Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 125/ШШ2023/0004

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ

БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Б-ийн Ховд аймгийн ........ сумын ..... байцаагч Б.А-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн ....... сумын .....байцаагч Б.А-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн Т.О-т торгох шийтгэл оногдуулсан 0001651 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Б 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтдээ:

Иргэн Т.О нь зөвшөөрөлгүйгээр 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Ховд аймгийн ......... сумын нутгаас 100 тарвагыг галт зэвсэг болон хавх ашиглан агнаж, амьтны аймагт 35.420.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан Амьтны тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн нь тогтоогджээ.

Гэвч зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болох ................ сумын ..... байцаагч Б.А нь тухайн хэргийн хэрэг бүртгэлтийн хугацаа 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дууссан, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон байхад Т.О-т 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 0001651 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д зааснаар 150 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, 35.420.000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Ховд аймгийн .......... сумын ............. байцаагч Б.А-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Т.О-т торгох шийтгэл оногдуулсан 0001651 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Ховд аймгийн ....... сумын ......... мэргэжилтэн Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Б-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлттэй танилцлаа.

Миний бие Ховд аймгийн .....сумын ............ байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0001651 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоо хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Б  нь Ховд аймгийн ...........сумын ................байцаагч Б.А-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн ....... сумын .......... байцаагч Б.А-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Т.О-т торгох шийтгэл оногдуулсан 0001651 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж ирүүлжээ.

Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээ тайлбарлахдаа “эрх бүхий албан тушаалтан Б.А  нь хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж шийтгэл оногдуулсан гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч буюу хариуцагч Ховд аймгийн ........сумын .........мэргэжилтэн Б.А нь Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурорын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Б-ийн Ховд аймгийн ..........сумын ............. байцаагч Б.А-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн ............сумын .......... байцаагч Б.А-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн Т.О-т торгох шийтгэл оногдуулсан 0001651 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.ЯНЖИНДУЛАМ