тамгын газар Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст гээд мэдэгдэл хүргүүлсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын ХБТХО хэлтсийн дарга Г.Хурцгэрэл гэж бичсэн. Харин мэдэгдэл хүлээн авсан хүний нэр, гарын үсэг, он, сар бичигдээгүй байна. Уг мэдэгдлийг нэхэмжлэгч  М.Бд мэдэгдсэн, хүргүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8/962 дугаартай Д сумын Эрчим хүчний ААТҮГ-ын дарга  М.Б танаа ...эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтод түвшингийн талаар 2021 онд байгуулсан контрактын гэрээний биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн тул холбогдох хуулийн хүрээнд хариуцлага тооцохоор сонсох аижллагааны мэдэгдлийг хүргүүллээ. Сонсох ажиллагаанд биечлэн ирж оролцох боломжгүй бол мэдэгдэлд заасны дагаа санал тайлбараа утсаар цахим хэлбэрээр, бичгээр болон төлөөлөгчөөрөө дамжуулан 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор өгнө үү гэх албан бичгийн хуулбар хэрэгт авагдсан хэдий ч уг албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

 

9. Ажил олгогч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төсөвт үйлдвэрийн газрын захиралтай контракт байгуулах, дүрэм журам”-ын 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт, Аж ахуйн тооцоотой (төсөвт) үйлдвэрийн газрын захиралтай байгуулсан контрактын 2.9 дэх хэсэг, 5.2.7, 5.2.2 дахь заалтыг тус тус баримтлан  М.Б-г ажлаас халсан нь хуулийн шаардлагад нийцсэн байдлаар контрактыг ажилтантай байгуулаагүй атлаа контрактыг дүгнэж, контрактыг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан хуульд нийцээгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэл хүргүүлэх журмыг баримтлаагүй байна. Хуулийн дээрх заалт нь ажлаас халагдах болсны үр дагавар буюу тухайн үндэслэлийг судлах, дараагийн ажлын байраа олох зэргээр үр дагаварыг шийдвэрлэх боломжийг ажилтанд олгох зорилготой ба энэхүү байдлыг нотолгоожуулах замаар ажилтны эрх ашгийг хамгаалсан зохицуулалт юм.

 

10. Иймд У овогт М-ы Б-г урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай аймгийн Д сумын “ДЭХ” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

11. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д “...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч  М.Бгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнөх гурван сарын хугацааны цалин 2022 оны 05, 06, 07 сар буюу 895,945+358,378+895,945=2,150,268 төгрөг байх бөгөөд уг хугацааны ажлын нийт өдөр болох 65 өдөрт хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход  2,150,268:65=33,081 төгрөг байна.

2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал ажлын 78 өдрөөр тооцож үзвэл  М.Бд олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 33,081*78= 2,580,318 /хоёр сая таван зуун наян мянга гурван зуун арван найм/ төгрөг байх тул үүнийг Говь-Алтай аймгийн Д сумын “ДЭХ” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан нэхэмжлэгч  М.Б-д олгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч  М.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Говь-Алтай аймгийн Д сумын “ДЭХ” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгах үндэслэлтэй байна.

12. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 2,580,318 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 56,235 төгрөг, нийт 126,435 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У овогт М-ы Б-г урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Д сумын “ДЭХ” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Д сумын “ДЭХ” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нийт 2,580,318 (хоёр сая таван зуун наян мянга гурван зуун арван найм) төгрөгийг гаргуулан У овогт М-ы Б-д олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч  М.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөхийг Говь-Алтай аймгийн Д сумын “ДЭХ” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгасугай.

 

4. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 2,580,318 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 56,235 төгрөг, нийт 126,435 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ҮЙТҮМЭН