| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/01848/И |
| Дугаар | 102/ШШ2022/03308 |
| Огноо | 2022-10-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2022/03308
| 2022 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2022/03308 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг өөрийн байр “Г Б” ХХК /РД: , утасны дугаар: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо тоотод оршин суух Б овогт С Б /РД: , утасны дугаар: /
46,806,716.31 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн төлөөлөгч А.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г Б” ХХК нь хариуцагч С.Бод холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. С.Б нь “Г Б” ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр автомашины зээлийн гэрээ байгуулж, 43,200,000 төгрөгийг жилийн 22,80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөнөөс зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Зээлийн үйлчилгээний шимтгэл буюу банкнаас гарах зардлыг хариуцагч төлөх үүрэггүй тул суутган авсан шимтгэл, түүнээс тооцсон хүүг хүлээн зөвшөөрөхгүй.
2.2. Зээлийн үлдэгдэл төлбөр болон түүний хүүг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн автомашины зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, автомашины улсын бүртгэлийн гэрчилгээ /ХХ-4-10, 48 дугаар тал/
4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр автомашины зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж 43,200,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 31,281,359.69 төгрөг, хүү 14,992,213.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 533,142.80 төгрөг нийт 46,806,716.31 төгрөг төлөх үүрэгтэй байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
3.1. Зээлийн үйлчилгээний шимтгэл буюу банкнаас гарах зардлыг хариуцагч төлөх үүрэггүй тул суутган авсан шимтгэл, түүнээс тооцсон хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөр, түүнд ногдох хүүгийн төлбөрийг төлөх асуудлаар маргахгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ1905120702 дугаартай гэрээгээр хариуцагч С.Б нь нэхэмжлэгчээс автомашин худалдан авах зориулалтаар 43,200,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 22,80 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн худалдан авч буй *улсын дугаартай тоёота лексус * маркийн /toyota lexus */ * аралын дугаартай автомашинаар хангуулахаар талууд тохирч 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. /ХХ-ийн 4-7 дугаар тал/
Дээрх гэрээнүүд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасантай нийцжээ.
Иймд гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон барьцааны гэрээ байгуулагдсан байна. Тухайн гэрээнүүд хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна. Зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн байх ба энэ талаар зохигч маргаагүй, харин хариуцагч нь зээлийн үйлчилгээний шимтгэлийг зээлдэгч төлөх үүрэггүй үндэслэлээр суутган авсан шимтгэл болон түүнд ногдох хүүг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулна гэжээ. /ХХ-ийн 8 тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Хэтэрсэн хугацааны хүүг үндсэн хүүгийн хэмжээгээр төлөхөөр гэрээний 2.2-т заасан байх бөгөөд мөн зүйлд зээлдэгч нь зээлийг эргэн төлөх графикт хугацаанд төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирчээ. Энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн шаардах эрхтэй.
Зээлдэгч сар бүр тогтоосон хэмжээгээр зээл, түүний хүүг төлөх үүрэг хүлээсэн ба уг үүргээ 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буюу 1 жил 5 сарын хугацаанд огт биелүүлээгүй байна. Зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд, тохирсон хэмжээгээр төлөөгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Энэ нь гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлд хамаарах ба зээлийн төлбөр төлөх үүргээ 1 жил 5 сарын хугацаанд биелүүлээгүй нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцлах үндэслэл болно. Иймд хариуцагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл, тухайн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн бол хүүд 29,247,209.92 төгрөг төлөх байснаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс зээлийн үлдэгдэл төлбөр 31,281,359.69 төгрөгөөс гэрээ цуцлах хүртэл хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүү тооцогдож, 33,298,511.97 төгрөгийн хүү, 639,004.34 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсчээ. Үүнээс гэрээний хугацаанд төлөгдсөн зээлийн хүү 11,918,640.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,861.54 төгрөгийг хасч зээлийн үндсэн төлбөр 31,281,359.69 төгрөг, зээлийн хүү 18,306,298.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 533,142.80 төгрөг нийт 46,806,716.31 төгрөг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн байна. Иймд хүүгийн тооцоолол үндэслэлтэй гэж үзэв.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.8-д зээлийн үнийн дүнгийн 0.5%-иар зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлийг зээлдэгч төлөхөөр тохирч, тухайн шимтгэлийг зээл олгох үед зээлдэгчийг төлсөн асуудлаар зохигч маргаагүй. Гэрээгээр тохирсон төлбөр /шимтгэл/-ийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа бол энэ талаарх гомдлыг хуульд заасан хугацаанд гаргах нь хуульд нийцнэ. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Иймд гэрээний дагуу шаардах эрх хэрэгжүүлэх тохиолдолд уг эрхийг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх буюу хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульд зохицуулсан байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ” гэжээ. Мөн Иргэниий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тодорхойлсон. Иймд хариуцагч нь зээлийн гэрээгээр төлсөн шимтгэлийг буцаан шаардах эрхийг эрх зөрчигдсөн үеэс буюу 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд уг хугацаа дууссан байна. Тухайн хугацааг сэргээх хүндэтгэн үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт ”Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар зээлийн үйлчилгээний шимтгэл, түүнд ногдох хүүг буцаан төлөхөөс нэхэмжлэгч татгалзах эрхтэй. Энэ үндэслэлээр шимтгэл, түүнд ногдох хүүг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 31,281,359.97 төгрөг, зээлийн хүү 14,992,213.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 533,142.80 төгрөг нийт 46,806,716.31 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.
Барьцааны гэрээгээр үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Талуудын байгуулсан гэрээ нь барьцааны гэрээний агуулгаар хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан байх ба хариуцагчийн худалдан авч буй автомашины улсын бүртгэлийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлсэн байна. Энэ нь талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээ байгуулсан гэж үзэх, барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох автомашинаар хангуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баавгай овогт Самбуугийн Боос 46,806,716.31 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн *улсын дугаартай тоёота лексус * маркийн /toyota lexus */ *аралын дугаартай автомашиныг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,183.59 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Боос улсын тэмдэгтийн хураамжид 462,183.59 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА