Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 194

 


                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0057/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, 
Хохирогч ***, ***, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000048 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** /РД:***/, *** өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***нь хадам эх ***тэй маргалдан эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, хамтран амьдрагч ***тэй хамт байх хугацаандаа байнга зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:

-Шүүгдэгч *** нь  хохирогч ***гийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, хохирогч ***ийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эхнэртэйгээ маргалдсан. Яагаад 

D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Monh 100.1.docx
маргалдаж, муудалцсан юм бэ? гэхээр эхнэр маань жирэмсэн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байснаас болсон. Ингээд 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр надтай ярилцаагүй байж үр хөндүүлсэн үйлдэлд нь дургүй хүрч, гар хүрсэн.
…Тэр өдөр манай хадам ээж миний хоёр хацар дээр ээлжилж алгадаад байсан. Энэ үед манай хүүхэд хүрч ирээд намайг хүзүүгээр минь тэврээд авахад *** түүнийг угз татаад уйлуулаад аваад явсан. Тэгээд би нэг мэдэхэд хадам ээжийг зодсон үйлдэл хийсэн байсан. 
….би 2016 оны 8 сард ***тэй маргалдсаны улмаас тортой хувцас шиг зүйлээр нуруу руу нь цохисон нь үнэн. Дараагийнх нь жирэмсэн байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байхаар нь гар хүрсэн. 
...хадам ээж эмчилгээний мөнгө нэхэмжилснийг нь төлсөн. Харин *** хохирол төлбөр нэхэмжлээгүй.” гэх мэдүүлэг,  
    
-Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хотоос ирэхэд охин маань тосч авсан бөгөөд ингэхдээ “*** сая архи ууж байгаад гэрээс гараад явчихлаа” гэж, мөн өөрөө жирэмсэн гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би наад асуудлаа өөрөө шийд гэж хэлсэн. Ингээд охин маань 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр “эмнэлэг орчихоод ирлээ, ***тэй учир зүйгээ олсонгүй” гэж хэлсэн. Тэгээд би охиндоо хоол хийж өгсөн чинь охин маань хоолоо идчихээд орон дээр унтаж байсан. Би хажуугийн өрөөнд нь зурагт үзээд сууж байтал *** согтуу гаднаас орж ирээд манай охиныг орон дээрээс үсдээд татаж унагаасан. Тэгэхээр нь би “хүүе” гээд гарнаас нь татахад эргэж хараад намайг нүүр рүү 2 удаа,  толгой уруу хэд хэдэн удаа цохиод гал тогооны өрөөнд орохоор нь би түүнийг 2 удаа алагдсан. Ингэхдээ намайг яаж байгаа юм бэ? гэж хэлсэн. Тухайн үед ***ийн гаргасан үйлдэл нь үнэхээр хэрцгий, хүн амины хэрэг гарахад маш ойрхон байсан. 2016 оны 1 сард Төв аймагт манай нөхөр охинтойгоо уулзах гээд очиход хадам ээж нь миний охин ***ийг охинтойгоо хоёулаа дундаа суулгачихсан загнаж байсан гэсэн. Тэгэхээр нь манай хүн юу ч хэлэхгүй аваад явж байсан тохиолдол бий.  Миний охин ***тэй амьдрахын тулд хөдөө очиж малчин болж ч үзсэн. Би ***ийн үйлдэлд нь маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг,  

-Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ингээд би 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр жирэмсний тестээр үзэхэд хоёр зураас /жирэмсэн/ гарч ирсэн. Тэгэхээр нь би их баярлаад ***ийг уучлаад ***өд хэлэхэд “хаагуур янхандаж явж байгаад хүүхэд олж ирсэн юм бэ? наадах чинь надаа ямар хамаатай юм бэ? чиний асуудал” гэж хэлэх, хэлэхгүй үгээр хэд хоног намайг доромжилсон.  Тэгэхээр нь би “за за хүүхдээ төрүүлэхээ болье, чи ч хүсэхгүй байна, дээр нь чи бид хоёрын амьдрал ороо бусгай байна” гэж хэлэхэд 2-3 өдөр архидаад байсан. Ингээд би 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр ээждээ “манайд хүрээд ирээч, нэг л болж өгөхгүй байна” гэж хэлэхэд ээж 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хотоос ирсэн бөгөөд намайг ээжийг тосох гээд гарахад *** архи уух гээд гараад явсан. Тэгээд би ээждээ болсон явдлыг хэлээд хүүхдээ авахуулах талаар ярихад ээж маань эсэргүүцсэн. Тэгэхээр нь би өөрөө мэдэж байна гэж хэлээд 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр эмнэлэг рүү явсан. Ингээд эмнэлэг дээр очихоосоо өмнө ***өд “эмнэлэг явж байна, хүрээд ир” гэж дуудсан боловч “би очиж чадахгүй, архи ууж байна, наадах чинь чиний асуудал” гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ авахуулчихаад гэртээ ирсэн чинь ээж маань надад шөл хийж өгөхөөр нь шөлөө уучихаад орон дээрээ хэвтээд зүүрмэглэж байсан чинь *** гаднаас түлхүүрээрээ хаалга онгойлгож орж ирээд “муусайн алуурчингууд” гэж хэлээд миний толгой уруу цохиж, намайг орон дээрээс үсдэж газар унагааж чирээд байж байхад ээж хажуу талаас “яагаад байгаа юм бэ?” гэхийн зуургүй ээжийг цохиод шүдийг нь хугалсан. Тэгээд бид хоёрыг зодсоны дараа гал тогооны өрөөнд сууж байхад нь ээж араас нь очоод “яаж байгаа юм бэ?” гэж хэлээд алгадсан. Тэр үед хүү маань уйлаад аавыгаа тэврээд авахаар нь би хүүхэддээ муухай хэрүүл харуулахгүйн тулд аваад цаашаа явсан. Болсон үйл явдал энэ. 
...2016 оны 8 сард Төв аймагт байхад газраас чулуу авч над уруу шидсэн чинь чулуу нь онохгүй өнгөрсөн. Гэтэл уутанд байсан 4-5 кг ааруулаар миний нуруу уруу цохиж зодож байсан.
...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгууллагынхаа шинэ жилд орчихоод ирсэн чинь  ус буцалгагчны залгуураар гарын булчин ороолгож, хоолой боож ална гэж зодож байсан.

...ер нь бол намайг байнга зоддог байсан нь үнэн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна. ” гэх мэдүүлэг,  

-“…***гийн биед 1 шүдний хугарал, дух, 2 нүд, цээжний цус хуралт, зүүн чихний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр буюу 5%-р тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 120 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 12/, 
-“…***ийн биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдохгүй байна.” гэх 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 130 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 16/, 

-Хохирлын талаарх нотлох баримтууд /хэргийн 29-30/
-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 31-33/
-Эмчилгээний зардал хүлээн авсан тухай тодорхойлолт /хэргийн 34/ 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 8 дугаар сард өдрийг нь тодорхой санахгүй байна. Бид нар хөдөө мал дээр ***ийнд очиж гэрт нь байсан элдэв новш ачаад ***, ***, ***ийн дүү нарын хамт Төв аймагт *** ирээд хойд хашаандаа нөгөө ачиж ирсэн юмнуудаа буулгаж байсан чинь юунаас болж маргалдсан юм *** *** рүү “гөлөг минь чи яах гэж энд намайг авч ирсэн” юм гээд уурласан. Ийм л асуудал болсон, ямар нэгэн зодоон болоогүй. 
…Миний хажууд *** нь эхнэр ***ийг зодож байсан асуудал байхгүй би мэдэхгүй. ***ийн биед гэмтэл учирсан хөхөрсөн байхыг би харж байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 110/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…намайг ***ийнд байж байх хугацаанд манай хүргэн ах ***, эгч Т.*** 2 маргалдаад манай эгч ***ийг ***нь хашаан дотор байсан чулуугаар цохих гээд шидсэн. Тэр шидсэн чулуу нь эгчийг оноогүй. Тэгээд маргалдаж байгаад машинаас буулгасан даавуун ууттай 4-5 кг орчим ааруулаар эгчийн толгойн арын хэсэг рүү их хүчтэй цохисон.” гэх мэдүүлэг /хэргийн 113-114/, 

-Шинжээч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр *** өөрийн биеэр ирж үзүүлэхэд “шүд өвдөөд байхаар нь авхуулчихлаа” гэсэн зовиуртай, үзлэгэнд үүдэн зүүн дээр 1-р шүд авхуулсан, цусархаг оромтой ирсэн. ***гийн амбулиторын картанд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн шүдний рентгэн зурагт зүүн талын төвийн үүдэн шүдэнд сурвалжийн орой талаас ½ хэсэгт хөндлөн хугаралтай гэсэн бичиглэлтэй байсан. Ийм учраас уг шүд нь тогтох боломжгүй авахуулсан байдалтай үзүүлсэн.  Мөн ***гийн биед дух, 2 нүд, цээжний цус хуралт, зүүн чихний зулгаралттай гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр буюу 5%-р тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх мэдүүлэг /хэргийн 120/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хавтаст хэргийн 34 дэх талд хохирогч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд “…***өөс эмчилгээний зардалд нийт 1113000 төгрөг авсан.” гэх тодорхойлолт авагдсан, хохирогч ***, *** нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч ***өөс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***ийг хохирогч ***гийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т, хохирогч ***ийг байнга зодсон гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт хамаарах бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т “...гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, мөн хорих ялын хэмжээг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2-т “хорих ялын үндсэн хугацаа нэгээс арван таван жил хүртэл байна.”, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ” гэж тус тус хуульчилсан байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***ийг хохирогч ***ийг байнга зодсон гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэх үндэстэй.

Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 27 дах талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *** нь хохирогч ***гийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан хариуцлагаас шүүгдэгч ***ийг чөлөөлөх нь зүйтэй.

    Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан матераллаг хохирлыг сайн дураар нөхөн төлж барагдуулсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн нөхцөл байдлыг харгалзаж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ***ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 5 хоногийн ялыг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч ***ийг чөлөөлсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч ***өд 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 5 хоногийн ялыг эдлэх ялд оруулан тооцож, үлдэх 5 сар 25 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай. 
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Я.ТУУЛ