Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/03235

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/03235

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн ........6 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, ЧД:..... регистрийн дугаартай Х  овогт Б-ын Т,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн ........ тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 35 настай, ТЕ:0000000 регистрийн дугаартай Е овогт Г-гийн То,

 

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 128.771.950 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

 

Хариуцагч Г.Т

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Г.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 128.771.950 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.Т нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр О.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн .............. тоот орон сууцыг нотариатаар итгэмжлэл хийлгэн барьцаалж, зээл авах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийнх нь дагуу 45.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хоёр тал харилцан тохиролцсоны дагуу мөнгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Г.Т-гийн Хаан банкны 000000000 тоот данс руу шилжүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш дээрх зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг өгөөгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс Г.Т-гийн гэрт очих, олон удаа утсаар ярих зэргээр өөрийн бололцоотой бүхий л арга хэмжээг авсан. Г.Т нь удахгүй төлнө, хүлээж байгаарай гэж хэлдэг ба энэ үгэнд нь итгэн хүлээсээр өдийг хүрсэн. Иймд Г.Т-гээс зээлийн гэрээний үүрэгт 45.000.000 төгрөг, хүүг 2021 оны 7 дугаар сарын 17-ноос 2022 оны 10 дугаар сарын 17 хүртэл хугацаагаар тооцож, 25.567.500 төгрөг, алдангийг хоног тутамд 0.5 хувиар тооцож, 58.204.450 төгрөг, нийт 128.771.950 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн хүү, алдангийн тооцооллыг шүүхэд цаасаар гаргаж өгсөн. Зээлийн гэрээ байгуулах үед Г.Т, О.С-ын өмчлөлийн орон сууцыг нотариатаар итгэмжлэл хийлгэн барьцаалж, барьцааны гэрээг байгуулсан ба Г.Т гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.То хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Б.Т-гтэй зээлийн гэрээ байгуулж, дээрх мөнгийг авсан нь үнэн. Мөн өдөр О.С-рын өмчлөлийн орон сууцыг нотариатаар итгэмжлэл хийлгэн барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Цар тахлын улмаас бизнес хийх хүндрэлтэй байдалд орсон тул зээлээ эргэн төлөх боломжгүй байсан. Үндсэн зээл болон хүүг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Харин алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй тул бууруулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн төлөлтийн график, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 0000 дүгээр итгэмжлэл, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0235 дугаар итгэмжлэл, депозит дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, хүү, алдангийн тооцоолол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Т-г хугацаандаа төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үндсэн зээл 45.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 25.567.500 төгрөг, гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон гэж алданги 58.204.450 төгрөг, нийт 128.771.950 төгрөг гаргуулах, хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хариуцагч цар тахлын улмаас бизнес хийх хүндрэлтэй байдалд орсон тул зээлээ эргэн төлөх боломжгүй байсан ба үндсэн зээл болон хүүг төлөхөө хүлээн зөвшөөрч, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, бууруулж өгнө үү гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Зохигчид 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, Б.Т 45.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлүүлж, зээлдэгч Г.То зээлээ хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож талууд зээлийн гэрээнд гарын үсэг зурж, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т ...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэж зааснаар 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 45.000.000 төгрөгийг Г.Т-гийн Хаан банкны дансаар шилжүүлсэн, Г.Т мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т ...Барьцааны гэрээг бичгээр байгуулна... , 156.2-т ...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана... , 156.3-т ...Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.. гэж тус тус зохицуулсан.

 

Зохигчдын тайлбар, хэргийн баримтаас харахад 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 0424 дүгээр О.С-ын олгосон итгэмжлэлийн дагуу Г.Т нь Б.Т-тэй барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд заасан дээрх шаардлагад нийцсэн байна.

 

Хариуцагч Г.Т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл зээл авсан өдрөөс хойш төлөлт хийлгүй, гэрээний үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба улмаар нэхэмжлэгч шүүхэд хандаж, үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүүг 2021 оны 7 дугаар сарын 17-ноос 2022 оны 10 дугаар сарын 17 хүртэл хугацаагаар тооцож, 25.567.500 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн хүү тооцоолсон тооцоолол нь зөв байх тул хугацааг 2021 оны 7 дугаар сарын 17-ноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх сар 23 хоногийн хугацаагаар тооцож, хүүнд 23.572.500 төгрөг, үндсэн зээл 45.000.000 төгрөгийн хамт 68.572.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ...Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ... гэж, 232.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ... заасан дагуу талууд гэрээндээ анз төлөхөөр тохирсон байх ба хариуцагч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч алданги гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Б.Т  алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож, алдангид 58.204.450 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй... гэж зааснаар үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүү 23.572.500 төгрөг, нийт 68.572.500 төгрөгний 50 хувь буюу алдангид 34.286.250 төгрөг, /45.000.000+23.572.500+34.286.250/=102.858.750 төгрөгийг хариуцагчгээс гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25.913.200 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч Г.Т үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох О.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ........ тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 102.858.750 төгрөг гаргуулж, Б.Т-т олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Т-гээс 102.858.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25.913.200 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, дүгээр байр, тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 102.858.750 төгрөг гаргуулж, Б.Т-гт олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 872.010 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Т-гээс 672.244 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН