Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/57

 

 

 

 

Ц.Хт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогч О.Эрдэнэбат /онлайнаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Самбуу-Ёндон /онлайнаар/, Ч.Жавхаа, Х.Батчимэг, Ц.Намхайнямбуу,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ /онлайнаар/, Ж.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Р.Мөнхбаясгалан,

Шүүгдэгч Ц.Х /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 424 дүгээр шийтгэх тогтоолтой Ц.Хт холбогдох 1934002490385 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар Дундговь чиглэлийн асфальтан замд өөрийн эзэмшлийн 30-51 УНБ улсын дугаартай Хюьндай Синотрак тээврийн хрээгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалт болох 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Х.Дөлбатын жолоодож явсан 40-69 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Дөлбат, Ц.Жамъян, С.Энхцолмон нарын амь нас хохирч, О.Эрдэнэбатын биед хүнд, Л.Эрдэнэбулганы биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Амар овгийн Цогтын Хыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохирсон, 1 хүний биед хүнд, 1 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Амар овгийн Цогтын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Амар овгийн Цогтын Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,    

Эрүүгийн 1934002490385 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Хын жолоочийн 65725 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Амар овгийн Цогтын Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Амар овгийн Цогтын Хыг нийт 97.228.745 /ерэн долоон сая хоёр зуун хорин найман мянга долоон зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж, амь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /КЮ83022861/ дугаарын регистртэй Харчин овгийн Чулуунбаатарын Жавхаад 7.315.109 /долоон сая гурван зуун арван таван мянга нэг зуун ес/ төгрөгийг,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /НЗ89112175/ дугаарын регистртэй Баянайраг овгийн Цагаандоржийн Намхайнямбууд 11.034.280 /арван нэгэн сая гучин дөрвөн мянга хоёр зуун ная/ төгрөгийг, 

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /АЮ70013176/ дугаарын регистртэй Боржигин овгийн Мижиддоржийн Самбуу-Ёндонд 15.247.692 /арван таван сая хоёр зуун дөчин долоон мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг,   

хохирогч /ЧД83082518/ дугаарын регистртэй Ууш овгийн Очирбатын Эрдэнэбатад 3.711.665 /гурван сая долоон зуун арван нэгэн мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг,

хохирогч /МБ77101910/ дугаарын регистртэй Боржигон овгийн Лувсанцэрэнгийн Эрдэнэбулганд 59.920.000 /тавин есөн сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг тус тус олгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Самбуу-Ёндонгийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, бүгд 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Жавхаагийн нэхэмжлэлийн шаардлагаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 65.027.396 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Жавхаа нь ипотекийн зээлийн үлдэгдэл 93.026.771 төгрөгийн талаарх асуудлаа баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

 хохирогч О.Эрдэнэбат нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нөхөн төлбөрт төлсөн гэх 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийн, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ц.Хыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гээд буруутгаад байгаа 1-р хавтас хэргийн 181 дүгээр хуудас 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаартай, 2-р хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 279 дугаартай, 3-р хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13/12 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь хавтаст цуглуулсан бүх нотлох баримтуудыг үнэлж дүгнэлт гаргаагүй зөвхөн хэргийн газрын үзлэгийн А цэгийг үндэслэн дүгнэлт гаргасан нь шинжээчийн мэдүүлэг болон дүгнэлтүүдэд тусгагдсан. Гэтэл хэргийн газрын үзлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэх талаар хэргийн газрын үзлэгийг баталгаажуулан хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх гэрч Э.Нямдаваа нь хэргийн газрын үзлэг хийхэд байгаагүй ээ шүүх хуралд гэрчээр оролцохдоо мэдүүлсэн нь хэргийн газрын үзлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй нь тогтоогдож байна.

ШШҮХ-ийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1892 дугаартай шинжээчийн дүгнэлт 1 дүгээр хавтаст хэргийн 184-224 дугаар хуудас, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1891 дугаартай шинжээчийн дүгнэлт 1 дүгээр хавтаст хэргийн 227-250 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 1-8 дугаар хуудаст авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр 40-69 УНЕ улсын дугаартай ландкруйзер 200 маркийн автомашин, 30-51 УНБ улсын дугаартай хово синотрак машинуудын мөргөлдөх үеийн байрлал болон мөргөлтийн шилжилтийг шинжилгээний хавсралт зураг №130-д харуулав. Шинжилгээнд ирүүлсэн 40-69 УНЕ улсын дугаартай ландкруйзер 200 маркийн автомашины капотын зүүн захаас баруун тийш 96 см зайд, дээврийн баруун захаас зүүн тийш 40 см зайд байрлах хэсгээр зүүн талаар мөргөлдсөн байна. Хово синотрак маркийн 30-51 УНБ улсын дугаартай автомашин зүүн талаар баруун тийш 75 см зайд мөргөлдсөн байна. ШШҮХ-ийн шинжээчийн 1891 дугаартай дүгнэлтийн 126-129 дүгээр зураг, 1892 дугаартай дүгнэлтийн 130 дугаартай зургаар тогтоогдож байна. Энэ шинжээчийн дүгнэлтээр 2 автомашины мөргөлдсөн талбай мөргөлтийн цэг, хэргийн газарт бэхжүүлэгдсэн автомашины мөр зэргээс харахад 40-69 УНЕ улсын дугаартай ландкруйзер 200 маркийн автомашин нь эсрэг урсгалд орсон байхаар байгаа юм. Гэтэл 49, 279, 13/12 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан аль ч шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлтийг үнэлэлгүй зөвхөн хэргийн газрын үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргасан байна. ШШҮХ-ийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийн аль заалт Ц.Хын гэм бурууг тогтоосон байгааг шийтгэх тогтоолд тусгаагүй байна.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл схем зурагт зорчих хэсгийн өргөн нь 7.2 метр гэж бэхжүүлэгдсэн бөгөөд зорчих хэсгийн тал хэсэг буюу 1 талын зорчих хэсгийн өргөн нь 3.6 метр. Ландкруйзер 200 маркийн автомашины өргөн 1.95 метр. 40-69 УНЕ улсын дугаартай ландкруйзер 200 маркийн автомашины зорчих ёстой хэсгийн өргөн 3.60 метрээс хово машины цагаан зураас давсан 60 сантметрыг хасахад 3.20 метр зайд ландкруйзер маркийн 1.98 метр өргөнтэй автомашин ямар нэгэн аюул эрсдэлгүй гараад явах зай харагдаж байна. Үүн дээр шороон хэсгийн хөвөөний өргөн хамгийн багаар бодоход 1-2 метр гэж үзвэл энэ зайд ямар ч овор хэмжээтэй тээврийн хэрэгсэл зөрөөд өнгөрөх зай харагдаж байна. Хохирогч О.Эрдэнэбулганы мэдүүлэгт дурдагдсан осол болохоос тодорхой хэмжээний зайд эсрэг урсгалын автомашиныг жолооч Х.Дөлбат харсан байх бөгөөд дохио өгөөд гэрлээ анивчуулаад явсан гэсэн мэдүүүлгээс үзэхэд 2 автомашны хооронд тодорхой хэмжээний зай байгаа бөгөөд осол болохоос жолооч зайлсхийх, самбаачлах цаг хугацаа, зай харагдаж байна. Хугацаа зайг тодорхойлбол энэ зайгаар ямар ч өргөнтэй автомашин гарах боломжтой зай, цаг хугацаа байгаа юм.

Ландкруйзер 200 маркийн автомашин жолоодон явсан О.Эрдэнэбулган болон талийгаач Дөлбат нар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байсан эсэх жолооч мөн эсэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Эдгээрээс харахад Ландкруйзер 200 маркийн автомашиныг жолоодон явсан Х.Дөлбат тээврийн хэрэгсэл жолоодох хүчин төгөлдөр эрхийн үнэмлэхгүй, хохирогч О.Эрдэнэбулган нь тээврийн хэрэгсэл жолоодох хүчин төгөлдөр эрхийн үнэмлэхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн эсэх тал дээр болон дээрх дурдсан баримтуудад шүүх дүгнэлт өгөөгүй байна. Дээрх баримтуудыг үндэслэсэн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...1. Зам тээврийн ослын актад: 2019 оны 03-р сарын 28-ны өдрийн Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Мөнхбат нь осол гарах үеийн хурд, тоормосны мөрний хэмжээ, тээврийн хэрэгслийн ачааны жин, зорчигчийн тоо, холбогдох жолооч нарын биеийн байцаалт, гэмтэгсдийн тухай тэмдэглэлийг хийгээгүй.

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл тэмдэглэлийг мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Тэмүүжин 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 10 минутад эхлүүлж, салхитай цаг агаартай, -10С-ийн хэмд байгалийн гэрэлд хөндлөнгийн гэрчээр Н.Шинэбаяр, Э.Нямдаваа нарыг оролцуулан тэдэнд ЭХХШТХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт заасан эрх, үүргийг тайлбарлан өгч үзлэгийг хийхдээ "... Хово маркийн 30-51 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Хаар заалгаж А цэгийг тогтоов..." гэж хэргийн үзлэгийн 20, 21 дүгээр зурагт зааж байгаа гэж фото зургаар харуулав гэж хийсэн байгаа нь зам тээврийн ослын газарт үзлэг хийхэд баримтлах зааврын 4.4-т "...мөрдөгч А цэгийг хэрхэн тогтоосон тухай үндэслэлийг ослын тэмдэглэлд заавал тусгана мөн зааврын 5.2-т "...Хэмжилтийг холбогдох жолооч, хохирогч, гэрч нарыг байлцуулан гүйцэтгэж ослын газрын бүдүүвч зургийг үйлдэн баталгаажуулах..." гэж заасныг огт хийгээгүй байна.

3. Анхны шинжээчийн дүгнэлтийг Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Л.Мөнх-Эрдэнэ нь эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 9 дэх жилдээ ажиллаж байгаа гэж 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр №49 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан боловч зам тээврийн осол дээр тогтоосон актын бүрдэлгүй юуг үндэслэж дүгнэлтийн 8 асуултын хариуд "...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Цэндсүрэнгийн №1891 дугаартай дүгнэлтийн 7-р хариултад /№130дугаартай зурагт/ зөвхөн 2 тээврийн хэрэгслийн мөргөлдөх үеийн байрлалыг/ аль талаараа анх мөргөлдсөн/ харуулсан байна. Энэ зургаар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөн эсэхийг шинжлэх боломжгүй гэж үзэв гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байгаа бөгөөд энэ хариулт дүгнэлт нь түүнийг техникийн тусгай мэдлэггүй болохыг харуулж байна. Энэ дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасны дагуу Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай хуулийн заалтыг зөрчиж гаргасан гэж үзэж байна.

4. Шинжээчид Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1832, 1891 дугаартай дүгнэлтээр Котикийн аргаар хоёр тээврийн хэрэгслийн өөд өөдөөсөө явж байгаад хоорондоо мөргөлдсөн мөргөлтийн байрлалыг тодорхой харуулаад байхад түүнийг авч үзээгүй.

5. Хэргийн газрын үзлэг дуусаагүй байх хугацаанд жолооч Ц.Хыг 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 13 цаг 07 минутаас 14 цаг 00 минутын үед Төв аймаг дахь цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Нямбаяр гэрчээр байцаалт авсан.

6. Хохирогч Л.Эрдэнэбулганы Дөлбат бүр ороод ирлээ ш дээ гэж хэлээд сигналдаад, гэрлээрээ дохиод, хурдаа хасаад баруун гар тийш дарж байтал нөгөө машин ороод ирсэн..." гэсэн мэдүүлэг.

7. Шүүхийн хэлэлцүүлэгийн үед хөндлөнгийн гэрчээр оролцсон Э.Нямдаваа нь "...хэргийн газрын үзлэгт оролцоогүй, үзлэгийн дараа Төв аймаг дээр ирэхэд цагдаа ирж олон гарын үсэг зуруулсан гэх..." мэдүүлэг огт байхгүй байна.

8. Тоёота Ландкрузер 200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талийгаач жолооч Х.Дөлбат нь Монгол Улсын Замын хөдөлгеөний дүрмийн ямар заалт зөрчсөн эсэх талаар болон дээр дурдсан баримтуудад шүүх дүгнэлт өгөөгүй байна.

Иймд ялтан Ц.Хын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу хянан үзэж уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тогтоолгохыг өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна.” гэжээ.

Шүүгдэгч Ц.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...1. Ослын хэргийн газрын үзлэг, тэмдэглэлийн талаар: Ослын хэргийн газар дээрх цагдаагийнхан анхны үзлэг шалгалт хийхдээ, Ланд 200 автомашиныг замын голд зүүн талаараа унасан байхад нь хүмүүсийг аврах зорилгоор явуулын машинаар татааж босгоод замын захад 4 дугуйн дээр нь  байрлуулсан байдлаар нь бүдүүвч зураг зурж тэмдэглэл үйлдэж хэмжилт хийсэн... хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд миний гарын үсэг байхгүй. Хавтаст хэрэгт 2 хөндлөнгийн гэрч оролцуулсан гэж гарын үсэг зуруулсан нь хуурамч байсан... 2. Шинжээчийн дүгнэлтүүд: Ланд 200 машиныг босгож 4 дугуйн дээр байрлуулсанаар ослын хэргийн газрын анхны үзлэг шалгалт бүдүүвч зураг хэмжилт явагдсан нь анхнаасаа дутуу буруу хийснээс шинжээчдийн дүгнэлтүүд буруу гарсан... 3. Гэрч, хохирогчийн мэдүүлгүүд: Б.Эрдэнэтулга, Ж.Ганбат, Т.Долгорсүрэн, Г.Өлзийбуян, Ц.Галбадрах, Б.Батжаргал нарын эдгээр хүн ланд 200-г зүүн талаараа замын голд унасан байсныг болон замын захад явуулын машинаар татуулж босгоход байлцсан ба гэрчилж нотолдог. Хохирогч нарын мэдүүлгүүд эргэлзээтэй, зарим нь үнэмшилгүй. Мөн Эрдэнэбат нь өмнө нь мэдүүлэхдээ өглөө 06:00 гэж байхад Эрдэнэбулган ах гадаа чинь ирчихлээ гээд залгаад би гарсан гэсэн байхад, шүүхийн хэлэлцүүлэгт 5 цаг гэж Улаанбаатараас гарсан гэжээ. 4. Дүгнэлт, санал, хүсэлт: Ослын хэргийн газар ажилласан цагдаа, прокурор нь ланд 200 авто машины зам мөрийг тогтооё тодорхойлъё гэж мэргэжлийн ур чадвараа дайчилж ажиллаагүй учраас ланд 200 автомашины бүх юм нь тогтоогдоогүй. Ийм учраас би, эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан ланд 200 автомашиныг мөргөсөн гэдэг прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй юм. ...Мөрдөн шалгах болон прокурорын шатанд миний өмгөөлөгч нар удаа дараа хүсэлт гомдол өгсөн боловч ер хайхраагүй бөгөөд дандаа татгалзлаа гэсэн хариу өгч байсан. Шүүх хуралдааны явцад шүүгч олон хүн нас барж, хохирсон хэргийг шууд шийдвэрлэх яллах шийтгэх хүсэлтэй оролцсон. Хэргийн газрын үзлэг тэмдэглэлийг дахин хийлгэж нарийн тогтоолгохыг хүсээгүй... Иймд хэргийн газрын үзлэг, хэмжилт, нотлох баримтыг буруу хийж дүгнэлтийг буруу гаргаж зөвхөн амьд байгаа хүнд нь бүх бурууг өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй ба дахин шалгуулах, хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтэй байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан гаргасан саналдаа: Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Э.Нямдаваа нь хэргийн газрын үзлэгт оролцоогүй, үзлэгийн дараа гарын үсэг зуруулсан талаар мэдүүлэг өгсөн боловч шийтгэх тогтоолд энэ талаар огт дурдаагүй байна. Мөн “Land cruiser” маркийн машины жолооч замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй юм уу, үнэмлэхгүй юм уу энэ талаар тогтоогоогүй байж Ц.Хыг гэм буруутайд тооцсон. Эдгээр зүйлүүдийг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээ авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Гэтэл энэ байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоож чадсангүй гэж үзэж байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлоо бүхэлд нь дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа гаргасан саналдаа: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Шийтгэх тогтоолынхоо алийг нь зөвшөөрөхгүй байна вэ гэдэг нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү. Бидний зүгээс шийтгэх тогтоолд ямар нэгэн гомдол гаргаагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ гаргасан саналдаа: Давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэргийн улмаас миний үйлчлүүлэгч М.Самбуу-Ёндон нь ганц хүүгээ алдсан. Сэтгэл санаа, эд зүйлээрээ маш их хохирч байгаа. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх зөв шийдсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Самбуу-Ёндон гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан гэж үзэж байгаа. Хохирогч бид нарын сэтгэл санаа хэцүү байгаа. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маш их гомдолтой байна. Удам залгах ганц хүүгээ алдсандаа маш их гомдолтой байна. Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэрэг 2 жил 3 сар боллоо. Аль хэдийний шийдвэрлэх боломжтой байсан. Эсрэг урсгалд орж ирээд энэ хэрэг гарсан. Юу болсон талаар санахгүй байна гэж худлаа ярьж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Ц.Х гаргасан тайлбартаа: Хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв. 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын  Өлзийт 1 дүгээр багийн нутагт  Улаанбаатар Дундговь чиглэлийн асфальтан замд 30-51 УНБ дугаартай Хюьндай Синотрак маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн хориглосон заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан 40-69 УНЕ дугаартай Тоёото ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж 40-69 УНЕ дугаартай Тоёото ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Х.Дөлбат, Ц.Жамъян, С.Энхцолмон нарын амь нас хохирсон, О.Эрдэнэбатын эрүүл мэндэд  хүнд, Л.Эрдэнэбулганы  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг  үйлдсэн, гэм буруутай, болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Хын автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, дүрмийг гэм буруутайгаар зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дах заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс Ц.Хуягтбаатарт үндсэн болон нэмэгдэл ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт  тохирсон  байна.  

Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг судалж үзэхэд:

Гэрч Ж.Ганбатын “...зогсоод харсан чинь ачааны машин дотор нэг хүн хөлөөрөө хавчуулагдсан гарч чадахгүй ...харин Ланд-200 бол жолоочийнхоо талаар уначихсан дотор нь 5 ширхэг хүн байсан бөгөөд... нэн түрүүнд түргэн тусламж, цагдаагийн газар луу мэдээлэл өгөөд буцаад осол болсон газар иртэл Ланд-200 дотор амьд хүн байна гэж манай эмч хэлэхээр нь замаар явж байсан банз ачсан ...цагаан өнгийн ачааны машиныг зогсоогоод нөгөө Ланд-200 машиныг татаж босгуулаад дотроос нь дуугарч байгаа нэг хүнийг нь гаргаж...”гэх /1-р хх-ийн 81-82/,

Гэрч  Ц.Галбадрахын “...Өглөө эрт Довын гуанзны урьд талд хар өнгийн Ланд-200 маркийн машин баруун урьд зүг рүү харж зүүн талаараа унасан байдалтай ...байсан бөгөөд ...хүн дарагдсан байна босгоод өгөөч гээд би машинаараа татаж машиныг нь дөрвөн дугуйн дээр нь босгож өгөөд ...Хово машин дээр очоод машинаараа урьд хэсгийг нь татаж хавчуулагдсан хүнийг сугалж гаргаж өгсөн...” /1-р хх-ийн 94-95тал/,

Гэрч Б.Эрдэнэтулгын “...Мөргөлдсөн машины хүмүүсийг харахаар очиход дөрвөн дугуйн дээшээ харсан, дотор байсан хүмүүсийг татаж гаргах боломжгүй байсан болохоор замын машиныг гуйж Ланд-200-г татаж  дөрвөн дугуйн дээр нь  босгуулсан...” /1-р хх-ийн 86-87/, гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар цагдаа, эмнэлгийн байгууллагад зам тээврийн ослын талаар  утсаар мэдэгдсэний дараа хүний амь нас, эрүүл мэндийг аврах зорилгоор Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг унасан  газарт  хэвтээ байхад нь татаж босгосон, үүний дараа зам тээврийн осол болсон газарт ирсэн Төв аймаг дахь Цагдаагийн газраас  мөрдөн шалгах  хойшлуулшгүй ажиллагааг явуулж, зам тээврийн осол болсон газарт хэргийн газрын үзлэг хэмжилтийг хийхдээ Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг босгосон тэр байрлалд нь хэмжилт хийж А цэгийг тогтоон бүдүүвч зураг үйлдсэн нь тогтоогдож байна.

Ингэснээрээ хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлсөн, А цэгийг буруу тогтоосон, гэмт хэрэг үйлдэгдсэн бодит үндэслэл, нөхцөл байдлыг бодитой тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 Мөн хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн осол болсон газрын нөхцөл байдал болон Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг зөөвөрлөж байршлыг өөрчилсөн гэх байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Ц.Хын “...замын голд тээврийн хэрэгсэл унасан байхад нь ...машинаар татаж босгоод замын захад дөрвөн дугуйн дээр нь байршуулсан байдлаар бүдүүвч зураг зурж тэмдэглэл үйлдсэн... уг машиныг өөрийн урсгалд байгаа юм шиг харагддаг... А цэгийг буруу тогтоож хэргийн газрын үзлэгийг үнэн бодитой хийгээгүй...” гэх гомдол үндэслэлгүй байна.

2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн буюу зам тээврийн осол болсон газарт хэргийн газрын үзлэгийн ажиллагааг шуурхай явуулах зорилгоор хэд хэдэн мөрдөгчид, прокурор оролцож, гүйцэтгэсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1, 23.2, 23.3, 23.4 дүгээр зүйлүүдэд заасан хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах үзлэг хийх, ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хийж, гүйцэтгэсэн байна. /1-р хх-ийн 13,15-63 тал/,

Хэдийгээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Э.Нямдаваа “...хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд сүүлд гарын үсэг зурсан...” гэж мэдүүлсэн байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд орох үндэслэл биш байх тул шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч нараас “...хөндлөнгийн гэрч Э.Нямдаваа сүүлд гарын үсэг зурсан, хэргийн газар үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр оролцоогүй ...хууль зөрчсөн “ гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэн 40-69 УНЕ улсын дугаартай Ланд-200, 30-51 УНБ улсын дугаартай Синотрак тээврийн хэрэгсэлд автотехникийн шинжилгээ хийж 2019 оны 04 дүгээр сарын 10, 18-ны өдөр 1891, 1892 тоот дүгнэлтүүд гаргажээ. /1-р хх-ийн 184-227, 2-р хх-ийн 1-8 тал/,

Гэтэл дээрх дүгнэлттэй холбогдуулан гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ “...энэ шинжээчийн дүгнэлтээр 2 автомашин мөргөлдсөн талбай мөргөлтийн цэг, хэргийн газарт бэхжүүлэгдсэн автомашины мөр зэргээс харахад 40-69 УНЕ дугаартай ландкруйзер 200 маркийн автомашин нь эсрэг урсгалд орсон байхаар байна“ гэх гомдол үндэслэлгүй байна.

Учир нь техникийн шинжээчийн хувьд Г.Цэндсүрэн тээврийн хэрэгслүүд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэх, эвдрэл гэмтлийг тогтоож, дүгнэлт гаргаж, оролцогчдоос асуусан асуултад тээврийн хэрэгслүүдийн  мөргөлдсөн байрлал, чигийг тоймлож схем зураг үйлдэж, мөргөлтийн цэг, урт, өргөн хэмжээг тодорхойлж хариулсан байх бөгөөд харин хаана аль талбайд автомашинууд мөргөлдсөн талаар дүгнэлт гаргаагүй болно.    

 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан “Техникийн шинжээчийн дүгнэлт” /3-р хх-ийн 23-26 тал/ болон эрүүгийн хэрэгт авагдсан цугларсан бусад нотлох баримтуудаар 40-69 УНЕ улсын дугаартай Тоёотой Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл зорчиж явсан эгнээнд хоёр автомашин мөргөлдсөн болох нь тогтоогдсон, автомашинууд нэг цэгээр бус талбайгаар мөргөлддөг аль эгнээнд байрлаж мөргөлдсөн нь чухал ач холбогдолтой болох талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргажээ.   

Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас үндэслэлтэйгээр няцаасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрх  үндэслэлээр  шүүгдэгч  Ц.Х,  түүний  өмгөөлөгч   З.Бат-Эрдэнэ,   өмгөөлөгч   Р.Мөнхбаясгалангийн    нарын   гаргасан   “...шийтгэх   тогтоолыг  хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү “ гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Харин шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох” гэснээс өөрөөр тусгасан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулах болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг гүйцэт баримтлаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралгүй Ипотекийн зээлийн үлдэгдлийг иргэний журмаар жич нэхэмжлэхээс дурдсан зэргээр хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар  сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/424 дугаартай шийтгэх тогтоолын  Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “1. Шүүгдэгч Амар овгийн Цогтын Хыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохирсон, 1 хүний биед хүнд, 1 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай“ гэснийг “1.Шүүгдэгч Амар овгийн Цогтын Хыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж,

 шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1” гэсний дараа “505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1“ гэж, шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7 дахь заалтад “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 508 дугаар зүйлийн 508.3, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан“ гэж, “...тэтгэмжийн зөрүү 65.027.396 төгрөгийг...” гэсний дараа “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Жавхаагийн ипотекийн зээлийн үлдэгдэл 93.026.771 төгрөгийг...“ гэж тус тус нэмж, “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Жавхаа нь ипотекийн зээлийн үлдэгдэл 93.026.771 төгрөгийн талаарх асуудлаа баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг“ гэснийг хасаж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай. 

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хын  2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон 243 /хоёр зуун дөчин гурван/ хоногийг түүний  ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХДАВАА

 

 

    ШҮҮГЧИД                                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                       Т.ЭНХМАА