Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2022/00568

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 0 тоотод оршин суух, О овогт Х-ын О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АХТҮГ ААТҮГхолбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, өвчтэй байсан хугацааны листний мөнгө 527,983 төгрөг, амралтын цалин 1,196,620 төгрөг, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.О (цахимаар), түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.О АХТҮГ ААТҮГхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, өвчтэй байсан хугацааны листний мөнгө 527,983 төгрөг, амралтын цалин 1,196,620 төгрөг, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Шүүх хуралдаан болох өдрийг хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгалыг олговол ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

1.2 Би 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бие өвдсөн. Намайг өвчтэй байх хугацаанд 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Тушаалд заасан үндэслэлүүд болох сахилгын зөрчил удаа гаргасан болон тайлан, тооцоог хугацаанд нь өгсөн байсан. Мөн миний илүү цагаар сууж ажилласан хугацааны цалин хөлсийг өгөхгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Тийм учраас ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед манай байгууллагын дарга Т.Л байсан. Тэгээд нэхэмжлэгчийг ажлын шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр Х.О-ийг ажлаас чөлөөлсөн. Би тухайн үеийн даргын гаргасан шийдвэрийг дагаж ажилласан. Одоо манай байгууллагын дарга солигдож Х.О-тэй харилцан тохиролцсон тул шүүхээс гарах шийдвэрийг авна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс -Говь-Алтай аймгийн АХТҮГ ААТҮГ-ын захирлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/23 дугаартай “Х-ын О-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний эх хувь,

Х.О-ийн 2021 оны 1-ээс 6-р сарын цалингийн картын эх хувь,

1537413 дугаартай эмнэлгийн хуудасны хуулбар,

300540 дугаартай эмнэлэгт өвчтөн илгээх хуудас 13 А маягтын эх хувь,

300960 дугаартай эмнэлэгт өвчтөн илгээх хуудас 13 А маягтын эх хувь,

2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлснийг магадлах эмнэлгийн магадлагааны эх хувь,

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний хүртэл ажлаас чөлөөлснийг магадлах эмнэлгийн магадлагааны эх хувь,

400233 дугаартай Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-12Б комиссын шийдвэр эх хувь,

Х-ын О-ийн 000251440 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

ЭМДЕГ-цахим системийн Х-ын О-ийн бүртгэл,

Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн захиргаанд Х.О-ийн 2021.09.01-ний өдөр гаргасан хүсэлт, цахим бүртгэлийн Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 181 дугаартай тодорхойлолт,

Говь-Алтай аймгийн “Марал-Алтай” өрхийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 103 дугаартай тодорхойлолт,

Санхүүгийн хяналт дотоод аудитын албанд Х.О-ийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан хүсэлт,

Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дугаартай хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичиг,

Говь-Алтай аймгийн “алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаартай “Ажилтан, ажилтны ээлжийн амралтыг олгох тухай” тушаал,  уг тушаалын хавсралтын хуулбар, АХТҮГ ААТҮГ-ын захиргаанд Х.О-ийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан өргөдлийн хуулбар,

1537413 дугаартай эмнэлгийн хуудасны эх хувь,

АХТҮГ ААТҮГХөдөлмөрийн дотоод журмын хуулбар,

Х.О-ийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн баримт,

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үзлэгийн баримт, рентген зураг зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

4. Хариуцагчаас -Х.О-ийн эмнэлгийн магадлагааны хуулбар,

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан хүсэлт,

Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 180 дугаартай албан бичиг,

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаартай Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт гаргасан хүсэлт,

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 275 дугаартай хүсэлтийн хариу хүргүүлсэн албан бичиг, эмнэлгийн цахим бүртгэлийн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ажилтан гэх хэсэгт гарын үсэг зураагүй Хөдөлмөрийн гэрээний эх хувь,

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний эх хувь, ажил олгогч болон ажилтан гарын үсэг зураагүй,

АХТҮГ ААТҮГ-ын ёс зүйн хороонд Янжинхоролын гаргасан гомдол,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын АХТҮГ ААТҮГ-ын даргад Т.Одгэрэлийн гаргасан өргөдөл,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын АХТҮГААТҮГ-ын даргад А.Наранцогтын гаргасан өргөдөл,

АХТҮГ ААТҮГ2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэх хуудас,

АХТҮГ ААТҮГ2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэх хуудас,

АХТҮГ ААТҮГ2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэх хуудас,

Нягтлан бодогч Х.Од мэдэгдэл хүргүүлсэн тайлбар,

Архив, бичиг хэргийн ажилтан, цаг бүртгэгч Д.Цэнгэнжаргалын тайлбар,

Говь-Алтай аймгийн АХТҮГ ААТҮГзахирлын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын эх хувь,

Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргад тус байгууллагын хамт олноос шаардлага хүргэж байна гэх шаардлага хүргүүлсэн ажилчдын нэрс бичигдсэн баримт,

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл”,

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хурлын тэмдэглэл”,

“Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 6 дугаар сарын цагийн бүртгэл,

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай Марал Алтай өрхийн эрүүл мэндийн төвд гаргасан хүсэлт,

Говь-Алтай аймгийн “Марал-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаартай албан бичиг,

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаартай Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч Ш.Сэлэнгэ танаа гэх хүсэлт,

Марал Алтай өрхийн эрүүл мэндийн төвд гаргасан хүсэлт,

2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл,

Говь-Алтай аймгийн “Марал-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай өргөдлийн хариу албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Говь-Алтай аймгийн АХТҮГ ААТҮГ2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай албан бичиг, Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын 2021 оны 06 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт,

Нэхэмжлэгч Х.О-ийн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээр 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд амбулаториор үзүүлсэн цахим болон гэр бүртгэл, мөн амбулаториор эмчлүүлсэн өвчтний түүхэр зэрэг баримтуудад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, АХТҮГ ААТҮГ-ын захиргаанд Х.О-ийн гаргасан өргөдөл,

6. Хариуцагчийн хүсэлтээр АТХТГ-ын Төсөвт байгууллагын 2021 оны 02-р улирлын санхүүгийн тайлан

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Х.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Х.О нь ажилд эгүүлэн тогтоолгох, өвчтэй байсан хугацааны листний мөнгө 527,983 төгрөг, амралтын цалин 1,196,620 төгрөг, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр АХТҮГ ААТҮГазарт холбогдуулан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...ажилд эгүүлэн тогтоолгох, амралтын мөнгө 1,196,620 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, өвчтэй байсан хугацааны листний мөнгө 527,983 төгрөг, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шаардлагаа дэмжиж тайлбарлажээ.

3. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан хэдий ч түүний үр дагавар болох ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлагаа дэмжиж байх тул Говь-Алтай аймгийн АХТҮГ ААТҮГзахирлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/23 дугаартай “Х-ын Оийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй юм.

4. Энэхүү хөдөлмөрийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2021 онд болсон харилцаа байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Мөн шинэчилэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж  заасан байх тул өмнөх хууль болон түүний зорилго, үзэл санаанд нийцүүлэн гаргасан журмыг баримтлан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

5. Говь-Алтай аймгийн АХТҮГ ААТҮГзахирлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Х.О нь ажилд эгүүлэн тогтоолгох, өвчтэй байсан хугацааны листний мөнгө 527,983 төгрөг, амралтын цалин 1,196,620 төгрөг, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Х.О нь Говь-Алтай аймгийн АХТҮГ ААТҮГнягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн АХТҮГ ААТҮГзахирлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/23 дугаартай “Х-ын Оийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Х.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Ажил олгогч ажлаас чөлөөлөх үндэслэлээ тодорхойлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт үйлдвэрийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.7.6, 6.8 дахь заалт, дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.1.5, 4.19.1.6, 4.19.1.10, 4.19.1.20 дахь заалт, байгууллагын ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Х-ын Оийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөр  тасалбар болгон тус ажлаас чөлөөлсөн байна.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д ажлаас халах гэх, үйлдвэрийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.7.6, 6.8 дахь заалт, дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.1.5-д ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, 4.19.1.6-д дадлагажих буюу туршилтын хугацаа, түр гэрээгээр ажиллах хугацаанд сахилгын зөрчил гаргасан, 4.19.1.10-д хүндэтгэх шалтгаангүйгээр ажилтны тасалсан болон хоцорсон цагийн нийлбэр сард 16, жилд 32 ба түүнээс дээш болсон, 4.19.1.20-д удирдлага болон өөрийн шууд удирдах дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг хүлээж авахаас удаа дараалан татгалзсан, түүнчлэн цаг хугацаанд нь болон зохих ёсоор бүрэн гүйцэт биелүүлээгүй, тавьсан шаардлагыг илт эсэргүүцсэн бол, байгууллагын ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалтуудыг үндэслэн чөлөөлжээ.

7. Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан болохыг нотлох үүргийг хүлээх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Т.Л нь ...Х.О нь ажилчидтай зүй бус харьцаж ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан, ажил тасалсан үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар Х.О-ийг ажлаас чөлөөлсөн. Эдгээр асуудлуудаар нь тайлбар авах гэхээр огт тайлбар хийдэггүй хэл амаар доромжилж орилж хашхираад гараад явдаг. Листний мөнгө нэхэмжилсэн тухайд аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн болон амбулатороор эмчилгээ хийлгэсэн асуудал огт байхгүй бөгөөд шалтгаангүй ажил таслаад танил талаараа эмчийн магадлагаа бичүүлж авчирч өгсөн гэж үзэж байна. Түүнчлэн нийгмийн даатгалын цахим санд 2021 оны 06-р сард эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн, эмнэлэгт хэвтсэн талаар ямар нэгэн баримт байхгүй учир лист өгөх боломжгүй юм. Иймд Х.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж маргасан.

Харин хариуцагч байгууллагын эрх баригч өөрчлөгдөж Ц.Бат-Орших томилогдсон болох нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар ...Ц-ийн Б-ыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн АХТҮГ ААТҮГ-ын даргаар түр томилсугай гэх захирамжийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хувиар тогтоогдож байх бөгөөд хариуцагч байгууллагын эрх баригч Ц.Б нь татгалзал, тайлбар ирүүлээгүй байна.

Хариуцагч Говь-Алтай аймгийн АХТҮГ ААТҮГзахирлын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/15 дугаар тушаалаар ...1. Х.О-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд тус байгууллагын дотоод ажил, хүний нөөцийн ажилтан Д.Б-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсугай. 2. Д.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдэлж оролцохыг үүрэг болгосугай гэж томилжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  ...тухайн үед манай байгууллагын дарга Т.Л байсан. Тэгээд нэхэмжлэгчийг ажлын шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр Х.О-ийг ажлаас чөлөөлсөн. Би тухайн үеийн даргын гаргасан шийдвэрийг дагаж ажилласан. Одоо манай байгууллагын даргатай Х.О ажилдаа эргэж орохгүйгээр харилцан тохиролцож маргаангүй болсон гэж тайлбар гаргажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан боловч шүүх нэхэмжлэлийн дагуу эдийн засгийн үр дагаврыг шийдвэрлэхийн тулд уг үйл баримт, тушаалд дүгнэлт хийлээ.

8. Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хэргийн маргааны зүйл болж байгаа ба энэхүү тушаал нь үндэслэлтэй гарсан болохоо хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хууль зүйн үндэслэлийн талаар ямар нэгэн баримт гаргаагүй, эсрэг татгалзан маргаагүй байх тул шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговоролгоно... гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцохоор тус тус заасан тул ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо 000251440 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт нь 2021 оны 04, 05, 06 дугаар сарууд байх бөгөөд эдгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 841,676+819,676+418,839 = 2,080,191 : 3 сар = 693,397 : 21.5 = 32,251 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч Х.Оийн ажилгүй байсан хугацааг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх ажлын 353 өдрөөр тооцож олговорт 11,384,603 (арван нэгэн сая гурван зуун наян дөрвөн мянга зургаан зуун гурав) төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

10.1 Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. 46.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан тул дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Х.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг Говь-Алтай аймгийн АХТҮГ ААТҮГдаалгах үндэслэлтэй байна.

11. Ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх хугацааны буюу өвчтэй байсан хугацааны листний мөнгө 527,983 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

11.1 Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл, маргаан болж буй эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх үйл баримт нь 300540 дугаартай эмнэлэгт өвчтөн илгээх хуудас 13 А маягтын эх хувьд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Х-ын О, нас 48, шилжүүлж буй эмнэлэг хэсэгт Нэгдсэн 1-р эмнэлэг, тогтмол хаяг ГАА Есөнбулаг, Ерөнхий эмч, эмчлэгч эмч гарын үсэг зурсан, 

Х-ын О-ийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлснийг магадлах эмнэлгийн магадлагааны эх хувьд эмчлэгч эмч Ш.Юмжирмаа гэж гарын үсэг зурсан,

Х-ын О-ийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний хүртэл ажлаас чөлөөлснийг магадлах эмнэлгийн магадлагааны эх хувьд эмчлэгч эмч Ш.Юмжирмаа гэж гарын үсэг зурсан,

400233 дугаартай Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-12Б комиссын шийдвэр эх хувь,

Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн захиргаанд Х.Оийн 2021.09.01-ний өдөр гаргасан хүсэлт, цахим бүртгэлийн Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Говь-Алтай аймгийн “Марал-Алтай” өрхийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 103 дугаартай “...Олхонууд овогтой Х-ын О нь 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл бүсэлхий ууцны эмгэг G54-1 оноштойгоор манай эмнэлэгт өдрийн эмчилгээнд эмчлүүлсэн нь үнэн болно” гэх тодорхойлолт,

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 275 дугаартай “...тус байгууллагын мэдрэлийн кабинетаар иргэн Х.О нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр их эмч Ш.Юмжирмаагаар, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр их эмч О.Бүрэнжаргалаар, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 2021 оны 07 сарын 20-ны өдөр их эмч Ш.Юмжирмаа нарт үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь үнэн болно” гэх албан бичиг, Нэхэмжлэгч Х.Оийн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээр 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд амбулаториор үзүүлсэн цахим болон гэр бүртгэл, мөн амбулаториор эмчлүүлсэн өвчтний түүхэр зэрэг баримтуудад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. Уг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэн хариуцагч талаас хүсэлт гарган шалгуулсан боловч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай прокурорын тогтоолоор ...хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан байх тул ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх хугацааны буюу өвчтэй байсан хугацааны листний мөнгө олгох үндэслэлтэй байна гэж үзлээ. 

11.2 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө З, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй гэж,

18 дугаар зүйлийн 1-д Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан гурван сарын хөдөлмөрийн хөлснөөс дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно: 15, түүнээс дээш жил ажилласан бол тэтгэмжийг 75 хувиар гэж,

19 дүгээр зүйлийн 1-д хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно гэж заасан байх тул нэхэмжлэгчийн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын хөдөлмөрийн хөлс болох 2021 оны 03, 04, 05 дугаар сарын дундаж цалингаас тооцсон болно. 841,676+ 841,676+819,676=2,503,028 төгрөг байх ба уг хугацаанд ажилласан хоног 64 хоногоор тооцоход нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс 39,109 төгрөг байх ба түүний 75% нь 29,332 төгрөг байна. Нэхэмжлэгч Х.О нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл буюу нийт ажлын 18 хоног хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Иймд хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болох 146,660 төгрөгийг ажил олгогчоос буюу Говь-Алтай аймгийн “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх өдөр хүртэлх буюу ажлын 13 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болох 381,316 төгрөгийг тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус гаргуулан нэхэмжлэгч О овогт Х-ын О-д олгох үндэслэлтэй байна.

12. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан үндэслэлээ Улаанбаатар хотод өөр ажил эрхэлж байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...ажилтан хэд хэдэн ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж болно гэж зааснаар зэрэгцээ ажил эрхлэх эрхтэй тул өмнө ажиллаж байсан байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор авах эрхгүй, цалин давхардаж байна гэж үзэх үндэслэлгүй юм.

13. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилж байна гэж шүүх үзсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага багасаж өөрчлөгдөж байгаа, үндэслэл нь хэвээрээ байгаа тохиолдолд хариуцагч талд мэтгэлцээний хугацаа олгох, нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг гардуулах шаардлагагүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны олговор 11,384,603 төгрөг, өвчтэй байсан хугацааны листний мөнгө 527,983 төгрөг, нийт 11,912,586 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 205,551 (хоёр зуун таван мянга таван зуун тавин нэг) төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн “АХТҮГ” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,384,603 (арван нэгэн сая гурван зуун наян дөрвөн мянга зургаан зуун гурав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.О-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагч Говь-Алтай аймгийн “АХТҮГ” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт  даалгасугай.

3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болох 146,660 төгрөгийг Говь-Алтай аймгийн “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх өдөр хүртэлх буюу ажлын 13 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болох 381,316 төгрөгийг тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус гаргуулан нэхэмжлэгч О овогт Х-ын О-д олгосугай.

4. Нэхэмжлэгч Х.О нь ажилд эгүүлэн тогтоолгох, ээлжийн амралтын олговор 1,196,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны олговор 11,384,603 төгрөг, өвчтэй байсан хугацааны листний мөнгө 527,983 төгрөг, нийт 11,912,586 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 205,551 (хоёр зуун таван мянга таван зуун тавин нэг) төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН